| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 232400260030 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .......-нд ........... аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, э......., боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ........ аймгийн .............. сумын ............. багт оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ч овгийн Р-ийн Б.
Шүүгдэгч Р.Б нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэр Хөгжлийн 10-1009 тоот хашаанд байрлах хамтран амьдрагч Б.П-ын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.П-ын биед халдаж тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний 2-р зэргийн сулрал, зүүн доод 4, 5 дугаар шүдний 1-р зэргийн сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Улсын яллагч Б.Чулуунхүү шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэр Хөгжлийн 10-1009 тоот хашаанд байрлах хамтран амьдрагч ******* гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар ******* биед халдаж тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний 2-р зэргийн сулрал, зүүн доод 4, 5 дугаар шүдний 1-р зэргийн сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, ял шийтгэл оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэж тус тус тайлбарлажээ.
Харин шүүгдэгч ******* нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ******* “...2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би ажлаасаа буугаад Тосонцэнгэл сум ДУБ-н нутаг Хөгжлийн 10-1009 тоот хашаанд байх гэртээ ирээд галаа түлэх гээд байж байтал манай хамтран амьдрагч ******* гаднаас архи уусан байдалтай ганцаараа орж ирсэн. Гэрт орж ирээд намайг гал түлэх гэж байтал түлхэж унагаагаад мөнгө төгрөг нэхээд байсан. Би бодохдоо архи уух гэж байна гэж бодоод мөнгө өгөхгүй байсан. Тэгтэл намайг цохиод эхэлсэн. Миний нуруу хэсэг рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би гар гээд хөөсөн, гарахгүй болохоор нь би орилсон. Тэгтэл миний ам руу гараа хийж байгаад татаад байсан. Дараа нь миний толгойгоор гэрийн баруун доод хэсэгт байдаг хувцасны модон шүүгээг мөргүүлсэн. Тэгээд би орилоод байж байтал манай хажуу айлын хүн болох дулам орж ирсэн. Тэгэхээр нь би ******* цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд цагдаа дуудуулсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд манай хамтран амьдрагч ******* аваад явсан. Миний толгой өвдөөд байхаар нь би эмнэлэг орж үзүүлээд толгойн зураг авахуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/
Гэрч ******* “...2023 оны 03 дугаар сарын 26, 27 ны орчим байх би сайн санахгүй байна, амралтын өдөр ******* 4 дүгээр ангийн охин манайд хоносон. Маргааш өглөө нь эрт 8 цаг өнгөрч байхад Батбаатар ирээд хаалга нүдэж байгаад “******* ээж нь аваад ир гэнэ” гээд аваад явсан. Тэгээд удалгүй нэг цаг орчмын дараа ******* охин нь манай гэр рүү орж ирээд “Батбаатар ах ээжийг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ******* гэрт ортол Батбаатар гэрийнх нь баруун талын орон дээр дарчихсан цохиод байсан, харин Пүрэвдулам нь хүн байна уу туслаарай, намайг аллаа гээд орилж байсан. Би ороод Батбаатар гэх залууг болиоч гэсэн чинь болиод босож ирээд “би энийг зодоогүй гэж хэлээд цохиод” байсан. Тэгэхээр нь би гарч яваад гэртээ ороод утсаа аваад цагдаад дуудлага өгчихөөд дахин Пүрэвдуламын гэрт ортол Пүрэвдулам гэрээсээ гарах гэтэл Батбаатар гэх хүн нь гаргахгүй байсан. Тэгээд Пүрэвдулам гэрийнхээ баруун талын доод хэсэгт байдаг хувцасны модон шүүгээний хажууд зогсож байхад Батбаатар толгой хэсэг рүү нь цохиод, Пүрэвдулам ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, хүн алчихлаа шүү дээ гэхэд Батбаатар “наадах чинь угаасаа тэгдэг юм аа, зүгээр зүгээр гээд зогсоод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн, тэгээд би түргэн рүү залгаад дуудсан. Цагдаа нар ирэхээр нь би гараад гэртээ орсон, намайг гэртээ орох гээд гарахад Пүрэвдулам ухаан алдсан хэвээрээ байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Бага насны гэрч П.ийн “...Тэр өдөр амралтын өдөр байсан би хажуу айлдаа унтаж байтал хашааны хаалга хүн цохиод байсан тэгээд хөрш айлын эгч гараад хаалга онгойлгоход Батбаатар ах байсан. Тэгээд гэрт нь орж ирээд “ээж чинь дуудаж байна” гэж хэлээд би хувцсаа өмсөөд Батбаатар ахын хамт ээжийн ажил руу алхаад явсан. Тэгээд ээжийн ажил дээр очтол ээж ажлаа хүлээлгэж өгөөд гарах гэж байсан. Ээж ажлаасаа гараад Батбаатар ах ээж бид 3 хамт манай гэр рүү явсан. Бид нар гэртээ очоод ээж гэртээ гал түлэх гэхэд Батбаатар ах ээжтэй хэрэлдээд гал түлүүлэхгүй байна. Ээж хөрш айлын эгчийг дуудах гэхэд цамц хувцаснаас нь зуураад дуудуулахгүй байсан. Тэгээд ээж намайг хажуу айлын эгчийгээ дууд гэж хэлээд би гэрээс гараад хажуу айлдаа ороод эгчид “ээж таныг дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд би хажуу айлын эгчийг дуудаад гэртээ орсон. Хажуу айлын эгч бид 2-г манай гэрт ороод байж байтал Батбаатар ах манай ээжтэй хэрэлдээд байсан. Тэгж байгаад Батбаатар ах манай ээжийг толгойгоор нь хувцасны шүүгээг мөргүүлсэн, тэгтэл ээж орон дээр хальт суугаад ухаан алдаад шалан дээр унасан. Тэгээд хажуу айлын эгч эмнэлэг болон цагдаа дуудсан.Тэгээд эмнэлэг дээр очиход манай ээжийн толгой нь нэг газар товойсон байсан, ам нь хөх болсон байсан, толгой нь өвдөөд байна гэж хэлсэн, бас ам нь өвдөөд хамаагүй юм идэж чадахгүй байсан. Батбаатар ах ээжийг хувцасны шүүгээ мөргүүлсэнээс өөрөөр цохиж зодсон эсэхийг би сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 000000134 дугаартай: “... 1. ******* биед гэмтэл учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний 2-р зэргийн сулрал, зүүн доод 4,5-р шүдний 1-р зэргийн сулрал, зүүн жавьжны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 4. Учирсан гэмтлүүд нь цаашид чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. ******* биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000000183 дугаартай: “... 1. ******* биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний 2-р зэргийн сулрал, зүүн доод 4,5-р шүдний 1-р зэргийн сулрал, зүүн жавьжны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний 2-р зэргийн сулрал, зүүн доод 4,5 шүдний 1-р зэргийн сулрал гэмтлүүд нь дан дангаараа болон хавсарч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 5. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлтүүд хохирогч ******* эмнэлэгт үзүүлсэн рентген зураг, эмчийн тодорхойлолтууд, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох шүүгдэгчийн иргэний үнэмлэхний мэдээлэл лавлагаа, төрөл садангийн лавлагаа, банкны хуулга, тодорхойлолт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын тодорхойлолтууд, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн бөгөөд хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч *******ын хохирогч ******* биед халдаж тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний 2-р зэргийн сулрал, зүүн доод 4, 5 дугаар шүдний 1-р зэргийн сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* бие эрх чөлөөнд халдаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* “...*******аас хохиролд 20,000 төгрөг, дараа нь 50,000 төгрөгийг өгсөн. Хохирлын тухайд миний бие нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээг шүүгдэгч ******* нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, энэ нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн бөгөөд ялын санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Р-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ