Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0555

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ц, өмгөөлөгч Т.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 111/2025/0010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц-аас Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б-д холбогдуулан “Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгох, Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн.

3.1.1. Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/26 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг баримталсан нь захиргааны актыг өөрчлөх хууль зүйн үндэслэл биш тул хууль зүйн үндэслэлгүй юм.

3.1.2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Бичгээр гаргасан захиргааны акт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байдаг.

3.1.3. Хариуцагч маргаан бүхий Б/26 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг түр чөлөөлсөн Б/17 тушаалын хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн боловч өмнөх Б/17 дугаар тушаалын үйлчлэлийг маргаан бүхий акт гарсан буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаа гэж шүүх хуралдааны явцад тайлбарладаг.

3.1.4. Гэтэл нэхэмжлэгчийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж маргаан бүхий Б/26 дугаар тушаал гарсан байгаа нь бодит байдалд тохирохгүй байна.

3.1.5. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан тоо, тооцооны илэрхий алдаатай захиргааны актыг оролцогчийн хүсэлтээр өөрчлөх болохоос захиргааны байгууллага дураараа өөрчилж болохгүй.

3.1.6. Мөн хариуцагч Б/26 дугаар тушаалаар Б/17 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн боловч өмнөх тушаалыг хэрхэхээ шийдвэрлээгүй байна. Эрх зүйн өөр өөр үр дагавар үүсгэж буй 2 төрлийн актыг нэг акт гэж үзэх боломжгүй.

3.1.7. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д “Захиргааны байгууллагаас өөрөөр заагаагүй бол захиргааны акт цуцлагдснаар хүчин төгөлдөр бус болно.” гэж хуульчилсан.

3.1.8. Мөн маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.4 гэсэн заалтуудыг баримталсан байх төрийн албанаас чөлөөлөх болон сахилгын шийтгэл ногдуулах заалтуудыг хамт хэрэглэхгүй.

3.1.9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж хуульчилсан.

3.1.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т “...Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дах хэсэг буюу захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй боловч энэ нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл биш” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.1.11. Захиргааны актын материаллаг эрх зүйн шаардлагын “эрх зүйн үндэслэлтэй байх” гэдэг  хуулийг зөв хэрэглэсэ байх ойлголт тул маргаан бүхий актыг хүчингүй болгох шаардлага үндэслэлтэй.

3.2. Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн.

3.2.1 Нэхэмжлэгч Б.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна.

3.2.2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.” гээд төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэлүүдийг тодорхой хуульчилсан бол мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэж төрийн албан хаагчийн баталгааг хуульчилсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “нэхэмжлэгч Б.Ц ... төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй юм” гэж Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн.

3.3. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “нэхэмжлэгч Б.Ц орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай атал Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй, хариуцагч өмнө гаргасан тушаалдаа өөрчлөлт оруулах замаар төрийн албанаас чөлөөлснийг буруу гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй байна.

3.3.1. Нэхэмжлэгч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаанд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нь сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байж болох юм.

3.3.2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1 дэх заалт нь сонгуульд нэр дэвшигч ажлаас чөлөөлөгдөх заалт гэж ойлгох ч энэ нь захиргааны байгууллага төрийн албан хаагчийг ажлаас халах үндэслэл болохгүй.

3.3.3. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц-ын төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа хангагдаагүй, мөн төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

3.3.4. Хавтаст хэргийн 9 дүгээр талд Сонгуулийн хорооноос шалгаж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр албан бичигт “...түр чөлөөлөгдсөн тухайд албан тушаалтан ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн байхыг заагаагүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн нэр дэвшигчид нь нэгэн адил хуулийн үндэслэлээр чөлөөлөгдсөн” байх ба хууль, журам зөрчөөгүй гэх баримтыг дурдаж байна.

3.3.5. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, алдаатай дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж нэхэмжлэгч Б.Ц миний эрх ашгийг хохироосон гэж  үзэж байх тул зах 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор хянаад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/26 дугаар тушаалаар “...тус газрын ахлах мэргэжилтэн Б.Ц-ыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшсэн байх тул 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалын тушаах хэсгийг Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ц-ыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “...Б/17 дугаар тушаалаар түр чөлөөлөгдсөн хугацаанд 2024 оны орон нутгийн ээлжит сонгууль болж 20 дугаар тойрог буюу Бууцагаан сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших санал надад ирсэн тул аймгийн сонгуулийн салбар хороонд ажлаас түр чөлөөлөгдсөн тушаал болон бусад материалыг хүргүүлэхэд хууль, журам зөрчөөгүй байна гэж үзэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байдаг. Мөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байх өдрүүдэд МАН-аас А намаас нэр дэвшигч Б.Ц хууль зөрчиж нэр дэвшсэн тул нэр татуулах талаар гомдол гаргасны дагуу сонгуулийн салбар хорооноос дахин шалгаж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаар албан бичигт “...албан тушаалтан ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн байхыг заагаагүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн нэр дэвшигчид нь нэгэн адил хуулийн үндэслэлээр чөлөөлөгдсөн байх ба хууль, журам зөрчөөгүй талаар дүгнэсэн” гэж тайлбарлан Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Ц нь Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар эрүүл мэндийн байдлын улмаас төрийн албанаас 4 сарын хугацаанд түр чөлөөлөгдөж, энэхүү түр чөлөөлөгдсөн хугацаандаа Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрогт А намаас нэр дэр дэвшиж оролцсоны дараа 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн байдал сайжирсан” гээд төрийн албаны үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдов.

2.3. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Б.Ц-ын тухайд эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаандаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална:, 7.1.3-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх; гэснийг тус тус зөрчсөн байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ц орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай атал Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй, хариуцагч өмнө гаргасан тушаалдаа өөрчлөлт оруулах замаар төрийн албанаас чөлөөлснийг буруу гэж үзэхгүй, энэ тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц-ын хувьд төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаандаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж оролцсон нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх төдийгүй түүний үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.1-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон” гэсэн төрийн албанаас бүр чөлөөлөх нөхцлийг бүрдүүлжээ.

2.5. Мөн маргаан бүхий актад захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулах тухай Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг баримталсан нь буруу байх боловч энэ нь тус актыг бүхэлд нь хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй төдийгүй уг акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Ийнхүү шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөв шийдвэрлэсэн байх боловч хэргийг шийдвэрлэхэд шууд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор тогтов.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...46.4...” гэснийг “46.2.1” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН