Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Хохирогч Ж.Э

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б

Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, Х овогт Ц.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д нарт холбогдох эрүүгийн 2239002930318 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны  06 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "У" гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Г       

2. Монгол улсын иргэн, 19... оны 08 дугаар сарын 18-ны өдөр У хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Х аймгийн             Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "У" гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Т

3. Монгол улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 75 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Х аймгийн Б сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "У" гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Х аймгийн             Б сумын 4 дүгээр багийн нутаг "Ө" гэх газарт 2021 оны 9  дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б 44 тооны ишиг, 9  тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон  тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг  мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин

цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин   механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүрэгт нийлүүлж, 56 буюу  олон тооны малыг хулгайлж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Эд    570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2.Шүүгдэгч Б.Д нь Х аймгийн Б сумын 4 дүгээр  багийн нутаг "Ө" гэх газарт Л.Г, Ц.Т нартай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Эын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу ...... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүрэгт нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт

 уг 56 тооны бог малыг гэмт хэргийн  улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2021 оны 09 дүгээр сарын 03-нд манай нөхөр завтай таарч, бид хоёр 03-ны өглөө хурга, ишгээ будсан. Хурга, ишгээ будаад 3 эм хонио будаж байтал манай нөхрийг хүн өвс хадъя гэж дуудаад манай нөхөр явсан. Тэгээд 09 дүгээр сарын 05-ны өглөө Э  гуайн хүү Г ирсэн. Миний дүү манай хонин дотор харахгүй юу даа. Хурга, ишиг нийлсэн байвал ялгаж салгаад авна биз. Манай хоёр л хонь малдаа явдаг юм. Эгч нь гэрийн чинээ гэдэстэй хонь малдаа явах биш дээ гэж хэлсэн. Тэгэхэд хүү нь байхгүй байна гээд явсан. Хүнийг хилс тийм муухай худал хэлж байна. Тэгээд Э  гуай 09 дүгээр сарын 05-ны өглөө танай хонинд хурга, ишиг маань нийлсэн байна. Миний хурга ишиг биш Б  хурга ишиг нийлсэн байна гэхээр нь өө тийм үү тэгвэл та манай хониноос ялгаад авахгүй юу даа гэсэн. Тэгэхэд манай нөхөр, ээж хоёр ялгуулаагүй. Яагаад ялгуулахгүй гэж байна гэвэл хүн хүнээс янз янзын им тэмдэгтэй, будагтай хонь мал авсан. Тийм учраас тэр хүмүүсийг нь байлгаж байгаад юм уу, прокурорын газраас юм уу зөвшөөрлийн бичигтэй ирж байж энэ хүмүүсийн хурга, ишгээ ялгуулна гэж хэлсэн. Э  гуай өөрөө 4-5 удаа нэг нэгээр нь хонио ялгаж хашаагаар гаргасан. 15, 16-уулаа тоолсон хүмүүс бид нар буруу тоолно гэж байхгүй. 5, 6 удаа тооллоо Г  миний дүү, Энэ Б  хурга, ишиг л танай хонинд нийлсэн байна. Эгчийнх нь хонь, ямаа гүйцэд 6, 7 удаа тоолж байгаа хүн буруу тоолно гэж байхгүй гэж хэлсэн. Ийм үндсэн дээрээс нь би ээждээ очиж хэлсэн. Ээжээ Э  гуайн хонь, ямаа дутаагүй юм байна. Зөвхөн хурга ишиг л дутсан гэж байна. Тэр нь Э  гуайн хурга ишиг ч биш юм байна. Б  хурга ишиг ялгараад Э  гуайн хонин дотроос ялгараад манай хонин дотор нийлчихжээ. Айл саахалт хүмүүс байна учраа олоод энэ хүмүүсийн хурга, ишгийг ялгуулчихъя гэж хэлсэн. Тэгж байтал Э  гуай Г цагдаа, өөрийн хүүхэдтэйгээ ирсэн. Хүү, бэртэйгээ нийлээд худлаа яриад байна. Өөрөө хонь, ямаагаа алдаагүй, 5-6 удаа тоолсон гэж хэлж ирсэн хүн байхгүй юу. Маргааш нь эд нарын 48 ширхэг хурга, ишгийг нь өгсөн. Би эхнээсээ шүүх хурал дээр хэлсэн. Хоёр нь хар хүзүүтэй, нэг нь хар нүдэн хонь. Ямар ч тэнэг хүн харсан ч ширхэг хар үс ч байхгүй. Тэрийг чинь хун хонь гэдэг. Хоёулаа хоёр талаасаа ганзага имтэй. Би Э  гуайд хэлсэн. Би өөрөө энийг чинь имнэсэн хонь оо эгчээ. Яагаад миний гараараа имнэсэн унаган хонийг маань минийх гээд хаалгаар чирээд гаргаж байгаа юм бэ гэж хэлсэн.

Яагаад хайчлаад будсан бэ гэхээр хуучин будаг дээр будаг тогтохгүй учраас би будгийг арилгаж шинэ будгаар будсан. Тэгэхээр яагаад цагдаатай, эхтэй, үртэйгээ, Б ч гэсэн эхнэр, хүүхэдтэйгээ 2, 3 гэр бүл нийлээд бүх хурга, ишиг будсаныг зөвхөн миний хурга, ишгийг албаар будаж завшсан гэж яриад байгаа юм бэ Би үнэхээр гомдолтой байна. Тэр үед үнэхээр гэрийн чинээ гэдэстэй байсан болохоор би хүн амьтантай хэрүүл уруул хийхийг нэгт бодоогүй. Хоёрт шүүх цагдаа гэж дээрээ байгаа юм чинь учрыг нь олж, хужрыг тунгаагаад өгчих болов уу гэж бодож өдийг хүртэл харсан. Яагаад 8 ишиг очиж тавьсан юм бэ гэж яриад байна. Э  гуай ирэхдээ 103 хурга, 12 ишиг миний хонин дотор байна. Үлдэгдэл нь танай хонинд Б  хурга ишиг байгаа гэж ярьсан. Тэгэхээр 103 хурга, 12 ишиг миний хонин дотор байна гээд 5-6 удаа тоолсон. Б  ишиг, хурга байгаа гэсэн. Надаас авсан ишиг, хургаа бодоод үз. Ишиг, хурга чинь илүү гараад байна. Хэн нэгний 8 ишгийг завших гэж, хулгай хийх гэж айлд тавиагүй. Тэр бол миний ишиг мөнөөсөө мөн. Ухна им гэдэггүй онь им гэдэг юм. Тэрийг чинь ганзага им гэдэг юм мэдэв үү. Та нар им тэмдгийг дөнгөж сая яллагч уншлаа. Хүн им тэмдгийг буруу, зөрүү хэлдэг. Өөр өөрийнхөөрөө ярьдаг. Гэхдээ тэр 8 ишиг миний ишиг. Э  гуай манай зүүн хойноос 50, 60 гаруй хонийг өөрийнхөө хонинд аваачиж нийлүүлсэн учраас өөрийнхөө ишгийг аваачиж айлд тавьсан. Та Г цагдаатай 09 дүгээр сарын 05-нд хурга, ишгээ ялгаж аваад, би 09 дүгээр сарын 06-нд хурга, ишгээ нэг нэгээр нь тоолоод байж байхад Э  гуай бэртэйгээ манайд ирсэн. За Э  гуай би хонио тоолж байна. Та манай хонин дотор ороод дахиж хурга, ишгээ хар, алдуул хонь мал байвал хар гэж хэлэхэд юу байхав, би хурга, ишгээ бүгдийн авсан. Б одоо гомдолгүй болсон. Би ч чамд анх хэлсэн. Хонь, ямаа алдаагүй гэж хэлчхээд Э  гуай явсан. Одоо улаан нүүр нь энэ байна. Би 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагт Г өргөдлөө барьж очсон. Чи өчигдөр надаас хурга, ишиг ялгаж явсан. Би өнөөдөр хүнээс авсан өөрийн хонь мал дутаж байна. 61 хонь дутаж байна. Би Э  гуайн хонийг шалгуулмаар байна. Б  хонийг шалгуулмаар байна. Чи бусдын хонь ишгийг аваад өгч болдог юм байна. Миний энийг шалгаад өгчих. Эгч нь хонио хашаад байлгаж байгаа. Миний дүү эгчийнхээ хониноос эхэлж миний хонийг тоолоод гарга. Хүнээс авсан хонь, өөрийн хонь гээд дутаад байна. Чи миний хониноос эхэлж шалга. Би Э  гуайг шалгуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд Г одоо яг очлоо эгчээ. Би шууд танай хонийг шалгаад Э  гуайн хонийг шалгаж өгье гэж хэлсэн. Миний хонийг 1 цаг хүртэл хашаатай байхад шалгаж өгөөгүй. Маргааш нь ирнэ гээд бас ирээгүй. Тэгээд би 09 дүгээр сарын 20-ны өдөр айлд аваачиж 8 ишгээ тавьсан. Тэр хооронд 15 хоног миний ишиг хонин дотроо явж байгаа. Тэгэхэд Э  гуай 09 дүгээр сарын 06-нд хонь тоолж байхад ирж харчхаад юу ч хэлээгүй явсан. Б 2021 оны 10 дугаар сард өөрөө 6 хонь 4 ямаагаа авчхаад яагаад дахин, дахин шүүх хурал болгоод байгаа юм. Би гайхаж байна. Би Э  гуайд өргүй. Би Э  гуайн 6 хонь 4 ямааг аваагүй. Харин Б миний 61 тооны хонь, ямааг тууж аваачсанаараа идэж уучхаад тэр бантангаа зуураад, баригдах нь гээд миний 09 дүгээр сарын 06-нд өгсөн өргөдөл гомдлыг Г  даруулаад байхгүй болгосон. Харин өөрөө 09 дүгээр сарын 08-нд 8 ишигний өргөдөл өгсөн байгаа юм. Яагаад 2 хоногийн зөрүүтэй өргөдөл таных дарагдахгүй, минийх дарагдаад яваад байгаа юм. Би гайхаж байна. Би танд өргүй. Би 8 ишгийг таны хотноос, Б  хотноос хулгай хийж завшиж аваачаагүй. Миний 61 хонины өргөдөл, гомдлыг ширээн дээр байж байгаад гэнэт алга болчихсон гэж Г цагдаа хэлдэг. Г нь болохоор манай ишиг, хургыг хонин дотор тоглолт хийгээд, бичлэг хийсэн бичлэг нь хаана байна. Та ч мэдэж байгаа. Та нар үймээн тарьж манай хонин дээр тоглолт хийж, хонин дотроос хонио ялгасан бичлэг хаана байна. Би Г хэлж байсан. Э  гуайд ч хэлж байсан. Манай будсан хурга, ишгийг бичлэгтээ оруулна шүү гэхээр оруулсан гэсэн. Тэр бичлэгээ хармаар байна. Тэр бичлэг байж хэн нь худал хэлж байгаа, хэн нь үнэн хэлж байгааг, өнөөдөр хэн хулгайч юм, хэнийх нь өргөдөл дарагдаад, хэнийх нь өргөдөл хэдэн сарын хэдэнд өгчихөөд эрүү үүсээд явж байгаа нь харагдана. Би маш их гомдолтой байна. Би бол хулгайч биш. Би хэн нэгний 8 ишгийг завшиж, хэн нэгний ишиг, хургыг тусад нь будсан хүн би биш. Би бүх хурга, ишгээ мэдэхгүй л будсан. Тэрнээс Б  хурга байна, энэ миний хурга байна гэж будаагүй. Би үнэхээр гомдолтой байна. Э  гуай шүүх хурал бүр дээр худлаа ярьдаг. 6 хонь, 4 ямаа хаанаас гаргаж ирээд байгаа юм. Тэр өдөр 6 хонь, 4 ямаагаа яриад явахгүй яасан юм. Та бэртэйгээ 09 дүгээр сарын 06-нд намайг хонио тоолж байхад ирсэн. Би танд хэлсэн. Э  гуай та манай хонинд ороо, дахиж хонио хараа, дахиж хурга, ишгээ хар гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. “ гэв

 

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хөдөө мал дээр гараад жил гаран болж байна. Мал гэдэг юмыг сайн мэдэхгүй. Би Сгэдэг айлынд малаа 4 жил байлгасан. Миний тавьсан мал тэр айлд ч өсөөгүй. Тэгээд би тэр айлаас малаа авч, өөрсдөө малаа маллая гэдэг зорилготой мал дээр гарсан. Тэр айлаас малаа авч байхдаа жижиг, том янз бүрийн им тэмдэгтэй мал авч байсан. 100 гаран тооны мал авсан. Дээрээс нь Т  гэх залуугаас, нутгийн хүмүүсээс мал авсан. Манайх тэр үед фэйсбүүкээр мал авна гээд зар тавьсан байсан. Тэгээд мал цуглуулж мөнгөөрөө худалдаж авч байсан. Ямар им тэмдэгтэй, ямар мал ирж байгаа, ямар хурга, ишиг ирж байгаа мэдэхгүй. Би өөрөө малын зүс тэмдэг сайн мэдэхгүй. Дөнгөж мал дээр гарч байгаа болохоор хүмүүсээс малаа цуглуулж аваад малаа өөрсдийн им тэмдэгтэй болгочихъё гэхээр нэгдсэн имтэй болгох боломжгүй. Айл айлаас авсан эрээвэр хураавар юмыг будаг нь тэмдэг хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Манай хүн чи энэ будаг нь тэмдгээ даруй хийгээч ээ гэж удаа дараа хэлж байсан. Миний ажил амжихгүй. Би хөдөө хадлан дээр гарсан. Би 2 хүнээр өвсөө хадуулж байсан. Надад мал дээрээ оролцох зав гараагүй. 2 хүүхэд байнга хонинд явж байна. Чи ядаж хурга, ишгээ будчих, малдаа ядаж будаг нь тэмдэг хийчихээ гэхээр нь 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдөр будсан. Өвс хадаж байгаа хүн маань ажилтай боллоо гэхээр нь завандаа өөрийнхөө бүх хурга, ишгийг бүгдийг нь будаад, дээрээс нь 3 хонь будаад байж байтал эднийх хурга, ишгээ алдчихлаа гэсэн. Би тэр үед явж байсан болохоор яг юу болсон процессыг мэдэхгүй байна. Ямар учраас ингээд байгаа вэ гэхээр би өөрөө гаднаас ирээд дөнгөж малжиж байгаа. Өөрөө малаа танихгүй, 2 жаахан нялх хүүхдээ явуулдаг, эхнэр гэрийн чинээ гэдэстэй. Дээрээс нь үхэр малаа хардаг, саадаг. Өөрөө гэрийнхээ ажлаас илүү гарахгүй. Хоёр хүүхэд малдаа явдаг. Манай хоёр хүүхэд чинь томоогүй, өөрөө гадуур ажилтай болохоор хүүхдүүд маань малаа хариулаад явж байна уу гээд тогтмол шалгаад байх боломжгүй. Э  гуайн хүүхдүүд насанд хүрсэн, дугуйгаар малаа хариулдаг. Бид нарыг завшсан, хулгайлсан гээд зүйлчлээд ялтан болгох гээд байгаа. Би эсэргүүцэж байна. Тэр алдсан малаа санаатайгаар нийлүүлсэн байж болзошгүй гэж эцэг хүний үүднээс хүүхдүүд гуу жалганд тоглоод малаа харахгүй үед нь нийлүүлчихсэн байж магадгүй.  Би бодоод байгаа юм. Бид нар удаа дараа шүүх хуралдаанд орлоо. Та нар мэдсээр байж айлын малыг будлаа гээд байна. Би ямар малыг ирж байгаа, хохирогч гэж яриад байгаа Э, Б нарын ямар хурга, ишиг им тэмдэгтэй мал ирснийг мэдэхгүй. Хүн хүнээс мал цуглуулсан. Өөрөө авсан малаа тэмдэгжүүлээгүй, им тэмдгийг нь мэдэхгүй, эрээвэр хураавар юм цуглуулсан. Би дөнгөж мал дээр гарч байгаа хүн бүх малаа гүйцэт таньж мэдээгүй байгаа. Ийм асуудал болгоод бид нарыг удаа дараа нааш, цаашаа явуулж байна. Бид нар нэр ус, эд хөрөнгөөрөө хохирч байна. Энэ хүн 6 хонь, 4 ямаа гээд малаа манай хотноос гүйцэт авсан. Манай хонины хашаан дотор Г цагдаа, Б, Э, Э  гуайн хүүхдүүд бүгдээрээ ирж бараг дээрэм болсон. Тэгэхэд Г цагдаа бичлэг хийж авсан. Тэр бичлэг нь түрүүлж хийсэн бичлэг юм. 10, 20 минутын бичлэг хийсэн. Тэр бичлэгийг нь устгачхаад, зөвхөн тугалын хашаанд 48 хурга, ишиг ялгаад хийсэн бичлэгийг явуулаад байгаа. Яагаад Г цагдаа тэр бичлэгийг хавтаст хэрэгт оруулаагүй юм. Би үнэн гайхаж байна. Үнэн юм байдаг бол үнэнээр нь шүүгээсэй. Би энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөөсэй гэж үнэн хүсэж байна. Би энэ хүний 8 хурга, ишгийг хулгайлсан, завшсан зүйл байхгүй. Хэрвээ би хулгайлсан бол яагаад хүн болгон хажуугаар нь явдаг замын хажуу айлд тавих юм. Тэр хүний 8 ишгийг үрж, устгаж, зарж борлуулах үйлдэл гаргаагүй. Би 61 хониныхоо хулгайчийг олох зорилготой айлд тавьсан. Тэр айлын хүнийг танихгүй. Намайг орой ирэхэд тэр айлд аваачиж тавья гэсэн тэгээд тавьсан. Тэрнээс би хулгайч, хүний юмыг авчихъя, үрчихье гэсэн санаа бодолтой хийгээгүй. Эхлээд завших болж байсан. Сүүлдээ хулгай боллоо, шат шатны шүүхээр дамжигдлаа. Энийг одоо эцэслэн шийдвэрлэж бидний нэрийг сэргээн цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Э ыг нутгийн хүн болохоор танина. Өөр баг бригад юм. Э тэгж бичсэн юм уу, яасан юм. Миний өгөөгүй мэдүүлэг ингээд биччихсэн байгаа юм. Би Э тай өстөн дайсан, зориуд ишгийг тавьсан гэж Д гуай мэдүүлэг өгсөн байна гээд бичсэн байна. Би тийм мэдүүлэг өгөөгүй. Тийм муухай юм хийхгүй. Энэ хүүхдүүд айлын хурга, ишиг нийлсэн гэдгийг мэдэхгүйгээр хүнээс баахан хурга, ишиг авсан. Тэрийгээ зав гарахаар нь будсан юм билээ. Э намайг эмнэлэгт бие муу хэвтэж байхад 12 дугаар сард 12 цагийн үед ирсэн. Ийм зузаан хавтастай юман дээр та гарын үсэг зур гэсэн. Миний цуг хэвтэж байсан хүнийг та гар гэж гаргачхаад, энэ хавтсан дээр та зур гэсэн. Юу юм бэ наадах чинь миний бие муу байна. Би гарын үсэг зурахад надад хэцүү байна гэхэд танай хүүхдүүд чинь 61 хонь алдсан. Тэрний тухай байгаа юм. Та зүгээр гарын үсэг зурчих гэсэн. Ямар хавтаст хэрэгтээ танилцаагүй юман дээр хүртэл гарын үсэг зуруулж байсан. Тийм юм гэж байх уу? Г надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Энхням надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Ч прокурор надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Хүүхдүүд минь энийг үнэн зөвөөр шийдэж хэргийг минь цагаатгаж өгөөч. Би тэгж хулгай хийхээр амьдралтай яваагүй. Залуу наснаас өдий нас хүртэл хулгай хийх амьдралд яваагүй. Би үнэнч шударгаар төр улсдаа өчнөөн юм бүтээж өчнөөн сайхан гавьяа шагнал авч явсан болохоос хулгай хийж үр хүүхдээ тэжээгээгүй. Би тэр 6, 7, 8 ишгийг завшиж яах юм. Тэр чинь манай хотонд 20-н хэдэн хүртэл байсан. Өөрсдийнх нь байсан юм бол авахгүй яасан юм. Яагаад ишиг, хурга ялгаж байхад үлдээсэн юм. Ямар нэгэн байдлаар манай алдсан 61 хоньтой холбоотой болж таарч байна. Жаахан хүүхдүүд явж байгааг далимдуулж хурга, ишгээ нийлүүлсэн байж таарна. Тэр нялх амьтад чинь яах юм. Ганга жалганд унтаад өгнө, ганга жалганд тоглоод хонио явуулчихна. Тэр хооронд нь нийлүүлсэн юм байгаа биз. Эд нар мэдэхгүй, яаж мэдэх юм. Дөнгөж хотоос ирээд маллаж байгаа хүмүүс мэдэхгүй. Олон айлаас им тамгатай, будагтай юм авчирч байгаа юм чинь мэдэхгүй. Энийгээ зав гарахаар өглөө, орой будсан юм билээ. Бүдүүн хонио гурвыг будаад үлдсэнийг нь будаж чадаагүй орхисон юм билээ. Тийм байж болохгүй ш дээ. Өмнөх шүүх хурал дээр 6 хонь, 4 ямаа алга болсон гээд шүүх хурлыг задлаад хаясан. Тэр 8 ишгийг завших байсан бол өчнөөн үр хүүхэд минь малтай мянгатууд ч байна. Тэд нар дээрээ аваачиж тавина. Хамгийн гол нь хулгайчийг барьж магадгүй, содон ишиг тавья, айлуудаас ирсэн юм байна. Содон ишгээ аваачиж тавьчихъя аяндаа хулгай хийх дуртай хүмүүс эзэн нь гараад ирэх байх гэж тавьсан. Намайг зам дагуу хүн олон явдаг газар зааж өгөөч гэхээр нь би цуг явсан нь үнэн. Бид машин, хүн явдаг гүүрний хажуу айлд тавьсан юм. Тэрнээс завших байсан бол өөрийнхөө үр хүүхэд, хамаатан садан аваачиж тавина. Би гомдолтой байна. Хэргийг минь цагаатгаж өгөөч.” гэв

 

Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд 66 мал алдсан. Эдний хотноос 48 тооны малыг олсон. Би гомдолтой байна. Би өчнөөн хэдэн төгрөгөөр нааш, цааш 6, 7 удаа явлаа. Та тэгж хэлсэн гээд Г  худал үнэн шургуу хийж байгаад гомдолтой байна. Д гуай хүний эх хүн. Өдий насны хүн цуг хэлэлцэх хэрэг байхгүй баймаар юм. Би хохирлоо гаргуулмаар байна. Өчигдөр орой наашаа гарсан. Машины дугуй замдаа хагараад сольсон. Яндангаа цоолсон. Өнөөдөр хүний машинтай явж байна. Надад хохирол их байна. Би 10 хонь, ямаагаа нэхэмжилнэ” гэв.

 

2239002930318 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт нь гаргахдаа хонь маань дутуу байгаад мэдсэн юм. Миний бодлоор өмнөх өдөр нь буюу 09 дүгээр сарын 04-ний өдөр бороотой өдөр байсан болохоор тасраад айлын хонинд нийлсэн байх гэж бодоод өөрийн хүүхэд болох Г явуулаад ойр орчмын айлын хонь малаар хараад ир гэж явуулсан. Ингээд манай хүү малаа хайж яваад ирэхдээ олоогүй ирсэн. Үүний дараа би өөрөө бэр Өлзийсүрэнгийн хамт машинтай яваад саахалтын айлуудаар хайгаад явахад Т гэх айлын хонинд манай алдсан ишиг хурга хонь маань байсан. Би нийт 66 толгой мал алдсан үүнээс 11 хурга, 44 ишиг, 5 ямаа 6 хонь байсан. Манайх энэ жил Б гэх айлтай хурга ишгээ хөхнөөс нь гаргах гэж солилцож маллаж байгаа юм. Алдсан гээд байгаа 11 хурга 44 ишиг нь Б  хурга ишиг байгаа юм 5 ямаа 6 хонь нь манай өөрийн хонь ямаа байгаа юм. Ингээд би Т гэх айлынд бэр Ө-ийн хамт очиж малаа авах гэхэд тэр Төмөрөөгийн эхнэр Г  нь манай худалдаж авсан малаа будсан танай мал байхгүй хэрэв танайхны мал байвал худалдсан хүнийг нь байлгаж байгаад өгнө гээд өгөхгүй байхаар нь Б танай хурга ишиг айлын хонинд байна ногоон будгаар будсан байна ирж хараарай гэж хэлсэн. Ингээд дараа нь Б Ө, Г цагдаа нарын хамт очиж ялгаж авсан. Би яагаад малыг маань будчихваа гэхэд би хүнээс худалдаж авсан хонио ямаагаа будсан гэсэн гэхдээ худалдаж авсан хүнээ надад хэлээгүй. Ингээд бид Т-ийн хониноос 36 ишиг, 9 хурга, 3 хонь нийт 48 толгой мал ялгаж авсан. Одоо Б  8 ишиг, 1 хурга манай 5 ямаа 4 хонь дутаж байна.       Би хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүнд хонь ямаа өгөх гээд малаа тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан. Би хүний малыг харж байгаа болохоор өглөө болгон бэлчээрт нь гаргахдаа хүний имтэй хурга ишгийг нүдээрээ гүйлгэж хараад бэлчээрт нь гаргадаг. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө бэлчээрт нь гаргахад хүний хурга ишиг бүрэн байсан. Харин орой хонио хашихдаа анзаарч хараагүй нилээн орой хашсан болохоор анзаараагүй. Манай хонь ямаа 2 чих нь урдаасаа хөндлөн хайчтай, Б  хурга ишигнүүд баруун чих нь цуулбар, зүүн чих нь 2 талаасаа ухам имтэй.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

2.Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн... Ингээд бид Т-ийн хониноос 36 ишиг, 9 хурга, 3 хонь нийт 48 толгой мал ялгаж авсан. Одоо Б  8 ямаа, 1 хурга манай 5 ямаа 4 хонь дутаад байсан чинь манайхтай ишиг хургаа хөхнөөс нь гаргана гээд сольж харж байсан Б  хонинд манай дутаад байсан 10 тооны бог мал очиж нийлсэн байсныг Б өөрөө манайд ирж хэлээд би очиж ялгаж авсан зүсээрээ байсан. ...Би тэр талаар асуусан тэгэхэд Г  нь танихгүй будчихсан байна гэж байсан..” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/

 

            3.Хохирогч Ж.Эын дахин өгсөн “...би тухайн үед өөрийн маллаж байсан малаасаа 66 тооны малаа алдсан бөгөөд уг малын маань 9 нь хурга, 44 нь ишиг, 9 нь эр, эм хонь /үүнээс 8 нь эм хонь, 1 нь эр хонь/, 4 нь эм ямаа байсан, гэхдээ уг малуудын 9 тооны хурга, 44 тооны ишиг, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь миний хурга, ишгийг нь өөрийнхтэйгөө сольж маллаж байсан Б гэх хүнийх, харин 9 тооны эр, эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 13 тооны хонь, ямаа нь миний эзэмшлийн мал байгаа юм. Тэгээд би энэ малаа хайгаад явахад Төмөр гэх айлд манай алдсан хурга, ишиг, хониноос маань байж байсан бөгөөд манай хурга, ишиг, хонийг маань цэнхэр будагтай байхад нь уг будгийг нь дараад дээрээс нь ногоон өнгийн будгаар будчихсан байдалтай байсан.  Ингээд Б бид хоёр Төмөр гэх хүний малд байсан өөрсдийн мал болох 36 тооны ишиг, 9 тооны хурга, 3 тооны хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/, нийтдээ 48 тооны ишиг, хурга, хонио ялгаж авсан бөгөөд уг 48 тооны малын 36 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 45 тооны хурга, ишиг нь Б х, 3 тооны хонь нь миний эзэмшлийн мал байгаа юм. Ингээд Б бид хоёр алдсан 66 тооны малаасаа 48 тооны малыг нь ингэж олж авсан ба үлдэгдэл 18 тооны малын 8 тооны ишиг нь Б х, үлдэгдэл 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа нь миний эзэмшлийн хонь, ямаа байсан юм. Тэгээд байж байтал 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна, Б  алдсан 8 тооны ишигнийх нь сураг гарсан бөгөөд уг 8 тооны ишгийг нь Төмөр, түүний эхнэр Г  нар нь манай Б сумын        Г гэх айлынд аваачаад тавьчихсан байсан. Ингээд Б бид хоёр уг Г гэх айлынд очиж Б  8 тооны ишгийг нь буцаан авч Б алдсан бүх малаа олж авч ямар нэгэн хохиролгүй болсон. Тэгээд энэний дараахан шиг санагдаж байна, яг сайн хэлж мэдэхгүй байна, миний алдсан гээд хайгаад яваад байсан 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б  малд нийлчихсэн байж байхыг Б олж мэдээд надад хэлж яриад би Б дээр очиж малаас нь өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа ялган авч, ямар нэгэн хохиролгүй болсон байдаг. ...тухайн үед Б бид хоёр өөрсдийнхөө хурга, ишгийг сольж маллаж байсан юм, энэ үеэр би маллаж байсан малаасаа нийтдээ 66 тооны малаа алдсан. Гэтэл уг алдсан малын маань 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б  малд байсныг нь би сүүлд дараа нь мэдээд олж авсан учир энэ 10 тооны хонь, ямаагаа алдсан гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Иймд тухайн үед Б бид хоёр нийтдээ 56 тооны хурга, ишиг, хонио алдсан байна, уг 56 тооны хурга, ишиг, хонины маань 44 нь ишиг, 9 нь хурга, 3 нь хонь байсан бөгөөд уг 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь Б х, үлдсэн 3 тооны хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ нь миний эзэмшлийнх байгаа юм...Би шүүх хурлын үеэр будилаад л буруу зөрүү зүйл хэлж яриад л яваад байна, миний хувьд өндөр настай, зарим зүйлээ мартаж санаад, урд хойно нь оруулаад хольж хутгаад энэ талаар буруу зөрүү зүйл хэлээд ярьчихсан байна. Миний хувьд би Б д очиж 6 тооны эм хонь, 4 тооны ямаа, нийтдээ 10 тооны малаа малаас нь ялгаж авсан, надад ямар нэгэн учирсан хохирол энэ тэр байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 109-111 дүгээр хуудас/

 

4.Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Э  эгчийнхтэй хурга ишгээ хөхнөөс нь гаргах зорилгоор солилцож маллаж байсан юм. Тэгтэл Э  эгч 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хурга ишгээ алдчихлаа хониндоо очоогүй биз гэж утсаар ярьсан. Тэгээд би хониндоо харахад манай хонинд ирээгүй байсан. Тэгтэл 11:00 цагийн орчимд Э  эгч залгаад танай баруун талын айлын хонинд байна та өөрөө ирж хараад ялгамаар байна гэсэн, тэгээд би тэр даруйдаа баруун талынхаа айлын хонинд очиж харахад яг манай хурга ишиг дүрээрээ мөн байсан, манай хурга ишигнүүдийг бүгдийг нь ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан. Тэгээд би Г д танай хонинд манай хурга ишиг тасарч ирээд нийлчихсэн байна яагаад ногоон будгаар будаж тэмдэглэчих вэ гэхэд манайх айлаас худалдаж авсан тэгээд будсан гэж хэлсэн. Тэгээд Г г та тэгвэл ишиг хурга худалдаж авсан хүнээ дуудчих хүлээж байгаад нүүрэлдэж учраа олъё гэсэн чинь утас нь холбогдохгүй байна гэсэн, тэгэхээр нь би цагдаа дуудаад цагдаагийн хажууд ишиг хургаа хараад тоолоод үлдээе дараа тэр худалдаж авсан гээд байгаа хүнийг чинь дуудаж байгаад учраа олъё гэсэн. Тэгээд бид нар цагдаа дуудаад цагдаагийн хажууд Г гийн хониноос ногоон будгаар будаж тэмдэглэсэн будаг нь хатаагүй 36 ишиг, 9 хурга, 3 хонь ялгаж авсан тэр бүгдийгээ зургаар баримтжуулан авсан байгаа. Тэгээд би Г д за энэ малаа дараа явъя харин чи тэр худалдаж авсан хүнээ даруйхан дуудаарай гэж хэлээд үлдээгээд явсан тэгтэл Г  Э  эгчийнд өгчихсөн байсан. Тэгээд манай малаас 8 ишиг дутаад байсан тэгтэл дараа нь цагдаа ирээд танай 8 ишгийг айлын хонинд 10 cap гаргаад авна гээд тавьчихсан байна очиж үзье гээд цагдаа, багийн дарга нарын хамт явж очоод Онон голын хойд биед байдаг Г гэдэг айлын хонинд аваачиж тавьсан байсныг буцааж авсан, мөн ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

5.Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Э-ын хамт баруун талд нь нутагладаг Тгэх айлд очиж хонинд ишиг хургаа шүүж үзэхэд манай ишиг хургануудыг болон Э  гуайн хэдэн хонийг бүгдийг нь хуучин хөх будган дээрээс нь ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан. Тэгээд Т, Г  нараас танайх яагаад манай ишиг хурганууд, болон Э ын хонинуудыг хуучин будган дээрээс нь дараад ногоон будгаар будсан юм бэ? гэхэд айлаас авсан мал байгаа юм тэгээд жигдлэх гээд бүгдийг нь будчихсан юм гэж байсан. Тэгээд Төмөрийн хониноос том жижиг нийлсэн 48 тооны бог мал ялгаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

6. Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..иний хувьд би тухайн үед 44 тооны ишиг, 9 тооны хурга нийтдээ 53 тооны хурга, ишгээ алдсан, харин Э  эгчийн хувьд 9 тооны эр, эм хонь /үүнээс 8 нь эм хонь, 1 нь эр хонь/, 4 тооны ямаа, нийтдээ 13 тооны хонь, ямаагаа алдсан гэж байсан, гэхдээ Э  эгчийн алдсан гээд байсан 13 тооны хонь, ямааных нь 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа нь сүүлд манай малд нийлчихсэн байж байхыг нь би анзаараад энэ талаар Э  эгчид хэлээд Э  эгч уг 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа манай малаас ялгаж авсан. Иймд энэ 10 тооны хонь, ямаагаа алдсан гэж хэлж болохгүй байх л гэж бодож байна, харин үлдэгдэл 3 тооны хонио /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ Э  эгч миний хурга, ишгээ ялгаж авах үеэр Т, Г  гэх айлын малаас нь надтай хамт ялгаж авсан. Ингээд дүгнэхэд Э  эгч бид хоёр нийтдээ 56 тооны малаа алдсан бөгөөд үүнээс 44 нь ишиг, 9 нь хурга, 3 нь хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ байсан бөгөөд 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь миний эзэмшлийн мал, харин 3 тооны хонь нь Э  эгчийн мал байна. Э  эгч бид хоёр тухайн үед нийтдээ 56 тооны  малаа алдсан... ямар ч байсан тухайн үед Э  эгч манай малаас өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа ялгаж аваад явсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-106 дугаар хуудас/

 

7. Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнБи 2021 оны 07 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад Фэйсбүүк зар дээрээс Тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа, их хэмжээгээр худалдаж авна гэсэн зар байсан тухай үед тэр зарын дагуу холбогдож 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, нийт 60 толгой бог мал зарсан хургатай хонь 150,000 /нэг зуун тавин мянган төгрөгөөр/ харин ишигтэй ямаа 130,000 / нэг зуун гучин мянган төгрөгөөр/ худалдаад нийт 4,200,000 буюу /дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгөөр/ зарсан юм. Мөн дараагийн ээлжид нь 2021 оны 08 дугаар сарын 6-7 ны үед би аймгийн төвд 37 тооны заазны хонь ямаа нийлсэн бог авч явах гэж байсан юм. Тэгээд би Ц.Т Л.Г нар бас гайгүй үнэ ханшаар аваад байхаар нь замаараа асууя гээд ирсэн тэгсэн чинь надад аймгийн төвийн ханштай адил үнэ ханш хэлсэн болохоор нь би хонь, хэдэн толгой ямаа хэдэн толгой байсныг сайн санахгүй байна 3,200,000 / гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан борлуулсан байгаа ингээд нийт манай хотноос хонь, хурга, ямаа, ишиг, нийлсэн 97 толгой бог худалдаж авсан юм. Миний зарсан эхний 60 толгой хонь ямаа, баруун чих мухар, зүүн талын чих нь араасаа догол, имтэй будаг тэмдэглэгээгүй хонь ямаа байсан. Харин сүүлд зарсан гэх заазны 37 толгой хонь ямаа манайд гэрийн найр болон хүүхдийн даахь үргээлгийн бэлгэнд цугларч ирсэн хонь ямаа байсан тийм болохоор би им тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Цэнхэр, буюу Улаан өнгийн будаг тэмдэглэгээтэй байсан. Би тухайн үед Ц.Т болон эхнэр Л.Г гэх хүмүүст 2 удаа хонь ямаа худалдан борлуулсан уг хонь ямааны мөнгийг ямар нэгэн дансаар аваагүй бэлнээр нь авч байсан. Эхлээд 4,200,000 дараагийн ээлжид 3,200,000 төгрөгийг бэлнээр нь авч байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

8.Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн Портертой манай нутгийн эмээ Д, жолооч болон өөр нэг охинтой ирээд 8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юмаа, гишгүүлчихнэ гээд хэлэхээр нь хонь хашаатай байгаа та хурдан аваарай гэж хэлээд тавиулсан юм. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан нийт 8 ишиг байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/

 

9.Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 09 дүгээр сарын 22-ны 21 цагийн орчимд шиг санаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Д гэдэг хөгшин хөх өнгийн Портер маркийн машинтай манай гадаа ирээд танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Д сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшний нэрийг бодоод 8 ширхэг ишиг тавиулсан юм. Тухайн үед Д гуай хүргэн Т, охин Г  нарын хамт явж байсан...Д гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан. ...Хүргэн Т, охин Г  нарын хамт гурвуулаа явж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/

 

10.Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх 2021 оны 09 сарын 05-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа дутуу байгааг мэдсэн. Тухайн үед тоолоод 66 тооны бог дутсан байсан. Тухайн үед ээж намайг айлын малаар хай гэсэн, би ойр орчмоор  байх айлуудаар явж хайсан ба Ц.Т-д мөн очиж асуусан боловч Ц.Т Л.Г нар манайд танай мал байхгүй гэсэн, мөн тэр өдөр нь манай ээж хонинд нь манай ишиг хурга очсон мөн ногоон будгаар будсан байгааг харсан юм билээ, түүнээс би очиж ялгасан хүлээн авсан юм байхгүй. .... тийм угаасаа им тэмдгээр нь авсан. 3 том хонь нь 2 хар халзан 1 хар нүдэн хонь байсан би дараа нь харсан. ...авсан хонийг нь би дараа нь харсан.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 116-117 дугаар хуудас/

 

11.Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “манай ээж Ж.Э-ынх 2021 оны 09 сард Адагийн зүүн хойно Өрөмөн энгэр гэх газар нутаглаж байгаад 66 тооны малаа алдсан юм. Ингээд бид хайгаад явж байхад тус сумын иргэн Ц.Т-ийн малд 48 тооны мал нийлсэн байсан. Тухайн айлд байсан хурга ишиг хонио авах гэхэд хуучин цэнхэр будгийг нь дараад дээрээс нь ногоон будгаар дарж будсан байсан. Ц.Т Л.Г нар нь бидэнд хэлэхдээ бид айлаас авсан хонь ямаандаа тэмдэг тавьсан гээд байсан. Ц.Т-өөс авсан 48 тооны бог малыг задалбал 36 тооны ишиг, 9 хурга, 3 том хонь байсан. 9 том хонь нь манай ээж Ж.Э-ынх 9 хурга 36 ишиг нь манай саахалт Б х байсан. Манайх Б -хтай эхээс нь салгах зорилгоор ишиг хургаа тавьсан байсан. Манай дүү Г, ээж Э , цагдаа Р.Г бид хэд байсан. Ногоон будгийнх доорх хуучин будаг нь маш бага үлдсэн байсан. Хайчилж байгаад ногооноор будсан байсан. Мөн бид им тэмдэг, зүсээр нь ялгаж авсан юм” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/

 

12.Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 онд багийн Засаг даргын ажилтай байсан. 2021 оны намар 9 сарын эхээр шиг санаж байна. Тус сумын иргэн Ж.Э, Б нарын мал нь алдагдсан чинь тус сумын иргэн Г гэх айлд байна гээд явахад нь би явсан юм. Н.Г гэх айлд дандаа содон зүсний хүний анхаарал татахаар 8 ишиг орхисон байсан. Миний ойлгосноор Д гуай, Ц.Т нар хүргэж өгсөн юм шиг ойлгосон. Тухайн үед Ж.Э эгч цуг явсан. Тухайн ишигнүүдээ хараад бүгдийг нь таньж байсан юм...” мэдүүлэг, /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

            13.Гэрч Р.Г “...Энэ үед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Э нь мал алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. Тухайн иргэн нь уг дуудлага мэдээлэлдээ манайх 2021 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 60 орчим тооны бог мал алдсан гэх ба        тухайн бог малууд нь саахалт айл болох Л.Г, Ц.Т нарын малд байна, ногоон будгаар шинээр тэмдэглэсэн байна гэсэн. Энэ үед тухайн айлууд сумын зүүн хойно Өрөлтийн энгэр гэх газарт саахалт нутаглаж байсан юм билээ. Ингээд би Ц.Т, Л.Г нарын малд очиж үзэхээр Ж.Э, Б гэх мэт хүмүүстэй очиж хонин дунд нь харахад Ж.Э нь өөрийн хурга ишгээ таньсан ба ишиг хургыг ногоон будгаар хуучин тэмдгийг нь дарах маягтай талбай хамруулан будсан байсан ба 3 том хонь, 9 хурга, 36 ишиг байсныг ялгасан ба ишиг, хурга нь мориор зөв талын чих нь 2 талаасаа ухам, мориор буруу талын чих нь цуулбар имтэй, дээрх имийг Ж.Э нь бол шоргоолж, Б нь ухам гэж яриад байдаг юм байна лээ. Хүмүүс малын им тэмдгээ бол өөр өөрөөр ярьдаг юм. Мөн тухайн ишиг хургатай хамт 3 том хонь байсан ба энэ нь Ж.Э-ын эзэмшлийн хонинууд байсан бөгөөд уг хонинууд нь 1.Хоёр чих нь урдаасаа хөндлөн хайчилсан имтэй хар нүдэн эм хонь /уг хонь сэрвээн дээрээ хуучин цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/, 2.Хар халзан зүсний зөв тал нь араасаа догол имтэй хонь /уг хонийг хондлой дээрээ улаан будагтай байсныг шинээр ногоон өнгийн будгаар будсан байсан/. 3.Хар халзан зүсний зөв талын чих нь урдаасаа ухам, буруу чих нь урдаасаа хөндлөн хайчтай хонь /уг хонийг хондлой дээрээ цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/ тус тус байсан. Ингээд Ж.Э, Б нар нь өөрсдийн малаа таньж Л.Г, Ц.Т нарын малаас нь өөрсдийн нийтдээ 48 тооны малаа ялгаж авсан, тухайн үед Ж.Э, Б нар нь Л.Г, Ц.Т нарын малаас өөрсдийн малаа ялгаж авахдаа Л.Г, Ц.Т нарыг айлган сүрдүүлж, зодож цохин, хүч хэрэглэн дээрэмдэж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед ийм асуудал огт болоогүй...Тухайн үед бол хонь болон хурганд тэмдэглэсэн ногоон будгийн доор цэнхэр болон улаан будаг бага хэмжээтэй харагдаж байсан бөгөөд ихэнхийг нь хайчилж байгаад будсан байсан, ишигнүүдийг бол эвэр орчим нь будсан, зарим нь бүр хатаагүй байсан...Л.Г, Ц.Т нарын бусад бог малууд нь хуучин ногоон будагтай юм билээ, гэхдээ хуучин тэмдэгтэй малынхаа будгийг сэргээгээгүй, зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан, өөрөө ярихдаа айл амьтнаас хонь, ямаа авсан, тэгээд тэмдэг хийгээд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 126-127 дугаар хуудас/

 

            14. Шүүгдэгч Л.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...манайх өнгөрсөн зун Дадал сумын Т  гэх хүнээс 97 толгой мал худалдаж авсан юм. Ер нь манайх малтай болох гээд айлуудаас хонь ямаа ганц нэгээр нь худалдаж авсан. Манайд янз янзын будаг имтэй хонь ямаанууд ирсэн байгаа. Манайд улаан шар, ногоон будагтай хонинууд ирсэн байсан тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө эрт 06 цагийн орчимд манай  нөхөр бид хоёр хонь, ямаа, хурга ишгээ бүгдийг нь жигдрүүлэх гээд ногоон будгаар будсан. Би Э ын хонь манай хонинд хэзээ ирж нийлснийг мэдэхгүй байна. Манайхыг 09 дүгээр сарын 03-ны өдөр хонь, ямаа, ишиг, хургаа будаж тэмдэглэсэн тэгэхэд л манай хонинд ирж нийлсэн юм байна лээ тэгээд манай хонь, ямаатай хамт будагдчихсан байсан. ...Э  гуай ирээд танай алга болсон хурга, ишиг, хонь, ямаа маань байна гэж харчхаад явсан тэгээд удалгүй нилээд хэдэн хүнтэй эргэж ирээд манай хониноос хонь, ямаа ишиг хурга нийлсэн 48 тооны мал ялгаж аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 56-57 хуу/

 

15. Шүүгдэгч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 08, 09 дүгээр сарын үед л байх гэж бодоод байна, яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь одоо сайн санахгүй байна, Х аймгийн Б сумын төвийн хойхон талд өөрийн охин Л.Г, хүргэн Т-ийн нарынхаа нутаглаж байсан юм, тэгээд манай охины хоёр жоохон хүүхэд нь малдаа явдаг бөгөөд би бол малдаа огт явдаггүй, тэгээд манай охин, хүргэн хоёр маань мал цуглуулна гээд хүмүүсээс хонь, ямаа ихээр авдаг учир бид хэд хонь, ямаандаа тэмдэг тавихгүй бол болохгүй гэж бодоод хонь, ямаандаа тэмдэг тавихаар болоод хониныхоо хондлой, сэрвээг нь ногоон өнгийн будгаар будсан, харин ямааныхаа хоёр эврийг нь ногоон будгаар будаж тэмдэг тавьсан, тэгээд байж байтал манай Б сумын Б Э  гэх хүмүүс манай хөдөө гэрт маань ирээд бид хэдэд хандан манай хонь, ямаа танай малтай нийлчихсэн байна, малаа ялгаж авмаар байна гэж хэлсэн, тэгэхэд манай охин Г  нь цайлган юм болохоороо тэг, тэг гээд хонь, ямаагаа хашиж өгөөд хонь, ямааг нь ялгуулсан, тэгээд Б Э  нар манай хонь, ямаан дундаас өөрсдийнхөө 48 тооны хурга, ишиг, хонь, ямаагаа ялгаж аваад явсан, тэгээд явсных нь дараа Б Э  гэх хүмүүсийн бололтой 8 тооны ишиг манай малд үлдчихсэн байсан. Тэгэхэд манай охин Г  нь өөрийн нөхөр Төмөр, бид хоёрт хандан Б Э  хоёр бүх малаа аваад явлаа гэсэн, энд манайх биш 8 тооны ишиг байна, энийг өөр айлд аваачаад тавьчихъя гэж хэлсэн тэгэхээр нь би охиндоо нэг айл зааж өгөөд Л.Г, түүний нөхөр Т бид гурав уг 8 тооны ишгийг машиндаа ачаад уг айлдаа очоод 8 тооны ишгийг үлдээгээд буцаад гэртээ ирцгээсэн, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэх зүйл ийм л байна. Бид гурав уг 8 тооны ишгийг Х аймгийн Б сумын Г гэх залуугийн гэрт нь аваачиж тавьсан. Тухайн үед манай охин Г  уг 8 тооны ишгийг түр өөр айлд аваачаад тавьчихъя гэсэн юм, тэгэхээр нь Т бид хоёр тэгье гээд л уг 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьсан. Бид гурав уг 8 тооны ишгийг хүргэн Т-ийн эзэмшлийн портер маркийн автомашинд ачин авч явсан.  Надад хийсэн хэрэг байхгүй. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/

 

16. Шүүгдэгч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “би 2021 оны 09 дүгээр сард Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг Ө гэх газарт нутаглаж байсан юм, энэ үеэр манай малд манай Б сумын Э , Б гэх хүмүүсийн хэсэг хонь, ямаа нийлсэн байсан, тэгээд Э, Б нар манайд ирээд өөрсдийн хонь, ямаагаа ялгаж аваад явсан, тэгээд Э , Б нарыг явсны дараа хонь, ямаагаа бүртгэхэд Э , Б нар манай хонь, ямаанд 8 тооны ишгээ үлдээгээд явчихсан байсан, тэгэхэд манай хадам ээж Д эхнэр бид хоёрт хандан уг 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихъя гэж хэлсэн, тэгэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд уг 8 тооны ишгийг би өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн .....ХЭҮ улсын дугаартай, портер маркийн машиндаа ачаад манай эхнэр Л.Г, хадам ээж Д бид гурав хадам ээжийн таньдаг гэх Г гэх айлынд машинтайгаа очсон, тэгээд бид гурав 8 тооны ишгийг уг айлдаа үлдээгээд буцаад гэртээ ирсэн юм, би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан, одоо дахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байх гэж бодож байна, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, ийм асуудал гаргасандаа харамсаж гэмшиж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй. ...Тухайн үед манай хадам ээж Д нь уг ишигнүүдийг өөр айлд аваачаад тавьчихъя гэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд л 8 тооны ишгийг Г гэх айлынд аваачаад тавьсан юм. Би гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хөх өнгийн 48-... ХЭҮ улсын дугаартай, портер маркийн автомашинаа ашигласан, өөр ямар нэгэн зүйл бол ашиглаагүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 154-155 дугаар хуудас/

 

17. Шүүгдэгч Л.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд хүмүүсээс хонь, ямаа худалдан авч цуглуулсан юм, тэгээд би нөхөртөө хандан  хэдүүлээ хүмүүсээс олон тооны хонь, ямаа худалдан авлаа, энэ янз бүрийн им тэмдэгтэй малуудыг  адил тэмдэгтэй болгомоор байна гэж хэлсэн, тэгэхэд манай нөхөр зөвшөөрөөд манай ээж Д, манай нөхөр тэмдэг тавин Т бид гурав 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаанууддаа тэмдэг тавин будсан, тэгээд байж байтал манай Б сумын Б Э  гэх хүмүүс эхлээд хүүхдүүдээ явуулж өөрсдийнхөө малыг байгаа эсэхийг харуулсан, тэгээд дараа нь өөрсдөө хүмүүсийн хамт манай хөдөө гэрт маань ирээд надад хандан манай хонь, ямаа танай малд нийлчихсэн байна, бид нар хонь, ямаагаа ялгаж авъя гэж хэлсэн, тэгэхээр нь би Б Э  гэх хүмүүст хандан би энэ хонь, ямаануудаа янз бүрийн хүмүүсээс худалдан авсан, уг хүмүүсийг нь байлцуулна тэгээд та нар дараа нь ялгаж аваарай гэж хэлсэн, тэгэхэд Б Э  гэх хүмүүс уурлаж бид нар одоо ялгаж авна гээд байсан, тэгээд Б Э  гэх хүмүүс хонь, ямаагаа ялгаж авна гэж надтай хэрүүл маргаан хийж, бид нарыг айлгаж дарамталж байгаад 48 тооны хонь, ямаагаа ялгаж аваад явсан. Тэгээд Б Э  гэх хүмүүс бүх хонь, ямаагаа ялгаад авчихлаа гээд манай хөдөө гэрээс маань хөдлөөд явсан, тэгээд уг хүмүүсийг явсны дараа би өөрийн хонь, ямаагаа бүртгэж үзэхэд манай ишиг биш 8 тооны ишиг манай хотонд байсан, тэгэхээр нь би уг 8 тоонь ишгийг Б Э  гэх хүмүүсийн ишиг юм байхдаа гэж бодоод yг хүмүүсийг яагаад 8 тооны ишгээ үлдээгээд явсан юм бол гэж бодсон, мөн би уг хүмүүсийг албaap манай хотонд үлдээгээд явчихсан юм болов уу ч гэж бодсон, тэгээд уг үлдсэн 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихсан нь дээр байх гэж бодоод уг 8 тооны  ишгийг өөрсдийнхөө портер маркийн автомашиндаа ачаад өөрийн ээж Д-аар айл заалгуулаад ээжийн зааж өгсөн Г гэх айлынд 8 тооны ишгийг аваачаад тавьсан, тэгээд л бид хэд буцаад гэртээ ирсэн, тухайн үед нэг ийм асуудал болсон, би энэ асуудалд их гомдолтой байна, надад санаатайгаар хүний 8 тооны ишгийг хувьдаа завших гэсэн бодол байгаагүй, надад өөр хэлж ярих зүйл байхгүй, миний хэлж ярих зүйл ийм байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэхдээ миний энэ асуудалд манай нөхөр Төмөр, манай ээж Д нар огт хамаагүй гэдгийг хэлмээр байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/

- Гэмт хэргийн талаар өгсөн гомдол мэдээлэл /1-р хх-н 20-21 хуу/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-н 28-30/

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022//ШД/244 дугаартай “...56 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,690,000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/

- Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-н 89-93 хуу/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-н 95-97 хуу/

- Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 98-99 хуу/

- Гэрч Р.Г-ээс гаргаж өгсөн гэрэл зургийг хүлээн авсан тэмдэглэл болон тухайн гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-н 142-144 хуу/

-Мөрдөгч цагдаагийн ахмад Б.Цолмонхүүгийн үйлдсэн Б Э , Б нарын гэр болон малын бэлчээрийн зураглал /2-р хх-н 146 хуу/

 -Мөрдөгчийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татах тухай 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2666 дугаартай саналд “66 тооны бог мал алдсан...” гэж дурдсан /1-р хх-ийн 13 дугаар хуудас/

- Хохирогч Ж.Э-ын гомдол /1-р хх-ийн 17 хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /1-р хх-ийн 20 хуудас/

- Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл. Огноо засвартай гэх. /1-р хх-ийн 22, 24 дүгээр хуудас/

- Гэрч Ж.Э-аас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан мэдүүлэг. Хохирогч гэдгийг нь дарж гэрч болгосон гэх /1-р хх-н 39 хуу/

- Т.Б 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгийг хохирогч гэж зассан гэх. /1-р хх-ийн 48 дугаар хуудас/

- Гэрч Т.Б 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн мэдүүлгийг хохирогч болгож зассан. /1-р хх-ийн 52 дугаар хуудас/

- Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл. Огноог зассан гэх /1-р хх-н 128 хуу/

- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 168, 170, 172 хуу/

- Хохирогч Ж.Э-ын Х аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /2-р хх-ийн 203 дугаар хуудас/

- Х аймгийн прокурорын газрын 2022 онын 7 дугаар сарын 18-ны өдрийн 535 дугаартай хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 22 дугаар хуудас/

- Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2022 онын 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/1508 дугаартай хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Даариймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө ...гэдгийг мэдсээр байж ... түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарыг цагаатгуулах байр сууринаас,

Хохирогч Ж.Э-ын өмгөөлөгч Б.Т “...малаа бүрэн буцааж аваагүй, О гэдэг хүний ятгалгаар хохирол төлбөргүй гэсэн мэдүүлэг авсан байдаг. 6 эм хонь, 4 эм ямаагаар хохирсон энэ нь одоогийн зах зээлийн ханшаар төлтэйгөө 3,464,000 төгрөг болно. Үүнээс гадна аймгийн төв рүү Б сумаас 6 удаа ирж очсон, машины дугуй хагарсан, яндан цоорсон гэхээр нийт 7,000,000 төгрөгийн хохирол учраад байна” гэж мэтгэлцэж оролцов.

 

Х аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгаж шийдвэрлэв.

 

Мөнгө угаах гэмт хэрэг нь Нэгдүгээрт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан. Хоёрдугаарт түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн. Гуравдугаарт түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдлах гэсэн гурван объектив шинжийг агуулсан, идэвхтэй үйлдлээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Прокуророос шүүгдэгч Б.Д-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 8 тооны ишигний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан, мөн  шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор малын байршлыг өөрчилсөн гэж буруутгаж, яллагдагчаар татаж яллах дүгнэлтийг үйлджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгч Л.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...би тэр 8 ишгийг айлын хонинд аваачиж тавих санаа төрсөн юм. Тэгээд Э , Б нарыг эргэж ирээд авчхаж магадгүй гэж бодоод хурдхан айл руу аваачиж тавьсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 60-61 хуу/, шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...тухайн үед манай охин Г  уг 8 тооны ишгийг түр өөр айлд аваачаад тавьчихъя гэсэн юм, тэгэхээр нь Төмөр бид тэгье гээд уг 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьсан...” гэх мэдүүлгүүдээр тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Д санаачлаагүй болох нь тогтоогдож байна. Үүнээс гадна Б.Д-гийн дээрх үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн зарим шинжийг агуулж байгаа боловч уг гэмт хэргийн субъект биш юм. Учир нь тухайн мал хулгайлах гэмт хэрэгт түүний төрсөн охин Л.Г холбогдсон бөгөөд түүний хулгайн үйлдлийг нуун далдлах зорилгоор хийсэн Б.Д-гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” гэсэн үндсэн эрхээр үгүйсгэгдэх юм. Дээрх гэмт хэргийн субъект нь суурь гэмт хэргийг /мал хулгайлах/ үйлдсэн этгээдийн гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдээс бусад этгээд байдгаар бусад гэмт хэргээс ялгагдах  онцлогтой.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлүүдэд заасныг журамласан нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл Б.Д нь мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхдээ Л.Г, Ц.Т нартай бүлэглэсэн гэж үзсэн эсэх, тэгж үзсэн тохиолдолд Л.Г, Ц.Т нарын хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус, энэ талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх, малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамаатган ойлгодог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өөрийн малд ирж нийлсэн малыг ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгосны дараа Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж айлд аваачсаныг машин механизм ашигласан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн, эд зүйлийг захиран зарцуулах боломжтой болсны дараа хулгайлсан эд зүйл болох 8 тооны ишгийг тээвэрлэжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгаж шийдвэрлэсэн болно.

 

Харин шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь 2021 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-ны өдрүүдэд Хэаймгийн Б сумын 4 дүгээр  багийн нутаг Ө гэх газар Т.Б 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ын 3 тооны хонь нийт 56 тооны малыг өөрийн малд нийлснийг мэдсэн хэр нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, хуучин будгийг нь арилган дарж, ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгож бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ж.Э-ын “...би энэ малаа хайгаад явахад Төмөр гэх айлд манай алдсан хурга, ишиг, хониноос маань байж байсан бөгөөд манай хурга, ишиг, хонийг маань цэнхэр будагтай байхад нь уг будгийг нь дараад дээрээс нь ногоон өнгийн будгаар будчихсан байдалтай байсан.  ...Тэгээд байж байтал 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна, Б  алдсан 8 тооны ишигнийх нь сураг гарсан бөгөөд уг 8 тооны ишгийг нь Төмөр, түүний эхнэр Г  нар нь манай Б сумын  Г гэх айлынд аваачаад тавьчихсан байсан. Ингээд Б бид хоёр уг Г гэх айлынд очиж Б  8 тооны ишгийг нь буцаан авч Б алдсан бүх малаа олж авч ямар нэгэн хохиролгүй болсон. Тэгээд энэний дараахан шиг санагдаж байна, яг сайн хэлж мэдэхгүй байна, миний алдсан гээд хайгаад яваад байсан 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б  малд нийлчихсэн байж байхыг Б олж мэдээд надад хэлж яриад би Б дээр очиж малаас нь өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа ялган авч, ямар нэгэн хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Б“...Э  эгч бид хоёр тухайн үед нийтдээ 56 тооны  малаа алдсан... ямар ч байсан тухайн үед Э  эгч манай малаас өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа ялгаж аваад явсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Д.С “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн Портертой манай нутгийн эмээ Даариймаа, жолооч болон өөр нэг охинтой ирээд 8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юмаа, гишгүүлчихнэ гээд хэлэхээр нь хонь хашаатай байгаа та хурдан аваарай гэж хэлээд тавиулсан юм. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан нийт 8 ишиг байсан.” гэх мэдүүлэг,

            Гэрч Н.Г “2021 оны 09 дүгээр сарын 22-ны 21 цагийн орчимд шиг санаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Д гэдэг хөгшин хөх өнгийн Портер маркийн машинтай манай гадаа ирээд танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Дадал сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшний нэрийг бодоод 8 ширхэг ишиг тавиулсан юм. Тухайн үед Д гуай хүргэн Төмөр, охин Г  нарын хамт явж байсан...Д гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан. ...Хүргэн Төмөр, охин Г  нарын хамт гурвуулаа явж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-ын “Манай 2021 оны 09 сарын 05-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа дутуу байгааг мэдсэн. Тухайн үед тоолоод 66 тооны бог дутсан байсан. Тухайн үед ээж намайг айлын малаар хай гэсэн, би ойр орчмоор  байх айлуудаар явж хайсан ба Ц.Т-д мөн очиж асуусан боловч Ц.Т Л.Г нар манайд танай мал байхгүй гэсэн, мөн тэр өдөр нь манай ээж хонинд нь манай ишиг хурга очсон мөн ногоон будгаар будсан байгааг харсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Ө-ийн “манай ээж Ж.Э-ынх 2021 оны 09 сард Адагийн зүүн хойно Ө гэх газар нутаглаж байгаад 66 тооны малаа алдсан юм. Ингээд бид хайгаад явж байхад тус сумын иргэн Ц.Т-ийн малд 48 тооны мал нийлсэн байсан. Тухайн айлд байсан хурга ишиг хонио авах гэхэд хуучин цэнхэр будгийг нь дараад дээрээс нь ногоон будгаар дарж будсан байсан. Ц.Т Л.Г нар нь бидэнд хэлэхдээ бид айлаас авсан хонь ямаандаа тэмдэг тавьсан гээд байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ч-ын “...Би 2021 онд багийн Засаг даргын ажилтай байсан. 2021 оны намар 9 сарын эхээр шиг санаж байна. Тус сумын иргэн Ж.Э, Б нарын мал нь алдагдсан чинь тус сумын иргэн Г гэх айлд байна гээд явахад нь би явсан юм. Н.Г гэх айлд дандаа содон зүсний хүний анхаарал татахаар 8 ишиг орхисон байсан. Миний ойлгосноор Д гуай, Ц.Т нар хүргэж өгсөн юм шиг ойлгосон. Тухайн үед Ж.Э эгч цуг явсан. Тухайн ишигнүүдээ хараад бүгдийг нь таньж байсан юм...” мэдүүлэг,

            Гэрч Р.Г-ийн “...Энэ үед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Э нь мал алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. ...Ингээд би Ц.Т, Л.Г нарын малд очиж үзэхээр Ж.Э, Б гэх мэт хүмүүстэй очиж хонин дунд нь харахад Ж.Э нь өөрийн хурга ишгээ таньсан ба ишиг хургыг ногоон будгаар хуучин тэмдгийг нь дарах маягтай талбай хамруулан будсан байсан ба 3 том хонь, 9 хурга, 36 ишиг байсныг ялгасан ...ингээд Ж.Э, Б нар нь өөрсдийн малаа таньж Л.Г, Ц.Т нарын малаас нь өөрсдийн нийтдээ 48 тооны малаа ялгаж авсан ...Тухайн үед бол хонь болон хурганд тэмдэглэсэн ногоон будгийн доор цэнхэр болон улаан будаг бага хэмжээтэй харагдаж байсан бөгөөд ихэнхийг нь хайчилж байгаад будсан байсан, ишигнүүдийг бол эвэр орчим нь будсан, зарим нь бүр хатаагүй байсан... Л.Г, Ц.Т нарын бусад бог малууд нь хуучин ногоон будагтай юм билээ, гэхдээ хуучин тэмдэгтэй малынхаа будгийг сэргээгээгүй, зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан, өөрөө ярихдаа айл амьтнаас хонь, ямаа авсан, тэгээд тэмдэг хийгээд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШД/244 дугаартай “...56 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,690,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна..

 

Мал хулгайлахгэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.

Энэ гэмт хэргийн тухайд Л.Г, Ц.Т нар нь “бусдаас худалдаж авсан малаа тэмдэгжүүлэх зорилгоор ногоон өнгийн будгаар будсан, бусдын малыг будсан асуудлаа мэдээгүй” гэж, тэдний өмгөөлөгчийн зүгээс “энэ хэрэгт давж заалдах шатны шүүх машин механизм ашиглаад хулгай хийсэн байна гэж зүйлчлээд оруулж ирсэн дээр нь анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй завших болгосон, мөн хулгай гэмт хэрэг биш хууль зүйн дүгнэлт өг гэж шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ гэмт хэрэг хулгайн гэмт хэрэг биш гэдэг нь гэрчүүдийн өгч байгаа мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүдийг засаж өөрчилсөн байдаг. Иймд шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү” гэсэн мэдүүлэг, дүгнэлт дараах байдлаар няцаагдан үгүйсгэгдэж байна. Үүнд:

 Шүүгдэгч нар 2021 оны 07, 08 дугаар саруудад П.Э гэх хүнээс 97 тооны мал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан гэрч П.Э мэдүүлгээр тогтоогдож байна. Гэхдээ гэрчийн мэдүүлэгт шүүгдэгч нарт эхлээд 15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, дараа нь буюу 8 дугаар сард заазны 37 хонь ямаа худалдсан гэсэн бол шүүгдэгч нарын будаж тэмдэглэсэн малын 44 нь ишиг, 9 нь хурга байсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын будаж тэмдэглэсэн төл малын тоо, төрөл /хурга, ишиг/ нь тэдний худалдан авсан малын тоо, төрлөөс илт зөрүүтэй байгаагаас гадна сүүлд худалдсан 37 тооны мал нь заазлах мал байсан талаар гэрч дурдсан. Тэгвэл шүүгдэгч нарын будаж тэмдэглэсэн 53 тооны төл мал нь тарга тэвээрэг сайтай заазлах хэмжээний мал биш талаар шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Э мэдүүлсэн. Үүнээс гадна шүүгдэгч нарын 250-260 толгой малын тоо их гэж үзэж болох хэмжээгээр нэмэгдсэн байхад үүнийг анзаараагүй гэж дүгнэх боломжгүй юм. Мөн гэрчийн мэдүүлэгт эхний худалдсан 30 төл, 30 эх малыг ямар нэгэн будгаар будаж тэмдэглээгүй байсан гэж мэдүүлсэн бол хохирогч Ж.Э, Т.Б нарын мэдүүлэгт өөрсдийн малаа цэнхэр өнгийн будгаар будаж тэмдэглэсэн байсан талаар тус тус мэдүүлсэн. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нар нь тухайн малыг бусдын мал гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр онцлох шинж тэмдгийг өөрчлөн өөрийн болгосон нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхээс энэ гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэрэг биш гэж үзсэн гэсэн дүгнэлт нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг илтэд мушгин гуйвуулсан гэж үзэхээр байна. Магадлалд “...Л.Г, Ц.Т, Б.Д нар нь тухайн малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүрэгт нийлүүлсэн идэвхтэй үйлдэл үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлгийн толгой хэсгийг дарж зассан, зарим эрх зүйн баримт бичгүүдийн огноо засвартай зэрэг зөрчлүүд байгаа хэдий ч энэ нь оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хассан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж буй талаар мэтгэлцээгүйгээс гадна тухайн нотлох баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгө болох малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь шунахайн сэдэлтээр авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэдний 56 бог малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан олон тооны малыг, бүлэглэж хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

          Шүүгдэгч нар нь малчин хүний хуульд заасан /Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Иргэний хууль/ үүрэг болох алдуул мал олсон талаараа цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэлгүйгээр бусдын малыг тэмдгийг өөрчлөн өөрийн болгож буй тэдний үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр/ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэжээ. Энэ хэрэгт Л.Г, Ц.Т нар нь бусдын 56 тооны бог малыг хулгайлсан нь “олон тооны мал” гэсэн ойлголтод хамаарна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б 2,120,000 төгрөгийн, хохирогч Ж.Э-д 570,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нар мөрдөн шалгах ажиллагаанд “алдсан малаа бүрэн бүтэн олж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Т нараас “Малаа бүрэн буцааж аваагүй, О гэдэг хүний ятгалгаар хохирол төлбөргүй гэсэн мэдүүлэг авсан байдаг. 6 эм хонь, 4 эм ямаагаар хохирсон энэ нь одоогийн зах зээлийн ханшаар төлтэйгөө 3,464,000 төгрөг болно. Үүнээс гадна аймгийн төв рүү Бсумаас 6 удаа ирж очсон, машины дугуй хагарсан, яндан цоорсон гэхээр нийт 7,000,000 төгрөгийн хохирол учраад байна” гэсэн мэдүүлэг дүгнэлтийг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэл болон хохирогч нарын малаа байнгын хариулга маллагаатай байлгаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарт тус бүр нэг жилийн хорих ял оногдуулж, Өршөөлд үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жилийн хорих ялбыг цагаатгаж өгөөч” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Г гийн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо гүйцэтгэсэн үүрэг зэргээс гадна бага насны хүүхэдтэй байдлыг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т-т мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах харьцангуй тодорхой ялын санкц /оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан хэм хэмжээ/-тай  гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн ангиллаараа хүнд төрлийн гэмт хэрэгт хамаарна. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Нэгдүгээрт шүүгдэгч нарт хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаардана. Дээрх зүйл заалтыг хэрэглэхийн тулд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх гол шалгуур тавигдана. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, бусдын малыг хулгайлаагүй” гэж мэдүүлсэн нь хуулийн дээрх шаардлага хангагдаагүй гэж үзнэ. Хоёрдугаарт. Өршөөл үзүүлэх тухай хууль нь шүүгдэгчийн гэм буруугүй буюу түүнийг цагаатгах харилцааг зохицуулдаггүй болохоос гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй буюу хуулийн үйлчлэлээс хойш үйлдэгдсэн гэмт болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй гэж үзэж дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэгт битүүмжлэгдсэн 48-... ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Ц.Т-т буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54 секундийн бичлэг бүхий гэх сд-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэж,  шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Л.Г, Х овогт Ц-н Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Л-ын Г д 2 (хоёр) жил 6 (зугаа) сарын хугацаагаар хорих ялаар, Х овогт Ц-ийн Т-т 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г- д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн 48-.. ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Т-т буцаан олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54 секунд бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.Г, Ц.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР