Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01031/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... аймаг, ........ сум, ......... баг, .......... хороолол, .......  тоотод оршин суух, /утас ......... /, ............ регистрийн дугаартай, Т.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ....... аймаг , ........ сум, ...... баг, ......... хороолол, .....  тоотод оршин суух, /утас ...... /, .............. регистрийн дугаартай, С.Г-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 590 000 төгрөг гаргуулах үндсэн,

 

Хариуцагчийн Т.О-тэй 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 36 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч С.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Содболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Г- 36 сая төгрөгийн зээл авах гэсэн юм, миний зээлийн үлдэгдэл 36 сая төгрөг байгаа та миний зээлийг чөлөөлөөд өгөөч гэж гуйгаад миний бие энэ дагуу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 36 сая төгрөгийг сарын 15%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 36 сая төгрөгийг С.Г-ийн Х- банкны данс руу өөрийн данснаас бөөнд нь шилжүүлсэн. Гэтэл С.Г- 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бараа татах гэсэн юм ахиад 12 сая төгрөг зээлээч гэхээр нь 5 сая төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7 сая төгрөгийг нийт 12 сая төгрөгийг С.Г-ийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй байж байгаад, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 35,590,000 төгрөгийг миний А- банкны дансанд хийсэн. Мөн түүнээс хойш 145,000 төгрөг, 150,000 төгрөг, 100,000 төгрөгийг цувуулж надад өгсөн, түүнээс өөр мөнгө өгөөгүй учраас  үлдэгдэл мөнгөө түүнтэй байгуулсан 2 гэрээний дагуу үндсэн зээл хүүгийн хамт гаргуулж авахаар шүүхэд хандсан. Анх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 36 сая төгрөг 15%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн, хугацаа хэтэрвэл 0,5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ахиад 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5 сая төгрөг, дараа өдөр нь 7 сая төгрөг нийт 12 сая төгрөгийг дээрх нөхцөлтэй адил нөхцлөөр зээлдүүлсэн, ингээд зээл төлөгдөхгүй байсаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 35,590,000 төгрөг төлөгдсөн байгаа, эхний 36 сая төгрөгөөс хүү 15%, алданги 0,5% гэж бодож байгаа, одоо үлдэгдэл 33,830,000 төгрөг байгаа, энэ мөнгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бодсон байгаа түүнээс хойш ахин алданги 5,760,000 төгрөг болсныг нэмээд нийт 39,590,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч С.Г- түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Х- банкнаас зээл авах гэж байсан учраас зээлээ чөлөөлүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Т.О- эгчээс 36 сая төгрөг авсан нь үнэн, би Х- банкнаас 60 сая төгрөгийн зээл хүссэн, гэтэл Х- банк 35-40 сая төгрөг гарах боломжтой гэсэн, тэгэхэд Т.О- эгч нэмээд 60 сая төгрөг гаргаад өгөөч тэгвэл тодорхой хэмжээний хувь өгнө гэж эдийн засагчтай нь утсаар ярьж байсан. Хэсэг хугацааны дараа Х- банк шалтгаангүйгээр надад зээл өгөхөөс татгалзсан. Би Т.О- эгчээс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 36 сая төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5 сая төгрөгийг өдрийн зээлээр тооцож авсан. Өдрийн зээлээ сарын 10% гэхээр үндсэн мөнгөтэйгөө сарын 5,500,000 төгрөг үүнийгээ сарын хоногтоо хуваагаад өгдөг байсан, 183,400 төгрөгийг өдөр бүр төлдөг, тэгээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр барааны мөнгө дутаад 7 сая төгрөгийг мөн 10%-ийн хүүтэй авсан, ингэж удаа дараа мөнгө зээлэхдээ хүү алданги тооцно гэж хэлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Миний Голомт банкны виза карт Т.О- эгчид байдаг. Зээл гарахгүй байсан учраас Т.О- эгч миний BOXI 20-97 дугаартай машиныг барьцаалж авч яваад 18 хоног Х-а байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд манай нөхөр уурлаад Цагдаад хандсан, тэгээд машинаа батлионд айлын хашаанаас очиж авсан. Түүний дараа Т.О- эгч сүүлд зээлийн гэрээ гээд 2 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан, тэгээд нэг хувийг нь надад өг гэхэд Цагдаагаасаа ав гээд шүүрээд аваад явсан. Зээлийн гэрээ нэг ч удаа байгуулаагүй, амаар ярьж тохиролцсон. Төрийн банкнаас зээл авсан. Т.О- эгчид 2019.09.27-ны өдөр Төрийн банкнаас 35,590,000 төгрөг, Х- банкаар 2019.07.13-ны өдөр 400,000 төгрөг, 2019.07.30-ны өдөр 1,015,000 төгрөг, 2019.07.07-ны өдөр Голомт банкнаас 800,000 төгрөгөөр 3 удаа буюу 2,400,000 төгрөг яагаад гэвэл миний карт Т.О- эгчид байгаа учраас, мөн тэр өдрөө 600,000 төгрөг, 598,000 төгрөгийг 1 удаа, 2019.07.19-ны өдөр 335,000 төгрөг, 2019.07.20-ны өдөр 80,000 төгрөг, 2019.07.23-ны өдөр 370,000 төгрөг, 2019.07.27-ны өдөр 120,000 төгрөг, 2019.08.02-ны өдөр 145,000 төгрөг Х- банкаар, 2019.08.03-ны өдөр 150,000 төгрөг, 2019.09.12-ны өдөр 100,000 төгрөг, 2019.10.01-ний өдөр 100,000 төгрөг, 2019.08.03-ны өдөр Голомт банкнаас 170,000 төгрөг, 2019.08.07-ний өдөр 40,000 төгрөг, 2019.08.09-ны өдөр 100,000 төгрөг, 2019.08.15-ны өдөр 140,000 төгрөг, 2019.08.16-ны өдөр 46,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг, 140,000 төгрөг, 80,000 төгрөг, 110,000 төгрөг эдгээрийн он сарыг санахгүй байна, мөн 1,470,000 төгрөгийн архи авсан, би цагаан хаалганы дэлгүүрийг ажилуулж байгаад болчихоод бараагаа сүүлд Т.О- эгчийн машинаар авсан юм. Тэгээд Хабитатад байдаг Миний хэрэглээ гэдэг дэлгүүрт архиа аваачиж тавьсан, тэр мөнгийг худалдагчаас нь Т.О- эгч авсан. Эдгээр нь нийлээд нийт 41,508,000 төгрөг болж байгаа, одоо үлдэгдэл 5,508,000 төгрөг л өгнө өөр төлбөр байхгүй гэв.

 

Хариуцагч С.Г- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

36,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, нэхэмжлэлийн үндэслэл түүний шүүхэд гаргаж өгсөн 36 сая төгрөгийн зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр анхнаасаа байгуулаагүй, би удахгүй бизнесийн зээл аваад төлнө гэж тохироод зээлж авсан. Зээл төлөх хугацаанд Т.О- байнга намайг дарамталдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надтай уулзаад машины чинь түлхүүр Х-а байна гэхээр нь машинд байгаа гэтэл нөхөр нь болох А- миний машиныг шууд унаад явсан. Ингээд машиныг маань 18 хоног өгөхгүй, Х-а байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь аргагүй эрхэнд Цагдаагийн газарт өргөдөл өгсөн, тэгээд машинаа авахад Т.О- машин хүлээж авсан гэж гарын үсгээ зур Цагдаагаас энэ бичгийг явуулсан гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, гэтэл энэ нь сүүлдээ зээлийн гэрээ болоод гарч ирсэн. Зээл авсан гэдэг бичиг миний бичиг биш, үүнийг банкны дансны хуулгууд нотлох тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.О- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Яагаад ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Энэ гэрээ 7 дугаар сарын 01-ний өдөр болон 7 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн гэрээ байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч С.Г-т холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 01, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 830 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг 5 760 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 39 590 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь цагдаагийн газар 2 хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн төлбөрт 41 508 000 төлсөн, одоо 2 901 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг гэрээ байгуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр С.Г-т 36 сая төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй боловч 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээл 36 сая, 2 сарын хүү 10 800 000 төгрөг, 30 хоногийн алданги 810 000 төгрөг, нийт 47 610 000 төгрөгт алданги тооцоход 238 050 төгрөг, үүнийг 26 хоногоор тооцоход 6 189 300 төгрөг болно. 47 610 000 + 6 189 300 =53 799 300 төгрөг, 2019.09.27-ны өдөр төлбөрт шилжүүлсэн 35 590 000 төгрөгийг хасахад 53 799 300-35 590 000 =18 209 300 төгрөг гаргуулах,

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 12 сая төгрөгийг дээрх нөхцөлтэйгээр байгуулсан тул үндсэн зээл 12 000 000 + 2 сарын хүү 3 600 000 төгрөг + 30 хоногийн алданги 270 000 төгрөг, нийт 15 870 000 төгрөгт х 55 хоногийн алданги тооцоход 4 364 250 төгрөг, нийт 20 234 250 төгрөг,

Дээрх 2 зээлийн гэрээний нийлбэр 18 209 300 + 20 234 250 = 38 443 550  төгрөг гаргуулах гэж тодорхойлсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт, сунгалт нэр бүхий талуудын гарын үсэг зурсан баримтууд, нэхэмжлэгчийн Х- банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцлүүд нь  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2-д Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасантай нийцэж байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 42.4, 42.10-д тус тус зааснаар нотариатаар гэрчлүүлэх болон хуульд зааснаар бүртгүүлэх хэлцэл биш байх бөгөөд гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдах үндэслэлд хамаарч байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д тус тус заасан гэрээнд хугацаа, хүү, алдангийг тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 36 000 000 төгрөгийг хариуцагч С.Г-ийн эзэмшлийн Х- банкны 5046322190 тоот дансанд, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөн дээрх дансанд 5 000 000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 7 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Т.О-ийн Х- банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч С.Г- нь шүүх хуралдаанд Т.О-ийн Х- банкны дансаар 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 015 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 145 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 35 590 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100 000 төгрөг, Голомт банкны өөрийн эзэмшлийн картыг Т.О-т өгсөн бөгөөд Т.О- нь миний картнаас 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 800 000 төгрөгөөр 3 удаа нийт 2 400 000 төгрөг, мөн өдрөө 600 000 төгрөг, 598 000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 335 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 80 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 370 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 120 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 170 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 40 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 100 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 140 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 46 000 төгрөгийг тус тус уншуулж авсан, мөн бэлнээр 300 000 төгрөг, 140 000 төгрөг, 80 000 төгрөг, 110 000 төгрөг, Э-гаас архины мөнгө 1 470 000 төгрөг нийт 41 508 000 төгрөгийг зээлийн төлбөрт өгсөн тул нийт авсан зээл болох 36 сая+5 сая+7 сая = 48 000 000 төгрөгнөөс хасч 2 901 000 төгрөгийг зөвшөөрнө гэж тайлбар гаргасан болно.

 

Хариуцагч нь дээрх тайлбар, татгалзалтай холбогдуулан А- банкны орлогын мэдүүлэг ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.О-ийн Х- банк дахь эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч С.Г- нь зээлийн төлбөрт А- банкаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 35 590 000 төгрөг, хариуцагч нь шүүх хуралдаанд Х- банкаар Т.О-т мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг бичиж шилжүүлдэг, бусдын өмнөөс шилжүүлэхдээ бусдын нэрийг бичдэг гэж тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлбөрт хүлээн авсан мөнгөн дүнтэй тохирч байх тул дараах төлбөрийг түүнийг төлбөрт шилжүүлсэн гэж үзэж, Х- банкаар 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 015 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 145 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100 000 төгрөг, нийт 37 000 000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч нь Т.О- миний Голомт банкны эзэмшлийн картаас нийт 4 999 000 төгрөгийг, бэлнээр 630 000 төгрөгийг, Э-гаас архины мөнгө 1 470 000 төгрөг авсан гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх 36 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулаагүй, дарамталж, хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан дүр үзүүлсэн хэлцэл тул хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхлэгдсэн этгээд ашиг, хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэжээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээг амаар байгуулсан ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, намайг дарамталж цагдаагийн газар 2 хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж тайлбар гаргаж байгаа боловч дарамталсан болон хүч хэрэглэсэн, хуурч мэхэлсэн талаар нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний 5-д Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилж гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцлага ногдуулах хэлбэр болгож анзыг тусгасан нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул үндсэн үүргээс алданги тооцож гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул үндсэн зээл 36 сая төгрөг, сарын хүү 36 000 000 х 15% = 5 400 000, 5 400 000 х 2сар = 10 800 000 төгрөг, нийт 36 000 000 + 10 800 000 төгрөг = 46 800 000 төгрөг төлөх үндсэн үүрэгтэй,

үүнээс зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1 015 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 145 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төлсөн 150 000 төгрөгийг хасахад /46 800 000 -1 015 000-145000-150000/ 45 490 000 төгрөг болно.

45 490 000 х 0,5 % =227450 төгрөг 1 өдрийн алдангийг зээлийн төлбөр төлсөн 2019.09.27 хүртэл тооцоход 26 хоног 227 450 х 26 хоног =5 913 700 төгрөг,

45 490 000 + 5 913 700 =51 403 700 төгрөгөөс 2019.09.27-ны өдөр төлсөн 35 590 000 төгрөг, 2019.10.01-ний өдөр төлсөн 100 000 төгрөгийг тус тус хасахад 15 713 700 төгрөг төлөх үүрэгтэй,

 

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12 000 000 төгрөг, 2 сарын хүү 3 600 000 төгрөг нийт 15 600 000 төгрөгт х 0,5% =78 000 1 өдрийн алданги, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд алданги тооцоход 78 000 х 86 хоног =6 708 000 төгрөг болно, 15 600 000 +6 708 000 =22 308 000 төгрөг,

дээрх зээлийн төлбөрийг нэмж нийт 38 021 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гэрээ хэлцлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 267 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч С.Г-ээс 38 021 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 421 850 төгрөг гаргуулах, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434 210 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-ээс 348 058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 267 750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА