| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0248/3 |
| Дугаар | 221/МА2025/0569 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0569
Н.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Б.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Б.Б
Гуравдагч этгээд нарын итгэжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Гуравдагч этгээд Б.М, Г.Д нарын өмгөөлөгч Б.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0248/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх “нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“Нэхэмжлэгчид субъектив эрхгүй этгээдүүд юм. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нар нь газар олгох хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлэж, тухайн газар нь газрын төлөвлөлт, нөөцөд тусгагдаагүй болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, иргэдэд албан ёсоор хариу өгсөн байна. Энэ талаар нийслэлийн Газрын албанаас шүүхэд тайлбар хүргүүлсэн. Газрын тухай хуульд зааснаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажиллагаа нь батлагдсан төлөвлөгөөнд үндэслэх ёстой бөгөөд нэхэмжлэгчдийн хүсэлт нь тухайн үед төлөвлөлт, баримт бичигт тусгагдаагүй, шийдвэрлэх боломжгүй байсныг холбогдох кадастрын мэдээлэл, Газрын албанаас тайлбар хүргүүлсэн байдаг. Иймд тэдгээр иргэдийн хүсэлт шийдвэрлэгдээгүй, цаашлаад захиргааны байгууллага ямар нэг үүрэг хүлээгээгүй нөхцөлд субъектив эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад үндэслэн олгосон болно. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/1214 дүгээр захирамжаар иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн.
Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын зүгээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. Иймд таны өргөдөл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаар албан бичгээр иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нар хариуг хүргүүлсэн байна. Мөн газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж байгаагүй болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын давхцалын асуудал нь нэхэмжлэгчдийн шаардлагыг үгүйсгэнэ.
Газрын кадастрын мэдээллийн сангийн лавлагаагаар нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан байршил нь гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн нэгж талбаруудтай Газрын кадастрын мэдээллийн сангийн лавлагаагаар нэхэмжлэгч нарын бүрэн давхцаж байгааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын албан бичгээр нотолсон (1781114005, 1781114006, 1781114007, 1781114014) байдаг. Энэ нь тухайн газарт нэгээс олон хүнд зэрэг олгох боломжгүй бөгөөд анх ирсэн өргөдлийн дараалал бус, хууль ёсны зохицуулалт, төлөвлөлт, хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын шийдвэрээр олгосон байна.
Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус биш. Нэхэмжлэгчид өөрсдийн газар хүссэн өргөдлийг шийдээгүй гэж гомдол гаргасан. Тэдний үзэж байгаагаар, Нийслэлийн газрын алба газар өгөөгүй нь хууль зөрчсөн “эс үйлдэхүй”, өөрөөр хэлбэл хийх ёстой үйлдлээ хийгээгүй гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37.3 “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэсний дагуу Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тухай иргэдэд холбогдох хариуг өгсөн байдаг.
Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ... Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тэдгээрийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, гуравдагч этгээдэд эрх олгосон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсанаар нэхэмжлэгч нарт чиглээгүй бөгөөд тухайн актын улмаас тэдгээрийн субьектив эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Субьектив эрх гэдэг нь тодорхой этгээдийн бодит эрх буюу хуулиар зөвхөн түүнд олгогдсон тодорхой үйлдэл хийх болон тодорхой үйлдэл хийхийг бусдаас шаардах эрх, зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд хандах боломж гэж үздэг.
Гуравдагч этгээд нарын хувьд зохих хууль, журмын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтийг хуульд заасан хэлбэр, шаардлагад нийцүүлэн зохих захиргааны байгууллагад гаргасан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1214 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн.
Хууль зөрчсөн захиргааны акт хандсан этгээдийнхээ хувьд эерэг нөлөөлөлтэй бол түүнийг хүчингүй болгох нь зарчмын хувьд байж болохгүй. Учир нь эрх зүйт төрд иргэн захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилладаг гэдэгт итгэлтэй байх эрхтэй. Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгож буй үйл ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж тухайн газраа эзэмшиж байгаа гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан, гэвч тухайн газарт 2022 оны 9 дүгээр сард гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч энэхүү нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэх хариуцагч байгууллагын шийдвэр хэзээ гарсан, тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгч нар хэзээ мэдсэн, мэдэх боломжтой байсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Учир нь нэхэмжлэгч иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх боломжтой болсноос хойш шүүхэд мэдүүлэх хугацаа тоологдоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган гэж заасан. Нэхэмжлэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт 2023 оны 6 дугаар сард бидний газар эзэмших хүсэлт өгсөн газарт байшин барих гээд байсан учир газрын албанд хэд хэдэн удаа хандсан боловч хариу өгөөгүй тиймээс Egazar.gov.mn сайтаас ямар шийдвэрээр хэнд олгосон гэдгийг олж мэдсэн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны эрх ашиг сонирхол хэдийд хөндөгдсөн талаар мэдэх боломжтой байсан хугацаа нь 2023 оны 6 дугаар сар болж байгаа юм.
Тиймээс нэхэмжлэгч нар нь 2023 оны 06 дугаар сард тэдгээрийн хүсэлт гаргасан газар хэн нэгэнд олгогдсон талаар мэдэх боломжтой байсан бөгөөд тухайн хугацаанаас хойш 30 хоногт шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нэхэмжлэгч нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Богд уулын Жаргалантын аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хожим 2023 онд “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн байх боловч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яг тэр байршилд тухайн газрыг яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан гуравдагч этгээд 4 иргэнд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хуулиар хориглосон газарт газар эзэмших эрх олгосон нь хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байхаас гадна нэхэмжлэгч иргэдийн “газар эзэмших ашиг сонирхол”-ыг зөрчсөн хууль бус шийдвэрийг гаргасан байна... Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан” гэж үзэхгүй. Хэдийгээр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх хариуг нэхэмжлэгч иргэдэд мэдэгдсэн нь нотлогдохгүй боловч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй...” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2.3. Учир нь гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... анхан шатны шүүх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 66 дугаар тогтоол, мөн хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 33 дугаар тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 94 дүгээр тогтоолуудыг нотлох баримтаар цуглуулаагүй, эдгээр тогтоолуудаар маргаан бүхий газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулж баталсан...” талаар тайлбарласан.
2.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байршилд буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр нийслэлийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орсон байсан эсэх талаарх баримтыг зайлшгүй цуглуулах шаардлагатай байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авах нь хариуцагчийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй тул нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй эсэх, түүнчлэн гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг тодруулахад ач холбогдолтой байна.
2.5. Гэтэл анхан шатны шүүхээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орсон эсэхийг бүрэн гүйцэд тодруулахгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байхаас гадна анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл боллоо.
2.6. Нөгөөтээгүүр, өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 699 дүгээр магадлалаар “...нэхэмжлэгч нарын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийн хариуг хэрхэн мэдэгдсэн, хүргүүлсэн эсэх талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэл дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Хэдийгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нараас анх гаргасан газар эзэмших хүсэлтийн хариуг хэзээ, хэрхэн мэдэгдсэн талаар тодруулахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон үүрэн телефоны оператор компаниуд руу албан бичиг явуулсан байх боловч төдийлөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулж чадалгүйгээр “... нэхэмжлэгч иргэдэд мэдэгдсэн нь нотлогдохгүй боловч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.
2.7. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нарт өргөдлийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу очсон эсэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ERP.ulaanbaatar.mn системд үзлэг хийх байдлаар тогтоох бүрэн боломжтой байсан” гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд анхан шатны шүүхийг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх ERP.ulaanbaatar.mn системд үзлэг хийх, эсхүл тус сайтад нэхэмжлэгч нарын өргөдөлд хариу өгсөн талаар ямар байдлаар тэмдэглэгдсэн талаарх лавлагааг гаргуулан авах байдлаар энэхүү нөхцөл байдлыг тогтоох боломжтой. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.
Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орсон эсэхийг тодруулаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН