| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн,
Улсын яллагч С.Энхзул,
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Хохирогч Б.Хоролсүрэн,
Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ажиндай овгийн Ганбатын Дэлгэрцэцэгт холбогдох 2324000000025 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. оны ...... дүгээр сарын ..........нд ............ аймгийн ............. суманд төрсөн, ......... настай, ..........эй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... аймгийн ............ сумын соёлын төвд ........... ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт ........... аймгийн ......... сумын ............ багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, А овгийн Г-ын Д
Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь......... аймгийн ............ сумын .............. багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хоролсүрэнтэй маргалдаж, улмаар гараараа хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:
Улсын яллагч С.Энхзул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хоролсүрэнтэй маргалдаж улмаар гараараа хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч хохирогчийн эрх ашиг сэргээгүй байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай тул түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч хөнгөн гэмтэл авснаар түүнд хохирол, хор уршиг учирсан байна. Хохирогч нь хамартаа эмчилгээ хийлгэсэн бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад Асгат сумаас Тосонцэнгэл суманд хоёр удаа ирж мэдүүлэг өгсөн, мөн шүүх хуралдаанд ирж оролцож байгаа зэрэг зардлууд их гарч байна. Хохирогч өмнө нь хамартаа гэмтэл авч байгаагүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Хохирогч хохиролд 5,930,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд тухайн хохирлын тооцоог өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаас өмнө гаргасан байдаг. Шүүх хасагдах боломжтой хохирлуудыг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Харин хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж, үүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хохирогч Б.Хоролсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохиролд 5,930,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөнөөс шүүгдэгчийн өмнө нь өгсөн 280,000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 5,930,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтууд тун цөөхөн байна. Би хохирогчид 280,000 төгрөг өгсөн. Манай аав гурван сарын өмнө даралтаар унаж мэдээгүй болсон. Үүнтэй холбогдуулан мөнгө их зарцуулсан учраас одоо хохирогчид хохирол төлбөрийг нэг дор төлөхөд хүндрэлтэй байна. Үүнийг харгалзан үзнэ үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: хохирогч Б.Хоролсүрэнгийн “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дэлгэрцэцэг, Баасанжав хоёр намайг заалны үүдэнд хүлээгээд зогсож байсан. Тэгээд Дэлгэрцэцэг манай гэр лүү хамт явцгаая гээд явсан. Тэгээд тэдний гэр буюу Хүрэлбаатарын гэрт Дэлгэрцэцэг, Баасанжав, 12 дугаар ангийн хүүхдүүд болох Нямцэцэг, Энхбаяр, Нямдорж нарын хамт очих үед Амбуук хочит Батчулуун, Около хочит Цэрэннадмид, Дэлгэрцэцэгийн нөхөр Хүрэлбаатар нар архи ууцгааж байсан. Хүрэлбаатарын гэрт очоод хоол идчихээд, хөзөр тоглоод байж байх үед нэг том савалгаатай пиво задалж уусан. Тэгээд би одоо гэр лүүгээ явахгүй бол болохгүй гэтэл намайг явуулаагүй Дэлгэрцэцэг босч ирээд миний хоёр гарнаас барьж аваад шууд миний нүүр лүү цохиод эхэлсэн. Тэр үед би тухайн гэрт байсан хүмүүсийг энэ хүнийг надаас салгаач холдуулаач гэхэд хэн ч салгаагүй. Миний утсыг Дэлгэрцэцэг булааж авчихаад өгөхгүй байсан. Би утсаа салгаж аваад өөрийн ээж Оюунчимэг рүү залгаад намайг ирж аваач би зодуулчихлаа гэж хэлээд удаагүй байж байтал манай ээж Оюунчимэг, аав Буянбат нар ирж намайг авсан. Тэгээд бид тухайн үед сумынхаа цагдаад хэлсэн боловч Дэлгэрцэцэг цагдаа шүүх гээд яах вэ, тохиролцоод шийдье гээд би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот явж биеэ эмчлүүлж ирсэн. Дэлгэрцэцэг, нөхөр Хүрэлбаатарынхаа хамт миний машинаар Улаанбаатар хот яваад Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэг зэрэг газраар үзүүлж явсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн эмч миний хамрыг хугаралтай байна гэсэн. Тэр үед Дэлгэрцэцэг энэ эмч миний дүгнэлтийг буруу гаргалаа чиний хамар яасан гэж хугардаг юм гэх зэргээр над руу дайрч эхэлсэн. эмчид үзүүлж хамрын хугарлаа янзлуулсан. Дэлгэрцэцэг гэгч миний хоёр гарыг дарж байгаад гараа атгаад миний хамар луу нэг удаа маш хүчтэй цохисон. Өөр хэн нэгэн ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Дэлгэрцэцэгт цохиулснаас болж тухайн үед миний хамраас цус гарсан, хамар хавдсан байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хамар хугаралтай гэж гарсан. Би эмчилгээ хийлгэж явсан зардал болон өөрт учирсан хохирлоо бүрэн нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 р хуудас /,
Гэрч Б.Цэрэннадмидын "....2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суварга багт Хүрэлбат гэх айлд пиво уугаад байж байх үед Дэлгэрцэцэг Хоролсүрэнд хандаж чи одоо Баасанжавтай учир зүйгээ олооч ээ хар багаасаа найз нөхөд нэг анги гэж явчхаад яах гээд үл ойлголцоод байдаг юм бэ гэсэн чинь Хоролсүрэн чи намайг Баасанжавтай хэрэлдүүлж зодолдуулмаар байна уу гээд Дэлгэрцэцэгтэй муудалцаж эхэлсэн. Дэлгэрцэцэг тухайн үед Хоролсүрэнгийн гар утсыг булааж авсан утас булаацалдаж хоорондоо ноцолдоод Хоролсүрэн Дэлгэрцэцэгийн гарыг маажсан байсан. Тэгээд Хоролсүрэн утсаа аваад ээж рүүгээ залгаад энд намайг хүмүүс нийлж дээрэлхээд байна гэх зэргээр яриад байсан. Дэлгэрцэцэг Хоролсүрэнгийн гар утсыг булаацалдаж байх үедээ хамар луу нь цохичихсон юм шиг байсан. Хоролсүрэн гэгч гаднаас Хүрэлбат гэх айлд орж ирэхдээ биедээ ил харагдах ямар нэгэн шарх, сорвитой байгаагүй зүгээр байсан. Би сайн анзаараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч С.Оюунчимэгийн "...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хүрэлбат гэх залуугийн гэрт орох үед манай охин Хоролсүрэн зодуулчихсан байсан. Би тэнд байсан хүмүүс рүү хандаад манай охиныг хэн ингээд зодчихов гэхэд Дэлгэрцэцэг гэгч би танай охиныг зодсон, зодсон хүнийг чи яадаг юм бэ гээд зогсож байсан. Би нөхрийнхөө хамт сумын эмнэлэг орж охиноо үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явж охиныхоо хамрын зургийг авхуулж эмнэлгээр явсан. Тэр үед манай охины хамар хугарсан цөмөрсөн байна гэж байсан. Намайг тухайн айлд орох үед манай охин Хоролсүрэнгийн хамар тэгширч овойгоод хавдчихсан, нүүр, нүд, гар, хуруу нь битүү цус байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Н.Буянбатын "... манай охин Хоролсүрэн зодуулчихсан байсан. Намайг гэрт ороход Баасанжав гэж манай охины ангид хамт сурч байсан охин шалан дээрх цусыг арчаад байж байсан. Намайг орох үед цохион зодоон нь дууссан байсан. Охин Хоролсүрэнгийн хамар тэгширч овойгоод хавдчихсан, нүүр нүд гар хуруу нь битүү цус болсон байсан. Өөр ямар нэгэн шарх сорви цус нөж болсон хүн хараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,.
Гэрч Б.Хүрэлбатын "...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд гэртээ очих үед манай найзууд болон дүү нар байсан. Тухайн үед манай гэрт Хоролсүрэн Баасанжав нарын маргаанаас үүдэлтэй манай эхнэр Дэлгэрцэцэг болон Хоролсүрэн нарын хооронд цохион зодоон болсон байсан. Өөр зүйл юу болсон талаар сайн мэдэхгүй. Намайг орох үед цохион зодоон нь дууссан байсан. Манай эхнэр Дэлгэрцэцэг, Хоролсүрэн нар л маргалдаж зодоон цохион хийсэн байсан. Тэгээд манай эхнэр Дэлгэрцэцэг Хоролсүрэнгийн хамар луу нь цохисон гээд хамар нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас /
Гэрч Б.Баасангийн: “...Хамгийн эхлээд Хоролсүрэнг хоол идчихээд яв гэж Дэлгэрцэцэг хэлтэл Хоролсүрэн явлаа гээд уурлаад Дэлгэрцэцэгийг түлхээд унагасан чинь Дэлгэрцэцэг босож ирээд зөрүүлээд Хоролсүрэнг түлхсэн. Хоорондоо зодолцсон эсэхийг нь би сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг хх-ийн 33-34-р хуудас /
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000000151 дугаартай: “...1. Б.Хоролсүрэнгийн биед гэмтэл учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамрын ясны зүүн талын зөрүү багатай хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 3. Тухайн учирсан гэмтэл нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Учирсан гэмтэл нь цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Б.Хоролсүрэнгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн дэвртийн хуулбар, үзлэгийн баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар Б.Хоролсүрэнтэй маргалдаж, түүнийг түлхэж, улмаар гараараа хамар тус газар нь нэг удаа цохисон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Н.Дэлгэрцэцэгийн үйлдлийн улмаас Б.Хоролсүрэнгийн биед гэмтэл учирсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч нь хохирогчийн хамар тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулыг хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч Б.Хоролсүрэнгийн хамар тус газар нь гараараа нэг удаа цохисон шүүгдэгч Г.Дэлгэрцэцэгийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Г.Дэлгэрцэцэгийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, биеэ зөв авч явах нийгэм, гэр бүл, төрөл садан, найз нөхдийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Хоролсүрэн түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг буюу эм эмчилгээний болон эмчлүүлэхээр явсан унааны зардал зэрэг нийт 5,930,000 төгрөгийг нэхэмжилж, 49 ширхэг нотлох баримтыг хэрэгт хавсаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаас шаардлага хангасан дараах зардлуудыг шүүгдэгч Г.Дэлгэрцэцэгээс гаргуулж, хохирогч Б.Хоролсүрэнд олгох нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:
Хавтаст хэргийн 81-р хуудасны 2023.03.29-ний өдрийн 140,000 төгрөг, линзний үнэ 50,000 төгрөг, /1,3-р баримт/
Хавтаст хэргийн 82-р хуудас 2023.04.03-ны өдрийн 5,000 төгрөг, /5-р баримт/
Хавтаст хэргийн 83-р хуудас 2023.04.05-ны өдрийн 30,000 төгрөг, 2023.04.08-ны өдрийн 40,000 төгрөг, /8,9-р баримт/
Хавтаст хэргийн 84-р хуудас 2023.04.03-ны өдрийн 350,000 төгрөг, /11-р баримт/
Хавтаст хэргийн 85-р хуудас 2023.04.20-ны өдрийн 30,000 төгрөг, 2023.03.30-ны өдрийн 2,500 төгрөг, /15,16-р баримт/
Хавтаст хэргийн 86-р хуудас 2023.04.20-ны өдрийн 2,300 төгрөг, /18-р баримт/
Хавтаст хэргийн 87-р хуудас 2023.04.03-ны өдрийн 1,000 төгрөг, /24-р баримт/
Хавтас хэргийн 88-р хуудас 2023.04.07-ны өдрийн 80,000 төгрөг, 2023.04.08-ны өдрийн 1,000 төгрөг, /27,29-р баримт/
Хавтаст хэргийн 89-р хуудас 2023.03.30-ны өдрийн 850 төгрөг 2023.04.03-ны өдрийн 5,000 төгрөг, /33,35-р баримт/
Хавтас хэргийн 91-р хуудас 2023.04.01-ний өдрийн 15,000 төгрөг, /42-р баримт/
Хавтас хэргийн 92-р хуудас 2023.03.31-ний өдрийн 500 төгрөг, 2023.04.19-ний өдрийн шатахууны 50,000 төгрөг, 2023.03.28-ны өдрийн 123,000 төгрөгийн /45,47,48-р баримт/ нотлох баримтууд авагдсан байх бөгөөд дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан эд зүйл, хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, хохирогчийн эмчилгээ болон эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авахад зориулагдаж зарцуулсан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй тул дээрх 926,150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Харин хавтаст хэргийн 81-р хуудас 2023.04.08-ны өдрийн 3,150 төгрөг /2-р баримт/
Хавтаст хэргийн 82-р хуудас 2023.04.07-ны өдрийн 55,023 төгрөг, /4-р баримт/
Хавтаст хэргийн 83-р хуудас 2023.03.31-ний өдрийн 19,400 төгрөг, 2023.04.02-ны өдрийн 250 төгрөг, /7,10-р баримт/
Хавтаст хэргийн 84-р хуудас 2023.04.08-ны өдрийн 8,600 төгрөг, 2023.04.06-ны өдрийн 32,500 төгрөг, /12,13-р баримт/
Хавтаст хэргийн 85-р хуудас 2023.04.05-ны өдрийн 3,000 төгрөг, машин масло гэсэн огноо байхгүй баримт 68,000 төгрөг, /14,17-р баримт/
Хавтаст хэргийн 86-р хуудас 2023.04.20-ны өдрийн 40,000 төгрөг, 2023.04.03-ны өдрийн 1,000 төгрөг, 2023.04.20-ны өдрийн 31,250 төгрөг, /19,20,21-р баримт/
Хавтас хэргийн 87-р хуудас 2023.04.08-ны өдрийн 1,000 төгрөг, 2023.04.06-ны өдрийн 85,000 төгрөг, 2023.04.04-ний өдрийн 1,000 төгрөг, 2023.03.29-ний өдрийн 1,000 төгрөг, 2023.03.28-ны өдрийн 1,000 төгрөг, /22,23,25,26-р баримт/
Хавтас хэргийн 88-р хуудас 2023.04.08-ны өдрийн 1000 төгрөг, 2023.04.06-ны өдрийн 6,000 төгрөг, /28,30-р баримт/
Хавтаст хэргийн 89-р хуудас 2023.03.29-ний өдрийн 9,700 төгрөг, 2023.03.29-ний өдрийн 26,100 төгрөг, 2023.04.06-ны өдрийн 80,000 төгрөг, /31,32,34-р баримт/
Хавтаст хэргийн 90-р хуудас 2023.04.02-ны өдрийн 33,587 төгрөг, 2023.04.04-ний өдрийн 3,000 төгрөг, 2023.03.31-ний өдрийн 500 төгрөг, 2023.04.08-ны өдрийн 1,000 төгрөг, /36,37,38,39-р баримт/
Хавтас хэргийн 91-р хуудас 2023.04.08-ны өдрийн 1,000 төгрөг, 2023.04.13-ны өдрийн 30,000 төгрөг, 2023.04.08-ны өдрийн 1,000 төгрөг, 2023.04.03-ны 80,000 төгрөг, /40,41,43,44-р баримт/
Хавтас хэргийн 92-р хуудас 2023.03.29-ний өдрийн 1,000 төгрөг, 2023.03.28-ны өдрийн 4,600 төгрөг, /46,49-р баримт/,
шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2023.05.23-ны өдрийн 15,000 төгрөг, 45,000 төгрөг, 2023.05.14-ний өдрийн 10,000 төгрөгийн нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй, тоо, үг, үсэг, бичвэр нь харагдахгүй, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй хүнсний болон бараа, эд зүйл худалдан авсан зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх тул дээрх баримтуудаар нэхэмжилсэн болон нотлох баримт гаргаж өгөөгүй нэхэмжилсэн нийт 3,683,850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч Б.Хоролсүрэн нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчид үзүүлж эмчилгээ оношилгоонд хамрагдахаар Улаанбаатар хот явсан, мөн 2023 оны 4 сарын 14-21-ний өдрийг дуустал Түдэвтэй сумын ЭМТ-д, 05 дугаар сарын 15-22-ны өдрийг дуустал Асгат сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлсэн хугацаанд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө хийх боломжгүй байсан учраас ажилгүй байсан хугацааны цалин болох 1,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хохирогч нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр биедээ хөнгөн зэргийн гэмтэл авч, 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотруу эмчлүүлэхээр явсан, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Асгат суманд ирсэн, 2023 оны 4 сарын 14-21-ний өдрийг дуустал Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд, 05 дугаар сарын 15-22-ны өдрийг дуустал Асгат сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн хохирогч нь Асгат сумын ХААН банкинд борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилладаг, 2023 оны 01 сард 1,298,546 төгрөгний, 2 сард 1643749 төгрөгний, 3 сард 1,257,111 төгрөгний цалин авсан болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, е-баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан байна.
Хохирогч Б.Хоролсүрэнгийн ажлын 1 өдрийн цалинг тооцохдоо түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сард нийт 3,191,550 төгрөгийн цалин авсанаас тооцоход 1 сард 1,063850 төгрөгийн, 1 өдрийн 53,925 төгрөгийн цалинтай байна.
Ажилтан хэдийгээр ажил хийгээгүй боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл нь Ниймийн даатгалын санд зохих ёсоор төвлөрсөн байх тул тухайн сард олгосон цалингаас нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийг хасаж, дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.
Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сард 1,298,546 төгрөгний цалин авч, 311,651 төгрөгний шимтгэл төлсөн, 2 дугаар сард 1643749 төгрөгний цалин авч, 394,499 төгрөгний шимтгэл төлсөн, 3 дугаар сард 1,257,111 төгрөгний цалин авч, 301,706 төгрөгний шимтгэл төлж, /(1,298,546-311,651)+( 1643749-394,499) +( 1,257,111- 301,706) =3,191,550/ сүүлийн 3 сард нийт 3,191,550 төгрөгийн цалин авсан, үүнийг журамд зааснаар 3 сард хуваан тооцож 1 сард 1,063850 төгрөгийн цалинтай бөгөөд сард ажиллах ажлын хоногийг дунджаар 20 хоногоор тооцож хуваан 1 өдрийн 53,925 төгрөгийн цалинтай байна гэж тооцов. /3,191,550:3 =1,063,850:20=53,192/
Хохирогч нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт ажлын 10 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдаж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан бөгөөд энэ хугацааны цалин болох 531,920 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. /53,192 х10=531920/
Харин хохирогч нь 2023 оны 4 сарын 14-21-ний өдрийг дуустал Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвд, 05 дугаар сарын 15-22-ны өдрийг дуустал Асгат сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн тул эрхэлж байсан ажлаа хийх боломжгүй байсан учраас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд авах байсан цалинг хохирогчоос гаргуулахаар нэхэмжилж байх боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл дээрх хугацаанд хохирогч хэвтэн эмчлүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн эсэх нь тодорхойгүй, мөн хэвтэн эмчлүүлсэн энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс хэдэн төгрөгний цалин олгосон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмжийг авсан эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иймд хохирогч Б.Хоролсүрэн нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт 4,330,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд авах ёстой байсан цалин гэж 1,600,000 төгрөг, нийт 5,930,000 төгрөг нэхэмжилсэнээс:
өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд авах ёстой байсан цалин болох 1,600,000 төгрөгийн нэхэмжлэлээс 531,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 1,068,080 төгргийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
мөн хохирогчийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохирол гэж нэхэмжилсэн 4,330,000 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 926,150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнээс шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь хохирогч Б.Хоролсүрэнд эмчилгээний зардалд төлсөн гэх 280,000 төгрөгийг хасаж тооцон 646,150 төгрөг нийт 1,178,075 төгрөгийг (531,920+646,150=1,1178,075) шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримт ирүүлээгүй болон нотлох баримтын шаардага хангаагүй баримтаар нэхэмжилсэн 6,683,850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан зарим нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн тул хохирогч нь уг шаардлагад хамаарах болон цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “... эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримталж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овгийн Г-ын Д-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэлгэрцэцэгээс хохиролд 1,178,075 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Хоролсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,068,075 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх шаардлага болон цаашид гарах эмчилгээний эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,683,850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч Г.Дэлгэрцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ