Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0549

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч З.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Б.Э, Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0319/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.3, 39.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“Хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/62 дугаартай “Зарим байцаагч ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал гаргаж 1 дүгээр хавсралтаар Захиргаа хяналтын хэлтсийн дарга Т.Г-т 3 сар хүртэл хугацаагаар цалингийн хэмжээг 20%-иар бууруулах шийтгэл оногдуулсан. Захиргаа хяналтын хэлтсийн дарга Т.Г 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал ажлын 20 хоног ээлжийн амралттай байсан ба дээрх тушаалыг Т.Г эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2024 оны 09 дүгээр сарын 27-нд гомдол гаргасан. Дээрх гомдол шийдвэрлэгдээгүй байхад Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/62 дугаартай актыг хүчингүй болгосон. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь хэсгийг үндэслэл болгосон. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Т.Г-ийг Хан- Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 778 дугаар албан тоотоор “... Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар баталсан журмын 5.2-т заасан нөхцөлийг манай газар хангах боломжгүй тул шилжүүлэн авч ажиллуулахаас татгалзаж байна” гэх хариу ирүүлсэн. Т.Г Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/69 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Дээрх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсний дагуу тус газрын дарга Н.А-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Т.Г-ийг ажилд эгүүлэн томилсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0001 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин 3,808,844 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлж 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар “Хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам”-ыг гаргасан. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.А-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар “Хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам”-ыг баталсан. Дээрх журмыг эс зөвшөөрч, мөн Н.А-д холбогдуулан хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтын талаарх гомдлыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдаас Хүний эрхийн үндэсний комисст гаргасны дагуу хяналт шалгалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/03 дугаартай “Шаардлага” гарч, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн. Уг шаардлагад нийт 5 асуудал тусгасан. Үүнд: Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, төрийн алба тогтвортой байх зарчмыг баримтлах; Ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт үзүүлдэг байх тул энэ төрлийн зөрчил гаргуулахгүй байх; Зарим ажилчдыг өөрийнх нь зөвшөөрөлгүй сэлгэн ажиллуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг чанд баримтлах; Ёс зүйн зөвлөлийг удаа дараа богино хугацаанд өөрчилсөн байх тул ёс зүйн зөвлөлийг хараат бусаар, тогтвортой ажиллуулах; 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хэлтсийн даргын А/40 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар “Хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам”-ыг баталж, ажилчин бүрт талон олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй тул журмыг хүчингүй болгох гэжээ. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А нь Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/03 дугаартай шаардлагыг биелүүлээгүй ба 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаартай “Хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам”-ыг шинэчлэн батлах тухай тушаал дахин гаргасан.

Төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн: 2024 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас “Ж м" ХХК-д хяналт шалгалт хийхдээ тэтгэвэрт гарсан, хяналт шалгалт хийх эрхгүй, төлөөлөгчийн орон тоонд ажилладаг Г.Э-ээр хяналт шалгалтыг удирдуулж, нэг байцаагчийн хамт хийлгэсэн бөгөөд илэрсэн зөрчил /1.9 тэрбум төгрөгийн/-д Улсын байцаагчийн акт үйлдээд тухайн акт дээр хяналт шалгалтад оролцоогүй Т.Г-ийг гарын үсэг зурахыг шаардаж, хяналт хийгээгүй тул гарын үсэг зурахгүй гэсний төлөө ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн. Т.Г 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 06/08 дугаартай “Зөвлөмж” гарсан ба тухайн зөвлөмжид: Хууль бус актын улмаас Т.Г-ийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 3 жилд 1 удаа зохин байгуулагддаг шалгалтад оролцох эрхгүй болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Хуулийн мэргэжилтэн В.Э удаа дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсний дагуу шилжин ажиллах хүсэлтээ өгсөн. Шилжүүлэх тушаал гаргахдаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газартай зөвшилцөөгүй зэргээс үзэхэд Т.Г-ийн хууль заасан ажил эрхлэлт, дарамтаас ангид байх эрх зөрчигдсөн байх тул Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар 4 зөвлөмжийг хүргүүлсэн. Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4-т заасан дарамтаас урьдчилан сэргийлэх; 2. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасан албан хаагчид удирдлага, хамт ажиллагсдын зүгээс аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт өгөхгүй байх; 3. Хөдөлмөрийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлын тухай тухай хууль болон бусад хуульд нийцүүлж хүний эрхийн мэдлэг, шинэлэг агуулга бүхий сургалт зохин байгуулж удирдах албан тушаалтныг хамруулах, 4. Төрийн албан хаагчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А-д Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох.

Мөн Т.Г-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд 2024 оны 11 дүгээр сарын 07-нд гомдол гаргасан ба тус дэд хороо 2025 оны 02 дугаар сарын 21-нд хуралдаж 02 дугаартай “Дүгнэлт” гаргасан. Тус Дүгнэлтэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А-ийн дээрх үйлдлүүдийн талаар дүгнэж уг үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шинжтэй тул томилох эрх бүхий этгээдэд шилжүүлсэн.

Дээрх нөхцөл байдлыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргыг томилж чөлөөлөх эрх бүхий этгээд болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас бүхий л нөхцөл байдлыг судлан үзэж, хуульд заасан сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох”-оор заасан хуулийн хатуу зохицуулалт болох 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” /удаа дараа/, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” удаа дараа/-ийг тус тус удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдсон тул зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Б/24 дүгээр тушаалыг гаргасан.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.7-1.27 дахь хэсэгт маргаан бүхий актын бодит 3 үндэслэлийн 2 нь тогтоогдсон буюу “хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан”, “хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлж 2024 оны 04 дүгээр сарын 17 өдрийн А/12 дугаартай “Хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам”-ыг гаргасан” гэх зөрчил нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.35-1.38 дахь хэсэгт "төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн" гэх зөрчил бүрэн дүүрэн тогтоогдсон эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж дүгнэж, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн эсэхийг дахин нотлох шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь энэхүү гомдлын 3-т дурдсанчлан Н.А-г төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний 06/08 дугаартай “Зөвлөмж”-өөр тогтоосон буюу нэхэмжлэгчээс тухайн зөвлөмжтэй маргаагүй болно.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 28.3-т “Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно” гэж тус тус зааснаар тухайн комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, заавал биелүүлэх үүргийг хүлээдэг болно. Маргаан бүхий актын үндэслэл нь ганц “төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн” гэх үндэслэл биш бөгөөд үүнээс гадна нэхэмжлэгчийн хэд хэдэн хууль бус үйлдэл байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ гээд. 3.3.1-д зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, 3.3.2-д гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, 3.3.6-д гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал, 3.4-т Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдолд хамаарна гээд, 3.4.5 хэд хэдэн зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг харгалзаж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” шийтгэлийг ногдуулсан тул маргаан бүхий Б/24 дүгээр тушаал нь хууль ёсны, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангасан үндэслэл бүхий захиргааны акт болно.

Гэтэл Анхан шатны шүүхээс тус маргаан бүхий Б/24 дүгээр тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.39-д “... шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.35-1.37-д заасан асуудлыг бүх талаас нь дахин нягтлан үзэж, нэхэмжлэгч Н.А нь бодит байдал дээр төрийн албан хаагчийн ажлын байрны дарамт үзүүлсэн гэх зөрчил гаргасан эсэхийг дахин дүгнэж, шинэ акт гаргах нь зүйтэй байна” гэж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан шийдвэрийг шүүх дараах тохиолдолд гаргана.

Шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх буюу шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг нь үндсэндээ тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” тухайн акт хууль ёсны байж болохуйц байх бөгөөд тэрхүү өөр бусад үндэслэлийг шүүхээс тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх ёстой гэж захиргааны процессын эрх зүйн хувьд ойлгож хэрэглэдэг.

Гэтэл дээрх хууль ёсны захиргааны актыг шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.35-1.37-д заасан асуудлыг бүх талаас нь дахин нягтлан үзсэн ч үр дагавар ижил буюу гаргасан бусад зөрчил болох “хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т "хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, “Хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн” буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” нь тус тус тогтоогдсон тул хэд хэдэн зөрчил гаргасан сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” шийтгэлийг өөрчлөх үндэслэлгүй юм.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

2.1. Нэхэмжлэгч Н.А-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Н.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            2.2. Маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Н.А-д “Хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар "Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам" баталсан зөрчил дахин гаргасан гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,

2.3.1. Нэхэмжлэгч Н.А нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Т.Г нарын нэр бүхий 4 албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан боловч тэрээр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр бүхий захиргааны акт гаргасан...” гэх үндэслэлээр өөрийн гаргасан дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа хүчингүй болгожээ.     

2.3.2. Мөн нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Ж-д хандан "... Т.Г нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжин ажиллах хүсэлт гаргасан тул шилжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй" гэсэн агуулга бүхий 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар албан бичгийг хүргүүлж, улмаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас харилцан тохиролцох хариу ирээгүй байхад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/69 дугаартай "Т-ийн Г-ийг шилжүүлэх тухай" тушаалыг гаргасан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар албан бичгээр “... шилжүүлэн авч ажиллуулахаас татгалзаж байна” гэх хариу хүргүүлсэн байна.

Улмаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/2485 дугаартай “...албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон эсэх нь тодорхойгүй, мөн тухайн байгууллагын удирдлага хооронд харилцан тохиролцоогүй байхад Т.Г-ийг өөр албан тушаалд шилжүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны Б/69 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх зохицуулалтыг зөрчсөн байна...Т.Г-ийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг мэдэгдье” гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч Н.А-д хүргүүлсэн байна.

Үүний дагуу нэхэмжлэгч Н.А 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Т.Г-ийг ажилд нь эгүүлэн томилсон ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0001 дугаартай захирамжаар “хариуцагчийн зөвшөөрлийг баталж” шийдвэрлэсний дагуу Т.Г-т ажилгүй байсан хугацааны цалин болох 3,808,844 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1046 дугаар “Төрд учруулсан хохирлын тухай” албан бичгээр тогтоогдсон.  

Төрийн албаны тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”,  39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Н.А нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэрүүд гаргаж байсан болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.3.3. Нэхэмжлэгч Н.А 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцлагын талон мөрдөж, ажиллах журам”-ыг баталжээ. 

Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн төрлүүдэд хамаарахгүй байх тул уг журмыг хүчингүй болгох талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/03 дугаартай шаардлагыг хүргүүлж байсан байна.

Гэтэл нэхэмжлэгч Н.А 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар тушаалаар дахин хариуцлагын талон мөрдөн ажиллах журмыг шинэчлэн баталсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, “Хариуцлагын талон мөрдөн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” журмыг дахин баталсан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж заасантай нийцэхгүй байх төдийгүй хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэх үндэслэл болно.

2.3.4. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаартай “...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Т-ийн Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай" Б/83 дугаар тушаалыг гаргасан байгаагаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Г-ийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамтаас ангид байх эрх нь зөрчигдсөн... Төрийн албан хаагчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А-д Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох...” гэх агуулга бүхий зөвлөмжийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Г-т хүргүүлсэн ба Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар уг зөвлөмжийг хаяглагдсан этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтэд “...Н.А нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан "..., түүнчлэн дарамт, хүчирхийлэл, ... үзүүлэх"-ийг хориглоно гэснийг зөрчсөн байна...” гэж дүгнэжээ.

Дээр дурдсан үйл баримтуудаар нэхэмжлэгч Н.А Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”,  39 дүгээр зүйлийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчиж төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн нь тогтоогдсон гэж үзнэ.

2.4. Харин нэхэмжлэгч Н.А-г бодит байдал дээр төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн гэх зөрчил гаргасан эсэхийг дахин дүгнэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Н.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/24 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой, цаашид тодруулах шаардлагатай зүйл байхгүй төдийгүй тэдгээр нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл үгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж заасныг буруу тайлбарлан маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Н.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг 2 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН