Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 60

 

           Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Төгөлдөрбилгүүн, мөн хуулийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Гансүх нарт холбогдох 201601070153 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

     Нарийн бичгийн дарга                                        Л.Отгончимэг

     Улсын яллагч                                                        Б.Алтанцэцэг

     Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүний

   өмгөөлөгч   С.Сэргэлэн

    Д.Төгөлдөрбилгүүний хууль ёсны төлөөлөгч          Б.Тогтуунбаяр

    Шүүгдэгч Б.Гансүхийн өмгөөлөгч                                 Л.Ганганбарс

    Хохирогч                                                                 Н.Нямдолгор

    Шүүгдэгч                                              Д.Төгөлдөрбилгүүн, Б.Гансүх нар оролцов.                                      

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 12 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хасаг овгийн Дашбалжирын Төгөлдөрбилгүүн /РД:ПИ98112210/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, Байдлагт /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө хэсэг/ оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хорхон овгийн Батцоожийн Гансүх /РД:ПД97052418/

           Насанд хүрээгүй яллагдагч Д.Төгөлдөрбилгүүн нь 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн гудамжинд Б.Гансүхтэй бүлэглэн, хохирогч Н.Нямдолгорыг эсэргүүцсээр байхад түүнийг илтэд үл хүндэтгэн “гэр рүүгээ авч явна” гэж хоёр талаас нь сугадан явж, Н.Нямдолгорын эрх, эрх чөлөөнд халдан түүний уруул хэсэг орчимд гараараа нэг удаа цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

          Мөн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжнаас 16 метр зайд байрлах үерийн далангийн ухсан жалганд хохирогч Н.Нямдолгорыг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан,

         Б.Гансүх нь 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Д.Төгөлдөрбилгүүнтэй бүлэглэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн гудамжинд хохирогч Н.Нямдолгорыг эсэргүүцсээр байхад түүнийг илтэд үл хүндэтгэн Д.Төгөлдөрбилгүүний танхайн үйлдэлд дэмжлэг үзүүлж, хохирогч Н.Нямдолгорын хажуунаас сугадан явж, жалга руу чирч оруулан Н.Нямдолгорын эрх, эрх чөлөөнд халдан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Төгөлдөрбилгүүн эхлээд тэр эгчид хандан манайх ойрхон байдаг, манайх руу очъё” гэхэд нөгөө эгч “явахгүй” гэсэн чинь “цаанаас нь барьчих, хоёулаа ийшээ аваад явъя” гээд цүнхийг нь булааж аваад надад өгөхөөр нь би бариад тэр эгчийн хажуу талаас сугадсан чинь Төгөлдөрбилгүүн гэр рүүгээ явалгүй Сургалтын задгайн гудмаар орсон. Тэгсэн чинь тэр эгч “би та хоёрыг таньж байна, цагдаад хэлнэ” гэхэд Төгөлдөрбилгүүн надад “наадахыг чинь хээр аваачаад орхичихъё, тэгэхгүй бол цагдаад хэлнэ гээд байна” гээд сугадаад явсан. Тэгснээ гутлыг нь өшиглөж, өсгийг нь хугалахаар нь би гутлыг нь өмсгөж өгөөд сугадаж явж байгаад тэр эгчийг орхиод Төгөлдөрбилгүүнд хандан “чи одоо хаачих гэж байгаа юм бэ, наадхаа энд орхичих, хоёулаа явъя” гэсэн чинь Төгөлдөрбилгүүн хариуд нь “цагдаад хэлнэ гээд байгаа юм чинь хээр аваачаад орхичихъё” гэсэн. Тэгээд байж байтал тэр эгч “явмаар байна” гээд Төгөлдөрбилгүүнийг цүнхээрээ цохиод авсан чинь Төгөлдөрбилгүүн тэр эгчийн нүүр рүү зөрүүлээд цохиход тэр эгч газар унасан. Тэгэхээр нь би тэр эгчийг очоод босгосон чинь Төгөлдөрбилгүүн надад “чи цаанаас нь зүгээр сугадаад яваадах, ийшээ жалга руу аваачаад хаячихъя” гээд байхаар нь би хажуу талаас нь сугадаж өргөөд жалганаас буцаад гарахад Төгөлдөрбилгүүн жалган дотор орсон. Тухайн үед харанхуй байсан ба Төгөлдөрбилгүүнийг жалга руу оронгуут тэр эгч “би та нарыг цагдаад хэлнэ шүү, яах гээд байгаа юм” гээд орилоод байхаар нь би Төгөлдөрбилгүүнийг “явъя” гэсэн чинь удалгүй гарч ирээд бид хоёр шууд Төгөлдөрбилгүүний гэр рүү явсан. ...Би зам дээр явж байхдаа цүнхийг нь аваад мөрлөж явж байгаад гудамжинд ороход тэр эгч надаас цүнхээ авъя гээд булаагаад авсан. Тэрнээс хойш бол цүнхийг нь хараагүй. Гэхдээ нэгэнт л бид хоёрын буруутай үйлдлээс болж цүнх нь алга болсон гээд байгаа болохоор хохирлыг нь би барагдуулж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр эгч Сургалтын задгайн агрегат засвар гэсэн самбарын хажуухан талд бид хоёртой тааралдаад бид хоёрт хандан “та хоёр жаахан юм байж дуу аялаад пиво ууцгаагаад байх юм” гэхээр нь би хариуд нь “бид хоёр яагаад дуулж болдоггүй юм бэ” гээд тэр эгчтэй маргалдсан чинь тэр эгч цүнхээрээ миний гар руу цохиод авахаар нь би тэр эгчийг цааш нь зөрүүлээд түлхэхэд тэр “цагдаа дуудна” гээд байхаар нь айгаад Гансүхийн хамт гудамжинд оруулж орхичихоод л гэртээ харьсан… гудамжинд байхдаа нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон. Цагдаа дуудна гээд байхаар нь цагдаа дуудчихаж магадгүй гэж айгаад замаас холдуулж жалганд оруулаад орхисон. Хохирол мөнгийг шүүхийн гаргасан хэмжээгээр төлнө…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.Нямдолгорын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэр хоёр надтай тааралдаад бид хоёрыг таньж байна уу гэхээр нь би “таньж байна, та хоёр чинь Киссо, Соронз бааранд сууж байсан залуучууд байна шүү дээ” гэсэн чинь намхан нуруутай залуу нь надад “манай гэр энд ойрхон байдаг, хэдүүлээ манайх руу очъё” гэхээр нь би “айлд очмооргүй байна” гэсэн чинь намхан нуруутай залуу нь миний барьж явсан гар цүнхийг булааж авснаа өндөр залуудаа өгсөн. Тэгсэн нөгөө өндөр залуу нь миний гар цүнхийг аваад цаашаа алхсанаа буцаж ирээд “хэдүүлээ жаахан юм яриад суувал яасан юм бэ” гэхээр нь “орой болсон байна, би айлд орохгүй, гэр рүүгээ харимаар байна” гэсэн чинь намхан нуруутай залуу нь “наадах чинь явахгүй юм байна, хоёулаа сугадаад явчихъя” гэж хэлээд тэр хоёр залуу миний хоёр талаас сугадаад гудамж руу орсон. Тэгэхээр нь би эсэргүүцээд явахгүй гэсэн чинь намхан нуруутай залуу нь “наадах чинь зугтаах гээд байна” гээд миний гутал руу өшиглөөд гутлын маань өсгийг хугалсан. Би тухайн үед гутлаа бариад зугтаачихдаг юм бил үү гэж бодож байсан ба тэр хоёр залууд хандан “та хоёр одоо боль л доо, би гэртээ харимаар байна” гэсэн чинь намхан залуу нь “чи битгий хуцаад бай” гэснээ нүүр рүү маань гараараа цохиод шүд унагачихсан. Тухайн үед миний цүнхийг өндөр залуу барьж явсан ба жалганд чирч оруулсных нь дараа би цүнхээ авъя гэхэд намхан залуу нь жалга руу орж ирээд хувцас хунарыг маань тайлах гээд дайраад байхаар нь “хүн байвал туслаарай” гээд орилтол Гансүх гэх нэртэй өндөр залуу “хоёулаа явъя” гээд намхан залуу болох Төгөлдөрбилгүүнийг аваад явсан. Тухайн үед би тэр хоёрыг явсны дараа тэр хавиар цүнхээ хайтал олдохгүй байсан. Тиймээс тэр хоёр залууг аваад явсан байх гэж бодож байна. Би яг явахдаа авч зугтаасан эсэхийг бол хараагүй. ... Төгөлдөрбилгүүн гэх залуу намайг жалганд оруулсныхаа дараа хүчиндэхийг завдаж, миний өмсөж явсан цамцыг тайлж, ягаан өнгийн банзлыг маань дээш нь сөхсөн. Тэгэхээр нь би “хүн байвал туслаарай” гээд орилсон чинь болиод жалганаас гараад явсан. Гансүх гэдэг залуу Төгөлдөрбилгүүнээс миний гар цүнхийг авч гартаа бариад миний хажуу талаас сугадаж, жалганд очоод, жалга руу түрүүлж ороод, доороос намайг татаж жалга руу оруулсан. …Төгөлдөрбилгүүн нь эхлээд миний гар цүнхийг булааж аваад Гансүхдээ өгөөд намайг сугадаж явж байгаад явахгүй гэсэн чинь гутал руу өшиглөж, гутлын өсгий хугалаад, миний уруул руу гараараа нэг удаа цохиж, шүд унагаад, жалганд очсоны дараа араас орж ирээд, миний цамцыг хүчээр тайлаад, банзлыг маань дээш нь сөхөж, тайлах гэж оролдож, намайг хүчиндэхийг завдсан. ...Гансүх гэх залуугаас цүнх болон гар утас зэрэг зүйлсийнхээ хохирлын мөнгө болох 330.000 төгрөгийг хүлээж авсан. Гансүх нь надаас уучлалт гуйж, өөрт оногдох хохирлоо барагдуулсан тул ямар нэг гомдол, санал байхгүй... Төгөлдөрбилгүүн хэргээ хүлээж чинь сэтгэлээсээ уучлалт гуйсан, мөн хохирол төлбөрийг барагдуулъя гэсэн учир гомдол саналгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “Аллион” маркийн 94-28 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй юм. 2016 оны 06 дугаар сарын 04-ний шөнө дээрх өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй дотор таксинд яваад Соронз баарны үүдэнд зогсож байхад баарнаас нэг эмэгтэй гарч ирээд машины дэргэд ирээд “таксинд явж байна уу?” гэхээр нь “явж байна” гэхэд тэр эмэгтэй миний машины арын суудалд суухаар нь “хаа хүрэх вэ” гэхэд “Хуцаа орно” гэсэн. ...Машинд суусан эмэгтэй утсаар ярьж явж байгаад би “энд бууя” гээд надад 500 төгрөг өгөөд зам дээр буусан. Тэгээд би зам дээр эргээд, буцаад явах гэж байтал миний машинаас буусан эмэгтэй замын баруун талд гараад утсаар яриад зогсож байгаад урагшаа цээжээрээ газар уначихаар нь би машинаасаа буугаад тэр эмэгтэй дээр очоод “чи хэтэрхий их согтсон байна, эгч нь хүргээд өгье, мөнгө төгрөг яах вэ” гэхэд тэр эмэгтэй “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би тэр эмэгтэйг орхиод яваад өгсөн. Соронз баарны гаднаас суусан эмэгтэй гартаа хар өнгийн цүнхтэй, хүнтэй утсаар ярьж байгаад машинд орж ирээд суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр орой гэрт орж ирэхэд Төгөлдөрбилгүүн найз Ганаагийн хамт гэрт байсан. Гарч явсныг нь мэдэхгүй байна. Гэрт ороод би удалгүй унтаад өгсөн. Өглөө босоход гэрт байж л байсан. Гэрт ямар нэг эд зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “Верна аксент” маркийн 64-08 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Багануур дүүрэг дотор таксинд явдаг юм. ...Нямдолгор миний машин руу дөхөж ирээд намайг таниад надтай мэнд мэдээд миний машины арын хаалгыг онгойлгоод ар талын суудалд суусан. ...Тэгээд байж байтал танихгүй хоёр залуу машины дэргэд ирээд саравчтай малгайтай залуу нь “таксинд явах уу?” гэхээр нь би “явна” гэхэд тэр хоёр залуугийн өндөр нуруутай залуу нь машины урд талын суудалд, намхан нуруутай залуу машины арын суудалд Нямдолгорын дэргэд суусан. Тэгэхээр нь би Нямдолгорт “энэ хоёр хүн таксинд явна гэнэ, чи буу” гэхэд Нямдолгор “за, за, чи наад хоёр хүнээ хүргээд өгчих, би буцаж ирээд бууя” гэсэн. Тэгээд миний машинд суусан хоёр залууг Жаргалантын 18, 19 дүгээр гудамжны хамгийн зүүн талын хашааны үүдэнд буулгасан. Тэгээд Соронз баарны гадаа ирээд Нямдолгор миний машинаас буугаад баарны гадаа зогсож байсан, миний зүс таних Баярхүү гэх залуутай Соронз баар руу яваад орж байгаа харагдсан. Тэгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Нямдолгорын биед болон хувцсанд үзлэг хийсэн “...Н.Нямдолгор нь үсээ ардаа боосон, гадуураа оранже ягаан өнгийн нимгэн, урдуураа цахилгаантай, богино босоо захтай хүрэм, дотуураа цагаан өнгийн, урд энгэртээ цус мэт зүйлээр бохирлогдсон толботой, хагас ханцуйтай срочкин цамц, цагаан өнгийн хатуулгатай хөхний даруулга, даруулганы баруун хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон толботой, ягаан өнгийн шулуун загвартай богино банзал, банзлын доод хэсгээр шавар мэт зүйлээр бохирлогдсон толботой, хар өнгийн резинэн трикотой, урагдсан зүйл байхгүй, хар өнгийн өндөр нарийхан өсгийтэй туфль, баруун хөлөнд өмсдөг туфльний өсгий хугарсан, урд хэсгээрээ шавар мэт зүйлээр бохирлогдсон байв. Биеийн дээд хэсэгт ил харагдах шарх, гэмтэлгүй, хоёр өвдөг шалбарч шархалсан байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй яллагдагч Д.Төгөлдөрбилгүүний насыг тоолсон баримт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Нямдолгороор яллагдагч нарыг таньж олуулах ажиллагааны “…Энэ залуучууд дотор намайг зодож, миний эд зүйлийг булаасан залуу байна. 3 гэсэн дугаар барьсан залуу намайг зодож, миний эд зүйлийг булаасан. 3 дугаар барьсан залууг би зүс царай, үсний засалт, өмссөн хувцас, царайны төрх зэргээр таньж байна. Энэ залуу гарцаагүй мөн…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Н.Нямдолгорын биед дээд эрүүний нэг шүдний эмтрэл, уруулын салстад өнгөц язралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн №09шэ/251тоот дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,

 Б.Гансүхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…Б.Гансүхийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 Д.Төгөлдөрбилгүүнийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Д.Төгөлдөрбилгүүнийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

             Насанд хүрээгүй яллагдагч Д.Төгөлдөрбилгүүн нь Б.Гансүхтэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн гудамжинд хохирогч Н.Нямдолгорыг эсэргүүцсээр байхад түүнд хүч хэрэглэн “гэр рүүгээ авч явна” гэж хоёр талаас нь сугадан явж, Н.Нямдолгорын эрх, эрх чөлөөнд халдан түүний уруул хэсэг орчимд гараараа нэг удаа цохиж, дээд эрүүний нэг шүдний эмтрэл, уруулын салстад өнгөц язралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт бүхий гэмтэл учруулсан,

          Мөн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжнаас 16 метр зайд байрлах үерийн далангийн ухсан жалганд хохирогч Н.Нямдолгорыг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан,

         Б.Гансүх нь Д.Төгөлдөрбилгүүнтэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн гудамжинд хохирогч Н.Нямдолгорыг эсэргүүцсээр байхад түүнийг илтэд үл хүндэтгэн Д.Төгөлдөрбилгүүний танхайн үйлдэлд дэмжлэг үзүүлж, хохирогч Н.Нямдолгорын хажуунаас сугадан авч явж, жалга руу чирч оруулан Н.Нямдолгорын эрх, эрх чөлөөнд халдан танхайрсан болох нь тус тус дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй байна. Шинжээчийн 09шэ/251 тоот дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүн, Б.Гансүх нарын гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдлээрээ нэгдэн бүлэглэсэн дээрх үйлдэл нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байх тул үйлдэлдээ танхайн сэдэлтээр, мөн Д.Төгөлдөрбилгүүний хохирогчид хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэлд оруулахыг завдсан үйлдэл нь хохирогчийн бие махбодын хувьд хүчирхийлэлд өртөхгүй байх эрхийг зөрчсөн байгаа нь шүүгдэгч өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсаныг тус тус нотолж байна.

Д.Төгөлдөрбилгүүний үйлдлийн улмаас хохирогч Н.Нямдолгорын бие махбодид хөнгөн гэмтэл учирчээ.

            Иймд Д.Төгөлдөрбилгүүнийг Б.Гансүхтэй бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжнаас 16 метр зайд байрлах үерийн далангийн ухсан жалганд хохирогч Н.Нямдолгорыг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Гансүхийг Д.Төгөлдөрбилгүүнтэй бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Гансүхээс нь хохирогч Н.Нямдолгорын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 330.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Н.Нямдолгор, шүүгдэгч Б.Гансүх нарын хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай “…Би Гансүхээс нийт 330.000 төгрөг хүлээн авлаа. Гансүхэд гомдол, санал байхгүй болно…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 104 дүгээр хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Н.Нямдолгор нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол /Төмөрган болор ХХК-ийн Болордент шүдний эмнэлгийн тодорхойлолтоор имплант шүд хийлгэх, Ro зураг авахуулахад нийт 1.825.000 шаардлагатай болно/ гэсэн баримтаар 1.825.000 төгрөгийг шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүнээс нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүний насыг тоолсон баримтаар /хх-ийн 31 дүгээр хуудас/17 настай буюу насанд хүрээгүй болох нь тогтоогдож байх тул түүний арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх, Б.Гансүхийн учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад тус тус зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

Шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн, хүүхдийн байгууллагаас хүсэлт ирүүлсэн, эх нь хараа хяналтдаа байлгах хүсэлт гаргасан зэрэг болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулж, хүүхдийн байгууллага болон эх Б.Тогтуунбаяр нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гансүхийн хувийн байдал болон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Д.Төгөлдөрбилгүүн, Б.Гансүх нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хасаг овгийн Дашбалжирын Төгөлдөрбилгүүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бусадтай бүлэглэж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогчид хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Хорхон овгийн Батцоожийн Гансүхийг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Шүүгдэгч Хасаг овгийн Дашбалжирын Төгөлдөрбилгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар гурван /3/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  4. Шүүгдэгч Хорхон овгийн Батцоожийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар гурван /3/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Төгөлдөрбилгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван /3/ жил зургаан /6/ сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг багтааж эдлэх ялыг гурван /3/ жил зургаан /6/ сарын хорих ял байхаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Д.Төгөлдөрбилгүүний эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гансүхийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Гансүх нь хохирогч Н.Нямдолгорын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  8. Хохирогч Н.Нямдолгор нь цаашид гарах эмчилгээний зардлын   баримтаа бүрдүүлэн Д.Төгөлдөрбилгүүнээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Шүүгдэгч Б.Гансүх, Д.Төгөлдөрбилгүүн нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дүгээр зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Төгөлдөрбилгүүнд гурван /3/ жил зургаан /6/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг Багануур дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв болон эх Б.Тогтуунбаяр нарт тус тус даалгаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсүгэй.     
  11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гансүхэнд оногдуулсан гурван /3/ жил нэг /1/ сарын хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтан Б.Гансүхийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Багануур дүүргийн  Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  12. Шүүгдэгч Б.Гансүх, Д.Төгөлдөрбилгүүн нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  13. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гансүх, Д.Төгөлдөрбилгүүн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гансүх, Д.Төгөлдөрбилгүүн нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ