Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00727

 

                     “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03461 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ё” ХХК-д холбогдох

 

Баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт 26 828 899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гоос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хтай ЗГ тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ё ХХК нь  баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 119 300 000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар  зээлсэн.  Зээлдэгч нь 2 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн 2 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйгээс банк шүүхэд хандаж, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01977 тоот шийдвэрээр 129 119 476.54 төгрөгийг Ханд олгохоор шийдвэрлэснийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн. Х, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээг байгуулж, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө сууцнууд албадан дуудлага худалдаагаар борлогдож, нийт 103 000 000 төгрөгт зарагдаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01977 тоот шийдвэрээр зээлдэгчийн төлөх 129 119 476.54 төгрөгөөс 26 806 399.61 төгрөг төлөгдөхгүй үлдсэн. Иймээс баталгаа гаргагч Ё ХХК-иас үндсэн төлбөр, зээлийн хүүгийн үлдэгдэл 26 806 399.61 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 22 500 төгрөг, нийт 26 828 899.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж буй 26 806 399.61 төгрөгийг төлөхгүй, 119 300 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зорилгоор аваагүй, гэрээ хууль бус гэрээ. Дээрх 450 000 000 төгрөгөөс 330 000 000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл төлбөрийг банк өөрөө барагдуулахаар болсон. Үлдэгдэл зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Баянгол дүүрэгт байрлах 2 өрөө 2 тусдаа байрны зах зээлийн ханш 250 000 000 төгрөгийн үнэтэй байхад банк 2 орон сууцыг 103 000 000 төгрөгөөр зарсан. Хнаас 250 000 ам.долларын зээл авч тухайн үеийн төгрөгийн ханшаар 350 000 000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар банкинд 705 000 000 төгрөг төлсөн. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүү, ханшийн зөрүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё ХХК-иас зээлийн гэрээний үүрэг 26.103.276 төгрөг, зардал 22.500 төгрөгийн хамт нийт 26.125.776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 703.123 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.095 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ё” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 288.578  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х, Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй.  Хариуцагчийн хувьд бие даасан нэхэмжлэл эсхүл сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн ,хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан болохыг анхаараагүй. Хүчин төгөлдөр бус  хэлцлийн үндсэн дээр байгуулсан баталгааны гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар хуульд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь үүргээ биелүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Иргэний  хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4-т "үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өрийг хүчингүй болгосноор батлан даагч буюу баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу батлан даагч үүргээс чөлөөлөгдөх байтал анхан шатны шүүх нотлох баримтыг болон хуулийг буруу үнэлж, дүгнэсэн.  Нэхэмжилж байгаа төлбөр нь ямар төрлийн төлбөр болохыг шүүхээс тодруулалгүйгээр,  26 806 399 төгрөгийн хэд нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү  болохыг хариуцагч буюу батлан даагч мэдэх боломжгүй. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасныг  буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нэхэмжлэгчтэй баталгааны гэрээ бус батлан даалтын гэрээ байгуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зохих журмаар үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ё” ХХК-нд холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот Баталгааны гэрээний дагуу зээлдэгч Д.Бгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ тоот зээлийн гэрээний биелэгдээгүй үлдсэн үүрэг, зардалд 26 828 899 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. / хх-ийн 1, 42-44, 72-73 хуудас/

 

Зээлдэгч Д.Б нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээгээр 119 300 000 төгрөгийг зээлж, улмаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул зээлдүүлэгч анхан шатны шүүхэд хандан, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 129 103 276.54 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарч Шийдвэр гүйцэтгэх албанаас барьцааны үл хөдлөх хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Одоо 26 806 399 төгрөгийн үүрэг төлөгдөөгүй үлдсэн үйл баримт тогтоогджээ. / хх-ийн 13, 14, 25 хуудас/

 

Баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Талуудын гэрээний 3.2-т зээлдэгч зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 44/

 

Нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар баталгаа гаргагчаас зохих ёсоор биелүүлээгүй үлдэгдэл үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр талаар шүүхийн шийдвэр гарч, зээлдэгчээс гаргуулахаар заасан 129 119 476 төгрөгийн ихэнхи хэсэг нь биелэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн, буруутгах боломжгүй.

 

Барьцааны зүйлийг худалдан борлуулснаас олсон орлого шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн үүргийг бүрэн барагдуулахад хүрэлцээгүй тул одоо үлдэж буй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүчин төгөлдөр баталгааны гэрээгээр шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 234.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь 26 828 899 төгрөг шаардсан боловч анхан шатны шүүхээс 26 125 776 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт Х ХХК-ийн оноосон нэрийг “Х” гэж бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ё” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ё” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                          Ш.ОЮУНХАНД