| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 23360000*******23 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Мянгад ургийн овогт ******* *******, 1972 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр (Шивэр) багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Босго багийн нутагт Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...******* гаргасан: ******* сумын Босго багийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг ...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 10 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал ...Ховд аймгийн ******* сумын Босго багийн нутаг дэвсгэрт болсон байв. ...Уг газар нь гудамж байх бөгөөд ертөнцийн зүгээр урд зүгт харсан ногоон өнгийн төмөр даамантай, модон хашаатай, даамангийн баруун дээд буланд дөрвөлжин 2-2 гэсэн бичиглэл бүхий хаягтай, уг хашаанаас 4.1 метр зайд газрын хөрс хонхойж, ноцолдсон мэт олон тооны ул мөр үүссэн. ...ул мөр гарсан газарт 17 см урттай, 6см өргөнтэй бөөрөнхий чулуу байх” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас);
- Хохирогч ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны орой ******* сумын Босго багийн нутаг дэвсгэрт “Мотоцикл, хамгаалах малгай” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад, хамгаалах малгай байхгүй, улсын дугааргүй, шар өнгийн мотоциклтой иргэн замын хөдөлгөөнд оролцож байхаар нь дохиур модоо өргөөд зогсоогоод амрыг эрье та яагаад хамгаалах малгайгүй замын хөдөлгөөнд оролцож байна гэж асуутал, амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь мотоциклыг нь унтраагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Таны тээврийн хэрэгслийг түр саатуулна гэж хэлээд түлхүүрийг нь аваад мотоциклийг нь түрээд явж байтал араас “чамайг буудаж ална, чи намайг зогсоодог хэн бэ” гэж орилж байсан. Би мотоциклыг нь түрээд цагдаагийн байрны доод талын хашааны хажууд ирэхэд араас чулуу бариад чамайг ална гэж гүйж ирээд миний толгойн тус газар цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас);
- Гэрч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны орой гэртээ байж байтал 19 цагийн үед ******* сумын хүн эмнэлгийн их эмч над руу залгаад “цагдаагийн байран дээр хүн зодуулсан байна, алсын дуудлагын бикс, оёдлын цомог аваад хүрээд ир” гэж хэлэхээр нь цагдаагийн байранд очиход хэсгийн төлөөлөгч ийн толгойноос цус гарчихсан, юмаар цохигдож зүсэгдсэн байдалтай байсан. ийн толгойг үзэж шархыг цэгцэлж 1 ширхэг оёдол тавьж, өвдөлт намдаах тариа болон тархины хаван хөөх эмчилгээ хийсэн. ******* гэх хүн мотоцикл жолоодоод гудамжинд явж байхаар нь мотоциклыг саатуулахаар цагдаагийн байр луу түрээд явж байтал араас ирээд чулуугаар толгой руу цохиод хагалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);
- Гэрч “...хэсгийн төлөөлөгч , шивэр багийн иргэн ******* ахтай ноцолдож байсан. Яваад очиход хэсгийн төлөөлөгчийн баруун шанаанаас цус гарч шанаа руу нь дагаж доош урсаж байсан. Өмссөн ноосон малгай нь цус болж нэвтэрсэн байхаар очоод салгасан. Тэгтэл ******* гэх хүн хэсгийн төлөөлөгчийг ална гээд чулуу авч дайраад явахгүй хэсгийн төлөөлөгч ноцолдоод байсан. ...******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэсгийн төлөөлөгч албаны цагдаа хувцастай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас);
- Гэрч Э.Ууганцоожийн “...Олон нийтийн цагдаа “гудамжинд мотоцикл уначихсан байна, юу болсон юм бол” гэж асуухад ...“хэсгийн төлөөлөгч ******* шивэр багийн иргэн ******* чулуугаар толгой руу нь цохиод, толгойг нь хагалсан байна. Хэсгийн төлөөлөгч бид хоёр авч ирээд кабон дээр саатуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч ийн гэрт ороход хэсгийн төлөөлөгч ийн баруун шанаа хэсгийг дагаж цус гарсан, толгойн орой хэсэг язарсан шархтай байхаар нь би эмч дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);
- Био химийн шинжилгээний 72 дугаартай “...*******ын биеэс авсан гэх цусанд 3.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Босго багийн нутагт Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ийн шаардлагыг эсэргүүцэж толгойн тус газар нь чулуугаар цохисон нь нотлогджээ.
1.2. Хохирогч ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 317 дугаартай “...ийн толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлүүдийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгч хохирогчийг чулуугаар цохисон үйлдлийн улмаас хохирогчийн толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.
1.3. Хэсгийн төлөөлөгчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас);
- ийн ажлын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 83 дугаар хуудас) зэргээр хохирогч нь гэмт хэрэг өртөгдөх үедээ Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчөөр, цагдаагийн дэслэгч цолтойгоор ажиллаж байсан нь нотлогдож байна.
1.4. Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Босго багийн нутагт хохирогч буюу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч нь албан үүргээ гүйцэтгэж яваад шүүгдэгч *******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр шалгаж, түүний унаж явсан мотоциклыг саатуулсан байна. Улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийн буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж хохирогчийн толгой тус газар чулуугаар нэг удаа цохисон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.
Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх боломжтой байдаг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийг чулуугаар цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т “...албан үүрэгтэй нь холбогдуулж” гэж заажээ.
Тодруулбал хохирогч нь Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчийн албан үүргээ гүйцэтгэж байхад нь шүүгдэгч эсэргүүцэж, хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “хууль сахиулагч” гэдэгт цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хамаардаг. Тухайлбал хохирогч буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч нь хууль сахиулагчид хамаарна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй. Энэ хүрээнд хохирогч буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч нь шүүгдэгч *******од шаардлага тавьж улмаар түүний унаж явсан мотоциклыг саатуулах явцад түүний толгой тус газарт чулуугаар цохиж буюу хүч хэрэглэн эсэргүүцсэн байна. Тодруулбал шүүгдэгчийн энэхүү хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
2.3. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болон 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн нэг удаагийн үйлдэл хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Хохирогч ийн дахин өгсөн “...******* миний хохирол мөнгө барагдуулж өгсөн байгаа. Надад нэхэмжлэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигддөг буюу нийгмийн дэг журам зөрчигддөг. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас материаллаг буюу мөнгөн дүнгээр нөхөн төлөгдөх боломжгүй хохирол учирдаг. Нөгөөтэйгөөр хууль сахиулагчийг эсэргүүцсэний улмаас нийгмийн дэг журам, иргэний аюулгүй амьдрах баталгаа алдагдаж, хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болдог учраас энэхүү гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ их юм. Иймээс энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй тул хохирол нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт үүсдэггүй, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг болно.
Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан гэж үзэхгүй болно.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас), Ховд аймгийн ******* сумын Шивэр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхнэр хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;
- шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч *******ын хувьд 80 тооны бод буюу үхэртэй, 450 гаруй бог малтай. Ноос, ноолуур, сарлагийн хөөвөр авдаг орлоготой. ...Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож өгнө үү. ...Уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдийг, мөн тус хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэх ялын төрлийг тус тус хуульчилсан байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял дээр 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3’300 (гурван мянга гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’300’000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тогтоох үндэслэлтэй.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. 2022 оны мал тооллогын баримт (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас)-аар шүүгдэгч нь 73 тооны бод, 520 тооны бог малтай болох нь нотлогджээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа болон хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 660'000 (зургаан зуун жаран мянган) төгрөгөөр 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
3.4. Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Энэхүү хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мянгад ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох хийлгэх ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биелүүлэх торгох ялыг 3’300 (гурван мянга гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’300’000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 660'000 (зургаан зуун жаран мянган) төгрөгөөр 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******од торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 (нэг) ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА