Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 120/ШШ2022/0005

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Хүннүгийн говь ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нар

Гомдлын шаардлага: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мөнхбат, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.

2. Хариуцагч татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10д/4767 дугаар, Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичгүүд, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул Хүннүгийн говь ХХК-ийн 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, тус компанийг 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 08 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч, хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж, худалдан авалтыг тайланд тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчил гаргасан гэж үзээд Хүннүгийн говь ХХК-д 240,491,873 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

3. Татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нар Татварын хяналт шалгалт хийх 11191100141 дүгээр томилолтын дагуу[1] 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 0174302 дугаар Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

Хүннүгийн говь ХХК-иас 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 02 дугаар тогтоол[2] гаргасан.

Хүннүгийн говь ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: ...Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж хуульчилснаас үзэхэд хуулийн үйлчлэлд нь зөрчил гарсан гэж үзэж байна. Манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийсэн гэдэг гол үндэслэлээр зөрчлийн хэргийг нээсэн. Гэтэл бодитой үндэслэлийг шалгаж хянаж үзээгүй. Татварын байгууллагын тавьсан акт нь Эрүүгийн цагдаагийн газрын тогтоосон гэж үзэж байгаа албан бичгээр нотлогдсон гэж үзээд манай компанид зөрчлийн хэрэг үүсгэсэн.

Манай компани тухайн үед Арслан хотхон хороолол, 200 хүүхдийн 25 дугаар цэцэрлэгийн бүтээн байгуулалт, 167 дугаар ангийн засвар тохижилттой холбоотой томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байсан. 2014 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт Арслан хотхон гэж орон сууцны хороолол барьж эхэлсэн. Тухайн үеийн Татварын хуулиар буюу барилгын дуусаагүй үйлдвэрлэл гэж тайлагнадаг байсан. Дуусаагүй үйлдвэрлэл гэдэг нь аливаа бүтээж барьж байгаа барилга байгууламжаа мөнгөн сууриар тайлагнаж бүртгэнэ гэдэг байсан. Энэхүү баримт падаанаа бүгдийг нь Татварын байгуулллагад тайлагнаж мэдүүлсэн. Харин цаад компанийн нягтлан бодогч болон удирдах хүмүүс тайландаа бүртгэсэн болон бүртгэдэг эсэхийг манай компани шалгадаггүй. Тэр үүрэг нь Татварын байгууллагын үүрэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш иймэрхүү төрлийн зөрчил, маргаанууд гол төлөв Татварын байцаагч, татварын байгууллагын албан тушаалын гэмт хэрэг болдог. Татварын байгууллагын олгосон бүртгэлийн дугаар нь байгаа. Татварын байгууллагаас олгосон зүйлийг тухайн байгууллагаас худалдан авалт хийгээд авсан, манай зүгээс ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй.

Эрүүгийн цагдаагийн газраас гарсан шалгалтын үр дүнд энэ компани хий худалдан авалт хийсэн гэж гаргасан. Тэр компанийг хянаж шалгаад баримт падаанаараа нотлох боломжтой байсан. 2017 оны 09, 10 сарын үед Эрүүгийн цагдаагийн газраас манай компанийг дуудаж холбогдуулж байцаалт авсан. 2014 оноос 2017 оны 09-10 сар хүртэл ямар нэгэн асуудал гараагүй. Тэр үед манай компани барилгаа бариад зараад дуусгасан байсан. Тэгээд манай компанитай ямар нэгэн холбоо байхгүй гээд уг хэрэг хаагдсан гэж ойлгож байгаа. Хэрэв хаагдаагүй бол энэ хэрэг Прокурорын байгууллагаар дамжаад шүүх рүү явах байсан байх. Дахиж манай компанийг дуудаагүй.

2019 оны 12 дугаар сарын 10-нд манай компанид холбогдуулан Зөрчлийн хэрэг нээсэн гэж байгаа, үүнийг огт мэдээгүй. Тэр үед манай компанийн баримтад шалгалт хийх гэж байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед баримт материалыг шалгана гэж бодож байсан. Гэтэл Зөрчлийн хэрэг нээсэн байсан. Татварын ерөнхий хуульд Татварын маргаан таслах зөвлөл хэрэг маргаан нээснээс 1 сарын дотор, шаардлагатай бол 1 сараар нэг удаа сунгаж болно гэсэн байдаг. 2020 онд хандсанаас хойш 1 сарын дотор уг хурлыг явуулах ёстой. Гэтэл 2021 оны намар Татварын маргаан таслал зөвлөлийн хурал болсон. Алхам тутамдаа өөрсдийн дүрэм, журам, хууль, Засгийн газрын тогтоолоо зөрчөөд байна.

Татварын байцаагч нарын өөрсдийн алдаатай үйл ажиллагаанаас болоод бүтээн байгуулалт хийж, тайлан татвараа сар бүр өгөөд явж байгаа компанийг өөрсдөө шалгаж хянаад алдаагүй байна гэж хэлчхээд дараа нь хэрэг үүсгэсэн. Магадгүй манай компани буруутай байсан бол 2016 онд манай компанийг шалгасан акт, падаан Татварын байгууллагад байгаа. Өөрсдөө шалгаад зүгээр байна гэж хэлсэн байдаг. Зөрчилтэй гэх баримт падаанууд нь 2014 оны 08, 09, 10, 11 дүгээр саруудад, 2015 оны 10 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сард хийгдсэн ажил гүйлгээнүүд байгаа. Манай компани татвараа төлөөд, цаг хугацаанд нь тайлангаа гаргаад явдаг. Өнгөрсөн хугацаанд хэдэн зуун сая төгрөгийн татвар төслөн. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь олсон мөнгө зарцуулсан мөнгө хоёрын зөрүүгээр төлдөг татвар. Манай компани нэг ажил хийгээд дууссан бол тэр зөрүүгээрээ татвар төлөх нь зүйтэй.

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хуулиар татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байгаа. Тиймээс энэхүү хэрэг маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Одоо шинэчилсэн хуулиараа тухайн үйлдэл бүрдээ бүртгээд явдаг болсон. Энэ үйлдэл нь 2014 оны асуудал юм. Аливаа хөөн хэлэлцэх хугацааг үйлдлээс нь эхэлж тооцно гэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг үндэслээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1928000195 дугаартай Зөрчлийн хэргийг Хүннүгийн говь ХХК дээр нээсэн. Зөрчлийн хэрэг нээгээд гүйцэтгэх захирал З.Мөнхбатын утас руу залгаад танай дээр дээд шүүхийн тогтоолын дагуу Зөрчлийн хэрэг нээж байна гэдгийг тухайн үед мэдэгдсэн. Тэгэхэд З.Мөнхбат захирал би Улаанбаатар хотод явж байна, чи манайхыг яасан их шалгадаг юм гээд хэлж байсан. Танайх материалаа авчирч өгөх хэрэгтэй, өөрөөс нь ярилцлага авмаар байна гээд дуудахад огт ирж байгаагүй. Би очихгүй, танай ярилцлага дээр нэг ч үг хэлэхгүй гэж хэлсэн. Зөрчлийн хэргийг утсаар мэдэгдэж гэдгээ тэмдэглэл хэсэгт тусгасан байгаа. Хүннүгийн говь ХХК нь дандаа кассаар бэлэн мөнгө гаргасан баримт байгаа. 100, 200 сая төгрөгийг бэлнээр бариад явж байдаг хүн гэж байхгүй. Гол нь Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-иудаас ажил, худалдан авалт хийсэн гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байдаг.

Хүннүгийн говь ХХК-ийн 2015-2016 оны тайланд хэсэгчилсэн хяналт, шалгалт хийх томилолт үүссэн. Манайд энэ хугацааны материалыг ирүүлсэн байсныг шалгасан. Аливаа худалдан авалт нь хоёр талаасаа хүлээн зөвшөөрч байж иж бүрэн хүчин төгөлдөр гэж тооцогддог. Тухайн шалгаж байх явцдаа энэ падаан хий бичилттэй падаан юм гэдгийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, өөрсдөө л санхүүгийн анхан шатны баримтыг сайн бүрдүүлэх боломжтой. НӨАТ-ын падаан тухайн үедээ бичигдээд өнгөрч байгаа боловч энэ их хэмжээний падаан бичигдээд байхаар хууль хяналтын байгууллагын анхаарлыг татахгүй байна гэж байхгүй. Энэ нь хэзээ нэгэн цагт илэрнэ. Хууль хяналтын байгууллага 1, 2 жилийн дараа энэ компани дээр яагаад их хэмжээний НӨАТ-тай падаан бичигдээд байна гээд шалгасан.

Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-иудыг шалгахаар Хүннүгийн говь ХХК-д 1,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан, худалдан авалт нь хүлээн зөвшөөрөгдөхгүй болоод танайх 1,8 тэрбум төгрөгийг Хүннүгийн говь ХХК-иас авсан байна, үүнд ногдох 180 сая төгрөгийг татварт төл гэхэд үнэнээ хэлсэн. Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК нь үнэхээр хэдэн зуун тэрбумын ашиг олоод бараа, ажил үйлчилгээ зардаг бол бараа бүтээгдэхүүнийг агуулах байр сав, хүн хүч, техник хэрэгсэл гээд байх ёстой. Гэтэл Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-иуд нь нэг ширхэг техник хэрэгсэл, ажилтан ч байхгүй компани. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнийг хий бичилтээр борлуулсан мэтээр тайлагнаж түүнээсээ 2-3 хувийн ашиг одог байсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаагч нь шалгаад тогтоосон байдаг.

Хүннүгийн говь ХХК-ийн борлуулалтын орлого нь харьцангуй өндөр байдаг. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн хувьд 2015 онд 0 төгрөг, 2016 онд 10,000 төгрөг, 2017 онд 5,000 төгрөг, 2018 онд 5,000 төгрөг, 2019 онд 0 төгрөг гэх мэт. Улсын төсвөөс Нэмэгдсэн өртгийн албан татвараар авлага үсгээд яваад байсан. Авлага 3 тохиолдолд л үүснэ. Тухайн үедээ цаг тухай бүрд татвараа тайлагнаад, төлөөд явж байсан гэдэг нь үндэслэлгүй.

Татварын жилийг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд тухайн жил дуустал 365 хоногоор тооцдог. Зөрчлийн хэргийн 2019 онд нээсэн, 2019 он дуусаагүй байсан учраас татварын жил дуусаагүй байсан. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар хөөн хэлэлцэх хугацаа 4 жил болсон. Тухайн үед мөрдөж байсан хуулиар хугацаа 5 жил учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

2019 онд Зөрчлийн хэргийг нээгээд Шийтгэлийн хуудас бичигдсэн. Татварын маргаан таслах зөвлөлд 2020 онд хандсан гэж байна. Хуралдаан болоход нэхэмжлэгч, хариуцагч тал зайлшгүй оролцдог. Манайх бол Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаа хийх шаардлагыг байнга тавьдаг. Хуралдааныг яагаад хийхгүй байгаад байсан нь тухайн Маргаан таслах зөвлөлийн ажлын хариуцлага. Хий бичилттэй НӨАТ-ын падааны талаар маргаж байгаа. Одоо бол Маргаан таслах зөвлөлийн тогтоолтой маргаагүй.

Шийтгэлийн хуудас үндэслэлтэй гарсан тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр Хүннүгийн говь ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж маргаж байна.

2. Өмнө нь ...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хянавал хэсэгт ...Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гэх зөрчилд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй байна гэж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд[3] хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч нар дахин зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх маргаж буй 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд: Хариуцагч татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нар нь Хүннүгийн говь ХХК-ийн 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн ба 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0174302 дугаар[4] Шийтгэлийн хуудсаар Хүннүгийн говь ХХК нь 2015 онд Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-иудаас 1,333,676,078 төгрөг, 2016 онд Монгол гранд эйнжил инвест ХХК-иас 523,797,327 төгрөгийн барилгын ажил, худалдан авалт хийсэн гэж тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч падаанаар татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд 168,861,218 төгрөгийн нөхөн татвар, 42,978,393 төгрөгийн торгууль, 28,652,262 төгрөгийн алданги, нийт 240,491,873 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Хүннүгийн говь ХХК-ийг Дашиншил ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18708007 дугаартай падаанаар 163,680,000 төгрөгийн, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18708009 дугаартай падаанаар 189,200,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 16-ны өдөр 18708011 дугаартай падаанаар 146,003,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 18-ны өдөр 18708013 дугаартай падаанаар 198,000,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 25-ны өдөр 18708015 дугаартай падаанаар 149,999,993 төгрөгийн, 11 дүгээр сарын 28-ны өдөр 18708016 дугаартай падаанаар 141,617,003 төгрөгийн, Монгол гранд эйнжил инвест ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18954511 дугаартай падаанаар 345,176,082 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 371561251 дугаартай падаанаар 428,000,000 төгрөгийн, мөн өдөр 371560139 дугаартай падаанаар 95,797,327 төгрөгийн, нийт 1,857,473,405 төгрөгийн НӨАТ-ын (9 ширхэг[5]) хуурамч, хий бичилттэй падаанаар барилгын ажил, худалдан авалт хийсэн гэж 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 8 дугаар сарын НӨАТ-ын тайланд тусгаж татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзжээ.

Татварын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад тухайн ажил, гүйлгээг бодитой хийсэнг буюу Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-иудаар барилгын ямар ажил хийлгэсэн, барилгын материал хичнээн хэмжээтэй худалдан авсан, энэхүү ажил, худалдан авалтдаа НАӨТ төлсөн талаарх гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг ирүүлэхийг шаардсаар байхад Хүннүгийн говь ХХК-иас огт гаргаж өгөөгүй (боломж байтал) байна.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татвар падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж тус тус зааснаар худалдан авагч буюу албан татвар суутган төлөгч нь худалдагч (нийлүүлэгч)-ид албан татвар төлснөө зөвхөн НӨАТ-ын падаанаар бус, мөн гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотолж гэмээ нь уг албан татварыг хасалт хийх учиртай.

5. Гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК-ийн барилгын ажил, худалдан авалт хийсэн гэж тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох үндэслэл болсон гэх дээрх 9 падаан нь хий бичилттэй, хуурамч болох нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10д/4767 дугаар, Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичгүүд, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол зэргээр тогтоогджээ[6].

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 58 дугаар тогтоолд Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-иуд нь 2015, 2016 ондуудад...аж ахуйн нэгжид бараа худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын цахим шивэлт хийсний дотор гомдол гаргагчийн дээрх падаан хамрагдсан гэж, мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10д/4767 дугаар албан бичигт ...хуурамч гэрээ байгуулж, ...бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр цахим бичилт хийж НӨАТ-аас зайлсхийсэн...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд... дүгнэлтэд хохирлын хэмжээгээр гэмт хэргийн шинжтэй хавсралтад нэр дурьдсан аж ахуйн нэгжүүдийн 2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүл гэж, Татварын ерөнхий газраас Өмнөговь аймгийн Татварын хэлтэст хандсан нэр бүхий аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийлгүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичгийн хавсралтад Хүннүгийн говь ХХК багтжээ.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүннүгийн говь ХХК-иас Монгол гранд эйнжил инвест ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлж, төлбөрийг бэлнээр төлсөн гэх тайлбар гаргаж, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-нүүд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актууд, мөн уг бэлнээр төлсөн төлбөрүүдтэй холбоотой материалын дэлгэрэнгүй, дансны дэлгэрэнгүй, ерөнхий журнал, ерөнхий дэвтэр зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаар уг ажлыг гүйцэтгүүлсэн гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдохгүй байхын зэрэгцээ бодит байдалд гэрээнүүд, НӨАТ-ын падаан, НӨАТ-ын тайлангууд, санхүүгийн баримтууд цаг хугацааны хувьд ч зөрүүтэй байгаа болно.

7. Шүүхийн хийсэн үзлэгээр Өмнөговь аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй I) Хүннүгийн говь ХХК-ийн барьсан 70 айлын орон сууцны А, Б блокын барилгын хувийн хэрэгт (7 хавтас) уг барилгын өрлөг, дотор заслын ажлуудыг Монгол гранд эйнжил инвест ХХК гүйцэтгэсэн талаар барилгын ажлын тэмдэглэлд тусгагдаагүй, 2014/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ хавсаргагдаагүй, дээрх ажлуудыг гэрээний дагуу Хаусдоктор ХХК болон С.Батжаргал, Ж.Туул нарын иргэд хийж гүйцэтгэсэн. II) Мөн Даланзадгад сумын 200 хүүхдийн 25 дугаар цэцэрлэгийн барилгын хувийн хэрэгт (4 хавтас) уг барилгын гадна хашаа, бохирын шугам татах ажлуудыг Монгол гранд эйнжил инвест ХХК гүйцэтгэсэн талаар барилгын ажлын тэмдэглэлд тусгагдаагүй, 2015/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ хавсаргагдаагүй, харин Суварга говь ХХК гэрээний дагуу уг ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх баримтууд хадгалагдаж байсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хавсаргасан бичгийн баримтуудаар тогтоогдож[7] байна.

8. Үүнээс үзэхэд Хүннүгийн говь ХХК болон Монгол гранд эйнжил инвест ХХК-иудын хороонд байгуулсан гэх 2014/25, 2015/25 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнүүд хуурамч, мөн барилгын ажил гүйцэтгэгч болон захиалагч гэх 2 талын санхүүгийн бусад анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байх тул Монгол гранд эйнжил инвест ХХК-иар 868,973,409 төгрөгийн барилгын ажил гүйцэтгүүлсэн гэж тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй атлаа хасалт хийж, буцаан авалтаар тайлагнасан нь хууль бус байна.

9. Харин Дашиншил ХХК-иас 2015 онд 988,499,996 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх боловч худалдан авагч буюу албан татвар суутган төлөгч нь худалдагч (нийлүүлэгч)-ид албан татвар төлсөн нь зөвхөн НӨАТ-ын падаанаар нотлогдохоос гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан анхан шатны санхүүгийн бусад баримтаар давхар нотлогдсон байх хуулийн шаардлагатай. Гэтэл уг худалдан авалттай холбоотой гэрээ байгуулагдаагүй, төлбөрийн нэхэмжлэл байхгүй, худалдагч болон худалдан авагч 2 талын анхан шатны санхүүгийн баримтаар бүрэн дүүрэн нотлогдохгүй байх ба их хэмжээний үнийн дүнтэй гүйлгээг харилцах дансаар бус дандаа бэлнээр хийсэн гэх зэргээс үзэхэд энэхүү худалдан авалтууд бодитой бус байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дашиншил ХХК, Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн захирал Р.Батсуурь нь ...хуурамч гэрээ байгуулсан, ...ямар нэгэн бодит борлуулалт хийгээгүй, ...нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 58 дугаар тогтоолоор тогтоогдсон байдаг.

10. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК нь маргаан бүхий НӨАТ-ын падаанаар тодорхойлсон ажил, худалдан авалтад НӨАТ ногдуулан төсөвт төлөөгүй атлаа хасалт хийж, буцаан авалтаар тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч падаанаар татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Хүннүгийн говь ХХК-д 168,861,218 төгрөгийн нөхөн татвар, 42,978,393 төгрөгийн торгууль, 28,652,262 төгрөгийн алданги, нийт 240,491,873 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

11. Хүннүгийн говь ХХК нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тус компанийн санхүүгийн баримтуудыг хураан авсан тул шүүхэд санхүүгийн зарим баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна гэх боловч уг жагсаалтад дурьдсан Арслан хотхоны А, Б блокын барилгын хувийн хэрэг эх хувиар Архивын тасагт хадгалагдаж байгаа, мөн ажил, худалдан авалтын төлбөр дансаар бус бэлнээр хийгдсэн гэх тул харилцах дансны баримтууд энэ хэрэгт хамааралгүй, кассын зарим баримтуудыг нэхэмжлэгчээс ирүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

12. Мөн Хүннүгийн говь ХХК-иас хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь Хүннүгийн говь ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулах тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дагаж мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж заасан бөгөөд татварын Улсын байцаагч нар энэхүү хугацааны (5 жил) дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцсэн байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ...нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил... гэж заасан нь энэхүү маргаанд хэрэглэхгүй болно.

13. Хүннүгийн говь ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийын 02 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх тул Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан гомдол гаргагч Хүннүгийн говь ХХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0174302 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Хүннүгийн говь ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА


[1] Хэрэг 1-р хавтас 40 дэх хуудас

[2] Хэрэг 1-р хавтас 6-14 дэх хуудас

[3] Хэрэг 2-р хавтас 8-22 дахь хуудас

[4] Хэрэг 1-р хавтас 5 дахь хуудас

[5] Хүннүгийн говь ХХК-ийн НӨАТ тайлан (2015-2016) 1 хавтас

[6] Зөрчлийн хэрэгт хавсаргагдсан.

[7] Хэрэг 1-р хавтас 111-165 дахь хуудас