Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/867

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Булгантамир, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,   

улсын яллагч Т.Төмөртулга,

иргэдийн төлөөлөгч Д.Бямбажаргал, Ж.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308008820685 дугаартай 2 хавтас хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2023 оны 2 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********тоотод хохирогч ********толгойн тус газар гараараа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Санаатай алаагүй. Дүү гарна гээд байхаар нь гаргахгүй гээд цээж рүү нь 1 цохитол талийгаач орон дээр суусан. Тэгээд унтаад өгсөн. Шөнө босоод харахад зурагтын өмнө хэвтэж байсан. Ус өгчих гэхээр нь өгсөн. Дүүгээ ийм байдалд оруулсан миний буруу. Зүйл анги, зүйлчлэлийг багаар өгөх болов уу гэж бодож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болдог өдрийн маргааш өглөө нь ээжийнд орсон. Ороход талийгаач дүүгийн зургийн өмнө зул асаасан байсан. Би гайхаад асуухад “өчигдөр маргалдаад талийгаач гаднаас орж ирэхэд зодоон хийсэн нүүр ам нь шалбарсан орж ирсэн байна лээ. Манай энэ хоёр маргалдаад шалиагүй юм байна лээ. Тэгээд гарах гэхээр нь гаргахгүй гээд түлхээд зурагтын өмнө нэлээн удаан суулгасан. Тэгээд унтаад өгсөн” гэж ээж хэлсэн. Иймэрхүү юм ярьсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Дүүгээ санаатай алаагүй байх гэж бодож байна. Зүйл ангийг хөнгөрүүлээд ялыг бага өгнө үү” гэв.

Эрүүгийн 2308008820685 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********гийн: “...Манай ээжтэй хамт талийгаач дүү ********болон дүү ********нар амьдардаг. Манай хоёр дүү ер нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаг, ээжтэй хааяа архи уугаад байдаг. ...Хамгийн сүүлд ********2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр уулзаад салсан. Би ер нь бол ээж, хоёр дүүгээ эргэж харж, орж гардаг бөгөөд гэрийнх нь орчмын дэлгүүрийн хүмүүст “манай хоёр дүүд архи дарс битгий өгч байгаарай” гэж хэлж захидаг. ...2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед ээжийн гэрт орсон. Ээж ганцаараа байсан. Ээж надад “********нас барсан, ********цагдаа авч явсан” гэж хэлсэн. Би “Юу болсон юм бэ, яагаад ийм зүйл болсон юм бэ, эрт надад утсаар холбогдож хэлэхгүй яасан юм бэ, дүү нар архи уугаад хоорондоо зодолдож элдэв янз болсон юм уу” гэхэд манай ээж юу ч хэлэхгүй уйлаад сууж байснаа “********, ********нар урд шөнө будаатай хуурганаас болж маргалдан зодолдоод ****************ыг цохисон чинь газар унаад босохгүй байсан” гэж хэлсэн. Би ээжийн гэрээс гараад эхнэр ********т “Ээжийн гэрт ирлээ, ********нас барсан байна, хүрээд ир” гэж хэлсэн. ...Тэр үед эхнэр надад “Цагдаатай уулзсан, ********нас барсан байна, шүүх эмнэлэгт цогцос нь байгаа гэж байна, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би буцаад цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн. Эхнэр надад “********ыг нас барсан гэж хэлсэн, яг нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа юм байна, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарахад хэлнэ гэж байна” гэж хэлсэн. Ажил явдал болж дуусаад ээж болон ********нараас өмнөх өдрүүдэд юу болсон талаар асуусан. Ээж бол өмнө нь ярьсан зүйлээ хэлсэн. ********надад “********орой согтуу ******** гэдэг хүүхэнтэйгээ орж ирсэн, буцаад гарна гээд надтай жаахан маргалдаад би тэгээд унтуулсан. Толгой өвдөөд байна гэж хэлсэн” гэж хэлсэн. Цагдаагийн өрөөнд ороход ...********цагдаад хандаж “********орой гарна гээд байсан. Би гаргахгүй гэхэд надтай маргалдсан. Би мөр лүү нь нэг удаа зөөлхөн цохисон” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нь уурлаад “чиний зөөлхөн мөр лүү нь цохисон хүн чинь шүүх эмнэлэг дээр нас барсан байж байна” гэж хэлсэн. ********ыг нас барснаас хойш дүү ********ажиглаад хараад байхад дуугүй, юм бодоод байгаа юм шиг ажиглагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-20 дахь тал),

хэргийн газарт үзлэг хийсэн “...уг хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, ** дугаар байр гэх ...*** дугаартай шар өнгийн төмөр хаалгатай орцоор дотогш ороход өөдөөс харсан хүрэн бор өнгийн бүргэд хаалга байх. ...уг тогооны дотор талд хагарсан цайвар өнгийн шаазан байсныг мөн уг тавиур дээр цусан толбо байсныг 5 гэж дугаараар тэмдэглэж хагархай цагаан өнгөтэй цусаар бохирлогдсон шаазанг хэргийн үзлэгээр хураан авч ...уг тавиурын дагуу цус мэт зүйлийг дуссан мөр байсныг... уг ор бөгөөд тавиурын голд амь хохирогч хэвтэж байсныг 3 дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг цогцосны хэвтэж буй цайвар өнгийн шал нь улаан хүрэн бөгөөд шавхай мэт зүйлээр бохирлогдсон байх бөгөөд толгойд үсгүй, цайвар саарал өнгийн ...куртик, улаан канттай баруун хажуугаар тохой дотор хэсэгт цусаар бохирлогдсон цагаан биеийн тамирын цамцтай, түүний дотуур хар өнгийн цамц, улаан өнгийн оймстой цогцос байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-7 дахь тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2023.03.14-ний өдрийн 560 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун чамархай ясны хугарал, тархины баруун, зүүн духны дэлбэнгийн суурийн хэсэг болон баруун, зүүн духны дэлбэнгийн таславч хоорондын эдийн няцрал, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлгийн духны аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, эрүү, баруун тохойд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх баруун чамархай ясны хугарал, тархины баруун, зүүн духны дэлбэнгийн суурийн хэсэг болон баруун зүүн духны дэлбэнгийн таславч хоорондын эдийн няцрал, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн духны аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт гэмтэл нь нас барахаас 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Зүүн дээд доод зовхи, эрүү, баруун тохойд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь 7-10 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. 4. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, ходоодны архаг үрэвсэл, архины архаг хордлого архаг өвчтэй байна. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 6. Талийгаачийн цогцост 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 50 үзлэг хийхэд нас бараад 8-10 цаг болсон гэжээ. 7. Талийгаачийн цус нь А/II/-р бүлгийн харъяалалтай байна. 8. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 61-72 дахь тал),

Шинжээч Б.Даваасүрэнгийн: “Дээрх амь хохирогчийн биед үүссэн гавал тархи гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Яагаад гэвэл дээрх гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэж байгаа юм. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэнэ. Амь хохирогчийн гавал ясны хугарлаас гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч тухайн гэмтлийг авсан даруйдаа идэвхгүй хөдөлгөөн /хэвтэх, ухаан алдах/-тэй тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Түүнээс биш талийгаач ********д учирсан гэмтлийн үед ямар ч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Хэрэв талийгаачийг энэ гэмтэл авсан даруйд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой. Бусад хөнгөн гэмтлүүд нь талийгаач ********ыг нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл учир гавал тархины буюу амь хохирогч ********ыг үхэлд хүргэсэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал),

Гэрч ********ын: “...Төв аймгийн Мөнгөнморьт суманд барилгын ажил хийж байгаад 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирсэн. Ирсэн өдрөөс талийгаач гэртээ тогтохгүй, найз нөхөдтэйгээ уулзана гэж гарч яваад оройд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирдэг байсан. 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр талийгч хүү ********, мөн хүү ********нарын хамт бид гурав архи уугаад унтацгаасан. Тэгээд өнөө өглөө сэртэл бага хүү ********нь нас барчихсан байсан. Өчигдөр хүү ********бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэх үед царай төрх зүгээр байсан. Өглөө сэрээд хартал хүнд зодуулсан юм шиг нүүр ам нь хөхөрчихсөн байсан...

...Би согтоод унтаж байгаад нэг сэргэтэл гаднаас бага хүү амь хохирогч ********согтуу орж ирсэн. Үүнээс хойш юу болсон эсэхийг сайн санахгүй байна. Нэг сэртэл хүү ********“хоол хийсэн идээрэй ээжээ” гэж хэлээд өгсөн. Будаатай хуурга байсан шиг санаж байна. Энэ үед үүдний өрөөнөөс амь хохирогч ********ах ********хоол иднэ, идэхгүй гэж маргалдаад байсан. Би “та 2 унтаад өгөөч” гэж чанга дуугаар муухай хашхирсан. Хэрүүл намдахгүй болохоор нь би босоод үүдний өрөө рүү ортол амь хохирогч ********өөрийнхөө унтдаг орны урд зогсож байсан. Харин ********хажууд зогсож байсан. ********амь хохирогч ********ыг нэг удаа гараараа цохисон. Энэ үед ********газар унасан. Үүнээс хойш хөдлөхгүй хэвтээд байсан. Тухайн үед ойролцоогоор 00-01 цаг болж байсан байх. Би гайгүй байх гэж бодоод орон дээр хэвтсэн чинь унтсан байсан. ********намайг унтах үед өөрийнхөө орон дээр сууж байсан. Хэсэг унтаж байгаад босдог цагтаа буюу өглөөний 05-06 цагийн орчим сэрээд бостол ********цохиулаад унасан газраа буюу унтдаг орны урд хөндлөн байрлалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би цайгаа чанаад ********“ажилдаа яв, ********яачихсан юм бэ, хөдлөхгүй байна, болохгүй бол түргэний эмч дууд” гэж хэлтэл ********гараад явсан. Удалгүй орж ирсэн. Араас нь 103 эмч ирээд ********ыг үзснийхээ дараа нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-25, 28-30 дахь тал),

Гэрч ********гийн: “...00 цагийн орчимд гэртээ байхад манай зүүн талын айл буюу 00 тоотын айлд эрэгтэй хүмүүс маргалдаад байсан, тухайн маргалдах чимээ 1 цаг орчим үргэлжилсэн. Тэр хүмүүс аяга шидэж байгаа чимээ гарч хагарах шиг болсон, тухайн хүмүүс маргалдаад зодолдоод болихгүй болохоор нь унтах гээд чихэндээ чихэвч зүүгээд хөгжим сонсоод унтаж амарсан. Би тухайн дуу чимээг яаж сонссон юм бэ гэвэл тухайн 00-ын айлтай миний унтдаг хана 2 зэргэлдээ байдаг учраас яг хананы цаана болж байгаа чимээ сайн сонссогддог. Ер нь бол манай хажуу талын 00 тоотын айл байнга архи дарс ууж хоорондоо маргалдаад байдаг 7 хоногт 2-3 удаа байнга архи ууж хэрэлдэж зодолдож байдаг. 00 тоотын 2 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдэж зодолдоод байх шиг дуу чимээ гараад орилж хашгиралдаад түчигнээд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дахь тал),

Гэрч ********: “...********, ********нар хоорондоо таарамж муутай юм шиг санагдсан ба ах ********нь дүү ********даа ахархаж онгирч үг хэлэхээр үгийг нь ********сонсдоггүй, хүлээж авахгүй шинжтэй харагдаж байсан. ...Миний санаж байгаагаар өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр буюу 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ********манай дэлгүүрээр эрүүл орж ирсэн. Тэр үед ********ганцаараа явж байсан, гэмтэж бэртсэн зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал),

Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ********, би, талийгаач дүү ********, ********, ээж бид нар архи ууж байгаад ********, ********, ******** гурав гарад явсан. 20 цагийн үед орж ирсэн. Би хоол хийгээд бид нар нэмж архи уугаад дуусгасан. Хоол ид гэж ********д хэлсэн чинь гарч хүнтэй уулзана гээд надтай маргалдсан. Би түүнийг согтуу болохоор гаргахгүй, унтаж амар гэж хэлсэн. Тэр үед 00 цаг өнгөрч байсан. ...******** үгүй ээ, гарчихаад ирье гээд миний хажуугаар явах гэхэд нь би баруун талын гараараа түүнийг нэг удаа цохисон. Яг хаана нь цохисон талаар сайн мэдэхгүй байна. ******** газар унаад хэвтээд байхаар нь би жаахан байж байгаад босоорой, орон дээр унт гэж хэлсэн чинь босохгүй байхаар нь зүгээр үү, эмнэлэг явах уу гэж асуухад явахгүй гэхээр нь гайгүй юм байх гэж бодоод унтсан. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 11-ний өглөө ******** намайг сэрээсэн чинь ******** өчигдрийн хэвтэж байсан газраа байсан. ...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Дүүгээ босохгүй хэвтээд байхаар нь эмнэлэг рүү үүрээд авч явдаг байж гэж би одоо харамсаж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 213-215 дахь тал),  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023.05.25-ны өдрийн 420 дугаар дүгнэлтэд: “1. ********нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ********нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. ********нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. ********нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. ********нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. ********нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. ********нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 242-243 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 8-10 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 188-191 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 239 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Өөрийн дүү Золжаргалд ямар нэг гомдол санал байхгүй, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2023 оны 2 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********тоотод төрсөн дүү буюу хохирогч ********толгойн тус газар гараараа цохиж алсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,

хохирогчийн төлөөлөгч “Зүйл ангийг хөнгөрүүлж, ялыг бага өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шатнаас оролцож байна. Анх шүүгдэгчтэй уулзаад тодорхойгүй зүйл байна гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эхнэртэй уулзсан, мөн мөрдөгчтэй уулзсан. Өмгөөлөгчийн зүгээс хамтран амьдрагч гэх хүн холбоотой юм биш үү гэж хардаад байсан. Шүүгдэгчтэй уулзахад юм ярьдаггүй. Тэгээд мөрдөгч Жанчивтай уулзсан. Янз бүрийн тодорхойгүй зүйл яриад байдаг гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгчтэй уулзахад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргахгүй гэснээр хэргийн материалтай танилцаад тайлбарлаж өгөхөд ойлгосон гэсэн. Өнөөдрийн хурал дээр санаатай ална гэж бодоогүй гэж байгааг нь өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэж байна. Гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай алаагүй гэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэж,

иргэдийн төлөөлөгч нар “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********согтуурсан үедээ 2023 оны 2 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********тоотод хохирогч ********толгойн тус газар гараараа цохиж алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********гийн “...Тухайн үед ээж надад “********, ********нар урд шөнө будаатай хуурганаас болж хоорондоо маргалдан зодолдоод ****************ыг цохисон чинь газар унаад босохгүй байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-18-20), шүүх эмнэлгийн 560 дугаар “1. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун чамархай ясны хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн суурийн хэсэг болон баруун зүүн духны дэлбэнгийн таславч хоорондын эдийн няцрал, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн духны аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн дээд доод зовхи, эрүү, баруун тохойд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ... 3. Дээрх баруун чамархай ясны хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн суурийн хэсэг болон баруун зүүн духны дэлбэнгийн таславч хоорондын эдийн няцрал, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн духны аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт гэмтэл нь нас барахаас 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой... 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-61-72), шинжээч Б.Даваасүрэнгийн “Дээрх амь хохирогчийн биед үүссэн гавал тархины гэмтэл шууд үхэлд хүргэж байгаа юм. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэнэ. Амь хохирогчийн гавал ясны хугарлаас гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч тухайн гэмтлийг авсан даруйдаа идэвхгүй хөдөлгөөн /хэвтэх, ухаан алдах/-тэй тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Түүнээс биш талийгаач ********д учирсан гэмтлийн үед ямар ч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-75-76), гэрч ********ын “...Бид нар архи уусан. ...үүдний өрөөнөөс амь хохирогч ********, ах ********хоол иднэ, идэхгүй гэж хэлээд маргалдаад байсан. Хэрүүл намдахгүй болохоор нь би үүдний өрөө рүү ортол амь хохирогч ********өөрийнхөө унтдаг орны урд, ********хажууд зогсож байсан. ********амь хохирогч ********ыг нэг удаа гараараа цохисон. Энэ үед амь хохирогч ********газар унасан. Үүнээс хойш хөдлөхгүй хэвтээд байсан. ...өглөө 05-06 цагийн орчим сэрээд бостол ********цохиулаад унасан газраа буюу унтдаг орны урд хөндлөн байрлалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-28-30), гэрч ********гийн “...00 цагийн орчимд гэртээ байхад манай зүүн талын айл буюу 00 тоотын айлд эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад байсан, тухайн маргалдах чимээ 1 цаг орчим үргэлжилсэн. Тэр хүмүүс аяга шидэж байгаа чимээ гарч хагарах шиг болсон, тухайн хүмүүс маргалдаад зодолдоод болихгүй болохоор...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-53-55), хэргийн газарт үзлэг хийсэн “...тавиур дээр хар өнгийн хүрээтэй цахилгаан тогоо байх бөгөөд тагийг авахад дотор нь хагарсан цагаан өнгийн шаазан байсныг мөн уг тавиур дээр цусан толбо байсныг “5” гэж дугаар тэмдэглэж шаазанг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-3-7) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “Дүүгээ алъя гэсэн санаа байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Тодруулбал шүүх эмнэлгийн 560 дугаар дүгнэлт (1 дэх хавтас, хх-61-72), шинжээч Б.Даваасүрэнгийн “Дээрх амь хохирогчийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэж байгаа юм. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэнэ. Амь хохирогчийн гавал ясны хугарлаас гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч тухайн гэмтлийг авсан даруйдаа идэвхгүй хөдөлгөөн /хэвтэх, ухаан алдах/-тэй тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Түүнээс биш талийгаач ********д учирсан гэмтлийн үед ямар ч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-75-76), гэрч ********ын “...****************ыг нэг удаа гараараа цохисон. Энэ үед ********газар унасан. Үүнээс хойш хөдлөхгүй хэвтээд байсан. ...өглөөний 05-06 цагийн орчим сэрээд бостол ********цохиулаад унасан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-28-30), гэрч ********гийн “...00 цагийн орчимд гэртээ байхад манай зүүн талын айлд эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэр хүмүүс аяга шидэж байгаа чимээ гарч хагарах шиг болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-53-55), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-3-7) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ********төрсөн дүү болох амь хохирогч ********нар ахуйн хүрээнд архидан согтуурч, тухайн үед үүссэн үл ойлголцлоос болж шүүгдэгч хохирогчийг нэг удаа цохиж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт “санаатайгаар алъя гэж цохиогүй, гарна гэхээр нь гаргахгүй гэх зүй ёсны шаардлага тавьсан” гэж маргаж оролцсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн мэдүүлэг хангалттай нотлогдон тогтоогдохгүй  буюу шүүгдэгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Харин шүүгдэгч ********амь хохирогчийн толгойн тус газарт (хэдийгээр шүүгдэгч хаана нь цохисноо санахгүй гэх боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэг удаагийн цохих үйлдлээр гавал тархины гэмтэл учирсан, толгойд уг гэмтэл учирсан нь тогтоогдсон) нэг удаа цохиж, хохирогч газар унан тухайн газраасаа хөдлөөгүй, ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хийлгүйгээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байх тул шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай гэж үзэх үндэслэлтэй, болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “урд өмнө өөр хүнд зодуулсан нүүр ам нь шалбарсан байсан” талаар мэдүүлсэн ч дээрх амь хохирогчид учирсан “...зүүн дээд доод зовхи, эрүү, баруун тохойд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл” -үүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн харин зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь 7-10 хоногийн өмнө үүссэн гэмтэл” болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд харин шинжээчийн “Уг гавал ясны хугарлаас гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч тухайн гэмтлийг авсан даруйдаа идэвхтэй хөдөлгөөн (хэвтэх, ухаан алдах)-тэй тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Түүнээс биш талийгаачийн биед учирсан гэмтлийн үед ямар ч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч ********цохисон санаатай үйлдэл амь хохирогчийн үхэл шалтгаант холбоотой байна.

Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч ********гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгч нарын “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, шүүгдэгч, хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар шүүгдэгчийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг дээрх тогтоогдсон нөхцөл байдлаар сэргээн тогтоож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэснийг тэмдэглэж байна.  

Гэмт хэргийн улмаас хохирогч ********амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг (2 дахь хавтас, хх-5)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч, амь хохирогч нар ах дүүсийн холбоотой, шүүгдэгч 1 удаа цохисон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Золжаргалд 8 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хэлэх зүйлгүй, дүүгээ санаатай алаагүй байх гэж бодож байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагч хамгийн бага ялын санал гаргасан тул шүүхээс энэ саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар төрсөн ах дүүгийн харилцаатай, ахуйн хүрээнд архидан согтуурч, хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн толгойн тус газарт нэг удаа цохиж амьд явах эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугийн асуудлаар “алъя гэж бодоогүй, гарна гэхээр нь гаргахгүй гээд л цохисон” гэж үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнээд эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ********2023.04.04-ний өдрөөс 2023.07.17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 104 (нэг зуун дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *********** овогт **************ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********10 (арав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********цагдан хоригдсон 104 (нэг зуун дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023  оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

                ШҮҮГЧИД                                  Б.БУЛГАНТАМИР

                                                                    Б.НАРАНЖАРГАЛ