Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 135/2019/01060/И |
Дугаар | 135/ШШ2019/01171 |
Огноо | 2019-12-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2019/01171
2019 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 135/ШШ2019/01171 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/01060/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоот хаягт оршин суугаа, ******* /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоот хаягт оршин суугаа, ******* /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* миний бие иргэн ******* ийн хүсэлтийн дагуу 2017 оны 12 сарын 01-ний өдөр нэг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 7,000,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй байх тул хариуцагч ******* ээс 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие 2017 оны 12 сарын 01-ний өдөр ******* тай хамтарч ажиллаж, бизнес хийх зорилгоор 7,000,000 төгрөг авсан болно.
Ашиг олсон тохиолдолд ашигаа тавь тавин хувиар авахаар тохиролцож, эхний ээлжинд хүүтэй зээлэхээр болсон ба аман хэлэлцээр хийж мөнгөө өгч авалцсан.
Ингээд цахим мөнгө ашигтай гээд Аясикогийн койнд 7,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч ажил бүтэлгүй болж Цахим мөнгөний койн улс даяар маргаан үүсгээд явж байгааг та бүхэн ойлгоорой. Бизнесийн зарчим нь ашиг олохоо тохирсон бол алдагдал хүлээхэд хуваадаг зарчимтай.
Харин миний бие хүн чанар гаргаж мөнгийг төлж байгаа. Би доорхи мөнгийг төлж байгаа. Үүнд 490,000 төгрөг, 400,000 төгрөг, 300,000 төгрөгөөр 4 удаа, нийт 2,090,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 4,910,000 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* гаас 7,000,000 төгрөгийг авсан эсэх талаар маргадаггүй боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учир анх авсан 7,000,000 төгрөгөөс буцаан өгсөн 2,090,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,910,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй хэмээн тайлбарладаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан 2017 оны 12 сарын 01-ний өдөр гэх огноотой, нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* нарын гарын үсэг бүхий гар бичвэрт ******* (Долоон сая төгрөг) 7,000,000 төгрөг 7% хүүтэйгээр ******* 3 сарын хугацаатайгаар зээлэв хэмээн бичсэнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв. /хх-4х/
Өөрөөр хэлбэл, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн хариуцагч талын тайлбар хэрэгт авагдсан уг бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна. /хх-4х/
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө болох 7,000,000 төгрөгийг зээлдүүлэгч ******* д тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч ******* нь зээлдэгч ******* ээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч тал нь 7,000,000 төгрөгийг нэг сарын 7%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 7,000,000 төгрөг 7 хувийн хүүтэйгээр хэмээн бичсэн байх тул нэг сарын 7% бус харин гэрээний хугацаанд буюу 3 сарын хугацаанд 7% хүүтэй байхаар талууд харилцан тохиролцсон байна гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан гэрээг тайлбарлахдаа гэрээний үгийн шууд утгыг анхаарах зохицуулалтад нийцнэ гэж үзэв.
Иймд зээлийн гэрээний дагуу ******* ийн хүлээх үүрэг нь 7,000,000 + (7,000,000 х 7%) = 7,490,000 төгрөг болох тооцоолол гарч байна.
Нэхэмжлэгч тал нь хэргийн 16-19-р талд авагдсан Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд дурдагдсан хариуцагчаас 300,000 төгрөгөөр х 4 удаа = 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тухай үйл баримтын талаар маргахгүй гэж тайлбарласан учир дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч нь нийт 2,090,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул 7,490,000 1,200,000 = 6,290,000 төгрөгийг хариуцагч ******* ээс гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 710,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг түүний өмгөөлөгчийг оролцуулан хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч ******* ээс 6,290,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, үлдэх 710,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ээс улсын тэмдэгтийн хураамжид 115,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР