| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 120/2024/0013/З |
| Дугаар | 221/МА2025/0562 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0562
“Смс” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Смс” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Смс” ХХК,
Хариуцагч: “Тт” ХК, “Тт” ХК-ийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай,
Хэргийн индекс: 120/2024/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
- “Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийн “Смс” ХХК, “Б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн:
“1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Смс” ХХК-ийн хариуцагч “Тт” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Тт” ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 1/691 дүгээр, Тендерээс татгалзсан тухай 1/692 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Смс” ХХК-ийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл (зөвлөмж)-ийн “Смс” ХХК, “Б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, захиалагч “Тт” ХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ТТ ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/2024/071 дүгээр гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч “Смс” ХХК-ийн өмгөөлөгч Т.Аийн гаргасан давж заалдах гомдолд:
“Смс" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Тт" ХК болон "Тт" ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий "Тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06-р сарын 03-ны өдрийн 120/ШШ2025/0011 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.2-т заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
3.1.Нэхэмжлэгч "Смс" ХХК нь 2024.06.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Тт ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024.05.17-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн Смс ХХК болон Б ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хуулийн хугацаандаа гомдол гаргаж энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Нэхэмжлэл гаргасан цагаас хойш анхны үнэлгээний хорооны шийдвэртээ маргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсээр ирсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй.
Шүүх шийдвэртээ ... нэхэмжлэгч .."Тт" ХК-д холбогдуулж тус компанийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691, 1/692 дугаар албан бичгүүд, "Б" ХХК-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны "Тт" ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/2024/071 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, Үнэлгээний хооронд холбогдуулж тус хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийн "Смс" ХХК, "Б" ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлж, энэхүү шаардлагын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа маргаж буй үнэлгээний хорооны 2024.05.17-ны өдрийн шийдвэрийн дугаарыг нэхэмжлэлдээ тодорхойлоогүй байгааг дурдсан тул нэхэмжлэгч талын зүгээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа эхлээд нэг тодруулсан, дараа нь Тт" ХК-д холбогдуулж тус компанийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691, 1/692 дугаар албан бичгүүд, "Б" ХХК-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны "Тт" ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/2024/071 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, Үнэлгээний хооронд холбогдуулж тус хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ийн "Смс" ХХК, "Б" ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дахин үнэлгээ явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн билээ
3.2."Смс" ХХК-ийн тендер шаардлага хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй:
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн тендерээс ТШЗ 19.1-д заасны дагуу "...2021 оны гэрээний мэдээлэл ирүүлсэн боловч 2022, 2023 оны гэрээний мэдээллийг жагсаалтаар болон хуулбарыг ирүүлээгүй.", "ТШЗ 19.1-д заасан үндсэн техник, төхөөрөмжтэй холбогдолтой заасан шалгуур үзүүлэлт хангаагүй, "Тендерт санал болгосон Б.Г нь ТШЗ 19.1-д гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй" гэсэн 3 үндэслэлээр татгалзсан.
Шүүхээс "Б.Г нь ТШЗ 19.1-д заасан шаардлагыг хангаагүй боловч бусад санал болгосон 4 тэсэлгээний удирдагч шаардлага хангаж байгаа тул энэ талаарх үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй" гэж шүүх үзсэн. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний хороо үндэслэлгүй татгалзсан энэ байдалд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн. Энэ мэт хөндөгдсөн эрх ашгаа сэргээлгэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэгчийн эрх ашгийг сул орхигдуулсан гэж үзэхээр байна.
Харин Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: "Шаардана" Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 20 хувь буюу 17,985,158,099.2 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2020.01.14-нд "Э-Тт" ХК- тай байгуулсан ЭТТ-2020/15 тоот гэрээ болон 2021 онд 82,747,557,002 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэсэн талаарх нотлох баримтыг тендерт илгээсэн бөгөөд тус гэрээний хугацаа 2023.03.15-ны өдрийг хүртэл байдаг.
Хариуцагч нар нь "...2021 оны гэрээний мэдээлэл ирүүлсэн боловч 2022, 2023 оны гэрээний мэдээллийг жагсаалтаар болон хуулбарыг ирүүлээгүй" тул энэхүү шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан бөгөөд шүүхээс үүнийг 2021, 2022, 2023 он тус бүрд 1-ээс доошгүй ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх буюу өөрөөр хэлбэл, 2021, 2022, 2023 онуудад доод тал нь 3-аас доошгүй гэрээний хуулбарыг ирүүлнэ гэж ойлгохоор байна гэж зааварчилгааг ташаа тайлбарлан дүгнэсэн. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: "Шаардана" Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохино гэсэн шаардлага тавьсан. Үүнд нийцүүлсэн тендер илгээсэн. Доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохино гэснийг яагаад харгалзан үзэлгүй, жил бүр буюу 3 ажлын гэрээ ирүүлнэ гэж ойлгоно гэж дүгнэсэн нь нэг талыг баримталсан шийдвэр болжээ
Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад тавигдах шалгуурыг тогтоосон бөгөөд 2021, 2022, 2023 онуудад доод тал нь 1 удаа санхүүжих дүнгийн 20 хувь буюу 17,985,158,099.2 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шалгуур тогтоосон. Өөрөөр хэлбэл тендерт оролцохоос өмнөх 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байхыг шаардсан шалгуур бөгөөд он тус бүрд 1 гэрээ байгуулсан байхыг шаардсан шаардлага биш тул нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг хангасан байхад хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. -ТШЗ 19.1-д үндсэн техник, төхөөрөмжтэй холбогдолтой заасан шалгуур үзүүлэлт хангаагүй гэжээ. ТШЗ 19.1-д "эсхүл" гэсэн сонголттой техникийн тодорхойлолт, болон доод шалгуур үзүүлэлт, тоо хэмжээний талаар маш тодорхой заасан бөгөөд манай ирүүлсэн тендерт "Устай цооног цэнэглэгч эмульс 3. Хуурай цооног цэнэглэх анфоны 4" гэсэн техникийн тодорхойлолтод нийцэх тооны цэнэглэгч машиныг ТШЗ 19.1-д заасан "Тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авсан акт"-ын хамт, тайлбартайгаар тендерт ирүүлсэн.
Уг баримт бичгээс цэнэглэгч машин тус бүрийн техникийн тодорхойлолт, ашиглах шаардлага хангаж буй тогтоох, эмульс цэнэглэгч машин Зш, анфо цэнэглэгч машин 4ш ирүүлсэн болохыг нотлох боломжтой. Эх сурвалж: "Үндсэн тоног төхөөрөмж.pdf"- ийн хуудас: 2(тайлбар), 6-13 (актууд) Захиалагч нь мөн шийдвэртээ "...эмульс, анфо цооног цэнэглэх хосолсон давхар хүчин чадалтай Зш, энгийн цэнэглэгч анфоны машин 1ш..." гэж эмульс цэнэглэгч машин 3ш, анфо цэнэглэгч 4ш гэдэг техникийн тодорхойлолт, шалгуур үзүүлэлт хангаж буйг өөрөө тогтоосон, нотолсон гэж үзэхээр байна.
3.3."Б” ХХК-ийн тендер шаардлага хангаагүй тухайд:
ТШЗ 19.2-д "Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх...", "ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно" гэж, хуулийн 17-р зүйлийн 17.3-д "Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана." гэж тус тус маш тодорхой заасан байхад дараах баримт бичгүүдийн ирүүлээгүй, өөрөөр ирүүлсэн баримт эсхүл ирүүлсэн нь шалгуур үзүүлэлт хангаагүй, ТББ-д нийцээгүй. Үүнд:
**-** УР улсын дугаартай Тэсэлгээний цооног бэлтгэх машин нь нээлттэй auto.box.mn цахим мэдээллээр шалгахад цооног бэлтгэх машин биш "Экскаватор" байх бөгөөд эзэмшигч нь Т.Х (иргэн) буюу "Б” ХХК биш, мөн түрээсийн гэрээг ирүүлээгүйгээрээ ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан "Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ" гэж заасныг зөрчсөн; ТШЗ 19.1-д "Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтын дагуу бөглөж ирүүлнэ" гэж заасныг өөрөөр ирүүлсэн (Гуравдагч этгээд нь өөрөө алдаатай ирүүлсэн гэж хүлээн зөвшөөрсөн);
Ажлын даалгаврын 2.3.3-д "Шаардлагатай тохиолдолд Тэсэлгээний цооног бэлтгэх машины тоо хэмжээг нэмж ажиллуулах боломжтой байх" гэсэн шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүй буюу нотлоогүй (Гуравдагч этгээдийн анхан шатны шүүхэд тайлбартаа ирүүлсэн гэх 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 02/590 тоот албан бичгээр тоног төхөөрөмж бэлэн байлгах тухай мэдэгдэл нь ТШЗ 19.2-д заасан 19.1-д заасан мэдэгдэл болохоос Ажлын даалгаврын 2.3.3-д заасан боломжтой байх нотлох баримт биш юм); 165мм-ээс нэмэх, хасах 20мм" буюу 145-185мм өрмийн хошуутай байх 138-180мм диаметр ермийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1-д заасан мэдээлэл, нотлох баримт" тендерт ирүүлээгүй; Ажлын даалгаврын 1.1.8-д заасан "Чичирхийллийг хэмжих ажлын багаж Түүхий эдийн агуулахын багтаамж 800тн байгаа нь ТББ-д заасан шалгуур үзүүлэлт хангаагүй; Үйлдвэрийн барилга байгууламж ашиглалтад орсноо нотлох баримт ирүүлээгүй.
Тендерийн ажлын даалгаврын 1,4.2-д "ISO45001:2018 ирүүлэхээр" заасан боловч ISO9001 ирүүлсэн; ТӨХ-ийн ТШЗ 19.1-д "Тэсэлгээний цооног цэнэглэгч машины "Тэсэлгээний зориулалттай тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авсан акт"-ыг тендерт ирүүлээгүй; ТШЗ 19.2-д "Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, Байгаль орчны багц хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журмыг мөрдөж ажиллах тухай мэдэгдэл ирүүлэх"-г тендерт ирүүлээгүй; ТӨХ ТШЗ 19.2-д "Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, Байгаль орчны багц хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журмыг мөрдөж ажиллах тухай мэдэгдэл ирүүлэх"-г тендерт ирүүлээгүй нь ТБОНӨХБАҮХАТХ-Д 26.10.3. тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй, ТБОНӨХБАҮХАТХ 26.10-д заасны дагуу уг тендерээс татгалзах байсан учир нь 21.5/Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ./-д гэж заасан үндэслэл бүхий тайлбар тендерт ирүүлээгүй; ТӨХ-ийн ТШЗ 2.1 "нийт төсөвт өртөг: 179,851,580,9937" байхад Гуравдагч этгээдийн тендер нийт 98,468,094,625 буюу 80 хувиас доош 50 гаруй хувь байна. Энэ тухай Захиалагч өөрөө ч тайлбартаа дурьдсан боловч яагаад хуулийн дагуу татгалзаагүйдээ тайлбар, үндэслэл дурьдаагүй.
3.4.Ийм олон ТББ-д нийцээгүй, техникийн тодорхойлолт хангаагүй буюу заасан баримт бичиг ирүүлээгүй эсхүл өөрөөр ирүүлсэн үндэслэлээр шууд татгалзах бодит баримтууд байхад Үнэлгээний хороо, Хариуцагч нэгэн зэрэг шаардлага хангасан гэж үнэлэх шатанд оруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгосон, гэрээ байгуулсан байдаг ба Анхны шатны шүүхээр Үнэлгээний хороо тендерийн ажлын даалгаврын шаардлагыг тендер үнэлэхдээ харгалзан үзээгүй, Гуравдагч этгээдийн тендер нь Ажлын даалгаварт заасан зарим шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д хянан үзэх шатанд хуулийн дагуу Гуравдагч этгээдийн тендер шаардлага хангаагүй нь тогтоогдож, татгалзах шийдвэрийг Хариуцагч гаргах байсан. Гуравдагч этгээд өөрөө мөн гомдол (3-д)-доо *...нэг, хоёрхон техникийн алдаа буюу..." гэж хүлээн зөвшөөрөөд байхад л Хариуцагч илэрхий давуу байдал олгоод, тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй нь нотлогддог.
Шүүхийн шийдвэрийн 11.4-т "ажлын даалгаврын 1.1.8-д тэсэлгээний чичирхийллийг хэмжих тусгай багаж ашиглах талаар тусгагдсан болохоос ямар нэгэн нотлох баримт ирүүлнэ гэж заагаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна", 11.5-д "Тендер шалгаруулалтын баримт бичигт агуулахын хүчин чадалд тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлага тавигдаагүй", 11.7-д "ажлын даалгаврын 1.4.2-д ISO45001:2018 стандартыг нэвтрүүлж ажиллах гэсэн шаардлага нь үйл ажиллагаандаа баримтлах стандартыг дурдсан бөгөөд шаардлагатай дүрэм захиалагчаар тендерт оролцохдоо заавал ирүүлсэн байх ёстой шаардлага биш байна" гэсэн /үндэслэлээр шүүхээс нэхэмжлэгч "Б ХХК-г шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд үнэлгээний хороо "шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн" гэж үнэлсэн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзсэн. Шүүхийн энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан бөгөөд ажлын даалгавар нь тендерийн баримт бичгийн нэг хэсэг тул тендерт оролцогч нь түүнд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Иймд ажлын даалгаварт заасан шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримтыг тендерт ирүүлэх ёстой байхад шүүхээс тусгайлан ирүүлнэ гэж заагаагүй байна, ажлын даалгавар нь гэрээ байгуулагдах үед баталгааждаг тул ажлын даалгаварт заасан шаардлагыг тендерт материал ирүүлэх үед хангаагүй байж болно зэргээр тайлбарлаж үнэлгээний хорооны "Б" ХХК-г "шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн" гэж үнэлсэн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06-р сарын 03-ны өдрийн 120/ШШ2025/0011 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “СМс” ХХК-иас дээрх тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч анх шүүхэд “Тт” ХК-иас зарлагдсан ТТХК/20240101012 дугаар бүхий “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлтийн “Смс” ХХК, “Б” ХХК холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, “Тт” ХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байх тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1.1.Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
-“Тт” ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн “Смс” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн хэсэг, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Б” ХХК-г шалгаруулсан хэсэг тус тус хууль бус байх тул хүчингүй болгуулж,
- Дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгуулах,
- “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-547 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691 дугаар захиалагчийн шийдвэр хууль бус байх тул хүчингүй болгуулах,
- “Смс” ХХК-ийн “Тендерээс татгалзах тухай” 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/692 дугаар захиалагчийн шийдвэр хууль бус байх тул хүчингүй болгуулах,
-Захиалагчийн “Б” ХХК-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ТТХК/2024/071 дугаар “Тт” ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ нь хууль бус байх тул хүчингүй болгуулах” гэжээ.
2.Хэргийн үйл баримтын тухайд.
2.1.“Тт” ХК-ийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар[1] “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулж, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нээхээр “Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох” ТТХК/20240101012 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалт зарлажээ.
2.2.“Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, “Б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж 02 дугаар хурлын зөвлөмжийг “Тт” ХК-д хүргүүлснээр хариуцагчаас “Смс” ХХК, “Мс” ХХК-иудын тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
2.3.Тендерт оролцогч “Смс” ХХК, “Мс” ХХК-иудаас дээрх шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянаад 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 03/4942 дугаар албан бичгээр “Мс” ХХК-д захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх талаар, 03/4943 дугаар албан бичгээр “Смс” ХХК-д захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тухай хариу тус тус өгсөн.
2.4.Үнэлгээний хороо дахин хуралдаж “Б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн талаарх 3 дугаар зөвлөмжийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр захиалагч “Тт” ХК-д хүргүүлжээ.
2.5.Уг зөвлөмжид үндэслэн “Тт” ХК-иас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Смс” ХХК-д 1/692 дугаар татгалзсан мэдэгдэл, “Б” ХХК-д 1/691 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох” тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж, “Б” ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ТТХК/2024/071 дугаар “Тт” ХК-ийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ[2] байгуулжээ.
3.“Смс” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль бус гэх давж заалдах гомдлын тухайд:
3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”, 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, 17.2.4-т “гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл”, 17.4-д “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.1-д “Энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26 дугаар зүйлийн 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасан.
3.2. “Тт” ХК нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/692 дугаар албан бичгээр[3] “...нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл”, ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц”, ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл” гэсэн шалгууруудыг хангахгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу саналаас татгалзаж” байгааг нэхэмжлэгчид мэдэгджээ.
3.3.Хэрэгт авагдсан Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. (Тэсэлгээний удирдагч 4, Тэсэлгээний чиглэл 3 болон түүнээс дээш жил ажилласан, Уул уурхайн инженер мэргэжилтэй, тэсэлгээний нэгдсэн үнэмлэхтэй байх)” гэсэн шаардлагыг заасан.
3.4.Анхан шатны шүүх “...Цахим системд байршсан баримтуудаас үзэхэд инженер Б.Г нь 026/2023 дугаар тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхтэй байх ба ШУТИС-ийг 2013 онд Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр төгссөн байх тул мэргэжлийн хувьд дээрх шалгуур үзүүлэлтийг хангахгүй болох нь тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч нь тендерт тэсэлгээний удирдагч нийт 5 хүн санал болгосон байх бөгөөд (Б.Гыг хасахад) бусад 4 тэсэлгээний удирдагч Б.О, Д.Г, Ж.А, Ч.М нар мэргэжил болон тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхтэй байх шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Иймээс энэ талаарх Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
3.5.Мөн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Шаардана. (Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 20 хувь буюу 17,985,158,099.2 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх)” гэсэн шаардлагыг тавьсан.
3.6.Гэтэл нэхэмжлэгч “Смс” ХХК-иас ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад “Э Тт” ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЭТТ-2020/15 дугаар “Ттн ордын Цанхийн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх” гэрээг ирүүлсэн бөгөөд уг гэрээний хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байна. Харин 2022, 2023 оны гэрээний мэдээлэл болон хуулбарыг ирүүлээгүй байна.
3.7.Тодруулбал, өгөгдлийн хүснэгтэд “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Шаардлагатай. (Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийт мөнгөн дүнг жил тус бүрээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг доорх загварын дагуу ирүүлнэ.)” гэснээс үзвэл захиалагчаас доод тал нь 3-с доошгүй гэрээний хуулбарыг ирүүлэхийг шаардсан болох нь тогтоогдож байна.
3.8.Иймд анхан шатны шүүхийн “...ТШЗ 19.1-д заасан ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022, 2023 онуудад... гэснийг 2021, 2022, 2023 он тус бүр 1-ээс доошгүй ижил төстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх буюу өөрөөр хэлбэл, 2021, 2022, 2023 онуудад доод тал нь 3-с доошгүй гэрээний хуулбарыг ирүүлнэ гэж ойлгохоор байна. Иймд 2022, 2023 онд хамаарах ижил төстэй ажлын гэрээний мэдээлэл ирүүлээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
3.9.Мөн нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад тодруулга авах хүсэлтийг гаргаагүй, уг баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендер шалгаруулалтын шийдвэр гарсны дараа энэ үндэслэлээр маргасан гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тендерт оролцохоос өмнөх 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байхыг шаардсан шалгуур бөгөөд он тус бүрд 1 гэрээ байгуулсан байхыг шаардсан шаардлага биш тул нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг хангасан байхад хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
3.10.Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана (Тэсэлгээний цооног цэнэглэгч машин буюу Устай цооног цэнэглэгч эмульс 3 (өөрийн 2, түрээс 1), хуурай цооног цэнэглэх анфоны 4 (өөрийн 3, түрээс 1), эсхүл Устай цооног цэнэглэгч эмульс, Хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай 4 (өөрийн 3, түрээс 1)” гэсэн шаардлагыг тусгажээ.
3.11.Харин нэхэмжлэгч компаниас “устай цооног цэнэглэгч эмульс, хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай ***7 УНН, ***2 УЕО, ***3 УЕС улсын дугаартай 3 автомашин, харин ***8 УБЗ улсын дугаартай 1 автомашин нь хуурай цооног цэнэглэх анфоны машин” тус тус санал болгосон тул тендерт тавигдах үндсэн техник тоног төхөөрөмжийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
3.12.Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/1421 дүгээр албан бичигт “...***8 УБЗ улсын дугаартай ...автомашин нь зөвхөн энгийн найрлагатай тэсрэх бодис цэнэглэх зориулалттай” гэсэн байх тул нэхэмжлэгчийн техник, тоног төхөөрөмж нь устай цооног цэнэглэгч эмульс, хуурай цооног цэнэглэх анфоны хосолсон давхар хүчин чадалтай 4 (өөрийн 3, түрээс 1) автомашин байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх бөгөөд үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.13.Дүгнэвэл, хэрэгт нэхэмжлэгч “Смс” ХХК-иас “тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасан Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх шаардлагыг хангасан баримт бичиг”-ийг тендерт оролцохдоо ирүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм.
4.Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй” гэх давж заалдах гомдлын тухайд:
4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэж тус тус заасан.
4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооноос 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлаар “Б” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь техникийн шаардлага хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж нийт гишүүдийн 100 хувийн саналаар үнэлсэн бөгөөд тэсэлгээний ажил гүйцэтгэх үйлчилгээг үзүүлэх боломжтой талаар зөвлөмжийг хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан, хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, маргаан бүхий захиалагчийн шийдвэрүүд нь дээр дурдсан хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн, тодруулбал, хариуцагчийн гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд түүний шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд “Б” ХХК-ийн тендерт өгсөн баримт бичгүүд нь Тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болох нь Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4943 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг, Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар зөвлөмж зэргээр тогтоогдож байна.
4.4.Тодруулбал, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, 19.2, ажлын даалгаврын 1.1.8, 2.3.3, -д заасан “Б” ХХК-ийн тендерт ирүүлсэн техник, тоног төхөөрөмжийн шаардлага нь захиалагчаас тавьсан шаардлагад нийцсэн гэдэг нь цахим системд авагдсан тендерийн баримт бичгүүд, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан тендерийн баримт бичгүүдээр мөн тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
4.5.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.“ТТ” ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691, 01/692 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.“ТТ” ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/691, 01/692 дугаар албан бичгүүдийн агуулгаас үзэхэд маргаан бүхий тендерийн үйл ажиллагаатай холбоотойгоор тендерт оролцогч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, аливаа эрх зүйн дагавар бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.2.Иймээс анхан шатны шүүхээс “...албан бичгүүд нь тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл (зөвлөмж)-д үндэслэсэн, өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг захиалагч “Тт” ХК шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг тендерт оролцогч “Б” ХХК, “Смс” ХХК-иудад дамжуулан мэдэгдсэн агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт-ын шинжийг агуулаагүй болно.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “захиргааны шүүхийн харъяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж нь үндэслэлтэй байна.
6.“Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар дугаар зөвлөмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй” гэх давж заалдах гомдлын тухайд:
6.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Үнэлгээний хороо анх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж 2 дугаар зөвлөмжөөр “Б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн талаар зөвлөмжийг хүргүүлж, уг зөвлөмжид үндэслэн хариуцагч “Тт” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1-548 дугаар албан бичгээр[4] “Смс” ХХК-д Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
6.2.Уг татгалзсан мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан гомдолд Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4943 дугаар албан бичгээр[5] татгалзсан хариу өгсөн бол “Мс” ХХК-ийн гаргасан гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4942 дугаар албан бичгээр хүлээн авч тендерийн сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгажээ.
6.3.Улмаар “Тт” ХК-ийн Үнэлгээний хороо дахин 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж “...Тендер нээснээс хойш хүчинтэй байх хугацаанд Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар” цахим системээр дамжуулан авсан тодорхойлолт, холбогдох байгууллагын тодруулга, ирүүлсэн баримт бичигт үнэлгээ хийгээд “Б” ХХК-ийн ирүүлсэн материал нь техникийн шаардлага хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлсэн тул ...заалтыг үндэслэн тэсэлгээний ажил гүйцэтгэх үйлчилгээг үзүүлэх боломжтой” гэх 3 дугаар зөвлөмжийг[6] хүргүүлжээ.
6.4.Үүнээс үзвэл “Тт” ХК-ийн Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин хуралдаж 3 дугаар зөвлөмж гаргаснаар өмнөх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 2 дугаар зөвлөмжийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болж, цаашид хэрэгжихээргүй болсон байна.
6.5.Иймээс маргаан бүхий 2 дугаар зөвлөмжийг захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.6.Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа маргаж буй уг 2 дугаар зөвлөмжийн нэхэмжлэгч компанийн холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
6.7.Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
7.Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн тухайд:
7.1.Хариуцагч Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн хурлын тэмдэглэлд[7] “...Сангийн яам “Смс” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй, гэрээ байгуулах эрх олгосон “Б” ХХК-ийн тендерийг хянан үзээд “Смс” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзсэн болохоор ... өмнөх хурлын шийдвэрээ хэвээр үлдээж, үнэлгээний хорооны зөвлөмжөө гаргах хэрэгтэй” гэж үзэн маргаан бүхий 3 дугаар зөвлөмжөөр нийт гишүүдийн 100 хувийн саналаар “Б” ХХК-ийн ирүүлсэн нь тендерийг шаардлага хангасан гэж үзжээ.
7.2.Үүнээс дүгнэхэд, Сангийн яамнаас “Смс” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаж үзээд гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч Үнэлгээний хорооны өмнөх хурлын шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн 3 дугаар зөвлөмжийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “хүчингүй болгуулах” гэсний дараа ““Тт” ХК-иас зарласан ТТХК/20240101012 дугаар бүхий Тэсэлгээний ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн “Смс” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн хэсэг, “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн хэсэг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ