| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00707/И |
| Дугаар | 135/ШШ2019/01188 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2019/01188
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 135/ШШ2019/01188 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2018/00707/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******, ******* тоотод оршин суух*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоотод оршин суух *******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******, ******* тоотод байрлах ******* ХХК-д холбогдох,
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
...Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-тай 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8470 мкв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан.
******* ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул ******* ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ******* ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******тэй Зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
******* нь ******* болон ******* ХХК нь миний эрхийг зөрчиж, зөвшөөрөл авалгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан болохыг сүүлд олж мэдсэн бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааг олж мэдсэн даруйд надтай гэрээ байгуулсан ******* ХХК-ийн удирдлагатай холбогдож уг хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг арилгуулах буюу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах талаар асуудлыг тавихад дахин зээл авах зайлшгүй шаардлагатай байгаагаа учирлаж, ...барьцааны гэрээг бүртгүүлснээс үл хамаарч таны оруулсан хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд гаргаж өгнө гэж хэлсэнд итгэмж, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл хариуцагч болон ******* нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус Зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг үндэслэж өөрийн шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулахаар хууль бус үйлдэл гаргаж эхэлсэн болно.
******* болон ******* ХХК-иас хөрөнгө оруулагч миний тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхийг ноцтой зөрчиж, надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй Барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.
Уг хүчин төгөлдөр бус хэлцлийг хариуцагч нар улсын бүртгэлд бүртгүүлсний улмаас ******* ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээн-ний дагуу хөрөнгө оруулагч миний тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрх зөрчигдөж байгаа тул ийнхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
Иймд дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах үүднээс ******* ХХК болон ******* нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ-ны улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын гаргаж байгаа тайлбар зэргийг үндэслээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах дараах хууль зүйн үдэслэлүүдийг харж үзээсэй гэж хүсэж байна.
1. Нэхэмжлэгч *******гийн хууль зүйн үндэслэлийн талаар дараах тайлбарыг хэлье. Нэхэмжлэлийн үндэслэл болон гэрээний зохицуулалтууд нь хэрхэн ямар байдлаар нийцэж байна вэ? гэхээр үүн дээр ******* ******* ХХК хоёрын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ нь гэрээний зохицуулалт, агуулгын хувьд хамтран ажиллах гэрээ гэж үзэх үндэслэлтэй байгаа, энэ гэрээгээр Дархан-Уул аймаг, *******, ******* 1500 м2 газар 144 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулах зохицуулалт, агуулгатай гэрээ юм. Хөрөнгө оруулагчийн хувьд ******* нь хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд барилгын ажилд гэрээгээр дурдсан хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж хэрэгжүүлсэн. Харин барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, гүйцэтгэгч ******* ХХК нь барилгын үйл ажиллагааг дангаараа хариуцан ажиллах, барилга ашиглалтанд орсноор хөрөнгө оруулагчид тэргүүн ээлжинд ашиг өгөхөөр харилцан үүрэг хүлээсэн гэрээ юм. Гэрээний зохицуулалт, агуулгаар нь үзэх юм бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах төрөлд хамаарах хуульд нийцсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Хамтын ажиллагаанд *******гийн оруулсан хөрөнгө оруулалт болон *******гийн авах ашгийг тэргүүн ээлжинд олгох баталгааг хөрөнгө оруулалтын гэрээний 5.1.2-т ...ямар ч нөхцөлд, тэргүүн ээлжинд хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон хэмжээгээр ашгаа авах эрхтэй.., 5.1.3-т ...оруулсан хөрөнгө оруулалт болон ашгийнхаа хэмжээг мөнгө хэлбэрээр авч чадахгүй тохиолдолд гүйцэтгэгч тавьсан саналын дагуу ашиглалтад орсон байрнаас 1 метр квадрат талбайг 750,000/долоон зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон 2666/хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ метр квадрат талбайг өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч тал шилжүүлэн авах эрхтэй..., 5.1.4-т ...өөрийн оруулсан хөрөнгө оруулалт, гэрээгээр тохирсон ашгийг нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээгээр баригдаж буй барилгын зарим хэсгийг болон ашиглалтанд орсон орон сууцыг барьцаалах эрхтэй... гэж тус тус зохицуулсан байна. Түүнчлэн энэ гэрээний 3.3.1-т ...гүйцэтгэгч нь барилгын ажлыг дангаараа хариуцан ажиллах эрхийн хүрээнд гэрээнээс үүсэх эрсдлийг 100 хувь хариуцана... гэж талууд тохиролцсон байдаг. Гэрээний эдгээр зохицуулалтаар хөрөнгө оруулагч тал нь оруулсан хөрөнгө түүнд ногдох ашгаа тэргүүн ээлжинд авах, оруулсан хөрөнгө түүнд ногдох ашгаа мөнгөн хэлбэрээр авч чадаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөөр тооцон авах, оруулсан хөрөнгө оруулалт, ашгаа тэргүүн ээлжинд авах, тохирсон ашгийн нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээгээр баригдаж буй барилгын зарим хэсгийг болон ашиглалтанд орсон орон сууцыг барьцаалах эрхтэй байхаар, мөн гэрээнээс үүсэх эрсдлийг гүйцэтгэгч 100 хувь дангаар хариуцахаар тодорхой тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.8 дахь хэсгийн ...гэрээнд өөрөөр заагаагүй бол... гэх хуулийн диспозиц санкцад хамаарч байна. Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр эхний хөрөнгө оруулалтын ашгийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгөхөөр тохиролцсон байна. Энэ тохиролцоонд гэрээгээр тохиролцсон бусад зохицуулалттай харьцуулан үзвэл энэ хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулж, эхний борлуулалт хийгдсэн байна гэж тайлбар өгөх хүртэл үндэслэлтэй байна. Гэтэл гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтанд оруулаагүй, Иймээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр №02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг сунгах тухай гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний 4.1-т ...гүйцэтгэгч тал энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай байсан барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр нотолж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ гэрээний 6.1-т заасны дагуу хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, зөвшөөрлийг авна..., 6.1-т ...гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна... гэж тус тус тохиролцсон Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478 дахь хэсгийн ...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна... гэсэн шаардлагад нийцүүлэн хийгдсэн ийм гэрээний зохицуулалт байна. Хэдийгээр гэрээний тодорхой зохицуулалт байхгүй ч гэлээ гэсэн хуулийн шаардлагаар хамтран ажиллах талууд тухайн гэрээ, хамтын үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулахдаа нөгөө талаасаа заавал зөвшөөрөл авах хуулийн ийм зохицуулалт байгаа юм. Түрүүн хариуцагчийн өмгөөлөгчийн тодруулаад байсан ямар хууль зүйн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа юм бэ?, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан зөвшөөрөл гэдэг нь ямар хууль зүйн байгаа юм бэ? гэдэгт дээрх хариултыг өгч байна. Энэ хуулийн заалтад нийцүүлээд гэрээгээрээ тодорхой зохицуулалт хийсэн байна. Хуульд зааснаар гэрээний талууд гуравдагч этгээдтэй гэрээ хийхдээ нөгөө талаасаа зөвшөөрөл авах шаардлагатайг дээр дурдсан хуулийн заалтаар зохицуулсан гэрээ болсон юм.
3. ******* ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримт, түүнд хамаарах хууль зүйн үндэслэлийн талаар дараах тайлбарыг хэлье. Хариуцагч тал ******* ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1, 6.1-т тут тус заасан үүргийг зөрчиж, хөрөнгө оруулагч *******д хэлж, түүнээс зөвшөөрөл авалгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******тэй зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч нар ийнхүү ******* мэдэгдэж, түүнээс зөвшөөрөл авалгүйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн дээр дурдсан зохицуулалтыг зөрчсөн. Хариуцагч нарын хууль болон гэрээний үүргээ зөрчсөн энэ үйлдлээс болж хөрөнгө оруулагч *******гийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах энэ эрх зөрчигдөж байна, энэ гэрээ *******гийн эрх үүрэгт яаж нөлөөлөөд байна вэ гэдгийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт энэ няцаалтыг өгч, хууль зүйн үндэслэлтэй тайлбар хэлж байна.
4. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр бус байдалд дараах тайлбарыг хэлье. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний 5.1.2, 5.1.3, 5.1.4, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан №02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 6.1-т тус тус зааснаар талуудын тохиролцсон гэрээний нөхцөл Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу ******* ХХК нь 144 айлын 8470 метр квадрат талбайтай орон сууцны барилгатай холбоотой асуудлаар бусад аливаа гуравдагч этгээдтэй аливаа төрлийн гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхны хөрөнгө оруулагч *******гаас зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулах үүрэгтэй байсан. ******* болон ******* ХХК нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хамтран ажиллах гэрээний нэг тал болох анхны хөрөнгө оруулагч *******д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэсэнд хамаарах, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийн талаар дараах тайлбарыг шүүх анхаарч өгөхийг хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн ...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн ...Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж тус тус заасан байдаг. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээ, энэ бол зээлийн барьцааны гэрээ гэж огноологдсон, энэ гэрээний үдсэн дээр Дархан-Уул аймаг, *******, ******* айлын 8470 метр квадрат талбай бүхий орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан барьцааны бүртгэл нь хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн дагуу тэргүүн ээлжинд шаардлага хангуулах нэхэмжлэгч *******гийн эрхийг зөрчсөн болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч өөрийн эрх үүрэг, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдюэрлэх тухай хуулийн зохицуулалтад нийцэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсгийн ...эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх... гэсэн хэлбэрээр эрхийн хамгаалуулалт хийж байгаа, хуульп нийцсэн шаардлага гэж үзэх үндэслэлтэй.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т ...Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно... гэж заасан. ******* ХХК болон ******* нарын хооронд 2015 оын 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан маргаан бүхий зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч *******д мэдэгдэж, зохих зөвшөөрлийг авсан байх тухай Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасан шаардлагыг зөрчсөн. Ийм учраас ******* нь хариуцагч нарын хооронд байгуулагдсан дээрх маргаан бүхий зээлийн барьцааны гэрээний хувьд сонирхогч этгээд гэж үзэгдэх үндэслэлтэй юм. Тэр гэрээний хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул сонирхогч этгээдэд хамаарна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээдэд хүчин төгөлдөр бус гэрээний улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэрээний талууд болон гуравдагч этгээдийг ойлгож болох бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад хамаарах ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий зээлийн барьцааны гэрээний үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 7 дугаартай, Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тогтоолын 5.8 дахь заалтын ...энэ зүйлйн 56.3, 57.3-т заасан сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарна... гэж заасанд нийцэж байгаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, эд хөрөнгө өмялөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад зааснаар ...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.. ээр заасан. Эдгээр хуулиар тогтоосон хэлбэрийн хүрээнд барьцааны эрх үүсэх үндэслэл нь гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан барьцааны эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага хийдэг. Өөрөөр хэлбэл гэрээний үндсэн дээр хийгдэж буй эрхийн улсын бүртгэлийн үйлдэл нь захиргааны байгууллагын санаачилгаар хийгддэггүй тул үүнийг гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар тогтоосон хэлбэрээр баталгаажуулсан захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа гэж үзнэ. Нэхэмжлэгч маргаан бүхий зээлийн барьцааны гэрээний үндсэн дээр хийгдсэн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний зарим хэргийн харъяалалыг Захиргааны хэргийн харъяалалаас зааглан ялгах тухай Улсын Дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоолын 3.2.22 дахь хэсэгт нийцсэн байна гэж үзэж байна.
7. Хэрэгт хариуцагч нарын гаргаж байгаа тайлбар түүнийг үгүйсгэх үндэслэлийн талаар дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхийг хүсье. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудад хариу тайлбар өгч байна. Урд нь хариуцагч нар энэ барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа гэдэг. Энэ нь *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй огт хамааралгүй асуудал юм. Мөн ******* нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулаад *******гийн болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт ******* гуравдагч этгээдээр оролцоод нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон. Үүнийг нь сая шүүхийн шийдвэрийг уншиж сонсгуулсан. Энэ асуудлыг яагаад дурдаад байна вэ гэхээр зэрэг түрүүн хариуцагчийн өмгөөлөгч дурдаад байсан яагаад заавал *******тэй байгуулсан гэрээний асуудлыг хөндөөд байна вэ?, яг энэтэй адил бусад гэрээ, *******тэй хийсэн гэрээ гээд бүгд л зөвшөөрөлгүй юм шиг байна лээ шүү дээ гэсэн. Яагаад энэ асуудал хөндөгдсөн бэ гэхээр зэрэг *******ийн тухайд хийсэн хэлцэл нь *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна, харин тэрнээс хойш хийгдсэн ******* нарын бусад гэрээ нь *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж байна. Учир нь зөвшөөрөл авахын хувьд ч тэр, барьцааны шаардлага хангуулах дарааллын хувьд ч тэр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Мөн цаашлаад ******* нар гэх улсуудтай харилцан ойлголцсон, Өөрөөр хэлбэл бие биенийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байдлаар барьцаалсан хөрөнгүүдээ хуваагаад зохих ёсоор нь өмчлөлдөө шилжүүлээд, тохиролцоод шийдчихсэн. Тийм учраас хэн алиныхаа эрх ашгийг хөндөхгүй байгаа учраас энэ талаар ярих шаардлагагүй, эдгээр хүмүүстэй холбож үзэх хууль зүйн үндэслэл үндэслэл байхгүй юм гэжээ.
Хариуцагч *******ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:
...Иргэн ******* би 2015 оны 06 сарын 10-ны өдөр ******* ХХК-тай 2015/06/10 тоот зээлийн гэрээ, 2015/06/10А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг ******* 11-р баг 13-р хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 мкв талбайтай барилгыг 1500 мкв газрын хамт барьцаалан 1,500,000,000 төгрөгийн зээл олгож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компани нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа төдийгүй компанийн эзэмшигч, удирдлага нь 2 удаа солигдож бусдын нэр дээр шилжээд байна.
Мөн тус компани нь 2016 оны 3-р сарын 11-ний өдөр иргэн *******тай 16/001 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2667.22 мкв талбайтай 46 айлын орон сууц, 2017 оны 9-р сарын 18-ны өдөр иргэн*******тэй 7310 мкв талбайтай 124 айлын орон сууц барьцаалан зээлийн гэрээ тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба компани улсын бүртгэлийн байгууллагын зүгээс гэрээ байгуулсан, бүртгэсэн талаар өмнөх барьцаалагчид мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг.
Би ******* ХХК-ийн хууль бус үйлдлүүдэд холбогдуулан Баянзүрх,******* дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Мөн Дархан-Уул аймаг дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөдөл гаргасныг шалгаад холбогдох хариуг 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 1-4/2959 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Иргэн миний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй бөгөөд холбогдох хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. гэжээ.
Хариуцагч *******ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ гэрээ хамтран ажиллах байна уу, хөрөнгө оруулалтын гэрээ байна уу, энэ асуудал яг ******* *******ХХК-тай холбогдсон энэ харилцааг Хан-Уул дүүргийн шийдвэрээр нийт энэ асуудлыг эвлэрлийн журмаар шийдсэн. Өөрсдөө ч үүнийг хэлдэг. Зээл авсан, зээлээ алданги болон ашигтай холбогдуулан 1 тэрбум төгрөг зээлчихээд 2.5 тэрбум болгоод авна гэх асуудлыг нь шүүх дүгнэсэн.
2. Энэ шүүхийн шийдвэрт өнөөдөр *******ийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг асуудлаар ******* Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Барьцаалагчийн эрх ашгийг эвлэрлийн асуудал хөндөөгүй, өөрсдөө нэгэнт барьцаалагчид хамааралгүй гэдэг байдлаар шүүхийн байр суурийг албаар гаргасан. ******* дээр мөн барьцаалагчийн үндсэн байр суурь, эрх ашгийг хөндөж байна гэдэг асуудал тавьсан, мөн яг одоо барьцаалагчийн хууль ёсны эрх ашгийг *******, ******* нар дээр хөндөгдөөгүй гэдэг нь өөрөө Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасан хангагдах биш дуусгавар болох асуудлыг яриад байна. Угаасаа уг заалтан дээр дарааллаар хангана гээд заачихсан. Гэтэл өнөөдөр *******т зээлтэй байсан, *******ийн дараа эрх нь хэрэгжинэ гэдгийг зөвшөөрөөд ******* ХХК болон *******ийн хооронд байгуулсан тэр гэрээн дээр заагаад өгсөн. Үүнийг нь шүүх өөрөө дурддаг. Яагаад дахиж үгүйсгэгдээд байна вэ? гэхээр сая Баянгол дээр үндсэн зээлийн төлбөрөө барагдуулъя гээд байгаа ******* өөрөө нэхэмжлэл гаргаад ******* ХХК хариуцагчаар яваа, үүн дээр ******* орж ирсэн, хүсэлт өгсөн. ******* хүсэлт өгөхдөө гуравдагч этгээд миний зөвшөөрөлгүй хийсэн юм аа, ийм байдлаар байгаа учраас энэ зээлийн асуудал бол миний эрх ашгийг хөндөж байна гэдэг байдлаар хийхэд, шүүх дээр ******* нь *******ийн дараа, дарааллаараа хангуулъя гэдэг хүсэл зоригоо илэрхийлээд, гэрээ байгуулахдаа үүнийг зөвшөөрсөн байна гэдэг байдал харагдсан. Өнөөдөр тэр яриад байгаа зээлийн гэрээний хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулъя гэдэг нь өөрсдийнх нь үзэж байгаагаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 юм байна. Тэгвэл тухайн зүйлд заасан хууль бус гэдгийг тогтоох ёстой, тэгж байж үр дагавар нь арилгагдана. Энэ бол хууль хэрэглээний хувьд шийдэгдээд явж байгаа асуудал, нэгэнт энэ улсууд өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 заасан хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Зөвхөн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар үр дагаврыг арилгах гэдэг байдал руу ороод байна. Үр дагаврыг арилгана гэдэг нь сая хэлээд байсан 46 байраа би авсан, 2.5 тэрбум дээр тохирсон байна гэдэг юм. Гэтэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр барьцааны гээр хүчин төгөлдөр бус байна гээд байна. Зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг нь барьцааны гэрээ юм. Түрүүн үүнийг судлуулсан. *******тэй хийсэн барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ бол энэ гэрээний салшгүй хэсэг байна гэдгийг талууд гэрээн дээрээ тохиролцсон. гэжээ.
Хариуцагч *******ийн өмгөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн ******* нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг сая сонслоо. Хэдийгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үрх дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заагаагүй. Энэ хөрөнгө оруулалтын гэрээний дагуу, хамтран ажиллах гэрээний дагуу гээд яриад л байна, энэ яриад байгаа 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №1 дугаартай гэрээгээ нэхэмжлэгч ******* хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Түүнийг нь хөрөнгө оруулалтын гэрээ гэж үзэх үү гэдэг байдал эргэлзээтэй, энэ гэрээг ******* шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л олж харсан. Үүнээс өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос өмнө ийм гэрээ байсан эсэх талаар огт мэдээгүй байсан. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ мөн үү биш үү, эсвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ юм уу?, энэ байдал ойлгомжгүй. Хэрвээ хөрөнгө оруулалтын гэрээ гэж үзвэл 1 тэрбум төгрөгийг юунд хөрөнгө оруулсан юм бэ? гэдгийг нотлох шаардлага гарч байна. Хамтран ажиллах гэрээний дагуу 1 тэрбум төгрөгөөр санхүүжилт хийгээд гэрээнийхээ 1.1-т заасан зорилгын дагуу уг барилга баригдаж дууссаны дараа олсон орлогоос тэргүүн ээлжинд ашгаа авах гэрээ гэвэл бас өөр асуудал юм. Тэр гэрээний хугацааг тухайн гэрээний 7.2-т зааснаар 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөнгөнүүдээ буцаан гаргаж өгөхийг шаардсан гэрээ хийсэн байдаг. Тэгэхээр тухайн гэрээ 3 дугаар сарын 31 мөн юм уу?, биш юм уу? Сая нэхэмжлэгч тал хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулалтаа өгөхгүй болохоор нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин гэрээ байгуулсан гэж ярьсан. Тэр гэрээг харахаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нотариатаар баталгаажуулсан гэрээ байсан. Өмнөх шүүх хуралдаан болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээнийхээ дагуу биднээс зөвшөөрөл авах ёстой байсан гэж яриад байна. Тэгэхээр энэ гэрээ өөрөө ямар гэрээ болоод компанийн дотоод үйл ажиллагаанд хөдлөнгөөс оролцох эрхтэй болгоод байна вэ?, компани бусдаас зээл авахад юм уу?, ахиж хөрөнгө оруулалт татахад иргэн *******гаас асуух үүрэг ямар хуулиар олгогдсон юм бэ?, хариуцагч талын эрх ашгийг хохироосон, илт хууль зөрчсөн гэж бидний зүгээс үзэж байна. Хөрөнгө оруулалт нэрээр оруулсан санхүүжилт ******* ХХК-тай хамаатай юм уу?, үгүй юм уу? бид үүнийг ******* ХХК-тай хамаагүй гэж үзээд байна. 2017 онд иргэн ******* хариуцагч ******* ХХК-ийн хувьд хооронд хохироод байгаа хөрөнгө оруулалт гэх нэрээр оруулсан гэх 1 тэрбум төгрөгтэй холбоотой маргаанаа шүүхийн эвлэрлийн журмаар шийдүүлсэн гэх баримтыг шүүхэд өгсөн. Энэ нь бас улсын бүртгэлд өгөгдсөн баримтаар гарч ирдэг. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн захирамж бий. Уг захирамжид зааснаар талууд ямар ч маргаангүйгээр 500 сая төгрөгөөс татгалзаад эвлэрсэн байдаг. 500 сая төгрөг бага мөнгө үү?, их мөнгө үү?. 1 тэрбумыг хөрөнгө оруулсан гэж үзээд, 1 тэрбумыг ашиг гэж аваад 1 тэрбумыг алданги гээд шүүхэд нэхэмжилж эвлэрэл байгуулсан. Энэ эвлэрэл дээр барьцаа хөрөнгөөр хангуулах асуудал огт тэмдэглэгдээгүй, дурдагдаагүй байсан. Яагаад барьцаа хөрөнгөөр хангуулахгүйгээр орхисон бэ?, үүнийг утга учиртай л гэж бодож байна. өөрөөр хэлбэл иргэн *******ийн барьцааны гэрээ бол *******гийн барьцааны гэрээнээс өмнө нь байгуулагдсан гэрээ. Энэ барьцааны гэрээний дагуу ******* бол тэргүүн ээлжинд барьцаагаараа хангагдана гэдэг нь ойлгомжтой. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар ойлгомжтой байна. Энийг нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа, энэ шалтгаанаар барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхээр шийдвэрлүүлээгүй, түүнээсээ татгалзсан гэж үзэж байна. Одоо нөхцөл байдал юу болоод байна гэхээр хөрөнгө оруулалтын 14 оны гэрээг дурдаад 15 онд хийгдсэн гээд байгаа, хэзээ хийгдсэн нь мэдэгдэхгүй гэрээ хавсаргаж өгөөд, шүүхээр эвлэрлийн гэрээ гэдэг юмыг баталгаажуулаад, тэгэхдээ барьцаа хөрөнгөөр гаргуулахгүйгээр шийдсэн, үндсэндээ шүүхийн дурдаад байгаа захирамжаар ******* гэдэг хүн хохиросон гэж үзэх боломжгүй болоод байна. Хариуцагч бол энэ мөнгийг нь төлнө гээд зөвшөөрсөн. Одоо иргэн ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулсэн зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаад, шийдвэрлэх гээд Баянгол дүүргийн шүүх дээр хурал нь товлогдоод явж байна. Тийм учраас яагаад барьцааны гэрээг хүчингүй болгох гээд байгаа юм бэ?, өөрт хамааралгүй, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулсан шүүгчийн захирамж, шийдвэр гаргуулчихаад, яагаад иргэн *******ийн хууль зүйн дагуу, үндэслэлтэй, зээлийн гэрээний дагуу байгуулагдсан барьцааны гэрээг хүчингүй болгуулах гээд, хүчингүй болгуулах гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ?, энэ үндэслэлгүй юмаа гэж үзэж байна.
2016 онд нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээн дээр иргэн ******* гэдэг хүн бол барьцаагаа хангуулсны дараа *******гийн эд хөрөнгийг хангуулна гээд барьцааны гэрээ байгуулсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд Захиргааны хэргийн шүүхэр дүгнээд өгчихсөн. Үүнтэй ч нэхэмжлэгч тал маргадаггүй. Тэгэхээр энэ барьцааны гэрээтэй холбоотой асуудал бол зөвхөн барьцааны гэрээний асуудал биш, зээлийн гэрээг яах гэж байгуулдаг юм бэ?. Хэрвээ *******, ******* ХХК хоёрын хооронд энэ барьцааны гэрээ байгуулагдаагүй бол зээлийн гэрээ байгуулагдахгүй байсан шүү. Энэ ерөөсөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаа сонгосон учраас зээлийн гэрээ байгуулагдсан шалтгаан нь энэ юм.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд ******* ХХК хөрөнгө оруулагч нөгөө талдаа хөрөнгө оруулсан гэж үзээд байгаа бол ямар хэмжээгээр хамтран ажиллах гэрээг байгуулсан бэ? тэр гэрээний хязгаар хүрээ гэдэг зүйл ерөөсөө байхгүй, тодорхойгүй байна. 1 тэрбум төгрөгөөр байшин барина гэж тохиролцсон юм уу?, үгүй юм уу?. Өөр санхүүжилтыг авах юм бол хариуцагч компанид зөвшөөрөөд санхүүжилтээ та нар өөрсдөө анхаар, эрсдлийг 100 хувь хариуц гэсэн, ийм гэрээ байгуулсан. Ийм ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагатай иргэний маргааныг хэлэлцэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хууль зүйн үндэслэл шаардлагаа тодорхойлж чадахгүй байна гэж хэлж байна. гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
...Манай компани нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02-р сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, *******, ******* хорооллын нутаг дэвсгэрт 144 айлын орон сууцны барилга барихаар болсон. Барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх, ашиглалтанд оруулахад барилгын хөрөнгө оруулагч шаардлагатай байсан тул *******тай холбогдож хөрөнгө оруулах санал тавьсны дагуу 2014 оны 12-р сарын 22-ны өдөр 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажилласан бөгөөд барилгын ажлын явц удааширч, тохиролцсон хугацаанд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг өгч чадахгүй байсан тул уг гэрээний хугацааг сунгаж явсаар өнөөдрийг хүрсэн.
2015 оны 03-р сарын 31-ний өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээнд заасны дагуу манай компани барилгын үйл ажиллагаатай холбоотой дахин санхүүжилт шаардагдах тохиолдолд хөрөнгө оруулагч *******д мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэг хүлээсэн. Манай компанийн урьд нь ажиллаж байсан захирал ******* нь 2015 оны 6 сарын 10-ны өдөр иргэн ******* гэгчтэй зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. *******ээс манай компанид зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч энэ мөнгө нь манай компанид орж ирсэн баримт байхгүй байгаа. бөгөөд тухайн гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Нэгдүгээрт уг гэрээг байгуулахдаа анхны хөрөнгө оруулагчид мэдэгдэлгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн, хоёрдугаарт уг зээлийн гэрээг хуульд нийцүүлэн, бодитоор хийсэн гэдэгт эргэлзээтэй байгаа.
Анхны хөрөнгө оруулагч *******гийн санхүүжилтээр барилгын ажил явагдсан, явагдаад удаашраад дараагийн хөрөнгийг авахад заавал анхны хөрөнгө оруулагчид мэдэгдэнэ гэснийг л зөрчсөн. Түүний улмаас нэхэмжлэгч ******* нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байна. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр, түүнийг компани зөрчөөд *******тэй гэрээ байгуулсан. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* ХХК-д тус тус холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч *******гийн тухайд
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот Дархан-Уул аймгийн *******ын *******дугаар хороололд байрлах 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт оруулж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авах, хөрөнгө оруулагч тал нь хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг эхний ээлжинд буцаан өгөх үүрэг хүлээсэн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын дүнг 1 000 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг хөрөнгө оруулагч талд буцаан өгөх, оруулсан хөрөнгө болон ашгийнхаа хэмжээг мөнгөн хэлбэрээр авч чадахгүй тохиолдолд ашиглалтад орсон байрнаас нэг м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон нийт 2666 м.кв талбайг өмчлөх эрхийг шилжүүлэн авах үүрэг хүлээсэн гэрээ байгуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 8-9 дүгээр хуудас/
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 02 тоот гэрээгээр хугацааг 2015 оны 10 дугаар сарын 14 гэж тооцон сунгаж, гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттай холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэх үүрэг хүлээжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 12-13 дугаар хуудас/
2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр баригдаж дууссан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 2667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг хөрөнгө оруулагчид барьцаалж барьцааны гэрээ байгуулах, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд гэрээгээр тохирсон ашиг 1 000 000 000 төгрөгийг хөрөнгө оруулагч талд төлөх, оруулсан хөрөнгө 1 000 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулагч талд төлж дуусгах, баригдаж дууссан 114 айлын орон сууцны зориулалттай барилга нь иргэн *******ийн барьцаанд байх тул хөрөнгө оруулагчийн барьцааны эрх нь иргэн *******ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжих гэрээ байгуулан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт барьцааны эрхийг бүртгүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 228-230 дугаар хуудас/
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар өргөдөл гаргагч *******, уригдагч тал ******* ХХК-ийн хооронд байгуулсан ...2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулах... эвлэрлийн гэрээг баталжээ. /хэргийн 2 дугаар хавтас 24-25 дугаар хуудас/
Дээрх эвлэрлийн гэрээний дагуу 16/001/01 тоот гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр 2667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 241-244 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 02 тоот, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001 тоот ******* ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн хамтран ажиллах гэрээ тул мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д зааснаар хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авахаар хуульчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хйисэн хэлцэл тул мөн зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийн дагуу ******* ХХК болон ******* нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлж байгаа болно.
Хариуцагч *******ийн тухайд
******* 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барилгын материал авах зориулалтаар 1 500 000 000 төгрөгийг сарын 4,3 хувийн хүүтэй 2017 оны 06 дугаар сарын 10 хүртэл хугацаатай байгуулж мөн өдөр /хэргийн 1 дүгээр хавтас 53, 56-57 дугаар хуудас/ 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний зүйл болох үнийн дүн дээр 510 000 000 төгрөгийг нэмж зээлийн хэмжээг 2 010 000 000 гэж өөрчлөн гэрээ байгуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/
Талууд дээрх гэрээний талаар маргаан үүсгэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж /2 дугаар хавтас 68 дугаар хуудас/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/хт2019/00944 тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. /хэргийн 4 дүгээр хавтас 2-7 дугаар хуудас/
2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 144 айлын орон сууцаас 515.78.мкв 9 орон сууцыг *******ийн нэр дээр, 521,68 м.кв 9 орон сууцыг захиалагч нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгожээ. / хэргийн 1 дүгээр хавтас 236-239, 2 дугаар хавтас 2 дугаар хуудас/
Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч *******, ******* ХХК нь баригдаж дууссан 114 айлын орон сууцны зорулалттай барилга нь иргэн *******ийн барьцаанд байх тул хөрөнгө оруулагчийн барьцааны эрх нь иргэн *******ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжих гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүргийн талаархи маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, ******* ХХК нь үлдсэн санхүүжилтээ өөрөө бүрдүүлэх үүрэг хүлээж, *******ээс гэрээний дагуу барилгын санхүүжилтад мөнгө зээлсэн гэж маргаж байна.
Хариуцагч ******* ХХК-ийн тухайд
******* ХХК, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд дээр дурьдсан гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, гэрээний агуулга, биелүүлэх арга замын талаар маргаантай байна.
******* ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн талбай дээр 180 айлын орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 6-7 дугаар хуудас/
Энэ гэрээний дагуу барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг босгох зорилгоор нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нартай гэрээ байгуулсан.
Хариуцагч ******* ХХК-ийн Аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу эзмшүүлсэн 1500 м.кв талбай бүхий газарт баригдах орон сууцны зориулалттай барилгын ашигтай талбай 8470 м.кв бөгөөд дуусаагүй барилгад 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлт гарган үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авчээ. /хэргийн 1 дүгээр хавтас 183, 215 дугаар хуудас/
Дээрх орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс хүлээн авч, хаягжилтыг шинээр олгосон тул 50 хувийн гүйцэтгэлийг 100 хувийн гүйцэтгэлтэй болгон өөрчлөхөөр хүсэлт гарган ******* тоот нийт 144 айлын 8470,0 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. /хэргийн 1 дүгээр хавтас 235, 250 дугаар хуудас/
*******тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнд 18 орон сууц, 4 орон сууцыг бусдад өмчлөх эрхийг шилжүүлснээр эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөн хүсэлт гаргаснаар 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 7310.0 мкв талбай бүхий 10А байр 58 орон сууц, 10Б байр 66 айлын орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байна. /хэргийн 2 дугаар хавтас 2-5, 7, 22, 75 дугаар хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хөрөнгө оруулагч *******гийн зөвшөөрөл аваагүйгээр *******тэй зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу уг мөнгө манай байгууллагын дансанд орж ирээгүй... гэжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлж шүүх дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******гийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот, 215 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 тоот ******* ХХК-тай байгуулсан гэрээнд үлдсэн санхүүжилтийг Гүйцэтгэгч тал буюу ******* ХХК бүрдүүлэхээр тохирчээ.
Тухайн гэрээнд зааснаар ******* ХХК барилгын ажлыг дангаараа хариуцан ажиллаж, эрсдэлээ 100 хувь хариуцан ажиллаж, гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа хэлцлийг бие даан шийдвэрлэж, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бол Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд зааснаар хязгаарлах тул гэрээний дагуу үлдсэн санхүүжилтийг өөрөө бүрдүүлэхээр хариуцагч *******тэй зээлийн гэрээ байгуулан, барьцааны эрхийг бүртгүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд тайлбарласнаар нэхэмжлэгч *******гийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 тоот ******* ХХК-тай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах үүрэг хүлээсэн гэрээ эсэх талаархи дүгнэлт хийх боломжгүй. Учир нь талууд энэ гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийн талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэн, гэрээний зүйлд 46 айлын орон сууцыг шилжүүлэн авсан байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааруулан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар гэж барьцааны зүйлийг орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 8470 м.кв барилга байхаар барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хариуцагч ******* 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулагдсан барилгын материал авах зориулалтаар 2 010 000 000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээ, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргааны талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар адил шатны шүүх дүгнэлт хийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ...баригдаж дууссан 144 айлын 8.470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг хөрөнгө оруулагчид барьцаалж барьцааны гэрээ байгуулах, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд гэрээгээр тохирсон ашиг 1 000 000 000 төгрөгийг хөрөнгө оруулагч талд төлөх, оруулсан хөрөнгө 1 000 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулагч талд төлж дуусгах, баригдаж дууссан 114 айлын орон сууцны зориулалттай барилга нь иргэн *******ийн барьцаанд байх тул хөрөнгө оруулагчийн барьцааны эрх нь иргэн *******ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжих... гэрээ байгуулан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт барьцааны эрхийг бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээ байгуулсан дарааллаар хангана, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй гэснийг зөрчөөгүй байна.
Мөн энэ талаар хянан шийдвэрлэн, хүчин төгөлдөр болсон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...******* ХХК, ******* нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д барьцааны зүйл нь бүхэлдээ иргэн *******ийн барьцаанд байх тул барьцаалагчийн барьцааны эрх нь иргэн *******ийн барьцааны эрх дуусгавар болсноор хэрэгжинэ гэж зааснаар анхны барьцаалагч иргэн ******* тэргүүн ээжлинд үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй гэж дүгнэжээ.
Хариуцагч *******, хариуцагч ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10а зээлийн барьцааны гэрээнд барьцааны зүйлийг орон сууцны зориулалттай 50 хувь гүйцэтгэлтэй барилга байхаар барьцааны гэрээг бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар барьцааны зүйл нь ирээдүйд байж болох хөрөнгө байсан тохиолдолд тухайн хөрөнгө бий болж барьцаалуулагчийн өмчлөлд шилжснээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэх бөгөөд мөн зүйлийн 154.7-д зааснаар барьцаалагч ******* шударга эзэмшигчийн хувьд гуравдагч этгээдээс давуу эрхтэй болно.
Харин хариуцагч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10а ...барьцааны зүйлийг орон сууцны зориулалттай 50 хувь гүйцэтгэлтэй барилга байхаар... байгуулсан барьцааны гэрээний 3.7-д аливаа шалтгаанаар барьцаалуулагчийн хөрөнгө эзэмших эрх бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдах, барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдалд нь харшлах нөхцөл байдал үүссэн, барьцааны зүйл бүхэлдээ болон хэсэгчлэн хөрвөх шилжих боломж нь алдагдах буюу хязгаарлагдах, барьцааны зүйлийн үнэ цэнэ ямар нэгэн шалтгаанаас алдагдах болсон тохиолдолд барьцааны зүйлийг өөрчлөхөөр тусгажээ.
Барьцааны зүйл нь орон сууцны зориулалттай 50 хувь гүйцэтгэлтэй барилга буюу ирээдүйд 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилга байснаас хариуцагч *******, түүний зөвшөөрснөөр өөр этгээдэд 18 орон сууц /515,78 м.кв 9 орон сууцыг *******ийн нэр дээр, 521,68 м.кв 9 орон сууцыг захиалагч нарын нэр дээр/, нэхэмжлэгч *******д 46 орон сууц өмчлөлд шилжсэн /баригдаж дууссан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 2667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууц/-ээр одоо хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлд 7310.0 м.кв 124 айлын орон сууц бүртгэлтэйгээс барьцааны зүйлийн шинж чанар алдагдсан байна.
Тухайлбал хууль ёсны өмчлөгч ******* ХХК эд хөрөнгийн эрхийн ******* тоот бүртгэлд өмчлөлийн зүйлээ эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа хаяг өөрчлөгдсөнөөр шинэчлэн бүртгүүлэхдээ *******тэй байгуулсан барьцааны гэрээний зүйлийг шинэчлэн бүртгүүлээгүй атлаа хариуцагч *******д 2667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцааны гэрээний дагуу бүртгүүлж, өмчлөлд шилжүүлснээр гэрээний дагуу өмчлөх эрхтэй болсон, ******* өөрийн хөрөнгийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар захиран зарцуулахад эрх зөрчигдсөн гэсэн нь үндэслэлтэй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдөх, үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдөх гэх зэрэгт эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуульчилжээ.
Иймд хариуцагч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10а ...барьцааны зүйлийг орон сууцны зориулалттай 50 хувь гүйцэтгэлтэй барилга байхаар... байгуулсан барьцааны гэрээний 3.7-д зааснаар эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцааны гэрээг өөрчлөн бүртгүүлэхээр мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэн, хуулийн этгээд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэснээр мэдүүлэг гаргахыг хариуцагч ******* ХХК, ******* нарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******, ******* ХХК нарт 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10а барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банк, Төрийн сан ******* тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* ХХК-иас тус бүр 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ