Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0141

 

2022           03          01                                   128/ШШ2022/0141

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О даргалж, шүүгч Б., шүүгч Т. нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТСӨХ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,

Гуравдагч этгээд: Б.Б,

Гуравдагч этгээд Б.Б-ийн өмгөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээд Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Гуравдагч этгээд: Т.Д,

Гуравдагч этгээд Т.Д-гийн өмгөөлөгч П. нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Т.Д, түүний өмгөөлөгч Ө. /цахимаар/, П., гуравдагч этгээд Ш.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Т.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ТСӨХ нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан  “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот “Иргэнд газар олгох тухай” захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу ТСӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн  байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Нэхэмжлэгч ТСӨХ нь анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 561 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 4542 м.кв орон сууцны орчны газар ашиглах эрх авсан байна. 

3.  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 700 м.кв газрыг С.Б, Т.Д нарт эзэмшүүлжээ.

4. ТСӨХ дээрх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...ТСӨХ нь 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах 2А хэмээх байрны баруун талд 4542 м.кв газрыг 4/1062 дугаар бүхий гэрээг Нийслэлийн газрын албатай байгуулан газар ашиглах эрхтэйгээр сууц өмчлөгчдөд зориулсан орчны газар /СӨХТХ-н 4.1.6/-т тооцуулан авсан.

Ингэхдээ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх шинэ ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг СӨХ-д олгов гэсэн албан ёсны тайлбартайгаар хавсралт зургийн хамт олгосон. Ингээд бид Газрын тухай хуулийн 6.4-д заасны дагуу авсан газрын ашиглах эрхийн гэрчилгээ гаргахыг хүлээн 5 жил болсон.

 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэсэг хүмүүс газар эзэмших эрх авсан гэлцэн эксковатор авч ирэх үед л манай ашиглах эрхтэй газарт өөр хүн эзэмших эрх авсан болохыг мэдсэн. Үүнээс өмнө бид мэдээгүй байсан.

 Нийслэлийн Газрын алба 2010 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот шийдвэрийг үндэслэн Т.Д гэдэг хүнтэй 4/0191 тоот гэрээг байгуулан ....тоот гэрчилгээ олгон манай газраас 700 м.кв газрыг хууль бусаар бидэнд мэдэгдэлгүй олгосон байна.

Ингээд Т.Д нь оршин суугчид болон тэдний эрх ашиг сонирхлыг хууль ёсоор хамгаалах /СӨХТХ-н 4.1.3/ үүрэгтэй СӨХ-нд хуулиар олгогдсон газар ашиглах эрхийг зөрчин 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2 орцтой 9 давхар байшин барихаар ажлаа эхлүүлэх болсон ТСӨХ-ны гаргасан хүсэлт, гомдлын хариуг холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтнууд өгөхгүй хүнд суртал гаргаж байна.

Газар эзэмшигч нь ТСӨХ-ний хөрөнгөөр барьсан тоглоомын талбай хашаа зэргийг нурааж 20 жил ургасан сагалагар моддыг тайрахаар завдах зэргээр нэг хүний эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьж эрх мэдэл, сүр хүчээр далайлган СӨХ-ны эрх ашгийг хохироож байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот “Иргэнд газар олгох тухай” захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу ТСӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн  байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “2012 оны 7, 8 дугаар сарын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын чанх ард байрлах 6 дугаар хорооллын нутаг дэвсгэр дээр шөнийн цагаар маргаан үүссэн. Үүний шалтгаан нь иргэн Т.Д тухайн газарт 9 давхар барилга барихаар болсонтой холбоотой.

Үүнийг эс зөвшөөрч 2012 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Т.Д С.Бт хамаарах Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/418 дугаар захирамж байгаа болох нь тодорхой болсон. Гэтэл 1 жил 4 сарын дараа Т.Д тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. 2012 онд С.Б нас барснаар түүний өвлөх эрхтэй холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдэх болсон учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. 2006 оны 6 дугаар сараас эхлэн ТСӨХ үйл ажиллагаа явуулж, тус газрыг эзэмших ашиглах эрхтэй болсон. Энэ нь Газрын тухай хуулийн 441 -д нийцсэн. Өмнө нь С.Бт 100 м.кв газрыг гараашийн зориулалтаар эзэмшүүлж байхдаа дүүргийн Засаг даргын захирамжтай байсан. Газрын тухай хууль шинэчлэн найруулагдаж, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Газар зохион байгуулалтын албанд харьяалагдах болсноор Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь тухайн газруудыг сунгахгүй болж, заавал дуудлага худалдаагаар зарагдах болсон. Гэвч тухайн газрыг дуудлага худалдаагаар аваагүй. Нийслэлийн А зэрэглэлийн газрууд заавал дуудлага худалдаагаар орж, нэгж талбарын үнэлгээгээр зарагдах ёстой. Мөн тухайн газар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орж, ямар барилга байгууламж баригдах талаар тусгагдах ёстой байсан юм. Энийг тайлбарлахдаа “...газрын төлбөрт 3 сая төгрөг өгсөн” гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл 3 сая төгрөг өгснөө дуудлага худалдаанд орсон гэж тайлбарлаад байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаас харахад “тендер сонгон шалгаруулалт явагдаагүй. 3 сая төгрөгийг Т.Д өөрөө төлчихсөн байсан” гэсэн байдаг. 418 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байхад С.Бын зөвшөөрөлгүйгээр Т.Д рүү шилжсэн эсэхтэй холбоотой маргаан шалгагдаж байсан боловч С.Б нас барсны дараа хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл С.Бын зөвшөөрөлгүйгээр Т.Дгийн нэр дээр шилжсэн нь хүчингүй болгох үндэслэл мөн юм. 760 дугаар захирамжийг дагаж, олон зөвшөөрөл Т.Дгийн нэр дээр гарсан. Энэ газар нь нийтийн эзэмшлийн газартай давхацсан. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан байгаа шинжээчийн дүгнэлтэд энэ газар нь ТСӨХ-ийн газартай давхцалтай гэсэн байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар давхцалтай дуудлага худалдаагаар ороогүй газрыг бусдад олгохыг хориглосон. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасныг зөрчсөн. Замын боржураас эхлээд шууд иргэн Т.Дгийн газар эхэлж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудаар нотлогдож байгаа юм. 4542 м.кв газрыг байшингийн суурийн хэмжээгээр олгосон гэж хариуцагч тайлбарладаг. Тухайн байрнуудад 400-500 айл амьдардаг. Гэтэл тус байрнуудын подволуудыг оруулаад орчны газар гээд байгаа юм. Бид тэр подволуудыг яаж ашиглах юм. Газар ашиглах гэрээнд зааснаар 400 м.кв газар нь хүүхдийн тоглоомын талбай байх ёстой. Гэвч тэр газраас 700 м.кв газрыг Т.Д авчихсан. Бид 2013 онд хэрэлдэж явсаар байгаад жоохон буланд нь хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Нөгөө газрыг нь 10 жилийн турш ашиглуулахгүй байна. 700 м.кв талбайд барилга барилга барилаа гэхэд 30 хувьд нь ногоон байгууламж хийх ёстой. Гэтэл ийм боломж огт байхгүй. Мөн машин замыг Сөх-ийн ашиглах талбайд оруулаад тооцоод байгаа юм. ТСӨХ-ийн газар нь 4542 м.кв газар гэж яриад байгаа боловч нийтийн эзэмшлийн машины талбай болон подвол болоод байгаа юм. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг цуцлаагүй, хүчингүй болгоогүй, түдгэлзүүлэхгүй байж байгаад бусдад олгочихсон. Иймээс А418, А760 дугаар захирамжийг хүчингүй болгож, 4542 м.кв газрын ашиглах эрхийг сунгахыг даалгаж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 тоот захирамжаар иргэн С.Бнь 380 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашийн зориулалтаар газар эзэмших эрхтэй байсан байна.

Дараа нь Нийслэлийн Газрын албанд иргэн С.Б, Т.Д нар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын захирамж болгуулахаар хүсэлт гарган, холбогдох материалыг бүрдүүлэн өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай С.Б, Т.Д нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 тоот захирамжаар ТСӨХ-д ашиглуулахаар олгосон газрын кадастрын зурагтай иргэн С.Б нарт эзэмшүүлсэн газартай давхцалгүй болно.

Тус ТСӨХ-ны ашиглах газрын схемийг Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас баталсаны дагуу 4542 м.кв газрыг ашиглуулахаар баталгаат хэмжээг тогтоосон болно.

Тухайн газар дээр газар эзэмшигч иргэд нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний газар шорооны ажил хийхээр хүнд даацын эксковатар оруулж ирснээр оршин суугчид газар шорооны ажил эхлүүлэхгүй гэж маргаан үүссэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсоосон” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Т.Д, С.Б нарт Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/418 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг 5 жилийн хугацаатай гараашийн зориулалттай эзэмшүүлсэн. Үүний дараа 2011 оны 257 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар өөрчилж, эзэмших эрх олгосон. Үүний дараа 2011 оны 760 дугаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих тухай захирамж гарсан.

Маргаан бүхий газрыг иргэн Т.Д, С.Б нар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаа авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ болох 3.080.000 төгрөгийг төлснөөр батлагдаж байгаа юм. 2006 оны 561 дүгээр захирамжаар ТСӨХ-д эзэмшүүлэхээр ашигласан газрын кадастр нь иргэн Т.Д, С.Б нарт эзэмшүүлсэн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй харагдаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Гуравдагч этгээд Т.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 2а байрны 47 тоотод 20 гаруй жил гэр бүлийн хүмүүсийн хамт амьдарч байна.

 1992 онд тус байранд манайхыг нүүж ирэхэд 2а байрны баруун тал,  Хөдөлмөрийн дээд сургуулийн зүүн талд хоосон задгай том талбай бүхий газар ашиглалтгүй байсан юм. 1994 оноос эхлэн тус 2а байрны оршин суугч бид тухайн газарт өөрсдийн хувийн эзэмшлийн төмөр гарааш, контейнер зэргийг байрлуулан унаа тэргээ тавьдаг байсан. Улмаар тухайн төмөр гараашууд нь хотын өнгөд тохирохгүй гэж үзэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас гарааш нэртэй арга хэмжээ зохион явуулж 2а байрны гадна талд байсан төмөр гараашуудыг өөр газар нүүлгэн шилжүүлсэн.

Ингээд тус газрын хоосон талбайг ашиглаж нэгдсэн нэг автомашины зогсоол болгох санаа төрж Т.Д би дүү нар болох С.Б, С.Б нартай ярилцсаны үндсэн дээр С.Бнь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй болж энэ эрхээ 0004830 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ , кадастрын зургаар баталгаажуулан авсан юм.

Бид эзэмшиж буй газрынхаа төлбөр болон ашиглалтын зардлыг тухай бүр төлж байсан. Улмаар нийгмийн шаардлагын дагуу бид гурав уг газар дээрээ автогарааш барихаар төлөвлөн Т.Д миний бие С.Бтай хамтран уг газрын эзэмших эрхийг Гарын тухай хуулийн дагуу С.Б-аас шилжүүлэн авсан юм. Ингээд бид хоёр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлэн өгснөөр 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот шийдвэрээр 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх бүхий гэрчилгээ, гэрээ, 18642311285717 тоот нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг Нийслэлийн газрын албанаас авч тухайн газраа автогараашийн зориулалтаар ашиглаж байгаад 2011 онд улсаас агаарын бохирдолтой тэмцэх, ард иргэдээ орон сууцжуулах 4000 айлын хөтөлбөрт хамрагдах үүднээс төсөл сонгон шалгаруулалтад оролцон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот шийдвэрээр 4/0191 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 2А байрны баруун талд 700 м.кв талбайтай уг газраа үйлчилгээтэй орон сууц, конторын зориулалттай 5 жилээр эзэмших эрхтэй болсон юм . 

Үүний дагуу бүтэн 1 жил гаруйн хугацаанд тухайн барилгын зураг төслийг гаргуулах, техникийн нөхцөл зэргийг хөөцөлдөх, барилга барих зөвшөөрлийн гарын үсэг цуглуулах зэрэг ажлуудыг хийж, их хэмжээний хөрөнгө зарцуулан ажиллаж ирлээ.

Харин бид ТСӨХ-ны нэхэмжлэлд дурдагдсан шиг эрх ашгийг хохироогоогүй бөгөөп тэдний нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна.

1. ТСӨХ нэхэмжлэлдээ "2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэсэг хүмүүс газар эзэмших эрх авсан гэлцэн эксковатор авчрахад л манай ашиглах эрхтэй газарт өөр хүн эзэмших эрх авсан болохыг мэдсэн" гэжээ.

Т.Д, С.Б бид ТСӨХ-ны ашиглалтад авахаас өмнө 2004 оноос хойш дүү С.Б-ын эзэмшиж ашиглаж байсан уг газрыг Газрын тухай хуульд нийцүүлэн авч, олон жилийн турш автогараашийн зориулалтаар илээр эзэмшиж, төлбөр, зардлаа төлж ирсэн. Газрын алба нь анх газар олгохдоо болон нийслэлийн захирамж гарган зориулалтыг өөрчлөхдөө ч "Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт нийцүүлэн шийдвэрээ гаргаж бидэнд албан ёсны эзэмших эрхтэйг нотолсон гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг олгосон.

2. ТСӨХ нэхэмжлэлдээ “..."Т” СӨХ-ны хөрөнгөөр барьсан тоглоомын талбай хашаа зэргийг нурааж 20 жил ургасан саглагар модыг тайрахаар завдах зэргээр хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж эрх мэдэл сүр хүчээр далайлгасан" гэжээ.

Сүүлийн үеийн орон сууцны хороололууд дундаа тоглоомын талбайтай байхаар төлөвлөгдөж, хийгддэг болсон. Иймд олон жил засвар шинэчлэл хийгдээгүй тоглоомын талбай болон орчныг нэг талаас тухайн байрны оршин суугч болохынхоо хувьд нөгөө талаас хөрш зэргэлдээ газар эзэмшигч, ашиглагч болохынхоо хувьд өөрийн хөрөнгөөр тохижуулан засаж өгье гэсэн хүсэлтийг ТСӨХ-ны удирдлагатай ярилцсан боловч зөвшөөрөөгүй болно.

Мөн түүнчлэн тэдний ярьж байгаа шиг олон жил ургасан мод тайрах гэсэн зүйл байхгүй байсан гэдгийг хэлэх байна. ТСӨХ-ны дарга н.Б нь манай байрны СӨХ-ны ажлыг авснаас хойш байрны өнөг үзэмж өдрөөс өдөрт доройтож ирсэн, бүх подвалийг өөрийн амин хувийн эрх ашигт нийцүүлэн түрээслүүлж байдгийг манай байрныхан мэднэ. Түрээсийн өчнөөн мөнгөөр орчны газар болон тоглоомын талбайг орчин үеийн стандартад нийцүүлэн засаж тохижуулах боломж байсаар байтал одоог хүртэл юу ч хийгээгүй, мөн түүнчлэн манай байрны хажууд баригдсан Оронж таун нэртэй барилгыг барихад бас дарамталж байгаад 5 000 000 / таван сая / төгрөгийг авч байсныг би болон манай байрныхан мэднэ.

Миний бие Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо 2А байранд он удаан жил амьдарч байгаагийн хувьд мөн уг газрыг олон жил эзэмшиж байгаагийн хувьд тухайн газар хэзээ ч ТСӨХ болон хэн нэгний эзэмшилд байгаагүй гэдгийг тус газрын эзэмших эрхийн гэрчилгээ, явуулж буй уйл ажиллагаагаар нотолж байгаа болно. Харин ТСӨХ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасан "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх" гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаад туйлаас харамсаж байна. Бидний олон жилийн турш шударгаар эзэмшиж ирсэн газрын эзэмших эрхийг бидэнд үлдээж өгнө үү” гэжээ.

10. Гуравдагч этгээд Т.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би өөрөө тэнд амьдардаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай нөгөө талын байранд амьдардаг. Энэ газрыг 2004 онд манай дүү ашиглах зориулалттай авсан. Өөрөө гадаадад ажиллах болсон тул С.Б бид хоёрт Газрын тухай хуулийн дагуу шилжүүлж өгсөн. Тухайн үед 380 м.кв газар байсан. Тэр газарт 2007 оноос хойш гараашийн зориулалттай гэрчилгээ гаргуулж аваад ашиглаж байсан. Тухайн үед орчныг бохирдуулаад байсан нөхцөл байдал байсан учраас барилга барих шаардлагуудыг тавьж байсан. Тэгээд оршин суугчдаас зөвшөөрөл аваад барилга барих зөвшөөрлөө Нийслэлийн Засаг даргаас хүсэж, хүсэлтээ гаргасан. Газрын алба хүсэлтийг хүлээн аваад газрын дуудлага худалдаагаар газрыг авах боломжтой гэсэн хариу өгсөн. Дуудлага худалдааны эхний үнэ болох 3.080.000 төгрөгийг 2009 онд төлөөд, 380 м.кв талбайгаа 700 м.кв болгосон. Учир нь барилгад газрын хэмжээг томруулах шаардлагатай болсон учраас дуудлага худалдаанд орсон. Миний хувьд Сөх-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хичээдэг бөгөөд шугам хоолой солих асуудалд хувийн зүгээс 5 сая төгрөг өгч байсан. Би ард иргэдийн амьдралын сайн сайхны төлөө ажил амьдралынхаа ихэнх хугацааг зориулдаг. Миний хувьд Москва хотод инженер мэргэжлээр сураад ирсэн болохоор улс орондоо бүтээн байгуулалт хийхийг хүсэж явдаг. Би нийтийн сайн сайхны төлөө юм хийх гэснийхээ төлөө 10 жил шүүхээр явж байна.

            ТСӨХ-ны яриад байгаа хүүхдийн тоглоомын талбай нь миний авсан газартай ямар ч хамааралгүй. Тэр газарт ямар ч хүүхдийн тоглоомын талбай, бут сөөг байгаагүй. ТСӨХ-ны хувьд орчны 50 м.кв газрыг цэвэрлэж, иргэдэд үйлчлэх ёстой болохоос газар эзэмшиж, ашиглах эрхийг хуулиар олгоогүй. Геодези зураг зүйн газраас газрын давхцалыг шалгаж үзэхэд ямар нэгэн байдлаар давхцаагүй байна. Мөн ТСӨХ нь тус газрыг баталгаажуулаагүй гэсэн. Өөрсдөө хариуцлагагүй хандсан үйлдлээ шүүхэд даалгах нэхэмжлэл гаргаж, шүүхээр хийлгэх гээд байгааг олгохгүй байна. Миний бие хууль ёсны дагуу тухайн газрыг авсан тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

11. Гуравдагч этгээд Т.Дгийн өмгөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ТСӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь тогтоогдож байгаа юм. 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар ТСӨХ нь орчны газрын эзэмших, ашиглах эрхтэй болсон боловч газар эзэмших ашиглах эрх дуусгавар болоход сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул хүчингүй болсон. Тэгэхээр СӨХ-ийн орчны бусад газар эзэмшигч этгээдүүдтэй газар давхацсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө хүсэлтээ гаргаагүй буюу хүсэлтээ илэрхийлээгүй.

Газар эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар давхацсан байвал газар эзэмших эрх олгодоггүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан байна. Хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр газрын давхцалгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

12. Гуравдагч этгээд Б.Баттөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн хувьд хангагдах ямар ч боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захирамжуудыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ дуудлага худалдаа журмын дагуу явагдаагүй гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт дуудлага худалдааны үнэ төлөгдсөн баримтууд авагдсан байгаа. Мөн С.Бын зөвшөөрөлгүйгээр Т.Дд шилжсэн гэсэн асуудал яригдаж байна. Гуравдагч этгээдүүд нь хоорондоо харилцан тохиролцож шийдэгдсэн. Харилцан тохиролцоогүй байсан ч гэсэн энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд аливаа төрийн байгууллагын хууль бусаар татгалзсан шийдвэр эсхүл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байх ёстой.

Гэтэл ТСӨХ-ийн хувьд шинэчлэн гэрээ байгуулах хүсэлтээ 2019 онд анх удаа гаргасан талаар баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл өөрсдөө хүсэлт гаргаагүй атлаа даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдсөн эсэх асуудалд шүүх дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн гэрээ байгуулахыг даалгаж байгаа газар нь гуравдагч этгээдүүдийн газартай ямар ч давхцалгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгэнт тухайн газар нь ямар нэгэн давхцалгүй байгаа учраас гуравдагч этгээд Т.Дгийн тайлбар үндэслэлтэй байна гэж бодож байна” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан:

1. “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 418 дугаар захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох 

2. “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох”,

3.  “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу ТСӨХ-ны ашиглалтад байх 4542 м.кв газрын гэрээг шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.2. Нэхэмжлэгч ТСӨХ-оос “...Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг ашиглах эрхийг цуцлаагүй, хүчингүй болгоогүй, түдгэлзүүлэхгүй байж байгаад бусдад олгосон, Нийслэлийн А зэрэглэлийн газрууд заавал дуудлага худалдаагаар орж зарагдах ёстой, мөн ТСӨХ-ийн газар нь гуравдагч этгээд Т.Дгийн газартай давхцалтай...”,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга “..Маргаан бүхий газрыг иргэн Т.Д, С.Б нар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ болох 3.080.000 төгрөгийг төлснөөр батлагдаж байгаа юм. 2006 оны 561 дүгээр захирамжаар ТСӨХ-д эзэмшүүлэхээр ашигласан газрын кадастр нь иргэн Т.Д, С.Б нарт эзэмшүүлсэн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй ...”,

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар ТСӨХ нь орчны газрын эзэмших, ашиглах эрхтэй болсон боловч газар эзэмших ашиглах эрх дуусгавар болоход сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул хүчингүй болсон. Тэгэхээр СӨХ-ийн орчны бусад газар эзэмшигч этгээдүүдтэй газар давхацсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө хүсэлтээ гаргаагүй буюу хүсэлтээ илэрхийлээгүй. Газар эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар давхацсан байвал газар эзэмших эрх олгодоггүй. Геодези зураг зүйн газраас газрын давхцалыг шалгаж үзэхэд ямар нэгэн байдлаар давхцаагүй байна...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

2.1 Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашийн зориулалтаар иргэн С.Б 380 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С.Бнь дээрх газраа ИХХК-д буюу захирал С.Бт “Газар эзэмшүүлэх гэрээ”-ээр үнэ төлбөргүй шилжүүлжээ.

2.2. Үүний дараа ИХХК болон Т.Д нар газрыг хамтран эзэмших тухай гэрээг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, Нийслэлийн Газрын албанд Т.Д нь хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу иргэн Т.Д, С.Б нарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд автогараашийн зориулалтаар 700 м.кв болгон газрын хэмжээг томруулан 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0310538 газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна.

2.3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”,  33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх” гэж тус тус заасныг үндэслэн  иргэн Т.Дд Үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөдөлмөрийн дээд сургуулийн зүүн талд байршуулан 0.0576 га газарт байршуулан барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрын зориулалтыг өөрчлөн 5 жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрөл олгосон нь хуульд нийцсэн байна.

            2.4 Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг хариуцагч зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуульд заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хэмжээнд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 418 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийг гаргасан байна гэж үзэхээр байна.

            2.5 Учир нь гуравдагч этгээд Т.Д, С.Б нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэх үед бусдын газартай давхцалгүй болох нь “..Хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Дд эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хөдөлмөрийн дээд сургуулийн зүүн талд байршилтай, 567 м.кв газрын схем зургийг хавтаст хэргийн 185 дугаар хуудаст авагдсан ТСӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зургийн тодруулсан хил, зааг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн барилгажсан хэсгийн зурагтай давхцуулахад иргэн Т.Дгийн эзэмшил газрын схем давхцалгүй байна” гэсэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын /Хуучин нэрээр/ даргын 2013 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан шинжээчийн дүгнэлт,

             “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 тоот захирамжаар ТСӨХ-д ашиглуулахаар олгосон газрын кадастрын зурагтай иргэн С.Б, Т.Д нарт эзэмшүүлсэн газартай давхцалгүй” гэсэн Өмчийн харилцааны 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/5850 дугаар албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.

   Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Т СӨХ-ны гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот “Иргэнд газар олгох тухай” захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            3. Харин нэхэмжлэгч ТСӨХ нь анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 561 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 4542 м.кв орон сууцны орчны газар ашиглах эрх авч, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

Улмаар 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгч ТСӨХ-ны газар ашиглах хугацаа нь 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна.

4. ТСӨХ нь газар ашиглах хугацаа дууссанаас хойш буюу 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан “..ТСӨХ нь Кадастрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар эзэмшил газрынхаа кадастрын зураглалыг өөрсдийн хөрөнгөөр хийлгэж ирснээр газрын мэдээллийн санд оруулж бүртгүүлэх үүрэгтэй.

Гэтэл өнөөдрийн байдлаар Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд ТСӨХ-ны орчны газар бүртгэгдээгүй байна” гэх Нийслэлийн Газрын албаны 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 9/169 албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

            5. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02-06/3561 дугаар албан бичгээс үзвэл ТСӨХ-оос 2019 онд талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаж байсан болохоос бус газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах талаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргаж байгаагүй байна.

            6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасанчлан тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд талуудын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч ТСӨХ-ны хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            7. Энэ шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “...тухайн газар нь ямар нэгэн давхцалгүй байгаа учраас гуравдагч этгээд Т.Дгийн тайлбар үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрээр дэмжигдсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Т СӨХ-ны “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу ТСӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн  байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т тус тус баримтлан ТСӨХ-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот “Иргэнд газар олгох тухай” захирамжийн С.Б, Т.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн Т.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжийн дагуу ТСӨХ-ны ашиглалтад байх 4541 м.кв газрын 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шинэчлэн  байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 

.