Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн,    

            Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ж.Сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунтайжийнхан овгийн Жадамбын Сундуйд холбогдох 2324000000033 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......оны ....... дүгээр сарын .........-нд ..............аймгийн ........ суманд төрсөн, ....... настай, ........, ........ боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-3, эцэг, эхийн хамт ............. аймгийн ......... сумын ............т багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ..............регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овгийн Жын С.

Шүүгдэгч Ж.Сундуй нь 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн Буурал гэх газарт иргэн У.Лхагвасүрэнгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллаж байх хугацаандаа уг адуунаас 5 тооны адууг бусдад бэлэглэх, зарах зэргээр завшсаны улмаас 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Улсын яллагч Б.Сансарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Сундуй нь 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн Буурал гэх газарт иргэн У.Лхагвасүрэнгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллаж байх хугацаандаа уг адуунаас 5 тооны адууг бусдад бэлэглэх, зарах зэргээр завшсаны улмаас 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэж тайлбарлажээ.

Харин шүүгдэгч Ж.Сундуй нь  “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч У.Лхагвасүрэнгийн : “...2022 оны 11 сард Ж.Сундуй нь оторт адуу авч явсан.  Тэгэхэд нь би өөрийн эзэмшлийн 44 тооны адуугаа тууж авчирч өгсөн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 25-ны үед Ж.Сундуйгаас 34 тооны адуу хүлээж авсан. Ж.Сундуй нь над руу залгаад ахаа нөгөө хоёр муудаад байсан 2 адуу үхчихлээ гэж хэлсэн. Тэр 2 адууг авч үлдэх гэж байгаад больчихсон байсан юм. 1 адууг чинь чоно идсэн, бас 1 адуу нь үхчихсэн гэсэн. Тэгээд нийт 10 адуу үхсэн гэж хэлсэн. Үүнээс 8 адуу яаж үхсэнийг би мэдэхгүй. Тэгээд би үхчихсэн юм байж гэж бодож байтал Нөмрөг сумаас Ж.Сундуй гэдэг залуу хүнд даага бэлэглэсэн, Нөмрөг сумын иргэн Ш.Балжинням гэдэг залууд Ж.Сундуй нь 3 адуу зарсан байна гэж сураг гаргасан...,  ... Би бор азаргатай адуунд очиж үзэхэд миний 3 гүү зүс тамга нь яг мөн байсан. Тэгээд би зургийг нь авчихаад явсан. Тэр оройдоо Нөмрөг сумын төв ороод Сундуй руу залгаад чиний үхчихсэн гээд байсан 3 гүү энд айлын адуунд байна шүү, өөрөө авчирч өгөөрэй гэж хэлчихээд явсан. Ж.Сундуй 2-3 хоногийн дараа 3 гүү, 2 даага 5 адууг надад зүсээр нь авчирч өгсөн. Ш.Балжиннямд зарсан гэх адуунууд 3 тооны хүрэн зүсмийн гүү байсан. 2 нь шүдлэн, 1 нь хязаалан, 1 шүдлэн нь сартай дором тамгатай, 2 нь монгол бичгэн /да/ тамгатай адуу байсан...адуугаа Ж.Сундуйгаас хүлээн авахад 10 тооны адуу байхгүй байсан. Үүнээс 2 тооны адууг үхсэнийг нь би мэдэж байгаа юм. 8 тооны адууг дараа нь үхсэн гэж хэлсэн. 8 адуунаас Ш.Балжиннямд 3 адууг зарсан, М.Лхагважаргалд 2 даага бэлэглэсэн байсан... дутагдуулсан гэх адуунаас 5 тооны адууг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Мөн сумын цагдаагаас 3 адууны сэг зэмийг үзүүлэн тамгыг харуулахад миний өмчлөлөөс дутсан 10 тооны адууны 3 тооны адуу нь мөн байсан. Яагаад мөн гэж хэлж байгаа вэ гэвэл тамга нь таарч байсан. 2 адуу нь 2023 оны 1 сард үхсэнийг надад утсаар Сундуй хэлж байсан учир үхсэнийг нь мэднэ. Сундуйг би анх 8 тооны адууг завшсан гэж үзэж байсан. Одоо бол 5 тооны адуу завсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-21-р тал/,

Гэрч М.Лхагважаргалын: “...2022 оны 11 дүгээр сарын 20-ноор манай хүүхдийн төрсөн өдөр болж байхад Ж.Сундуй манайд орж ирсэн. Тэгээд манай хоёр хүүхдэд бэлэг гээд 1, 1 бод аваарай гэж хэлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 28-ны үеэр Ж.Сундуй нь тураад нилээд муудсан 2 даага хүний машинд ачуулаад явуулсан байсан. Тэгээд манай аав, ээж  хоёр өвөлжингөө тэжээж онд оруулаад хавар адуундаа гаргаад тавьсан...Сартай хүрэн, сартай хүрэн зүсний 1 настай, тамгагүй 2 даага өгсөн...Ж.Сундуй хэлэхдээ өөрийнхөө адуунаас өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө адуунаас өгч байгаа юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23, 25-р тал/,

Гэрч Ш.Балжинямын: “...2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Нөмрөг сумын Дархан-Уул багт адуунд явж байгаад Ж.Сундуйтай таараад явах замдаа 2-3 байдас авна гэж ярьсан чинь Ж.Сундуй та надаас худалдаж аваач гэсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод би хавар авъя гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс Ж.Сундуй надаас мөнгөө цувуулж аваад 3 дугаар сарын 18-ны өдөр 3 адуугаа надад өгөөд 1.650.000 төгрөгийг авсан. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны үед намайг Улаанбаатар хотод байхад У.Лхагвасүрэн гэдэг хүн над руу утсаар яриад Ж.Сундуй гэдэг хүн миний 3 адууг чамд зарсан байна гэж ярьсан. Тэгээд хэлэхээр нь би өө тийм үү тэгвэл та адуугаа аваарай гэж хэлсэн. У.Лхагвасүрэн нь би Сундуйгаар 3 адуугаа авахуулна гэж хэлээд 3 адууг 3 дугаар сарын 30-ны өдөр аваад явсан. Адуу авсны дараа 5-6 хоногийн дараа Ж.Сундуй өөрийнхөө адуунаас авчирлаа гээд 3 адуу авчирч өгсөн...Хүрэн зүсмийн 3 тооны адуу байсан. Монгол бичгээр /да/ гэсэн тамгатай нэг нь цагаан тамгатай байсан. Шүдлэн 2, хязаалан 1 адууг шүдлэн адууг нь нэгийг нь 500.000 төгрөгөөр, хязаалан адууг нь 650.000 төгрөгөөр бодож авсан. Нийт 1.650.000 төгрөгөөр худалдан авсан...2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 5498147220 тоот Б.Ганболд гэсэн данс руу 150.000 төгрөг, 3 сарын 8-ны өдөр 5862175699 тоот Ж.Сундуй гэсэн дансанд 500.000 төгрөг, 3 сарын 12-ны өдөр 90.000 төгрөг 5507075577 тоот Хашбаатар гэсэн дансанд, 3 сарын 12-ны өдөр 5862175699 тоот Ж.Сундуй гэсэн дансанд 410.000 төгрөг, 3 сарын 18-ны өдөр 5862175699 тоот Ж.Сундуй гэсэн дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 1.650.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-29-р тал/,

Гэрч Д.Дайрийжавын: “...2022 оны 11 дүгээр сард байсан байх би хоног хугацааг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр У.Лхагвасүрэн өөрийн эзэмшлийн 44 тооны адуугаа өөрийн авга дүү Ж.Сундуйд хүлээлгэн өгсөн гэж надад хэлж байсан. Сургуулийн хүүхдүүдийн хичээл орчихсон байсан болохоор манайх сумын төв ороод ирчихсэн байсан бөгөөд би нөхрийгөө Ж.Сундуйд адуугаа хүлээлгэн өгөх үед нь байгаагүй. 2023 оны хавар 3 дугаар сарын сүүлээр манай нөхөр рүү Ж.Сундуй адууг гол руу оруулж ирэх гэж байна гэж яриад манай нөхөр адуугаа хүлээж авсан. Харин адуугаа хүлээж авсаны дараа Ж.Сундуйд хүлээлгэж өгсөн адуунаас 10 тооны адуу дутсан байна гэж байсан. Тэгээд би яагаад 10 адуу дутчихдаг юм бэ гэж асуухад үхсэн гэж хэлсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/,

Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай: “...Нийт 8 тооны адууны зах зээлийн үнийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар долоон сая төгрөг гэж тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ж.Сундуйгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,   хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч Ж.Цангилаг, Г.Болдбаатар нарын мэдүүлэг, Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 043 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний мэдээлэл, лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, цэргийн батлахын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Хэргийн нотлогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ялыг  хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж,  шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.      

Шүүгдэгч Ж.Сундуй нь 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн Буурал гэх газарт иргэн У.Лхагвасүрэнгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллаж байх хугацаандаа У.Лхагвасүрэнгээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр уг адуунаас 5 тооны адууг бусдад бэлэглэх, зарах зэргээр бусдын өмчлөх эрхэд халдаж, завшсаны улмаас хохирогчид 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Сундуйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч У.Лхагвасүрэнгийн “Надад нэхэмжлэх зүйл байхгүй. 5 тооны адуу үхсэн, 5 тооны адууг би хүлээн авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээг шүүгдэгч Ж.Сандуй сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, энэ нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн бөгөөд ялын санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Ж.Сундуйд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Ж-ын сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С 2,700 /хоёр мянга долоо/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сундуйд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сундуй нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ж.Сундуй нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Сундуйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ