Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 61

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг     

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа   

Шүүгдэгч М.Даш

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Эрүүгийн хэргийн дугаар 201601070174

 Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгэн овогт  Мөнхбатын Дашид холбогдох 201601070174 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.          

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Элжгэн овогт  Мөнхбатын Даш /РД: УЮ 92021712/, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэг 3 дугаар хороо, Наран хороолол 44 дүгээр байр 08 тоот оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч М.Даш нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүрэг 5 дугаар хороо, Залуус хэсэг 44 тоотод байрлах Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор орж 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж бага бус хэмжээний буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Даш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

            Би 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Мөнхцэцэг гэх эгчийнхээ том өрөөний цонхоор мөрөөрөө түлхэж ороод ханын шүүгээнд нь байсан 3 ширхэг мөнгөн аягыг авч гэртээ байлгаж байгаад маргааш нь найз Бат-Эрдэнэд хадгалж бай гэж аваачиж өгсөн. Хохирогчид гурван ширхэг мөнгөн аягыг нь буцааж өгсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм зүйл гаргахгүй гэж амлаж байна.

    Хохирогч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

     “...би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цоожлоод хөдөө яваад 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иртэл байшингийн маань цонх онгорхой сервантан дээр байсан 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Би алдсан аягаа нэг бүрийг 150.000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/

Шинжээчийн 09/039 дугаартай дүгнэлт “...шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дээрх гутлын улнаас үүсгэгдсэн мөр дүрсүүд нь адилтгалын шинжилгээнд ирүүлсэн спорт загварын хос гутлын зүүн хөлийн өмсгөлийн гутлын улны өсгий хэсгээс үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын зүүн хөлний өмсгөлийн улны хээний хэлбэр, дүрсүүдтэй адил байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

Эд зүйл түр хураан авсан тухай  тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/

Алдагдсан эд зүйлсийг буюу мөнгөн аягыг 450.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 45 дугаар хуудас/

Ял шийтгэлийн талаар: М.Даш нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “ял шийтгэлгүй гэсэн” баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

      Шүүгдэгч М.Даш нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүрэг 5 дугаар хороо, Залуус хэсэг 44 тоотод байрлах Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор орж 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж бага бус хэмжээний буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхцэцэгийн “...2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цоожлоод хөдөө яваад 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иртэл байшингийн маань цонх онгорхой сервантан дээр байсан 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Би алдсан аягаа нэг бүрийг 150.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өвчтэй дүүгээ хардаг тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн 09/039 дугаартай дүгнэлт “...шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт дээрх гутлын улнаас үүсгэгдсэн мөр дүрсүүд нь адилтгалын шинжилгээнд ирүүлсэн спорт загварын хос гутлын зүүн хөлийн өмсгөлийн гутлын улны өсгий хэсгээс үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын зүүн хөлний өмсгөлийн улны хээний хэлбэр, дүрсүүдтэй адил байна” гэсэн дүгнэлт, эд зүйл түр хураан авсан тухай  тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл, алдагдсан эд зүйлсийг буюу мөнгөн аягыг 450.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Даш нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүрэг 5 дугаар хороо, Залуус хэсэг 44 тоотод байрлах Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор орж 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж бага бус хэмжээний буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

            Дээрх хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч нь хулгайн үйлдэлдээ шууд санаатай, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлттэй хандсан нь шүүгдэгч М.Дашийн “...мөнгөний хэрэгцээ гараад би хамаатан Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн гэрээс 3 ширхэг мөнгөн аягыг нь хулгайлсан юм” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Мөнхцэцэг нь хулгайд алдсан эд зүйл 3 ширхэг мөнгөн аягыг буцааж хүлээн авсан болох нь Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд үзйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

Иймд М.Даш нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүрэг 5 дугаар хороо, Залуус хэсэг 44 тоотод байрлах Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор орж бусдын орон байранд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж бага бус хэмжээний буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Даш нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.    

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Элжгэн овогт  Мөнхбатын Дашийг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Мөнхбатын Дашид эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар М.Дашид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хохирогч Б.Мөнхцэцэг нь хохирол төлбөргүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Даш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Дашид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  7. М.Дашд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Дашид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА