Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2020/00133

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

   01 сар      09  р                                              184/ШШ2020/00133

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Д овогт Т.М /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол,  дугаар байр, тоот

Хариуцагч: Б овогт Я.М /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт дүгээр гудамж, тоот

4,180,000 /дөрвөн сая нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,077,134 /нэг сая далан долоон мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Я.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.М Сэлэнгэ аймгийн Бугант гэх газар алт олборлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа зориулж иргэн Я.М-ийн  livgong маркийн БУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30 хоног түрээслэхээр тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 30 хоногийн түрээсийн төлбөр нь 14,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба 5.2.1 дэх хэсэгт ажил эхлэхээс өмнө нийт үнийн дүнгийн 50 хувийг төлнө гэсний дагуу түрээслэгчид Т.Мнь 7,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч 2019 оны 8 дугаар сарын 27, 2019 оны 8 дугаар сарын 28, 2019 оны 8 дугаар сарын 29, 2019 оны 8 дугаар сарын 30, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд ажиллаж улмаар бусад өдрүүдэд ажиллаагүй. Учир нь Монгол улсын ерөнхий сайд У.Х-ийн үүрэг чиглэлийн дагуу С аймагт алт олборлож байсан иргэн хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон тэнд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн аж ахуй нэгжийг бүгдийг хөөж гаргасан учир нэхэмжлэгч Т.М 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн тоног төхөөрөмж багаж зэвсгийг татаж хотод ирсэн. Түрээслэгч нь 15 хоногийн төлбөр 7,000,000 төгрөгийг төлсөн ч түрээслэгч 5 өдөр ажилласныг нэмж 2 хоног ажилласанд тооцсон тул илүү төлсөн 8 хоногийн төлбөр болох 3,500,000 төгрөгийг шаардаж байна. Түүнчлэн түрээслэгч нь явахдаа ажлын байран дээр байсан 12R20 хэмжээтэй шинж, дугуй авч явсан ба дугуйны үнэ болох 680,000 төгрөг нийт 4,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.    

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т.М-тэй техник түрээслэх талаар утсаар холбогдож 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр уулзаж 30 хоногийн  хугацаатай 14,000,000 төгрөгөөр тохиролцож мөн өдрөө гэрээ байгуулж 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хугацааг тооцохоор техникээ түрээсэлсэн. Урьдчилгаа 50 хувь буюу 7,000,000 төгрөгийг тээврийн хөлс 2,000,000 төгрөгийн хамт миний Хаан банкны 5019191179 тоот дансанд шилжүүлсэн. Тээврийг хийхдээ Улаанбаатар хотоос уурхай дээр хүргэнэ гэсэн боловч Сэлэнгэ аймгийн 4 замын уулзвар дээрх цагдаа байгаль орчноо арчилж чадахгүй байна гэхэд нь миний механизмыг Дархан-Уул аймгаас цааш уурхай руу 90 км газар хулгайн замаар явуулж энэ нь явах эд ангид сөргөөр нөлөөлсөн учир гомдолтой байна. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уурхай дээр очиж 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тэндээс буцаж гараад 2019 оны 9 дүгээр сарын 2, 3, 4-ний өдрүүдэд мөн хулгайн замаар 90 км газар явуулж Дархан-Уул аймагт ирсэн. Анх гэрээ байгуулж тохиролцохдоо Улаанбаатар хот руу ачв ирж өгснөөр түрээс зогсоно гэсэн боловч буцах тээвэр хийж өгөөгүй. Би өөрөө тээвэрлэлт хийж хотод авч ирсэн. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл 11 хоног болсон. 30 хоногийн түрээс 14,000,000 төгрөг, 15 хоног түрээслэхэд 7,000,000 төгрөг бөгөөд өдрийн түрээс 466,666 төгрөг 11 хоногийн түрээс 5,133,333 төгрөг ба уг мөнгийг урьдчилгаа 7,000,000 төгрөгөөс хасахад 1,866,666 төгрөг үлдсэн. Энэ мөнгөөр би буцах тээвэр хийгээгүй учир трайлер хөлсөлж буцах зардал хийсэн. Т.М гэрээний 3.1 дэх хэсэгт заасныг зөрчиж миний машиныг зориулалтын бусаар ашиглаж хулгайн замаар явахдаа 3 хоног шавар ухуулж 4 тоннийн багтаамжаас хэтрүүлэн 16 тонн, 20 тоннийн жинтэй төхөөрөмж ачиж даацыг нь хэтрүүлснээс  шанаганы  8 шүд хугарч моторын турбин эвдрэн масло цацаж хропны түгжээ араа алддаг болсон. Ингэж техникийг минь эвдэж намайг үг хэлээр доромжилж заналхийлж доромжилсонд гомдолтой байна. Энэ хүнээс болж би техникээ янзалж цаг зав, сэлбэг тос масло, хөлс мөнгөөрөө хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.   

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.М би Сэлэнгэ аймгийн Бугант суманд иргэн Т.М-ийн алтны уурхайд ажиллуулахаар өөрийн өмчлөлийн УБ улсын дугаартай, Liugoyg 50ZL маркийн авто ачигчийг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр 30 хоногийн хугацаатай 16,000,000 төгрөг гэснийг түрээслэгч тал ирж очих трайлер буюу тээврийн хөлсийг даана гэснээр 14,000,000 төгрөгөөр тохиролцож гэрээг хийсэн. Гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 7,000,000 төгрөгийг тээврийн хөлс 2,000,000 төгрөгийн хамт надад өгч гэрээний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож эхэлсэн. Механизмыг тээвэрлэнэ гэсэн боловч Дархан хот хүртэл явж буулгасан бөгөөд тэндээс өөрөөр нь хулгайн замаар 90 км газар явуулсан. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд ашиглаж би өөрөө 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дархан хотоос тосч авахад механизмыг эвдсэн байсан. Энэ нь гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн. Тодруулбал 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл нийт 11 хоног ашиглахдаа 30 хоногийн 14,000,000 төгрөг, 15 хоногийн 7,000,000 төгрөг, өдрийн түрээс 466,666 төгрөг, 11 хоногийн түрээс 5,133,333 төгрөг болсон. Үүнийг урьдчилгаа 7,000,000 төгрөгөөс хасахаар 1,866,666 төгрөг. Энэ мөнгөөр би өөрөө механизмыг хот руу буцаах зардал хийж 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ачуулсан. Механизмыг өөрөөр нь хол замд явуулахыг хориглодог бөгөөд явах эд ангид сөргөөр нөлөөлдөг. Зориулалт нь хол замд явуулна гэсэн зүйл байхгүй байхад хулгайн замаар очихдоо 90 км, буцахдаа 90 км явж шавартай замаар 3 хоног шавар ухуулж, шаварт суулгаж, зориулалт нь 4 тонн багтаамжтай шанагатай, 4 тонныг хутгаж, өргөж, түрж ачих зориулалттай механизмаар алт угаагч тоног төхөөрөмжүүд ачсан. Өөрийн жин 16 тонн, бодит жин 40 тонн гаруй жинтэй ачаатай шаланзаа түрүүлж, түлхүүлж, чирүүлж 3 хоног хүчээр зүтгүүлснээс шанаганы 8 шүд хугарч, турбин эвдэрч масло цацсан. Хүнд ачаа түрсний улмаас хропны түгжээ араа мултардаг болж хүчгүй болсон байсныг би Дархан хотод тосч авч засаж янзалсан. Эдгээрт масло, тос, цаг зав, ажлын хөлс үрсэн боловч энэ бүгдийг тооцолгүй зөвхөн худалдан авсан сэлбэгийн мөнгө болох 1,077,134 төгрөгийг Т.М-ээс нэхэмжилж байна. Мөн намайг 12R20-той дугуй авсан гэж гүтгэж нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Уг дугуйг би аваагүй бөгөөд миний ковшнд таарахгүй 23,5R25-тай дугуй таардаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл үндэслэл муутай байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь хариуцагч өөрийн ковшийг Дархан хотоос тос авсан, тухайн үед эвдрэл гэмтэл гарсан талаар мэдэгдээгүй, засвар хийсэн сэлбэг авсан гэх баримтгүй байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Я.М-д холбогдуулан 4 180 000 төгрөг /түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн  3,500,000 төгрөг,  дугуйны үнэ 680 000 төгрөг/ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь түрээсийн зүйл болох авто ачигч /ковш/-д учирсан эвдрэл, хохирлын төлбөрт 1,077,134 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авто ачигчийн түрээсийн гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн 34-84 УБ улсын дугаартай, Liugong маркийн авто ачигч /ковш/-ийг сарын 14 000 000 төгрөгөөр түрээслэх, түрээсэлсэн механизм Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугантад нэхэмжлэгчийн алт олборлох талбайд ажиллах, 3 сараас илүүгүй хугацаагаар түрээслэлсэн тохиолдолд ирж, буцах зардлыг түрээслэгч хариуцахаар  тохиролцжээ.

Гэрээ байгуулсан, гэрээний дагуу түрээслэгч нь 9,000,000 төгрөг /15 хоногийн урьдчилгаа 7,000,000 төгрөг, тээврийн зардал 2,000,000 төгрөг/ түрээслүүлэгчид шилжүүлсэн тухайд талууд маргахгүй, ковшийн талбайд ажилласан хоног, түрээсийн төлбөрийн тооцооллын тухайд харилцан маргаж байна.

Талуудын 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Авто ачигчийн түрээсийн гэрээ” болон шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд түрээсийн зүйл болох авто ачигч нь 2019 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 2-ний өдрийг хүртэл 8 хоног ажилласан  гэж үзэх үндэслэлтэй.

Учир гэрээгээр авто ачигчийг ачуулсан өдрийн дараа өдрөөс хөлсийг тооцохоор заасан ба мөн буцах замд хөлөөр /өөрөөр/ нь явуулж, 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хариуцагч Я.М-д хүлээлгэн өгсөн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, түрээслүүлэгч нь түрээслэгчийн заасан газарт авто ачигчийг хүргүүлж, гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж дүгнэлээ.

Хариуцагчийн 8 хоног ажилласан түрээсийн төлбөр /нэг хоног нь 466,666  төгрөг/ 3,733,333 төгрөг, авто ачигчийн буцах зардал 2,000,000 төгрөг, нийт 5,733,333 төгрөгийг нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт шилжүүлэн өгсөн 7,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 1,266,667 төгрөгийг хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түрээсийн гэрээгээр авто ачигчийг 3 сараас илүүгүй хугацаагаар түрээслэсэн тохиодолд ирж, буцах зардлыг түрээслэгч хариуцахаар заасан, тээврийн зардлыг 2,000,000 төгрөгөөр тооцсон, мөн гэрээний дагуу ажиллах боломжгүй болсон нь техникийн эвдрэл саатлаас буюу түрээслүүлэгч талын буруугаас шалтгаалаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Нэхэмжлэлийн 12R20 хэмжээтэй шинэ дугуйны үнэ 680 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгчид тийм дугуй байсан эсэх, хариуцагч дугуйг авч явсан эсэх талаар баримтгүй, нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч 1,077,134 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ түрээсийн зүйл болох авто ачигчийг  зориулалтаар нь ашиглаагүй, гэрээнд зааснаас өөр үүрэг буюу шавар уснаас автомашин гаргуулах, ачаа ачуулах зэрэг үүрэг гүйцэтгүүлснээр шанаганы 8 шүд хугарсан, турбин эвдэрсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсгүүдэд түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байх, түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болохоор заажээ.

Хэрэгт авагдсан зарлагын баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараас дүгнэхэд түрээслэгч авто ачигчийг буцаан хүргэх замд шаварт суусан автомашиныг гаргах үедээ авто ачигчийн шанаганы шүдийг хугалсан, хариуцагч Я.М уг сэлбэгийг 360,800 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч турбин худалдан авсан гэх баримт авагдсан ч энэхүү эвдрэл нь түрээслэгчийн буруугаас шалтгаалсан, заавал солих шаардлагатай байсан  гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлээс 360,800 төгрөгийн шаардлагыг хангаж, 716 334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон                                                                                                           

                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Я.М-ээс 1,266,666 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэлээс 2,913,333 /хоёр сая есөн зуун арван гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч  Т.М-ээс 360,800 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Я.М-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 716,334 /долоон зуун арван зургаан мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,830 төгрөг, хариуцагчийн төлсөн 34,401 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 34,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 11,474 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгоугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

     

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ