| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/166 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/166
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч Д.Гантогоо, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336001300153 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Алаг адуут ургийн овогт Доржбалын Гантогоо, 1972 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 24 айлын орон сууцны 20 тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пю72032332.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг “шүүгдэгч Д.Гантогоо нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн улирал амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Цэндхүүгийн нүүр хэсэгт аягтай гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч Б.Цэндхүүгийн “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллага үйлчилгээний ажилчдын өдрийг тэмдэглэж Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн улирал амралтыг газрын 4 номерын өрөөнд очиж амарсан. Тэр амралтын газарт хоол унд идэж, архи дарс уусан. Тухайн үед манай сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Гантогоо сүүлд 12-13 цагийн үед ирээд бид нартай хамт 4 номерын өрөөнд суусан бөгөөд захирал миний баруун талд надтай зэрэгцээд суусан. Би согтуудаа юм ярьж байгаад захирал Д.Гантогоог авлигачин гэх утгатай зүйл хэлчихсэн юм. Тэгтэл захирал уурлаад баруун гартаа барьж байсан шаазан цайны аягаар миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гээд бостол хамт сууж байсан хүмүүс салгаад хоёр тийш нь болгосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);
- Гэрч Д.Оюунаагийн “...Захирал надад хандаж тосгүй шөл уумаар байна гэхээр нь би буцаад гал тогооны гэр лүү орж шөл аваад өрөөнд ороод иртэл Б.Цэндхүүгийн зүүн нүд хэсгээс цус гарчихсан байдалтай байхаар нь юу болсон юм гэж асуухад “захирал цай ууж байсан аягаараа цохисон” гэж Л.Гантулга гэх сантехникч хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас);
- Гэрч З.Гиваахүүгийн “...Захирал Д.Гантогоо ажилтан Б.Цэндхүү нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд хоёулаа зэрэгцэж сууж байх үед Б.Цэндхүү захирлыг авлигачин ажлаа өг гээд хэлтэл захирал Д.Гантогоо уурлаад нүүр хэсэг рүү нь цохисон. Б.Цэндхүү өөдөөс нь босоход тэнд байсан хүмүүс салгасан. Б.Цэндхүүгийн зүүн нүд хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);
- Гэрч Л.Гантулгын “...Б.Цэндхүүгийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад захирал Д.Гантогоо бид хоёр жаахан маргаад дүүгийнх нь нүд рүү цохичихлоо гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн улирал амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Цэндхүү, шүүгдэгч Д.Гантогоо нар архидан согтуурах явцдаа хохирогч нь шүүгдэгчийг авлигачин гэж зүй бус үгээр хэлсний улмаас шүүгдэгч түүний нүүрэн тус газарт аягаар цохисон үйл баримт тогтоогдож байна.
1.2. Хохирогч Б.Цэндхүүгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 355 дугаартай “...Б.Цэндхүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Б.Цэндхүүгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлүүдийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгч хохирогчийг аягаар цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.
1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн улирал амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Цэндхүү, шүүгдэгч Д.Гантогоо нар архидан согтуурах явцдаа хохирогч нь шүүгдэгчийг авлигачин гэж зүй бус үгээр хэлсний улмаас шүүгдэгч түүний нүүрэн тус газарт аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх боломжтой байдаг. Тодруулбал шүүгдэгч Д.Гантогоо нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийг цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Гантогоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цэндхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.Цэндхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Нийт 280’000 төгрөг гарсан, тухайн зардлыг төлж барагдуулаагүй байгаа. Эмчилгээнд гарсан зардлыг авчихвал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) ба үүнээс 240’000 төгрөгийн зардал баримт (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас)-аар нотлогдсон байна.
Шүүгдэгч нь баримтаар тогтоогдсон дээрх зардлыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар нотлогджээ. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхээр шүүгчийн туслах хохирогч Б.Цэндхүүтэй ярихад “...шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол гомдолгүй” (хавтаст хэргийн 82 дугаар хуудас) гэх хариу өгсөн байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.Гантогоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гантогоо нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Хохирогч Б.Цэндхүүгийн “...Би согтуудаа юм ярьж байгаад захирал Д.Гантогоог авлигачин гэх утгатай зүйл хэлчихсэн юм” гэж (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) мэдүүлжээ. Шүүгдэгч Д.Гантогоо нь хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байх боловч хохирогч нь түүнийг олон хүний өмнө “авлигачин” гэж дуудсан нь хүний нэр төрийг гутаасан зүй бус үйлдэл бөгөөд үүнээс шалтгаалан уг гэмт хэрэг гарсан байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 240’000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.
3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй. Харин ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантогоод 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгч Д.Гантогоо нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн шүүгдэгч нь уг торгох ялаас 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270’000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар нотлогджээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гантогоод энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялыг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023|ШЦТ|56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 6’230 нэгжтэй тэнцэх хэмжээний 6’230’000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6’830 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’830’000 төгрөгийн торгох ялаар тогтоох үндэслэлтэй.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой орлогогүй байх тул шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа болон хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 341’500 (гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун) төгрөгөөр 20 (хорин) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
3.4. Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Д.Гантогоод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуут ургийн овогт Доржбалын Гантогоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Гантогоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гантогоод оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялыг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 6’230 (зургаан мянга хоёр зуун гучин) нэгжтэй тэнцэх хэмжээний 6’230’000 (зургаан сая хоёр зуун гучин мянган) төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6’830 (зургаан мянга найман зуун гучин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’830’000 (зургаан сая найман зуун гучин мянган) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гантогоод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 341’500 (гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун) төгрөгөөр 20 (хорин) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Д.Гантогоод торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Гантогоо нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА