Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 101/2018/00347/И |
Дугаар | 210/МА2018/00736 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2018/00736
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/00552 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Л.Жд холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7 995 564 төгрөг, алдангид 3 997 782 төгрөг, нийт 11 993 346 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.О, хариуцагч П.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани хариуцагчтай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 05 дугаар сарын 11-ээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Гэрээний 3.2-т зааснаар худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр заасан ч үүргээ гүйцэтгээгүй. Иймд гэрээний 3.3, 5.1-т заасны дагуу барааны үнэ 7 995 564 төгрөг, алдангид 2017 оны 02 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тооцож 10 754 033.58 төгрөг болсныг 50 хувиар хязгаарлаж 3 997 782 төгрөг, нийт 11 993 346 төгрөгийг Л.Жгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаврын тариалалт, намрын ургац хураалтад зориулж 21 000 000 төгрөгийн дизель түлшийг үл хөдлөх хөрөнгө барьцаалж худалдан аваад 2 100 000 орчим төгрөг төлсөн. Гэтэл 2017 оны өвөл цусны даралт ихсэж харвалт өгч унах үед нуруугаа хугалж 5-6 сар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэн, 2017 оны 5 дугаар сарын 17-ний өдөр эмч нарын зөвөлгөөнөөр орж хөдөлмөрийн чадвараа 70% алдсанаар группэд орж хөдөлмөрийн чадваргүй болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн борлуулалтын алба болон бусад хүмүүстэй уулзаж өөрийн биеийн байдлыг танилцуулж, төлбөр төлөх хугацааг сунгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Мөн 2017 оны 10 сараас группын мөнгө болох сарын 251 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд сар болгон төлж байна. Барьцаанд тавьсан хашаа байшингаас өөр хөрөнгөгүй, алданги төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Жгээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 11 997 346 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206 844 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч үүргийн үнийн дүнг буруу гаргасан. Учир нь хариуцагчийн зүгээс биеийн байдал муудаж зээл төлөлт тасалдаж эхэлснээс хойш нийт 1 750 000.00 төгрөг төлснөөс нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 10-аас өмнө 750 000 төгрөг төлснийг 7 995 546 төгрөгөөс хасч тооцоогүй. Алдангийг буруу тогтоосон. 2016 онд харвалт өгч автобусанд явж байхдаа ухаан алдаж унахдаа нуруугаа хугалж хүнд бэртэл авсны улмаас 2016 оны 12 дугаар сараас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зээл төлөхөд хүндрэлтэй болж улмаар хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Тэтгэмж 250 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцох оролдлого хийсэн боловч тохиролцох боломжгүй гээд шүүхэд өгсөн. Одоогийн нөхцөл байдал маань зээлийг нэг дор төлж барагдуулах боломжгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж алданги 3 997 782 төгрөгийг Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт зааснаар хасч өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх талуудын нотлох үүргийн хувиарлалтыг буруу хийсэн, нотлох баримтыг зохих журмаар үнэлээгүйгээс анзын талаар зөв дүгнэж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Л.Жд холбогдуулан 2016 оны 5 сарын 11-ний өдрийн 76/16 тоот худалдах худалдах авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан барааны үнэд 7 995 564 төгрөг, алдангид 3 997 782 төгрөг нийт 11 993 346 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг багасгаж өгөхийг” хүсч барааны үнэ бүрэн төлөгдөөгүй үйл баримтад маргаагүй байна. / хх 1-2, 41 хуудас/
Зохигчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 76/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр барааг худалдан авагч буюу хариуцагч өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч барааны үнийг бүрэн төлөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэнд талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн барааны үнэд төлсөн 750 000 төгрөгийг хасч тооцолгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжилсэн 7 995 564 төгрөгөөс 750 000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцнэ. /хх-ийн 46-47 хуудас /
Харин хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлэх хугацаанд унаж бэртэн хүнд гэмтэл авч улмаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан талаарх тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нь нотлох баримтын нэг хэрэгсэл юм. Түүнчлэн хэргийн 20 дугаар хуудаст хариуцагч нь нэхэмжлэгчид бичгээр хандан өөрийн биеийн байдлын талаар мэдээлж, төлбөрийг группын мөнгөөрөө төлөхөөр хүсэлт тавьж байжээ. Уг бичмэл баримтад зурагдсан гарын үсэг хариуцагчийн гарын үсэг мөн болохыг нотариатч гэрчилснээс гадна нэхэмжлэгч тал баримтын доод өнцөгт цохолт хийж байжээ./ хх-ийн 20 дугаар хуудас/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан бөгөөд хэргийн нөхцөл байдалд хариуцагчийн гэмтэл бэртэл авч, хөдөлмөрийн чадвараа алдаж төлбөрөө төлөхөд хүндрэл учирсан үйл баримт хамаарах юм.
Хариуцагчийн дээрх тайлбар, бичмэл баримтыг няцаасан баримт нотолгоог нэхэмжлэгч гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарт дурдсан “ гэмтэл бэртэл авч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан” гэх тайлбарыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Нийт төлөгдөөгүй үлдсэн гэрээний үндсэн үүрэг 7 245 564 төгрөг гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдсон тул уг үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан дээд хэмжээ буюу 50 хувиар алданги тооцоход 3 622 782 төгрөг болж байгаа боловч хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан 3 622 782 төгрөгийн анзыг 50 хувь багасгаж 1 811 391 төгрөг болгон хариуцагчаас нийт 9 056 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/00552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Жгээс 9 056 955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 936 391 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “хариуцагчаас 206 844” гэснийг “хариуцагчаас 159 861” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Жгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД