Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2019/01167

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2019/01167

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01028/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ******* тоот хаягт оршин суугаа, *******-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* газрын байранд оршин байгаа, Дархан-Уул аймгийн *******-т холбогдох,

 

3,211,200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь 2014.08.27-2015.08.28-ны хооронд******* цогцолбор сургууль, 2015.09.01-2015.12.01-ний хооронд Насан туршийн боловсролын төв, 2016.01.27-ны өдрөөс*******оог хүртэл ******* цогцолбор сургуульд тогтвор суурьшилтай ажиллаж байна. 2015.12.02-ноос Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Арьс харшлын эмчилгээ байнга хийлгэдэг. 2015 оны 12 сар, 2016 оны 01 сард нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлсөн.

2016 оны 01 сарын 27-нд ******* цогцолбор сургуульд*******ын багшаар орсон. Тус сар цалин бодогдсоноос хойш тушаал гарсан тул 1-р сард ажилласан 3 хоногийн цалинг 2-р сард олгосон учир тус сард ******* цогцолбор сургуулиас нийгмийн даатгал төлөгдөөгүй орхигдсон байна.

2019 оны мөнгөн тэтгэмж төсөвт батлагдаж хуваарийн дагуу 9-р сард олгогдохгүй, 2 сарын тасалдалт байгаа учир тэтгэмж авахад хүндрэлтэй байна. Уг мөнгө нь батлагдан төсөвт суучихсан боловч шүүхийн шийдвэр хэрэгтэй гээд өгөхгүй байгаа болно. Өмнө нь тухайн сургуулийн төсөвт суулгадаг байсан боловч*******оо аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсөвт суулгадаг болсон. Миний үндсэн цалин 535,200 төгрөг бөгөөд үүнийг 6 сард үржүүлэхэд 3,211,200 төгрөг гарч байгаа бөгөөд энэ нь төсөвт суучихсан байгаа дүн юм.

Иймд төсөвт суугдсаны дагуу мөнгөн тэтгэмж 3,211,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 3,211,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь хариу тайлбар өгөх шаардлагагүй гэсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд ******* нь 2014 оны 08 сараас 2015 оны 08 сар хүртэлх хугацаанд******* цогцолбор сургуульд багшаар, 2015 оны 09 сараас 2015 оны 11 сар хүртэлх хугацаанд Албан бус боловсролын насан туршийн боловсролын төвд багшаар тус тус ажиллаж байсан, 2016 оны 02 сараас*******оог хүртэл ******* цогцолбор сургуульд багшаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д сум, багийн сургуулийн багш, албан бус боловсролын багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч тал нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу 3,211,200 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь хариуцагч байгууллагын төсөвт суучихсан байгаа хэмээн тайлбарладаг бөгөөд хариуцагч тал үүнийг баримтаар няцаагаагүй болно.

 

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 3,211,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдэгдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 3,211,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас улсын тэмдэгтийн хураамж 66,329 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР