| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2019/03896/и |
| Дугаар | 184/ШШ2020/00223 |
| Огноо | 2020-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2020/00223
| 2020 оны өдөр | 01 сар 17 р 184/ШШ2020/00223 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК /РД: /. Хаяг: Налайх дүүрэг, дугаар хороо, ... үйлдвэр
Хариуцагч: “Т” ХХК /РД: /, Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, өөрийн байр
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 213,902,302 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь “Т” ХХК-тай байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18/03 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах тухай” гэрээгээр 194,400,000 төгрөгийн үнэ бүхий 1,200 тонн задгай болон ууттай цементийг нийлүүлсэн. Тус гэрээний үүрэгт хариуцагч компани 91,885,285 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, мөн гэрээний дагуу алданги тооцоход 45,942,642 төгрөг болж байна.
Мөн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах тухай” гэрээгээр 775,000,000 төгрөгийн үнэ бүхий 5,000 тонн задгай болон ууттай цементийг нийлүүлсэн, тус гэрээний үүргээс 75,074,375 төгрөгийн үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас дээр дурдсан хоёр гэрээний үүрэгт нийт 213,902,302 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү.
Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 16, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд “Бараа материал худалдах, худалдан авах” тухай 2 гэрээ байгуулан хамтран ажилласан. Эхний гэрээний хувьд 1,200 тонн ОР-С 42,5 маркийн цементийг 1 тонныг нь 162 000 төгрөгөөр 50 хувийг нь бэлнээр үлдэх 50 хувьд нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг бартерт тооцон авахаар тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл нийт 687,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ хугацаанд гэрээний 2.1-д заасан орон сууцыг 6 сарын турш ямар ч хөдөлгөөнгүй байлгаж байгаад авч чадахгүй, өөр орон сууц өгөхийг “Н” ХХК шаардсан. Үүний үр дүнд 100,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдах боломжгүй байж, урсгал төлбөрүүдийг төлсөн, мөн 1 м.кв нь 1,900,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 1,600,000 төгрөгөөр бодож 2019 онд өөр орон сууцаар сольж өгсөн.
2019 оны 3 дугаар сарын 13-ны гэрээний төлбөрөөс 76,074,375 төгрөгийн төлбөр үлдсэн, 2018 оны үлдэгдэл төлбөр 91,885,285 төгрөг болсон бөгөөд нийт үлдэгдэл 167,959,660 төгрөг болохыг талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан.
2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр алдангийн талаар тохиролцсон ч гэрээний 1.5.6-д заасан үнийг 5.4-т заасан хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 16-наас өмнө төлж барагдуулсан тул алданги тооцох үндсэлэлгүй юм.
Гэрээний үлдэгдэл төлбөр 167,959,660 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгахаар төлөвлөж байна.
Иймд нэхэмжлэлээс алданги тооцсон 45,942,642 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 213,902,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2018 оны 3 дугаар 16-ны өдөр байгуулсан 18/03 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг 91,885,225 төгрөг, алданги 45,942,642 төгрөг нийт 137,827,927 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай гэрээний үүрэг 76,074,375 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж, хариуцагч нь дээр дурдсан 2 гэрээний үндсэн төлбөр 167, 959,660 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 18/03 дугаартай гэрээний дагуу алданги тооцсон нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Маргааны үндэслэл болж буй 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 18/03 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авагч “Т” ХХК нь худалдагч “Н” ХХК-иас ОРС-42,5 маркийн 1,200 тонн цементийг 194,400,000 төгрөгөөр худалдан авах, үнийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны төлөх /50 хувийг орон сууцаар, 50 хувийг бэлнээр/, төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл, хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор биелүүлсэн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны дэлгэрэнгүй зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10,17, 20, 22/
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны тооцооны дэлгэрэнгүй гэх баримтаас үзэхэд гэрээнд төлбөр төлж дуусахаар заасан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг гэхэд хариуцагч “Т” ХХК нь төлбөрийг бүрэн төлж дуусчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь хэсэгт хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр анз төлөх, анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй байхаар тус тус зохицуулсан байна.
Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 18/03 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-гээр 194,400,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн, тухайн гэрээ нь талуудын бусад төлбөр тооцоог гүйцэтгэсэн байдалд хамаарахгүй тул анз тооцсон нь үндэслэлгүй гэж үзлээ.
Гэрээний талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж “Тооцооны үлдэглийн баталгаа” гэх баримт үйлдсэн ба тооцооны үлдэгдлийг 167,959,660 төгрөг байгааг харилцан баталж, тус тусийн компанийн санхүүгийн тэмдэг дарж, нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Иймд хариуцагч “Т” ХХК-иас 167,959,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 45,942,642 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч“Т” ХХК-иас 167,959,660 /нэг зуун жаран долоон сая есөн зуун тавин есөн мянга зургаан зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 45,942,642 /дөчин таван сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,227,470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 997,748 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ