Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00738

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Г.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00114 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Сын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шд холбогдох

 

Шгийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарын бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Соос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч З.С, М.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. Со нь Шд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тус байгууллагад Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажил албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус сангийн захирлын 66 тоот тушаал гарч, түүнийг ажил албан тушаалаас чөлөөлж нягтлан бодогчоор томилсон. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Албан тушаал бууруулах тухай тушаалд Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт буюу ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзсэн. Гэтэл ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй  хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа алдаа дутагдал гаргаж ажлын хариуцлага алдаж байгаагүй. Ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан эсэхийг шалгах хяналт, шалгалт хийгдэж байгаагүй атал хөдөлмөрийн гэрээг цуцаллаа.

 

Түүнчлэн тушаалын үндэслэл болж буй Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3.2, 3.3 дах зохицуулалтыг зөрчөөгүй. Иймд Шгийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Шгийн Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. Гэвч Г.Сыг албан тушаал бууруулах хууль зүйн хоёр үндэслэл байсан.

Нэгдүгээрт: Хууль, дүрэм журмаар олгогдоогүй эрх мэдэл эдэлж бэлэн мөнгөний гүйлгээ хийж ажлын хариуцлага алдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон. Иймээс тушаал бууруулан өөр ажил албан тушаалд томилсон. Зөвхөн мөнгө, эд хөрөнгө хариуцсан няравд бэлэн мөнгө хариуцахыг зөвшөөрсөн байдаг. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 3.2 дахь хэсэгт "Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн, эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ, 3.3 дахь хэсэгт "Кассын нярав нь мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө",  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэг "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэх заалтуудыг ноцтой зөрчсөн тул албан тушаалаас бууруулж нягтлан бодогчоор томилон ажиллуулж байгаа. Нярав байсаар байхад хууль дүрэм журмаар олгогдоогүй эрх мэдэл эдэлж няравын үүргийг гүйцэтгэж хэд хэдэн гүйлгээг бэлэн мөнгөөр хийсэн нь баримтаар тогтоогдсон.

Хоёрдугаарт нэхэмжлэгч тухайн ажил, албан тушаалд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийг тушаал бууруулж ажилд томилсон тушаал нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Харин Г.Со нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл хоног хугацаагаа гүйцээх тухай хүсэлтийг гаргасан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр хүсэлтийг бүртгэлд авч, амралтыг олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Шгийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар "Тушаал бууруулан ажилд томилох тухай" тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Сыг Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, Шгаас 4 303 511 /дөрвөн сая гурван зуун гурван мянга таван зуун арван нэгэн/төгрөгийг гаргуулж Г.Сод олгож, Шд Г.Сийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Со улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Шгаас 154 006 /нэг зуун тавин дөрвөн мянга зургаан/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын тэгш байдалд үндэслээгүй, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй. Шүүх нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй тушаал бууруулсан гэж тайлбарласан. Өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаал бууруулсан гэдгээ хариуцагчийн зүгээс тайлбарласан. Нэхэмжлэгчийн  хүсэлтийн дагуу албан тушаалаас нь бууруулсантай холбоотой нотлох баримтуудыг, мөн гаргасан зөрчлүүдэд холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан агуулга хэлбэрийн шаардлагыг нь хангаж шүүхэд гаргасан. Гэтэл шүүх зохих журмын дагуу үнэлэлгүй, нэхэмжлэгчийн талын тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, хэт нэг талыг барьж дүгнэлээ. Хариуцагчийн нотлох баримтууд, ажил хүлээлцэх үеийн холбогдох актаар нэхэмжлэгч Г.Со нь бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар, бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хяналтын шалгалтын тухайд хяналт шалгалт явуулах гэтэл холбогдох тайлбар, бусад бичиг баримтуудыг гаргаж өгөлгүй зугтаасан зэрэг үйл явдал, бодит нөхцөл байдлуудтай холбоотой бичгэн нотлох баримтууд байсаар байтал шүүх харгалзаж үзээгүй. Түүнчлэн хариуцагчийн хангалттай нотлох баримтууд,нэг бүрчлэн нотлох баримтуудад үндэслэсэн тайлбарыг шүүх авч хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Г.Со нь Шд холбогдуулан сангийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус сангийн Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан./ хх 1, 29/

 

Нэхэмжлэгч нь Шгийн Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэж,байнгын ажлын байранд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тус сангийн захирлын 66 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж тушаал бууруулан нягтлан бодогчоор томилсон. / хх 11/

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг өөр ажилд тушаал бууруулан шилжүүлсэн үйлдлийг нэхэмжлэгч нь ажлаас халагдсантай адилтган үзэж ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал хөндлөнгийн санхүүгийн байгууллагын хяналт шалгалт болон дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Хэргийн 32, 33, 36 дугаар талд авагдсан “Сын санхүүгийн дүрэм, журам зөрчиж хийсэн гүйлгээ” гэх баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй. Хэргийн 69-70 дугаар хуудасны баримт нь нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гэх үйл баримттай хамааралгүй, хэргийн 71, 72 дугаар хуудасны зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан гэрэл зураг гэх ойлголтод хамаарахгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тогтоогдоогүйгээс гадна хуулиар зөвшөөрөөгүй сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Учир нь ажилтныг өөр ажилд шилжүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д тус тус зааснаар талууд тохиролцсон, эсхүл ажилтны зөвшөөрөлтэйгөөр хийгдэх ажиллагаа бөгөөд сахилгын шийтгэлийн төрөл биш юм. Ажилтан өөрөө зөвшөөрснөөр ажил, албан тушаалыг өөрчилсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлд зааснаар ажилтан ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил үүргийг  гүйцэтгүүлэхийг, ажиллах нөхцлөөр хангахыг, гэрээгээр тохиролцсон ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг үндэслэлгүйгээр дордуулахгүй байхыг шаардах эрхтэй юм.

 

Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дах заалт гэж хууль зүйн техникийн хувьд хуульд байхгүй заалт баримталснаас гадна хариуцагч нь ажлаас чөлөөлөх тушаалд заагдаагүй, ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх  үндэслэлийг нэмж зааж мэтгэлцжээ. Зүй нь дээрх үндэслэлүүд урьдчилан тогтоогдсон байхыг Хөдөлмөрийн тухай хуульд шаарддаг.

 

Иймд бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч “Ш” нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                       

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                          Ш.ОЮУНХАНД