Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

 Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Амартөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгад овогт Бадамцэрэнгийн Амартөрд холбогдох эрүүгийн 2333000320061 тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ны өдөр Дархан-Уул  аймгийн Шарын гол суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг овоот 0-000 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Авгад овогт Бадамцэрэнгийн Амартөр /РД:Т*******/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Амартөр нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоот хороололд үйл ажиллагаа явуулдаг “Өнө дэлгэр” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Р.Содномыг утсаар ярилаа гэдгээр шалтаглан маргалдаж түүний гарыг нь мушгиж биед нь зүүн шуу ясны хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд  хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.                                               

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт

1. Шүүгдэгч Б.Амартөр нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар баг, Овоот хороололд үйл ажиллагаа явуулдаг “Өнө дэлгэр” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Р.Содномыг “бусадтай утсаар ярилаа” гэх шалтгаанаар хардан, маргалдаж түүний гарыг нь мушгиж биед нь зүүн шуу ясны хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.         

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1. Хохирогч Р.Содномын өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим би 2 хүүхдэдээ ээж нь дэлгүүр ороод ирий гэж гарсан. Тэгээд гэрээс гараад явж байсан чинь манай найз над руу залгахаар нь би утсаар яриад Өнөдэлгэр хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байсан чинь манай нөхөр Амартөр гудамжнаас гараад ирсэн. Тэгээд намайг хэнтэйгээ утсаар яриад байгаа юм  гээд дэлгүүрт араас орж ирээд хэрүүл маргаан хийгээд миний гар утсыг булааж авах гээд надтай зууралдах үед нь би гар утсаа өгөхгүй гэж хэсэг зууралдахад миний гар нэг эвгүй болоод явчихсан. Тэр хооронд манай нөхөр миний утсыг булаагаад аваад явсан. Би дэлгүүрийн эгчийн утсаар цагдаа дуудсан. Манай нөхөр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гэхдээ би гаднаас нь харахад гайгүй л харагдаж байсан. Намайг утсаар ярьж байсныг хараад хэн нэгэнтэй хардсан шинжтэй байсан. Манай нөхөр тухайн үед намайг хэнтэйгээ утсаар яриад байгаа юм гээд миний утсыг булааж авах гээд байхаар нь би утсаа өгөхгүй гэсэн чинь утас барьж байсан зүүн гараас зулгаагаад миний гарыг эвгүй болгочхоод утсыг маань булаагаад аваад явсан гэх мэдүүлэг... гэх мэдүүлэг (хавтас хэргийн 43-р тал), 

2. Яллагдагч Б.Амартөр мөрдөн байцаалтад өгсөн: ...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөө эхнэр Содномыг ажлаасаа буучхаад ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад холбогдохгүй байхаар нь урд айлд орж 4-5 хүнтэй 0.75 литрийн Хараа архи 2 шилийг уучихаад орой 20 цагийн орчим гэртээ орсон. Хашаан дахь монгол гэрлүү шагайхад эхнэр 2 хүүхэдтэй хамт орон дээр хэвтэж байсан.  Би байшиндаа бэлэн гоймон дэвтээж идэх гээд байж байтал эхнэр 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад явж байхаар нь цонхоор харчихаад хүлээж байтал ирэхгүй удаад байхаар нь араас нь дэлгүүр лүү очтол дэлгүүрийн гадаа эрэгтэй хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Араас нь очоод хэнтэй яриад байгаа юм гэсэн чинь юм дугарахгүй дэлгүүр лүү орчихсон. Би араас ороод утсыг нь авах гээд ноцолдож байтал утас нь шалан дээр уначихаар нь утсыг нь аваад дэлгүүрээс гараад гэртээ очиж утсыг нь шалгачихаад ор луу шидчихээд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/

3. Гэрч Ц.Гантулгын өгсөн: ...Намайг дэлгүүртээ байж байхад Содном гаднаас орж ирсэн юм. Орой 22 цаг болж байсан байх. Гэтэл араас нь Амартөр орж ирээд утсаа өг гээд утсыг нь булаацалдаад байсан. Тэгээд Амартөр утсыг нь авахдаа гарыг нь хүчтэй татах шиг болсон. Содном гараа савахдаа манай дэлгүүрийн төмөр хаалганы буланг гараараа цохьчих шиг болсон. Тэгээд тэр хоёр лангууны хажууд Амартөр Содномыг дээрээс нь дараад утсыг нь булааж аваад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/

4.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Одмаагийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний 491 дугаартай “...Р.Содномын биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 16-17-р тал) зэрэг болно.   

   Дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч Б.Амартөрийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар баг, Овоот хороололд үйл ажиллагаа явуулдаг “Өнө дэлгэр” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Р.Содномыг “утсаар ярилаа” гэдгээр шалтаглан маргалдаж түүний гарыг нь мушгиж биед нь зүүн шуу ясны хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Уг хэргийг Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгчид оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцэхгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд тохироогүй эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналыг гаргаж ирүүлсэн нь үндэслэлгүй тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

 Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Даваасүрэн яллах дүгнэлтээ дэмжиж:  шүүгдэгч Б.Амартөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, улсын яллагчтай маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Мөн шүүгдэгч Б.Амартөр нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн  санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Иймд  шүүгдэгч Б.Амартөрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Амартөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Содномын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Содномын Сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан: ...Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн Бадамцэрэнгийн Амартөртэй муудалцсаны улмаас зүүн гартаа гэмтэл авсан. Нөхөр Б.Амартөр надаас уучлалт гүйн бид хоорондоо өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул цаашид түүнд холбогдуулан ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэх хүсэлтээр шүүгдэгч Б.Амартөрийг бусдад төлөх төлбөргүй  гэж дүгнэлээ.   

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт  ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.Амартөрийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч: шүүгдэгч Б.Амартөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг шүүхэд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Амартөрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Амартөрд хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 03 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амартөрд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хохирогч Р.Содном шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Авгад овгийн Бадамцэрэнгийн Амартөрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Амартөрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН