Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/820

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч, хохирогч ***********, ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********, ***********нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000001152 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***********

Шүүгдэгч: *********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********, ***********нар согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “***********” бааранд маргалдан харилцан зодолдож, *********** нь ***********нүүр, хүзүүнд эгэм, бугалга, шуу, цээж, нуруун тус газарт цохиж, өшиглөн эрүүл мэндэд “зүүн завжинд шарх, баруун шанаа, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун эгэм, баруун бугалга, шуу, зүүн бугалга, цээж, зүүн эгэм, ар нуруунд цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ***********нь ***********ийн нүүр, бугуй, өвдгөн тус газарт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, баруун бугуйд зулгаралт, зүүн хацар, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөөгүй, ярьж тохиролцсон байгаа. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Гоо сайхны эмчилгээ хийлгэх ёстой гээд *********** хийлгэж өгнө гэсэн. Эхний тариаг хийлгэж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. ***********гаас уучлалт гуйж байна” гэв.

Шүүгдэгч, хохирогч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Нэхэмжлэх зүйлгүй, хохирол авсан зүйлгүй. *********** эгчээс уучлалт гуйя” гэв.

Эрүүгийн 2308000001152 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.***********гийн: “2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр найз залуу ******, найз охин *********** нарын хамт СХД-ийн 27 дугаар хорооны “***” бааранд 02 цагийн орчим орж пиво уусан. Бүжиглэж байгаад ирж суухад манай найз *********** “..чамайг нэг эгч мөрлөөд дунд хуруу гаргачихаад яваад өглөө...” гэхээр нь би “ямар хүн байсан юм бол” гэж асуусан чинь жинсэн яактай эмэгтэй хүн гэсэн. Бүжиглэх гэж явж байхдаа жинсэн яактай эмэгтэй хүн бүжиглэж байхаар нь би шууд жийгээд авсан чинь тэр эмэгтэй эргэж хараад миний баруун хацар луу нэг удаа алгадаад, үсдэж аваад доошоо дарсан. Би ч гэсэн зөрүүлээд үснээс нь барьж дарж автал хамгаалагч нар ирж салгасан. Нөгөө эмэгтэй бүжгийн талбайгаас яваад өгсөн. Би тэнд үлдэж 10 орчим минут бүжиглэсэн. Манай найз залуу “гаръя” гэхээр нь хамт гарах гэж явж байтал нөгөө үсдэлцсэн эмэгтэй ирээд “цагдаа дуудсан, хүлээж бай” гэхэд “за” гээд хүлээж байтал надтай үсдэлцсэн эмэгтэйн найз нь гэх эмэгтэй ирж миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай найз залуу намайг барьж аваад хөдөлгөхгүй байсан. ...Тэгээд цагдаа ирж бид нарыг машиндаа суулгах гэж явж байхад нөгөө эмэгтэйчүүд цагдаагийн гарыг давуулаад намайг энд тэндээс цохиод, надтай үсдэлцсэн гэх эмэгтэй миний зүүн талын нүд рүү 2 удаа цохиж зодсон. Улмаар миний зүүн талын нүд маш ихээр өвдөж, хавдсан юм. Тэгээд бид цагдаа дээр ирсэн. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй.

Тухайн үед надтай маргалдсан цэнхэр өнгийн жинсэн яактай *********** гэх эмэгтэй бүжгийн талбайд баруун хацар луу зүүн гараараа нэг удаа алгадаж, үснээс баруун гараараа зулгааж, зүүн хацар луу баруун гарын ард хэсгээр хоёр удаа цохисон. Миний биед учирсан гэмтлүүдийг *********** учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.05.29-ний өдрийн 6792 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********биед зүүн завжинд шарх, баруун шанаа, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун эгэм, баруун бугалга, шуу, зүүн бугалга, цээж, зүүн эгэм, ар нуруунд цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Хохирогч ***********ийн: “2023 оны 5 дугаар сарын 22-ны ...шөнө 01 цагийн үед найр дуусаад ***********, *********** нарын хамт бааранд орсон. Бид хүний 1 шил пиво захиалаад ууж байсан. ***********, *********** нар бүжиглэж байсан. Тухайн үед бидний сууж байсан ширээний хойд буланд үл таних охидууд хоорондоо маргалдаад байгаа бололтой харагдсан. Тэгээд би Мөнгөнсарнайг явах гэхэд нь гадуур өмсөж байсан жинсэн цэнхэр өнгийн урт яакийг өмсөөд гаргаж өгчихөөд нөгөө 2 багш дээрээ очоод явъя гэж хэлтэл сүүлийн хэдэн аян дээр бүжиглье гээд гуйхад нь зөвшөөрөөд хамт бүжиглэж байсан. Тэгтэл гэнэт ард нуруу хэсэгт маань хүн өшиглөөд унагаахад нь эргээд харахад үл таних цагаан, шаргал өнгийн богино куртиктай эмэгтэй нэлээд согтсон бололтой миний үснээс хоёр гараараа зулгаагаад доошоо дарчихсан. Намайг цагаан цамцтай залуу тэвэрч зүүн гарыг маань барихад намайг үсдэж байсан охин хүрч ирэхэд хацар луу нь сул байсан гараараа алгадсан. Мөн би үснээс нь баруун гараараа зулгаасан. Миний үснээс зулгааж байсан гарыг салгах гэтэл нүүр маажаад толгой руу цохиж, зүүн доод хэвлий хэсэгт өшиглөсөн. Баарны хамгаалагчид салгаад би цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй цагдаа нар ирээд надтай зодолдож маргалдсан эмэгтэй “цагдаагаар яваад яах вэ, хэд хэрэгтэй вэ” гэж миний баруун мөрнөөс яак татахад нь би уурлаад мөрөө татаж баруун гараа арагш нь савсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.05.25-ны өдрийн 6771 дүгээр  шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********ийн биед баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, баруун бугуйд зулгаралт, зүүн хацар, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Гэрч ***********: “2023 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн үед найз охин Т.***********, 1 найз охиных нь хамт пиво ууж байгаад ...бааранд орсон. 0.5 литрийн хэмжээтэй пиво хүний 1 ширхгийг ууж байгаад бүжгийн талбайд бүжиглэж байсан. Гэнэт найз охин ***********хүнтэй муудалцсан бололтой нэгнийхээ үснээс хоёр гараараа үсдэлцээд тонгойчихсон зогсож байсан. Салгахад нөгөө үсдэлцэж байсан цэнхэр өнгийн урт жинсин яактай эмэгтэй хүн салаад явчихсан. 10 орчим минутын дараа 3 давхрын хаалгаар гарах гэтэл үүдэн дээр нөгөө зодолдож байсан эмэгтэй 2 эмэгтэй найзтайгаа зогсож байгаад “цагдаа дуудчихсан хүлээж бай” гэхээр нь бид хоёр гарах гэтэл нөгөө цэнхэр жинсэн яактай эмэгтэй нь найз охины хэвлий хэсэгт баруун хөлөөрөө гэж санаж байна 1 удаа өшиглөхөөр нь найз охиноо татаж холдуулаад удалгүй эргүүлийн хоёр цагдаа ирээд бүгдийг нь дагуулж доошоо бууж байтал баруун хацар хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохиж, цагдаагийн машинд суух гэтэл дахин баруун нүд рүү нь зүүн гарынхаа араар дахиад цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

шүүгдэгч ***********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-111), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-108), Нийслэлийн ерөнхий боловсролын **** дугаар сургуулийн “*********** нь бага ангийн багшаар ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт (хх-112), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-88), дансны хуулга (хх-117-143),

шүүгдэгч ***********иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-54), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-56), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-57), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-58), дансны хуулга (хх-60-76), шүүгдэгч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-164, 165), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-166-167), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-168-171) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********, ***********нар согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “***********” бааранд маргалдан харилцан зодолдож, *********** нь ***********нүүр, хүзүүнд эгэм, бугалга, шуу, цээж, нуруун тус газарт цохиж, өшиглөн эрүүл мэндэд “зүүн завжинд шарх, баруун шанаа, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун эгэм, баруун бугалга, шуу, зүүн бугалга, цээж, зүүн эгэм, ар нуруунд цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ***********нь ***********ийн нүүр, бугуй, өвдгөн тус газарт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, баруун бугуйд зулгаралт, зүүн хацар, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч *********** мэдүүлэг (хх-9, 11), шүүх эмнэлгийн 6792 дугаар дүгнэлт (хх-25-26), хохирогч ***********ийн мэдүүлэг (хх-15-16), шүүх эмнэлгийн 6771 дүгээр дүгнэлт (хх-31-32), гэрч *********** мэдүүлэг (хх-21-22) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***********ийн согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн ***********хацар луу нь алгадаж, гарын ар хэсгээрээ 2 удаа цохиж, үснээс зулгааж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч ***********согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн ***********ийн нуруу хэсэг рүү өшиглөж, үснээс зулгааж, нүүрийг маажиж, толгой руу цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.***********, *********** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ***********хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч *********** хохирол төлөөгүй, хохирогч *********** хумсны сорви арилгах эмчилгээ хийлгэж байгаа гэх, шүүгдэгч ***********тухай бүрт нь төлж барагдуулна гэх, хохирогч нарын “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-164, 165)-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “***********” бааранд 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Т.***********тай маргалдаж, нүүр, хүзүүнд эгэм, бугалга, шуу, цээж, нуруун тус газарт цохиж, өшиглөж, эрүүл мэндэд “зүүн завьжинд шарх, баруун шанаа, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун эгэм, баруун бугалга, шуу, зүүн бугалга, цээж, зүүн эгэм, ар нуруунд цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ***********согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “***********” бааранд 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч ***********тай маргалдаж, нүүр, бугуй, өвдгөн тус газарт нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, баруун бугуйд зулгаралт, зүүн хацар, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***********, ***********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч ***********, ***********тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч *********** “Ялыг зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ухаарч байна. Дахин алдаа гаргахгүйг хичээнэ. ***********гаас уучлалт гуйя” гэж,

шүүгдэгч ***********“Ялыг зөвшөөрч байгаа. Буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна. *********** эгчээс уучлалт гуйж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч ***********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч Т.***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ***********, ***********нар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар ***********, ***********тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгч нар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар буюу бааранд биеэ зөв авч яваагүй, улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж харилцан зодолдон эрх, эрх чөлөөнд халдаж тус тус гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч ***********хохирлын баримт гаргаж өгөөгүй, *********** хохирол төлөөгүй, хохирогч *********** хохирлын 123,050 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч ***********сорвины эмчилгээ хийлгэж өгч байгаа гэх, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч ***********ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал), шүүгдэгч ***********хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг шүүгдэгч тус бүрийг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********, ***********нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ***********, ********* овогт ********ын *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нарыг 500,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********, ***********нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, ***********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР