| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00886/И |
| Дугаар | 135/ШШ2019/01147 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2019/01147
| 2019 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 135/ШШ2019/01147 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00886/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, ******* тоотод оршин суух, /утас *******/, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоотод оршин суух, /утас *******, ******* регистрийн дугаартай, *******т холбогдох
Гэм хорын хохирол 2 330 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Хариуцагчийн гэм хорын хохирол 7 230 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн ******* миний эзэмшлийн ******* улсын дугаартай LEXUS HS-250 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр миний хадам аав ******* жолоодож, 4 настай хүүг маань тээвэрлэн Дархан-Уул аймгийн *******ын, Хээтэй хорооллын урдуур зорчих төв замаар замын хөдөлгөөнд оролцон явж байх үед нь туслах замаас ******* улсын дугаартай LEXUS HS-250 маркийн автомашинтай ******* гэх жолооч мөргөж зам тээврийн осол гаргаж миний тээврийн хэрэгсэлд 4 800 000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед ослын газар дээр замын цагдаа дуудаж энэ асуудлыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шалгагдсан. Тухайн үед бид Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-аар тээврийн хэрэгслийнхээ эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн боловч миний авто машины сэлбэгийг чанарын шаардлага хангахгүй, таарахгүй хятад сэлбэгээр тооцож, зах зээлийн судалгааг дутуу хийж хохирлын үнэлгээг 2 470 000 төгрөг гаргасан. Бид Улаанбаатар хотоос өөрийн мөнгөөр сэлбэгээ захиалан авч ирүүлж, автомашинаа засварлаж дуусгахад нийт зардал 4 800 000 төгрөг гарсан. Иймээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ Цагдаагийн байгууллага болон жолооч ******* нарт мэдэгдсэн боловч хохирлыг бүрэн барагдуулаагүй. Цагдаагийн байгууллагаас үлдсэн хохирлоо шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэсэн хариу өгсөн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед жолооч ******* нь бидний хохиролд 2 470 000 төгрөг төлсөн хэдий ч бидэнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй тул тээврийн хэрэгслийн хохирлын үлдэгдэл болох 2 330 000 төгрөгийг жолооч *******аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний аав *******ын хамт 13 цаг 30 минут орчимд түүний эзэмшлийн ******* улсын дугаартай, LEXUS HS-250 маркийн автомашинтай *******ын 10 дугаар нутаг дэвсгэрт /хээтэй урдуураа/ замын хөдөлгөөнд оролцож яваад *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай LEXUS HS-250 маркийн машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөн даруйд ******* 7037-102 утсанд дуудлага өгч, нөхцөл байдлыг шалгуулан туслах замаас эргэх хөдөлгөөн хийснээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулахаар жолооч *******тай тохиролцоод ******* нь холбогдох хуульд заасан торгуулийн арга хэмжээг биелүүлж, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлээд ******* ХХК-ийн үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгон учирсан бодит хохирол болох 2 470 000 төгрөгийг төлж барагдуулсан. Учирсан бодит хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулаад тухайн үед ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад төлбөрийг хүлээн авсан байтал ахин төлбөр нэхэж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний аав *******ын хамт 13 цаг 30 минут орчимд түүний эзэмшлийн ******* улсын дугаартай, LEXUS HS-250 маркийн автомашинтай *******ын 10 дугаар нутаг дэвсгэрт /хээтэй урдуураа/ замын хөдөлгөөнд оролцож яваад *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай LEXUS HS-250 маркийн машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөн даруйд ******* 7037-102 утсанд дуудлага өгч нөхцөл байдлыг шалгуулан туслах замаас эргэх хөдөлгөөн хийснээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулахаар жолооч *******тай тохиролцсон. Тухайн үед ******* согтолтын зэргийг тогтоогоогүй, жолооч хариуцлагын даатгал шалгаагүй, замын хөдөлгөөнд оролцох хэвийн хурдтай явж байсан эсэхийг хэмжээгүй, жолооны үнэмлэх болон холбогдох баримт бичиг биедээ авч яваа эсэхийг шалгаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэл насны хүүхэд тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг. Гэвч урд суудалд сууж явсан бага насны хүүхдийг дүрэм зөрчиж тээвэрлэсэн байхад арга хэмжээ авагдаагүй зэрэг ажиллагаа дутуу хийгдсэн. Гэсэн ч ******* нь буруугаа зөвшөөрч, холбогдох хуульд заасан торгуулийн арга хэмжээг биелүүлж, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлээд үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгон учирсан бодит хохирол болох 2 470 000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, гэмтлүүдийг харьцуулбал *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл илт харагдахуйц илүү эвдрэлтэй байсан бөгөөд 5 230 000 төгрөгийн өртөг бүхий засвар хийлгэсэн. Гэтэл бага эвдрэлтэй байсан *******ын тээврийн хэрэгсэл 4 800 000 төгрөгийн засвар хийлгэсэн эсэхэд эргэлзэж байна. Учир нь үнэлгээ хийсэн этгээд хариуцагч талтай садан төрлийн холбоотой байсан учир зах зээлийн үнийн судалгааг дутуу хийж үнэлсэн байх боломжгүй гэж үзэж байна. Иймээс тухайн үеийн нөхцөл байдал, холбогдох ажиллагаа дутуу хийгдсэн зэргийг хянан, хариуцагч *******, жолооч ******* нараас тээврийн хэрэгслийн хохирол болох 7 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч *******ын гэм буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан бөгөөд үүнээс шалтгаалан автомашинд хохирол учирсан. Энэ хохирол учирсан байдалд нэхэмжлэгч тал хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагаас *******т холбогдуулан ******* дугаартай Зөрчлийн хэрэг нээн шалгаж түүний гэм буруутай болохыг тогтоон, 0017803 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлий 51 дэх заалтын дагуу торгох шийтгэл ногдуулсан. Иймд гэм буруутай үйлдлийн улмаас түүний машинд учирсан хохирлыг гэм буруугүй хохирогч төлөх хууль зүйн үндэслэл муутай байна. Хариуцагч ******* нь зам тээврийн ослын үед автомашиныг жолоодож явсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний согтолтын зэргийг тогтоогоогүй, хурд хэмжээгүй, надтай хамт явсан бага насны хүүхдийг урд суудалд хамгаалалтын бүсгүй, зориулалтын суудалгүй тээвэрлэсэн гэж сөрөг нэхэмжлэлдээ бичжээ. Тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 3 цагдаа ирж, 2 жолоочийн үнэмлэх, бичиг баримтыг авч явж шалгасан. Мөн бидний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтолтын зэрэг тогтоодог багажаар шалгаж, тест үлээлгэхэд зөрчил илрээгүй. ******* миний бие осол болох үед 4 настай ач хүүтэйгээ хамт явж байсан бөгөөд ач хүүгээ тээвэрлэхдээ байнгын арын суудалд байрлуулсан зориулалтын нэмэгдэл суудалд суулган, аюулгүй байдлын хангаж тээвэрлэдэг. Ингэж явдаг тулдаа ач хүүд маань ямар нэг гэмтэл учраагүй. Хариуцагч *******ын бичсэнчлэн урд суудалд сууж явсан бол эрүүл мэндэд маш аюултай нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй байсан. Учир нь *******ын жолоодож явсан автомашин нь жолоочийн эсрэг талаар буюу миний машины зүүн урд талаар мөргөлдсөн байгаа. Гэтэл ******* нь миний ач хүүг урд сууж явсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь зөрчлийн хэрэгт авагдсан ослын гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдоно. *******ын гаргасан дээрх тайлбар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болохгүй юм.
Үүнээс үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргасан гэдгийг тодорхойлж байна. Иймд хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохирол 2 330 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь гэм хорын хохирол 7 230 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ******* ХХК-ийн тогтоосон хохирлын хэмжээний дагуу гэм хорын хохиролд 2 470 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь гэм буруугүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас *******т холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалгаж шийдвэрлэсэн материалд авагдсан Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд ...******* нь Дархан-Уул аймаг, *******, 10-р багийн нутаг дэвсгэр Киви зочид буудлын урд зам дээр LEXUS HS-250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлэг 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчин жолооч *******гийн жолоодож явсан LEXUS HS-250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзэж ослын дүгнэлт гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас зам тээврийн осолтой холбоотой гаргасан дүгнэлтэд LEXUS HS-250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан нь талаар дурдсан боловч хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр эзэмшигч нь ******* болох нь тогтоогдож байх ба өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд тул Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр *******д олгосон нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас дээрх ослын улмаас *******гийн LEXUS HS-250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор******* ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлангаар 2 470 000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ...эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч ******* нь *******ын тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2 470 000 төгрөг гэж тогтоосон боловч зах зээлийн судалгааг дутуу хийж үнэлгээ тогтоосон гэсэн үндэслэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, шинжээчээр ******* ХХК-ийг томилсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар LEXUS HS-250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 720 000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт ирүүлсэнтэй зохигчдын хэн аль нь танилцаж санал хүсэлт гаргаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нийт 4 800 000 төгрөгийн гэм хорын хохирол учирснаас 2 470 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2 330 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж нотлох баримтаар ******* ХХК-аас 545 454,55 төгрөгийн эд зүйл авсан баримт, Hybrid сэлбэгээс 4 200 000 төгрөгийн эд зүйл авсан баримтуудыг ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул *******ын эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нотлох баримтаар тогтоогдсон 545 454,55+4 200 000 =4 745 454,55 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.
Үүнээс *******ын төлбөрт төлсөн 2 470 000 төгрөг болон *******н ХХК-ийн үнэлсэн нэр төрөл бүхий эд зүйлсийн зөрүү буюу хохирол тооцогдоогүй эд зүйлс болох шүршигчийн таг, шүршигчийн моторын үнэлгээ болох 70000+270000 =340000 төгрөгийг хасч үлдэх /4 745 454,55-2 470 000-340000/= 1 935 454.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч замын цагдаагийн газар нь тухайн үед *******гийн согтолтын зэргийг тогтоогоогүй, жолоочийн хариуцлагын даатгалыг шалгаагүй, замын хөдөлгөөнд оролцох хэвийн хурдтай явж байсан эсэхийг хэмжээгүй, жолооны үнэмлэх болон холбогдох бичиг баримтыг биедээ авч явсан эсэхийг шалгаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэл насны хүүхэд тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг гэвч урд сууж явсан бага насны хүүхдийг дүрэм зөрчиж тээвэрлэсэн байхад арга хэмжээ авагдаагүй зэрэг дутуу ажиллагаа хийгдсэн тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7 230 000 төгрөг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэн *******т холбогдох ******* дугаартай зөрчлийн хэргийг хуулбарлан ирүүлсэн баримтад хариуцагч ******* нь зөрчлийн хэргийг дутуу шалгаж шийдвэрлэсэн талаар гомдол, хүсэлт гаргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд *******гийн буруу эсэх талаар шийдвэр гараагүй байна.
Гэм хорын хохирол гаргуулах үндэслэл нь гэм буруутай үйлдэл байх, хохирол учирсан байх эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн гэм буруутай эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гэм хорын хохирол 7 230 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч *******ын нэхэмжлэгч *******аас гэм хорын хохирол 7 230 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь шинжээчийн зардалд 220 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэлийн хангагдсан шаардлагатай уялдуулахад 85 хувь нь хангагдсан байх тул хариуцагчид энэ хэмжээгээр зардал хуваарилж 187 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 1 935 454.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 394 545,45 төгрөг гаргуулах, хариуцагчийн 7 230 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52 230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 930 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45 917 төгрөг, шүүхийн зардал 187 000 төгрөг, нийт 232 917 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
З.ТУНГАЛАГМАА