Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

2023       07          18                                        2023/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Цгийн Цд  холбогдох 2235001800127 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 06 дугаар сарын 02-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, зээ, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй М овогт Цгийн Ц /РД:/

Холбогдсон хэргийн товч агуулга:

           Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Амарсанаа”ХХК-ны хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн эзэмшлийн 12 ширхэг чулуун хавтанг “Мицубуши Колт” загварын ........... УВХ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж 372.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Амарсанаа”ХХК-ийн хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр уг компанийн эзэмшлийн 6 ширхэг чулуун хавтанг “Мицубуши Колт” загварын ......... УВХ улсын дугаартай автомашин ашиглаж 259.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Амарсанаа”ХХК-ны хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн эзэмшлийн 12 ширхэг чулуун хавтан, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр уг компанийн эзэмшлийн 6 ширхэг чулуун хавтанг тус тус авсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

Хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Хяналтын камерийн бичлэгт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үзпэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 43 дахь тал),

Хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дэх тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ггын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн камер шүүж үзээд үл таних хүн манай компанийн хашаанаас 120x30 см-ийн хэмжээтэй чулуун хавтангаас нийт 6 ширхэгийг авч байгаа дүрс бичлэг нь бичигдсэн байсан. Харин уг хүнийг олж тогтоосны дараа манай кампани120x15 см хэмжээтэй 10 ширхэг, 120x30 см-ийн хэмжээтэй 6 ширхэг, 200x30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг буюу нийт 18 ширхэг хавтанг буцаан хүлээлгэж өгсөн. Чулуун хавтанг шууд барилгын үйл ажиллагаанд хэрэглэх явцад хорогдол гардаг учир яг хэд алга болсныг тооцоолох боломжгүй учраас хэдэн ширхэг алга болсныг нь мэдэхгүй байгаа бөгөөд ямар ч байсан манай компанид хүлээлгэн өгсөн хавтан нь манай компаний оруулж ирж барилгын үйл ажиллагаанд ашиглаж байсан чулуун хавтан мөн байсан. Манай компаний 18 ширхэг чулуун хавтанг авснаар 682.000 мянган төгрөгийн хохирол учирсан. Ц.Ц нь хавтанг ачиж авч ирж өгсний дараа хэд хэдэн удаа ирсэн бөгөөд ирэхдээ танай компанид ажиллаж байсан Орлого гэх хүн надад чулуун хавтангуудыг өгсөн учраас тухайн хүнтэй уулзмаар байна гэж хэлээд манай ажилчидтай уулзсан боловч тухайн хайсан хүн нь байхгүй байсан. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл тог тасарсан учраас манай компанийн хяналтын камер ажиллахгүй байсан. 2022 оны 8 дугаар сард манай байгууллагаас алдагдсан хавтанг цагдаагийн алба хаагчид олж буцаан хүлээлгэж өгөхөд хамт ирсэн. Мөн дахин манай компани дээр хүн ирснээс бусдаар байгууллагын удирдлагаас уучлалт гуйсан зүйл байхгүй. Алдагдсан хавтанг буцаан хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 56, 58, 60 дахь тал),

Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа 32 айлын орон сууцны барилгын инженерээр ажилладаг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ны өглөө 06 цаг өнгөрч байхад “Амарсанаа”ХХК-ны оффисын манаач Б нь над руу утсаар холбогдож барилгын хашаан дотор том малгайтай хүн яваад байна гэж хэлэхээр нь би өөрийг нь тухайн хүнд мэдэгдэхгүйгээр яваад оч гэж хэлчихээд би 07 цаг арай болоогүй байхад ажил дээр очиход манаач Тулга барилгын хашаан дотор байсан. Харин нөгөө хашаан дотор яваад байсан гэх хүн нь хэн болох болон хаашаа явсан тодорхоогүй байсан. 08 цагийн үед ажил цуглахаар ХАБ-ын инженер Г ирэхээр нь тус барилгын хашаанд байсан оффисын камер шүүж үзэхэд цагаан малгайтай, цэнхэр масктай үл таних эрэгтэй хүн орж ирээд Гантиг хавтан буюу шатны чулуун тавцангаас 6 ширхэгийг аваад явсан байсан. Тухайн хүн нь манай барилгын арын хашааны гадна машинтай ирж зогсоод явган орж ирээд авсан байсан. Уг хашааны хаалга нь онгорхой байсан учраас шууд онгойлгоод орж ирэх боломжтой байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 120x30 см хэмжээтэй 2 сантметрын зузаантай чулуун хавтангаас 6 ширхэг алга болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт баригдаж байгаа барилгын чулуун хавтанг 2022 оны 07 дугаар сарын 25-нд хэмжээ тус бүрээр нь урд хилээр дамжуулан татан авалтхийсэн. 120x15 см хэмжээтэй хүрээ чулуун хавтанг 137 ширхэгийг авч нэг бүрийн үнэ нь 32,500 төгрөгөөр, 120x30 см хэмжээтэй шатны чулуун хавтанг 123 ширхэгийг авч нэг бүрийн үнэ нь 41,500 төгрөгөөр 200x15 см хэмжээтэй шатны гишгүүр чулуун хавтанг 5 ширхэгийг авч нэг бүрийн үнэ нь 54,000 төгрөгөөр тус тус авсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)- үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл юм.

Шүүгдэгч Ц.Ц нь “Амарсанаа” ХХК-ний хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 ширхэг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 6 ширхэг чулуун хавтанг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Амарсанаа” ХХК-ний хашаанаас авсан 18 ширхэг чулуун хавтанг “Мицубуши Колт” загварын ....... УВХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байгаа тул түүнийг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Цыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед дөрвөн зам дээр сүү авах гээд ирэхэд дөрвөн замын таксины зогсоол дээр уг залуу зогсож байгаад гараа өргөөд миний машинд суусны дараа та нөгөө барилга бариулах хүн мөн биздээ гэж хэлээд та барилгын материал авах уу гэхээр нь би чамд ямар барилгын материал байгаа юм бэ гэж асуухад шатны хавтан байна гэсэн тул би хаана байгаа талаар асуухад энд холгүй гэж хэлээд зам заагаад хороолол рууороход барилгын дээврийн хавтаны доор байгаа та машинтайгаа буцаж эргээд ир гэж хэлээд өөрөө буусан. 2 метрийн урттай 2 ширхэг хавтан авч ирэхээр нь би машиндаа тавьсны дараа дахиад жижиг хавтан авч ирээд тавьсан бөгөөд үүний мөнгийг авахгүй танд дараа хэрэг болно гэж хэлээд 10 ширхэгийг өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хавтан өгсөн залуу   таараад дахиад танд барилгын материал хэрэгтэй юу гэхээр нь би чамд юу байна гэж асуухад нөгөөн хавтан хэрэгтэй юу гэж асуухад би өөрөө 4-6 ширхэг хэрэгтэй гэхэд миний машинд суугаад би хороолол руу орж уг компаний хашааны ойролцоо зогсоод би ажилтай яар ч явна танд бэлэн мөнгө байвал өгөөч гэж хэлэхээр нь надад 15000 төгрөг байна нөгөө хавтан чинь хаана байна гэхэд уг компанийн хашаа руу ороод аваарай гэхэд нь би хүний юм өгч байгаа юм биш биздээ би энд ажилладаг гэхээр нь би чи манаач юм уу гэж асуухад манаач биш ажилтан нь гэж хэлээд яарч байна гээд миний өгсөн бэлэн мөнгийг аваад явсан. Би өөрөө 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр уг хүн орж ав гэсэн учраас би өөрөө шийдвэр гаргаж дотогш орж 6 ширхэг хавтанг нэг нэгээр машиндаа зөөж ачсан нь үнэн” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай тохирохгүй байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

Хохирол, хор уршиг:

“Амарсанаа”ХХК нь 120x15 см хэмжээтэй 10 ширхэг, 120x30 см-ийн хэмжээтэй 6 ширхэг, 200x30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг буюу нийт 18 ширхэг чулуун хавтанг хулгайд алдсан байна.

“Увс Финанс Аудит”ХХК-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 285 дугаартай “Увс аймагт 2022 оны 8 дугаар сарын байдлаар 2007 онд үйлдвэрлэгдсэн “Mitsubishi colt” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 120x15см /21600 төгрөг/, 120x30см /43,200 төгрөг/, 200x30см хэмжээтэй 2см /78,000 төгрөг/ зузаан чулуун хавтангийн зах зээлийн үнэ цэнийн баримжааг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82 дахь тал),

“Увс Финанс аудит”ХХК-ны үнэлгээний газрын шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлын тооцоо “120x15 см хэмжээтэй 10 ширхэг /259.200 төгрөг/, 120x30 см-ийн хэмжээтэй 6 ширхэг /216.000 төгрөг/, 200x30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг /156.000 төгрөг/ буюу нийт 18 ширхэг чулуун хавтангийн үнэ:631.200 төгрөг” (хавтаст хэргийн 82 дахь тал)-оор “Амарсанаа”ХХК-д 631.200 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “манай кампани 120x15 см хэмжээтэй 10 ширхэг, 120x30 см-ийн хэмжээтэй 6 ширхэг, 200x30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг буюу нийт 18 ширхэг хавтанг буцаан хүлээлгэж өгсөн. Алдагдсан хавтанг буцаан хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 56, 58, 60 дахь тал)-г үнэлээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. 

2. Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Ц.Нын өгсөн: “2020 онд Улаанбаатар хотод нурууны хагалгаанд орсны дараа эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Эдийн засгийн хувьд гэвэл ээжийн тэтгэвэр тогтмол ордог аав хааяа таксинд явдаг байж байгаад больсон. Мөн 2020 онд групп авдаг байж байгаад хугацаан дуусаад үргэлжлүүлэн авахгүй байгаа. Зан баыйдлын хувьд гэвэл нийтэч харилцаатай ажил хөдөлмөр эрхлэхдээ сайн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал), Гэрч М.Ггийн өгсөн:Зан байдлын хувьд даруу төлөв хөдөлмөрч бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Одоогоор албан ёсны орлого гэвэл миний тэтгэврээр амьдарч байгаа бөгөөд хүүхдүүд бас тусалж дэмждэг. Эрүүл мэндийн хувьд 2020 онд нурууны суулттай гэдэг нь тогтоогдсон. 2022 онд эрт илрүүлэгт ороход ходоодны ургацтай гэж оношлогдсон бөгөөд цаашид ходоодны хагалгаанд орж болзошгүй байгаа. Одоогоор нурууны суултнаасаа болоод суга таягтай явдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Ц.Цд 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Mitsubishi Colt маркийн, ....... УВХ улсын дугаартай, 2.400.000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг ашигласан болох нь тогтоогдсон тул уг авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, битүүмжилсэн тогтоолыг энэ ажиллагаа эхлэх хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Цгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Ц.Цд 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Цын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Mitsubishi Colt маркийн, ....... УВХ улсын дугаартай, 2.400.000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ