| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0722/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/738 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/738
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Р.Мягмардорж,
хохирогч *******,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308014910951 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *******тоотод хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж, өшиглөн эрүүл мэндэд “баруун нүдний доод зовхи, баруун шилбэ, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй адилхан тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой тухайн өдөр танилцсан. 2,5 литрийн пиво 3-ыг уусан. Надаас өөр хүн хохирогчийг зодоогүй, тэд нар бид хоёрыг салгасан. Хохирлыг барагдуулна” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр найз *******тай хамт гэрт нь очсон. Согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Яриад сууж байсан. Хэсэг хугацааны дараа манай найз утсаар яриад “Манай дүү байгаа юм, хүрээд ир” гэж дуудсан. Би тухайн үед “хэрэггүй юм биш үү” гэхэд дуудсан. *******гэж залууг тосохоор гарсан. Утсаар ярьж байхад “чи хэн юм” гээд өдөөд байсан. Би уур амьсгал сонин болчихоор нь мэдсэн. Би явах гээд хувцсаа өмсөөд сууж байсан. Тоглож байхдаа бие биетэйгээ ёс зүйгүй харьцаад байхад “чи яагаад наад хоёр хүүхдээ дээрэлхээд байгаа юм бэ” гээд *******гэдэг залуутай маргалдсан. Дараа нь нөгөө 2 дүү нь салгах нэрийдлээр миний биед халдсан. Уурлаад босож ирэхээр нь хэлсэн. Миний биед гар хүрвэл хуулийн хариуцлага хүлээнэ шүү гэхэд хүлээнэ гэсэн. Нөгөө хоёрыгоо илт турхирсан байдалтай орилсон. Бүлэглэж үйлдсэн гэж үзэж байна. Манай найз салгаж чадахгүй байсан учраас би аргагүй эрхэнд цагдаа дуудсан. Хохирлыг бүгдийг төлнө гэж ярьж байсан. 2 хувааж төлнө гэж огт яриагүй” гэв.
Эрүүгийн 2308014910951 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *******ийн: “2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд найз *******ын гэрт очиж 2,5 литр пиво ууж байхад *******ын найз ******* гэх залуу, хоёр дүүгийн хамтаар ирээд бид нар пиво уугаад сууж байхдаа ******* нь хоёр дүүгээ дээрэлхүү харьцаад байхаар нь би “Боль оо бие биедээ хүндэтгэлтэй бай” гэж *******д хэлсэн. ******* миний нүүрний баруун, зүүн тал руу гараараа 2-3 удаа цохисон. Би болиулах гэж баруун гарын шуу хэсгээр араас нь боогоод орон дээр дараад унагахад ******* салгасан. ******* босож ирээд хоёр дүү рүүгээ “намайг боолгоод зодуулчихлаа” гээд дайраад байхад бор шаргал өнгийн биеийн тамирын цамц, малгайтай дүү нь миний нүүр лүү гараараа цохиж орон дээр унагахад ******* миний толгой хэсэгт 2-3 удаа өшиглөхөд манай найз салгасан. ******* нүүрэнд цохиж өшиглөснөөс уруул хавдаж, шүдний ломбо хөдөлсөн. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.04.24-ний өдрийн 5243 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *******ийн биед баруун нүдний доод зовхи, баруун шилбэ, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч *******: “2023 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим явж байхад *******, ******* нартай тааралдсан. Дэлгүүрээс уух юм авчихсан явж байсан. *******ын гэр лүү бөөнөөрөө явахаар болсон. Гэрт *******, *******, ******* бид дөрөв очиход үл таних ******* гэх залуу, нэг эмэгтэй байсан. Хөзөр тоглоод уугаад хэсэг суусан. 16-ны үүрээр 04-05 цагийн орчим *******, ******* нар хоорондоо маргалдан сүүлдээ барилцаад авсан. *******ыг зүгээр зогсож байхад нь ******* өшиглөсөн. Тухайн үед айлд байгаа юм чинь гээд бид нар гарсан. ******* *******ийг намайг өшиглөсөн гээд нэг удаа алгадсан. *******тэй ******* муудалцаад барьцалдаж аваад байсан. Тухайн үед *******ын бие муудсан, зүрх муутай гэж хэлж байсан. Би *******ыг үүрээд ахад нь хүргэж өгөөд буцаад ирэхэд *******, ******* хоёр дээр доороо ороод зодолдож байсан. Би зодооныг салгаад байж байхад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Гэрч П.*******ын: “2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр найз ******* “Уулзах уу” гэхээр нь уулзаад манай гэрт ирсэн. Бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал манай найз ******* буюу *******залгаад “намайг Баянхошууны эцсээс ирээд авчихаач” гэхээр нь аваад ...*******, ******* хоёртой тааралдаад манайх руу явахаар болоод манайд ирсэн. Тэгээд *******, ******* бид гурав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа *******хоёр дүү рүүгээ тоглох маягаар юм хэлсэн чинь ******* “та нар эвтэй бай” гэх мэтээр юм хэлсэн. *******, ******* хоёр маргалдаж, муудалцаж байхдаа ******* буюу **************ийг эхлээд нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон чинь ******* хойноос нь боосон. Салаад дахин муудалцаад дээр доороо оролцож зууралдаад **************ийн нүүр лүү 1-2 удаа өшиглөсөн. Би салгасан, удалгүй *******яваад өгсөн. Тухайн зодоонд өөр хүн оролцоогүй. *******ийг *******л цохиж гэмтээсэн. Би болон *******, ******* нар тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Шүүгдэгч *******яллагдагчаар өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ...бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа 2 дүү болон найз *******тай маазраад янз бүрээр ярьсан чинь ******* “чи дальжигнасан бацаан бэ, зүгээр байж болдоггүй юм уу” гэх мэтээр яриад байсан. Би нэлээн согтчихсон байсан болохоор уур хүрээд *******тэй маргалдаж, муудалцаж байхдаа эхлээд ******* намайг мангасдаж түлхэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Тэгээд салаад байж байхдаа дахиж хэрүүл маргаан болоод бид хоёр цохилцоогүй дээр доороо оролцож зууралдаж байхдаа нүүрэн тус газар нь 1-2 удаа удаа өшиглөсөн. Хамт байсан найз *******, 2 дүү болох *******, ******* нар салгасан. Тухайн үед зодоонд оролцсон өөр хүн байхгүй, бусад нь бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-38), дансны хуулга (хх-39-52), оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-67), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой буюу шүүх эмнэлгийн төлбөр гэх 8000 төгрөгийн баримт, эмчийн тодорхойлолт зэрэг 2 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *******тоотод хохирогч *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд “баруун нүдний доод зовхи, баруун шилбэ, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол 660,000-700,000 төгрөг гэх баримт гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр шүд гэж байхгүй, дээд уруулын язралт гэж байгаа учир шүдний гэмтлийн хохирлыг гаргуулах нь зүйтэй...” гэж,
хохирогч “Хохирлыг 2 хувааж төлнө гэж огт яриагүй. 06 сарын 01-ний дотор бүгдийг төлнө л гэсэн. Яагаад яриагүй зүйлээ яриад байгааг ойлгохгүй байна” гэж,
шүүгдэгч “Хохирлыг 2 хувааж төлье гэж хэлж байсан. Хохирлыг барагдуулна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *******тоотод хохирогч *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж, өшиглөн эрүүл мэндэд “баруун нүдний доод зовхи, баруун шилбэ, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *******ийн “...Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ...******* гэх залуу миний нүүрний баруун, зүүн тал руу гараараа 2-3 удаа цохисон. ...******* миний толгой хэсэгт 2-3 удаа өшиглөөд...” гэх мэдүүлэг (хх-7), шүүх эмнэлгийн 5243 дугаар “1. *******ийн биед баруун нүдний доод зовхи, баруун шилбэ, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 6.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-21-22), гэрч П.*******ын “...Бид нар манайд пиво уусан. *******, ******* хоёр маргалдаж, муудалцаж байхдаа ******* *******ийг эхлээд нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. ...нүүр лүү нь 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-14-15), шүүгдэгч *******“...миний уур хүрээд ******* гэх залуутай маргалдаж, муудалцаж байхдаа эхлээд ******* намайг мангасдаж түлхэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. ...Зууралдаж байхдаа нүүрэн тус газар нь 1-2 удаа удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-41) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүр хэсэгт 1-2 удаа цохиж унаган нүүрэн тус газар нь 1-2 удаа өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан “Бүлэглэж зодсон, дүү нь гэх хүн намайг цохисон” гэх мэдүүлэг нь дээрх байдлаар хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, шүдний их эмч Б.Отгонбаярын “...эмчилгээний үнийн дүн 660,000-700,000 төгрөг болно” гэх бичиг гаргаж өгснөөс шүдний их эмч Б.Отгонбаяр гэх баримт хуулийн шаардлага хангахгүй буюу огноо байхгүй, эмчийн дурдсанаас өөр ямар нэгэн нотолгоо болохуйц тэмдэг, тэмдэглэгээ, албан ёсны гэх зүйлгүй тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс 8000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч хохирол төлөх завсарлага авсан ч төлж барагдуулаагүй тул шүүгдэгч *******8000 төгрөг гаргуулж, хохирогч ******* (*********)-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол төлөхөөр завсарлага авсан ч төлөгдөөгүй, төлөхөө илэрхийлдэг, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг харгалзан үзсэн болно. Ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлөх боломжийг харгалзаж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан...” гэж,
хохирогч “Хэлэх зүйлгүй” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж шүүгдэгч нүүр хэсэгт 1-2 удаа цохиж, 1-2 удаа өшиглөн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөөгүй, төлөх талаар санал санаачилга гаргаагүй, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “Торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“********” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *******800,000 торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт ************ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******800,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******8000 (найман мянга) төгрөг гаргуулж, хохирогч ******* (***********)-д олгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР