| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01101/и |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01101/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...... аймаг, ...... сум, ...... баг, .......... гудамж, ...... тоотод оршин суух, /утас ....... , ....... регистийн дугаартай, ....... овогт Б.Х-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: .......... аймаг, ....... сум, ...... баг, .......... байрны ........ тоотод оршин суух, /утас ......../, ........ регистрийн дугаартай, ....... овогт У.Д- холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х- миний бие У.Д-тай анх 2015 онд танилцаад үерхэж хамтран амьдарч байгаад 2016 оны 8 сарын 3-ны өдөр хүү Д.Х- төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бүх зүйлс хэвийн байсан боловч сүүлийн жилүүдэд зан характер нь мэдрэгдэж ямар ч халамж байхгүй, байнга доромжилж загнадаг болсон. Энэ бүхэн нь сэтгэлзүйн маш их дарамтад байлгадаг болсон. Ингээд би 2019 оны 06 дугаар сараас хойш хүү Д.Х-тэй хамт аавындаа очиж амьдарч байгаа. Тусдаа амьдрах энэ хугацаанд У.Д- нь хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй, санхүүгийн тусламж үзүүлдэггүй байсан. Иймд хүү Д.Х-гийн эцэг У.Д-аас эцэг хүнийх нь үүргийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч У.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие У.Д- нь 2015 онд Б.Х-тай танилцаж, үерхэж байгаад хэсэг хугацааны дараа бие биедээ тохирохгүй юм байна, цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна салъя гэж олон удаа хэлж байсан ч Б.Х- нь би чамд хайртай, чамгүй амьдрахгүй гэж хэлээд явдаггүй байсан. Удалгүй Б.Х- нь би жирэмсэн болсон гэхээр нь хариуцлага хүлээн хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд оюутан байхдаа давхар ажил хөдөлмөр хийж, Б.Х-, хүү хоёрыг юугаар ч дутаахгүй амьдруулж байсан. Гэтэл Б.Х- хамтран амьдарч байх хугацаандаа байнга худлаа ярьж, итгэл эвдэн стресст оруулж, зан аашийг минь эвддэг байсан. Үүнээс үүдэн Б.Х-д итгэх итгэлгүй болсон ч хүү Х-ээ болгоно, бүтээнэ гэсэн сэтгэлээр өдий хүрсэн. 2019 оны 3 сард Б.Х- Солонгос улс руу явж ажил хийе, байраа барьцаалчих гэж ятгасаар байгаад ээжийн нэр дээр байрыг Транскапитал ББСБ-д барьцаанд тавиулж, 15 сая төгрөг авсан. Энэхүү мөнгийг БНСАУ руу ажил хөдөлмөр хийх зорилгоор авсан боловч визний хариу татгалзаж, банкнаас зээлсэн мөнгийг буцааж өгөх болоход Б.Х- нь би хийе эдийн засагч нь над руу залгаад хурдан хий гэж байна гэж хэлээд картаас 8 сая төгрөгийг шунахайн сэдэлтээр АТМ ашиглан авч, юу ч үгүй үрж, дуусгаж юунд үрснээ хэлэхгүй, уучлалт гуйгаагүй. Энэ хэргээс үүдэн хугацаандаа мөнгөө хийгээгүйгээс болж банкны хүү 2 сая төгрөг болж нэмэгдэн нийт 10 000 000 төгрөгийн өрөнд оруулж, 2 өрөө байраа банкинд алдах нөхцөл байдал үүссэн. Одоогоор Б.Х- нь үрсэн мөнгөө өгөхгүй, явдаг газраараа яв гээд мөнгөө нэхэхээр зайл гэж хөөж туугаад намайг болон итгэл хүлээлгэж, батлан дааж гарын үсэг зурсан гэр бүлийг минь хүнд байдалд оруулаад байна. Ийнхүү санхүүгийн асар их дарамтад оруулж, хохироочхоод надаас хуурч авсан мөнгөөрөө үнэтэй өмгөөлөгч хөлслөн хүүхдийн тэтгэмжийн асуудлаар дахин санхүүгийн дарамтад оруулахаар завсар зайгүй дайрч байгаа нь хүнээс гарамгүй увайгүй, хүн чанаргүй үйлдэл гэж бодож байна. Б.Х-ын ар гэр хэцүү амьдралтай, тодорхой хаяггүй, айлын хашаанд монгол гэрт байдаг. Дороо 3 дүүтэй, аав Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн төрсөн эцэг нь биш архинд дуртай уухаараа хүүхдүүдээ айлган дарамталдаг, ээж Ба- нь өвчтэй, хагас группт байдаг юм. Хүү Х-г маань сайн хараагүйгээс болж халуун зууханд гараа түлсэн мөн саяхан уулзахад гарын хуруу нь зовиуртай, хумсны толь нь харлаж хөхөрсөн байсан. Ийм гэр бүлд цаашид хүүхэд маань зөв төлөвшилтэй, аюулгүй орчинд өсөж торних баталгаа байхгүй тул хүү Х-г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Энэхүү асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч У.Д-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, “Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн “хүүхэд эрүүл бойжиж байна” гэсэн өрхийн эмчийн болон оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч У.Д- нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа ... Б.Х-ын ар гэр хэцүү амьдралтай, тодорхой хаяггүй, айлын хашаанд монгол гэрт байдаг. Дороо 3 дүүтэй, аав Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн төрсөн эцэг нь биш архинд дуртай уухаараа хүүхдүүдээ айлган дарамталдаг, ээж Ба- нь өвчтэй, хагас группт байдаг юм. Хүү Х-г маань сайн хараагүйгээс болж халуун зууханд гараа түлсэн мөн саяхан уулзахад гарын хураа нь зовиуртай, хумсны толь нь харлаж хөхөрсөн байсан. Ийм гэр бүлд цаашид хүүхэд маань зөв төлөвшилтэй, аюулгүй орчинд өсөж торних баталгаа байхгүй тул хүү Х-г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэж дурдсан ба хүүхдийн асрамжийн асуудалд маргасан болно.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаж, хүүхэд нь эцэг, эх хоёрын хэнийх нь асрамжид байлгахад хүүхдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус газраас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байна.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтэд Эцэг, эхийн чадамжийг үнэлэх оношилгоогоор эцэг У.Д- нь архины эрсдэлттэй, буруутгах мэдрэмжтэй, аливаад хандах хандлага сул буюу эхэд давуу байдал үүссэн, Эцэг, эхийн хүүхэддээ хандах хандлага тогтоох оношилгоогоор эхэд давуу байдал үүссэн гэсэн дүгнэлт, хариуцагч нь архидан согтуурч бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, торгох ялаар шийтгэгдэж байсан, нэхэмжлэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой болох нь Хонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоол болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн эцэг, эхийн ахуй нөхцөл бололцоо, хүүхдийн ээнэгшин дассан орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх Б.Х-ын асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул Д.Х-д эцэг У.Д-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Б.Х-ын нэхэмжлэлтэй У.Д-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 минутад товлосон бөгөөд хариуцагч У.Д-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Д-ын Х-г эх Б.Х-ын асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг У.Д-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг У.Д-, эх Б.Х- нарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА