Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч В.Э-

Нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн В.Э-т холбогдох эрүүгийн 201714000019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сумын ** баг ** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Б овогт В-ийн Э- /РД: хх00000/

Шүүгдэгч В.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах ** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Н-ийг үл таних хүмүүстэй архи уулаа гэж хардсаны улмаас зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч В.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Бид хоёр 2016 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 27-нд Н- гарч яваад Ц-, Ч- гэх хоёр танихгүй хүнтэй хамт архи бариад орж ирсэн. Тэгээд архиа уучихаад тэр хоёр хүнтэй гараад явсан. Буцаад ирэхдээ нилээн согтсон ирсэн. Тэгээд би унт гэж хэлэхэд үгэнд орохгүй байсан болохоор 2-3 удаа нуруу руу нь цохиж авсан. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 -Хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч Э-ийн хамт байж байгаад би эхнэр нөхөр болох хушга Ц-, Ч- гэх хүмүүстэй хамт гарч архи ууж байгаад орой 20 цагийн орчим буцаад очсон. Тэгтэл Э- надтай хэрүүл хийгээд нуруу руу хэд хэдэн удаа цохихоор нь би гарч гүйгээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 57 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Н-ийн биед нүүр, зүүн гарын бугалга, шуу, нуруу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 18 ху/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/

-В.Э-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 24-25, 32-33 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч В.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах ** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Н-ийг үл таних хүмүүстэй архи уулаа гэж хардсаны улмаас зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Н- гарч яваад Ц-, Ч- гэх хоёр хүнтэй хамт архи бариад орж ирсэн. Тэгээд архиа уучихаад тэр хоёр хүнтэй гараад явсан. Буцаад ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд би унт гэж хэлэхэд үгэнд орохгүй байсан болохоор 2-3 удаа цохиж авсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн “...би эхнэр нөхөр болох хушга Ц-, Ч- гэх хүмүүстэй хамт гарч архи ууж байгаад орой 20 цагийн орчим буцаад очсон. Тэгтэл Э- надтай хэрүүл хийгээд нуруу руу хэд хэдэн удаа цохихоор нь би гарч гүйгээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх 23 ху/, хохирогчийн биед нүүр, зүүн гарын бугалга, шуу, нуруу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон шинжээчийн 57 дугаартай дүгнэлт /хх 18 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй байх бөгөөд хохирогч Д.Н- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тодорхойлолт /хх 03 ху/ зэргээр тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт В-йн Э-ийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т тус тус зааснаар шүүгдэгч В.Э-т холбодох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА