Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 42

 

  


                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0068/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 201709000039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, 1975 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан Номин худалдааны төвийн 4 замын уулзвар дээр ***улсын дугаартай Т.Камри маркийн авто машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ***ын жолоодож явсан ***улсын дугаартай тоёото алпард маркийн авто машиныг  мөргөж зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг  санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өглөө машин хэрэгтэй болсон учраас найз ***ын машиныг гуйж ажлаа амжуулаад явж байхад 15 цагийн үед *** “ажил чинь амжсан уу?, Хараа буудалд хүрээд ирээч” гэж дуудсан. Хоёр найзыгаа очиж авчихаад батальон явах гээд Номингийн уузвар дээр дөхөж очиход гэрлэн  дохио анивчаад урд машин хөдөлж байсан. Би

хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой юм байна гэж бодоод дөхөж очиход урдуур нь өөр машин орж ирэхэд уг машин зогссон. Тоормосоо дарахад замын гадаргуу мөстсөн байсан учраас манай машин очоод мөргөсөн. Буугаад жолоочтой нь уулзахад нэг залуу байсан. “Ах нь төлбөр мөнгийг нь өгье, эндээ шийдье” гэхэд тэр залуу “би даатгал, цагдаа дуудсан, цагдаагаар асуудлаа шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн. Тухайн үед машины эзэн хамт явж байсан бөгөөд уг машин албаны машин байсан болохоор “цагдаа ирвэл журмын хашаанд орох гээд байна, найз нь маргааш ажилтай” гэж хэлэхээр нь би найзыгаа ажилгүй болгох вий гэсэндээ машинаа аваачиж тавьчихаад эргэж ирээд болох юм байна гэж бодоод 15 минут зогсож байгаад батальон явсан. 
…Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хууль мэдэхгүйгээсээ болж ийм байдалд хүрсэн, хорихоос өөр төлийн ял оногдуулж өгнө үү. Өөрийнхөө бурууг ухамсарлаж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын бүдүүвч зураг, ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 3-9/, 
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 12-14/, 
-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 15 цаг өнгөрч байхад эхнэр ***ын хамт  ***улсын дугаартай Тоёота Алпард маркын автомашинтай  Эрдэнэт хотоос Дарханд ирээд хоол идэх гээд “Гарден” гэдэг ресторанд орох гэсэн хаалттай байсан учраас тэндээс хөдлөөд  “Дархан Номин” худалдааны төвийн уулзварын гэрлэн дохион дээр улаан гэрэл асаад зогсож байгаад ногоон гэрэл асаад чигээрээ явж байгаа машиныг өнгөрүүлэх гээд хөдлөх гээд зогсож байтал араас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад хартал цагаан өнгийн ***улсын дугаартай Тоёота Камри маркын машин байсан. Тэр машинаас жолооч гээд өндөр нуруутай, сахалтай, 30 гаран насны залуу, жолоочийн хажуу талд сууж явсан 2 хүн машинаас бууж ирээд “цагдаа дуудахгүй эндээ зохицоё, хохирол төлбөрийг нь барагдуулаад өгчихье, замын хажуу руу гараад зогсчих” гэсэн. Тэгэхээр нь би хөдлөөд замын хажуу руу зогстол нөгөө машин яваад өгвөл болохгүй байх гэж бодоод бас даатгалаа дуудчихъя гээд би утсаараа цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дуудчихаад даатгалаа дуудах гээд машиныхаа урд хайрцагнаас даатгалын бичиг баримт авах гээд машин руу явтал миний машиныг мөргөсөн цагаан өнгийн Тоёото камри маркийн машины жолооч нь машинаа асаагаад хөдөлсөн. Тэгэхээр нь би машиных нь урдуур орж хаагаад зогс гэтэл чигээрээ хаазаа нэмээд яваад уулзвар нэвтрээд “Дархан Номин” дэлгүүрийн тийшээ яваад өгсөн. Би буцаж машиндаа суугаад цагдаа нар ирэхийг хүлээсэн. Удалгүй цагдаа нар хэмжилтээ хийсэн, даатгал ч бас ирсэн. Дараа нь цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. 
…миний машины арын гупер хагарсан. Шинэ гупер 350000 төгрөг, тогтоогч төмөр нь 80000 төгрөг, будаг засварын зардал 120000 төгрөг нийтдээ 550000 төгрөгний хохирол учирсан. Бас энд буудалд буусан бензин тосны мөнгө гээд нийтдээ би хохирлын мөнгө 674000 төгрөг авсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Миний болон манай эхнэр ***ын биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. гэмтэж бэртэхээр хүчтэй бол мөргөөгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/, 

-Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “....Манай “***” ХХК-ны эзэмшилд ***Улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Камри маркын автомашин байдаг. Энэ машиныг би  эзэмшиж унадаг боловч манай нөхөр *** хаяа бас унадаг.
...манай компаниас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хугарсан байгаа 1 ширхэг сэткийг нь  авч хийгээд янзалчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, 
    
-Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “....Энэ машин нь манай Нэт Капитал банк бус байгууллагын эзэмшилд байдаг нь үнэн. Иргэн ***ын *** нь манай байгууллагатай 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7 сая төгрөгний зээлийн барьцаанд ***улсын дугаартай Тоёато Алпард машиныг тавьсан байна. Ингээд энэ машин нь манай байгууллагад барьцаанд байгаа учраас бичиг баримтанд нь манай байгууллагын нэр дээр байгаа юм. Зээлийн гэрэээнээс харахад *** нь 7 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээл сар бүр 723644 төгрөг төлөх ёстой одоо бол төлбөрөө хэвийн төлөөд явж байгаа. Манай байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбогдолтой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 25/, 

-Гэрч Г.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Дархан Номин” худалдааны төвийн 4 замын уулзвар дээр улаан гэрлэн дохион дээр зүүн гар тийшээ эргэх гээд зогсож байтал ногоон гэрэл асаад чигээрээ явж байгаа машиныг өнгөрөөгөөд явах гэтэл араас цагаан өнгийн машин ирээд мөргөчихсөн. Тэгэхээр нь манай нөхөр *** машинаас буугаад харсан чинь цагаан өнгийн тоёота камери маркын ***улсын дугаартай машин байсан. Тэгээд нөхөр утсаараа цагдаа дуудчихаад даатгалаа дуудах гээд машинаас ирээд даатгалын бичгээ авах хооронд нөгөө ар талд байсан мөргөсөн машин хөдлөөд хажуугаар гараад явсан
…манай нөхрийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэр машинаас чирэгдэж байгаад ирэхэд гарын хуруунаас нь бага зэргийн цус гарсан байсан. Өнөөдөр өглөө босоход чирэгдсэн гар нь бага зэрэг хөндүүртэй байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/, 

-Гэрч Э.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед найз Үүрдмөнх ирээд машин хэрэг болоод байна гээд манай машиныг гуйгаад аваад явсан. Тэгээд өдөр нь 12 цагийн үед би найз ***тэй уулзаад “Хараа” зочид буудалд хоол идэж, 500 гр “Титэм” нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед би ***тэй утсаар яриад “ажил чинь амжиж байна уу, *** бид 2 батальон ормоор байна” гээд дуудсан. Тэгсэн удалгүй *** машин унаад “Хараа” зочид буудалд ирээд *** бид хоёрыг аваад батальон руу манай аавынх руу явах гээд Хараагийн голын замаар яваад “Дархан Номин” худалдааны төвийн 4 замын уулзварын гэрлэн дохион дээр зогсох гээд *** зөөлхөн очоод тормос гишгэтэл зам халтиргаатай байсан учраас гулгаад урд зогсож байсан Тоёото алпард маркын машиныг мөргөчихсөн. Тэгсэн нөгөө машины жолооч залуу бууж ирэхээр нь бид нар бууж очоод “эндээ учраа олъё, төлбөр мөнгийг нь барагдуулъя” гэсэн чинь тэр залуу “цагдаа дуудна” гэсэн. Тэгэхээр нь би “албаны  байгууллагын машин шүү дээ, одоо хэрэгт ороод журмын хашаанд орвол архи ууж явж байгаад ингэлээ гээд эхнэрээр загнуулаад асуудал болно” гэсэн чинь *** “энэ залуу тохиролцохгүй заавал цагдаа дуудна гээд байна гээд байна шүү дээ” гээд ярилцаж байгаад машинаа асаагаад хөдлөөд чигээрээ батальон руу явчихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 27/, 

-Гэрч Л.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** машиныг нь бариад *** урд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад би арын суудал дээр суугаад Хараа зочид буудлын урдаас батальон руу ***ын аавынд очих гээд явсан. Тэгээд чигээрээ Хараагийн голын замаар яваад “Дархан Номин” худалдааны төвийн 4 замын уулзвар дээр ирэхэд улаан гэрэл асчихсан байсан учраас хурдаа хасаад зөөлхөн яваад урд зогсож байгаа машины араас очоод зогсох гэтэл урд зогсож байгаа машиныг араас нь мөргөчихсөн. Тэгсэн урд машины жолооч нь бууж ирээд *** *** 2 буугаад уулзаад байх шиг байсан. Би мөргөлдсөнийх нь дараа машинаас бууж харчихаад буцаад машиндаа суучихсан. Тэгсэн *** *** 2 машиндаа буцаж суугаад машинаа хөдөлгөөд чигээрээ яваад “Дархан Номин” дэлгүүрийн урдуур гараад чигээрээ батальон руу явчихсан. *** архи уугаагүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, 
 
-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч *** 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан ослын тухай тэмдэглэл үндэслэлтэй байна. Т.Алпарт маркийн ***улсын дугаартай автомашины жолооч *** замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Т.Камри маркийн ***улсын дугаартай авто машины жолооч *** нь замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, В. зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн заалт, мөн дүрмийн 8.11-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамаарахгүй сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно.” гэх зам тээврийн ослын талаар шинжээчийн гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай ослын дүгнэлт /хэргийн 31/, 
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 36-37, 43-44/
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 51-53/,
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 58-60/,
-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 54, 61/, 
-Ял шалгах хуудас /хэргийн 74/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан Номин худалдааны төвийн 4 замын уулзвар дээр ***улсын дугаартай Т.Камри маркийн авто машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ***ын жолоодож явсан ***улсын дугаартай тоёото алпард маркийн авто машиныг  мөргөж зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг  санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын бүдүүвч зураг, ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 2-9/, хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дархан Номин” худалдааны төвийн уулзварын гэрлэн дохион дээр улаан гэрэл асаад зогсож байгаад ногоон гэрэл асаад чигээрээ явж байгаа машиныг өнгөрүүлэх гээд хөдлөх гээд зогсож байтал араас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд цагдаа дуудчихаад даатгалаа дуудах гээд машиныхаа урд хайрцагнаас даатгалын бичиг баримт авах гээд машин руу явтал миний машиныг мөргөсөн цагаан өнгийн Тоёото камри маркийн машины жолооч нь машинаа асаагаад хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/, гэрч Л.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн” ...хурдаа хасаад зөөлхөн яваад урд зогсож байгаа машины араас очоод зогсох гэтэл урд зогсож байгаа машиныг араас нь мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, “*** нь замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн заалт, мөн дүрмийн 8.11-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамаарахгүй сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.” гэх зам тээврийн ослын талаар шинжээчийн гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ослын дүгнэлт /хэргийн 31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…шинэ гупер 350000 төгрөг, тогтоогч төмөр нь 80000 төгрөг, будаг засварын зардал 120000 төгрөг нийтдээ 550000 төгрөгний хохирол учирсан. Бас энд буудалд буусан бензин тосны мөнгө гээд нийтдээ би хохирлын мөнгө 674000 төгрөг авсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/, иргэний нэхэжлэгч ***, *** нарт төлөх төлбөргүй болох нь иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...манай компаниас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хугарсан байгаа 1 ширхэг сэткийг нь  авч хийгээд янзалчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “....манай байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбогдолтой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 25/ зэргээр тус тус нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 77/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч ***ийн эзэмшлийн Samsung galaxy S5 маркийн гар утсыг битүүмжилсэн /хэргийн 12/ мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч *** 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***өд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ийн эзэмшлийн Samsung galaxy S5 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т ***өд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***өд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***өд мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***өд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***өд урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ