Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/133

 

Г.Б, Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

хохирогч Ж.Б,

шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/998 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Б, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б, Д.А нарт холбогдох 1905032420902 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Х овгийн Гын Б, 1994 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркчин мэргэжилтэй, БНХАУ-ын Хөх хотын циркт морин үзүүлбэрийн жүжигчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-6 дугаар гудамж, 126 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар, 18 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            2. Б овгийн Дийн А, 1998 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 5 дугаар баг, Түнхэл, Булаг 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 100 айл орчим байрлах байрны подвальд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Г.Б, Д.А нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Бы гар утас, баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн гэмт хэргийг үйлдэх явцдаа Д.А хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн чихний дэлбэнд, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Гын Б, Б овгийн Дийн А нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Дийн Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.А нарыг тус тус 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Ат оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 51 хоног, шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 34 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч Ж.Б нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учир анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 хоногийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 8 дугаар сарын 3-ны шөнө бусдад зодуулж, дээрэмдүүлсэн. Намайг дээрэмдэн, зодсон Г.Б, Д.Адъяабазар нарт хөнгөн ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Эмнэлэгт эмчлүүлэх явцад 1.490.000 төгрөгийн зардал гарсан байхад 400.000 төгрөг өгчихөөд болчихсон мэт ярьж байгааг зүй бус гэж үзэж байна. Г.Б нь өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял шийтгүүлж, ялаа бүрэн эдлээгүй тэнссэн байна. Үүнээс үзэхэд дээрэм хийж, хүн зодчихоод ялаа эдлэхгүй гарч байгаа нь цаашид энэ 2 хүн улам их гэмт хэрэг үйлдэх, бүр хүний аминд ч хүрч болзошгүй гэж үзэж байна. Мөн энэ 2 хэрэгтэнд ял завших үндэслэл өмнө нь ял эдэлж байсан нэгнээс нь харагдаж байна. Миний хувьд энэ 2 хэрэгтэнд оногдуулсан ял маш хөнгөн тул ялыг нь нэмэгдүүлж өгнө үү. Уг ялыг хэвээр үлдээх юм уу, хасвал миний зүгээс бүх шатанд нь гомдол гаргаж явах юм байна гэж ойлгож байна. Түүнчлэн, хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авмаар байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.А нь 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Г.Бтай үгсэн тохироогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөртөө дүгнэлт хийн, өөрийн гэм буруу болон үйлдсэн хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд тууштай, үнэн зөв мэдүүлж байсан болно. Г.Б нь хохирогчоос авсан монетон бөгжийг ломбардад 200.000 төгрөгөөр тавьж, “Lucky” нэртэй ломбарданд 280.000 төгрөгийн хохирлыг дангаараа учруулсан байсныг Д.А 80.000 төгрөгийг нь төлж ломбардыг хохиролгүй болгосон. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаас 350.945 төгрөгийн баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн бөгөөд хохирогч Ж.Бд 400.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Хавтас хэрэгт авагдсан баримтаас 350.945 төгрөгийн баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Д.А нь 400.000 төгрөгийг хохирогч Ж.Бд төлсөн баримтыг гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй ...” гэсэн атлаа миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон бусдад төлөх өр төлбөргүй болохыг огт дурдаагүй нь миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн үзэж байна. Миний үйлчлүүлэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Д.А нь дээрмийн гэмт хэргийг үгсэн тохироогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэгт холбогдсон ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна. Мөн эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019\ШЦТ\998 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ат оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Д.А нь дээрмийн хэрэг болон хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж үзээд хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Б, Д.А нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр иргэн Ж.Бы гар утас,баруун гарын ядам хуруун дахь бөгжийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн гэмт хэргийг үйлдэх явцдаа Д.А хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн чихний дэлбэнд, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Бы “..Би ... хамт явсан хүмүүстэйгээ хамт 2 шил архи уусан юм. Тэгээд тэндээсээ ... гараад “Элбэг” их дэлгүүрийн урд талаас такси барих гээд зогсож байтал гэнэт араас 1 хүн намайг цохисон. ...Би ... согтуу байсан учраас шууд газар унасан. ...Босоод ирэхэд 2 залуу миний нүүр лүү цохиод миний халаасанд байсан ногоон өнгийн 2 сим ордог “Нокиа” загварын гар утас, мөн миний баруун гарын ядам хуруунд байсан монетен бөгжийг аваад зугтаагаад явсан. ...Миний зүүн талын нүдний дотор талын ухархайны яс нь цөмөрсөн, ... мөн 2 нүд хавдсан, хамар гэмтсэн байсан. ...” /хх 8-10/,

иргэний нэхэмжлэгч Б.Төрбатын “...Би “Lucky” ломбардны газрыг хувиараа ажиллуулдаг. ...Нэг залуу орж ирээд монетан бөгж авах уу гээд, ... хоёр цагирагтай эрэгтэй хүний бөгж байхаар нь ... тухайн бөгжийг 150.000 төгрөг өгсөн. ...Бичиг баримтыг нь үзэхэд Ганбаатарын Б гэсэн бичиг баримттай залуу байсан. ...Мөн маргааш нь ... 50.000 төгрөг нэмж авсан. ...” /хх 12-13/,

гэрч Б.Мөнгөнбулганы “...Адьяа гэх залуу ... надад ийм өнгийн утас байгаа гээд ногоон өнгөтэй “Нокиа” загварын 2 сим ордог гар утас өгсөн. ...Би авахгүй гэж хэлсэн ... чинь зүгээрээ ... гээд миний гадуур хувцасны халаасанд хийгээд ... яваад өгсөн. ...” /хх 22-23/,

гэрч М.Батцэцэгийн ”...Би ... өөрийн найз Мөнхбулганы хамтаар ... “+25” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. ...Бид хоёр баар дотор өөрийгөө Адъяа гэх 20-25 орчим насны эрэгтэйтэй танилцсан. ...“Нокиа” загварын, ногоон өнгийн, жижиг хэмжээтэй, товчлууртай, 2 сим ордог ... гар утсыг Мөнхбулган надад өгөхдөө ... бааранд танилцсан Адъяа гэх залуу надад өгсөн шүү гэж хэлж байсан. ...” /хх 21/,

шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн “...Би нөгөө ахыг сандал дээр сууж байхад нь нүүр хэсгийн зүүн талд нь баруун гараараа 2 удаа цохисон. ...Б тэр ахын гар утас, баруун гарын ядам хуруунд байсан бөгжийг сугалж авч байгаа нь харагдсан. ...Бас нөгөө ахаас дээрэмдсэн утсаа өгчих гээд ногоон өнгийн “Нокиа” загварын гар утсыг авсан. ...Оюука гэж танилцсан эмэгтэй утасгүй гэхээр нь би тэр утсыг өгчихсөн. ...Б надад хэлэхдээ “нөгөө бөгж чинь монетон бөгж байсан шүү, тэр бөгжийг 200.000 мянган төгрөгөөр ломбардад тавиад мөнгөөр нь архи уучихсан. ...” гэж хэлсэн. ...” /хх 61-62/,

шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн ”...Би өөрийн найз Атай хамт гандангийн биллъярданд орж архи, пиво ууж байгаад Модны хоёрын “+25” нэртэй баар руу орохоор явсан. Тэгээд хорооллын замын голд байдаг хөшөөний ойролцоо явж байтал тус хөшөөний хажуу талын сандал согтуу эрэгтэй хүн сууж байсан. ...А зам гарч тэр согтуу эрэгтэй дээр очоод ... муудалцаж байгаад тэр эрэгтэйг цохиж зодсон. Би тэр хоёр дээр яваад очиход тэр хоёр хоорондоо заамдалцан зууралдаж байсан. ...Нөгөө согтуу эрэгтэйн гарт бөгж харагдсан. ...Би гарнаас нь тус бөгжийг тайлж аваад халаасандаа хийсэн. ...Би бөгжөө өөрөө ... “Lucky” нэртэй ломбардад 200.000 мянган төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /хх 54-57/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9551 дугаартай “...Ж.Бы биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн чихний дэлбэнд, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 36/ гэх шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 5/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 63-65/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Б, Д.А нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцад Д.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Г.Б, Д.А нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б, Д.А нарт шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Аын “... шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэж шүүгдэгч Д.Ат оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, хохирогч Ж.Бы “...Миний хувьд энэ 2 хэрэгтэнд хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. ...ялыг нь нэмэгдүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Д.Аын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр Эрүүгийн хуульд зохицуулан заажээ.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Мөн хохирогч Ж.Бы гаргаж өгсөн 1.394.745 төгрөгийн хохирлын баримтаас эм, тариа авсан гэх 1.134.800 төгрөгийн баримт нь огноо, гарын үсэг, тамга, тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөн эсэхийг тодорхойлох боломжгүй, нотолж чадахгүй байх тул Ж.Быг нотлох баримтуудаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич гаргаж, иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд хохирлын баримтаас 1.134.800 төгрөгийн хохирлыг хасч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Б, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 998 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Б, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ