Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         05           18                                   2023/ШЦТ/175

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2325000000243 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” караоке баарны гадна С.З-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг А53 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1 720 000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С.З “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

2. Хохирогч С.З-ийн “Би 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлын газрын эгч нар болох Мөнхтуяа, Болороо нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Богд гол бааранд 21 цаг 30 минутын үед орсон юм. Тэгээд 23 цаг 50 минутын үед ажлынхаа эгч нартай гарж ирээд таксинд суух гэтэл үл таних эрэгтэй хүн явуулахгүй татаж чангаагаад явуулахгүй байсан. Тэгээд манай ажлын газрын хоёр эгч тухайн залууг яваач гэж хэлэхэд тухайн үл таних эрэгтэй хүн манай хоёр эгчид наад хүнээс чинь би мөнгөө авах гэж байна. Бааранд байхад тооцоо надаар хийлгэсэн гэж хэлсэн. Тэгтэл манай хоёр эгч наад мөнгийг чинь бид хоёр өгнө гэж хэлэхэд үгүй наад хүүхнийг чинь би авч явна гэж хэлж байсан би тухайн үед таксинд сууж байсан юм тэгтэл тухайн үл таних залуу таксины хаалга онгойлгоод миний гартаа барьж байсан самсунг А53 загварын гар утсыг маань шүүрээд зугтаасан. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-20, 22-р тал/

3. Гэрч Ц.М-ийн 23 цагийн үед тухайн баарнаас З, Б нарын хамтаар гартал үл таних эрэгтэй хүн З-г хоргоогоод явуулахгүй байсан. “Дүүгээ аваад явмаар байна” гэж хэлэхэд тухайн залуу би танай дүүд, архи, пиво зэргийг авч өгсөн гэж хэлэхээр нь би тэр мөнгийг нь өгчихье дансаа өгчих гэж хэлэхэд тухайн залуу дансаа өгөхгүй байсан. Тэгээд Б бид хоёр тухайн залууг явуулах гээд байж байтал гэнэт гүйгээд таксинд сууж байсан З-ийн гар утсыг авч зугтаагаад Худалдааны гудамжны зүг гүйсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

4. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-ОРХ/6338 дугаартай “самсунг А53 загварын гар утас 128GB багтаамжтай 1 ширхэг 1,720,000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 34-36 дахь тал/

5. Яллагдагч Б.М-ийн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед би ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” нэртэй бааранд ганцаараа орсон юм. Тухайн үед би баар луу эрүүл орсон бөгөөд бааранд ороод 2,5 литрийн 6 ширхэг пиво уусан. Тэгээд сууж байтал надтай нэг ширээнд сууж байсан хүүхэн нь надад хандан “утсаараа нэг яриулаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд утсаа өгсөн. Тэгтэл тэр хүүхэн надад хандан “би гар утсаа тооцооныхоо оронд тавьчихсан юм аа, миний гар утсыг аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч түний төлбөр болох 30,000 төгрөгийг төлж, тэр хүүхэн гар утсаа авсан юм. Тэр хүүхэн утсаа авсныхаа дараа “би одоо гар утсаа асаагаад мөнгийг чинь мобайл банкаар шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд баар хаах болж бид цуг гадаа гарсан юм. Тэгтэл тэр хүүхэн чи одоо зайл гээд намайг хөөсөн. Тэгээд тэрээр таксинд суучхаад зугтаах гээд байхаар нь би түүнээс гар утсыг нь булааж авсан юм. Би мөнгөгүй хоцрох нь гэж бодоод гар утсыг нь авчихсан юм. Ийм л зүйл явдал болсон бөгөөд миний хувь тухайн үед халамцуу, харин тэр хүүхэн согтуу байсан юм. Миний хувьд тэр хүүхнээс авсан гар утсыг ашиглаагүй бөгөөд одоо таньд гаргаж өгнө. Би түүний өмнөөс төлсөн 30,000 төгрөгийнхөө оронд тэр эмэгтэйгээс гар утсыг нь авсандаа харамсаж, гэмшиж байна. Энэ хэргээ би хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Одоо би хөдөө явж аав, ээж дээрээ очиж малыг нь харах гэж байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” караоке баарны гадна С.З-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг А53 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1 720 000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацагаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирлын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч С.З-ийн “тухайн үл таних залуу таксины хаалга онгойлгоод миний гартаа барьж байсан самсунг А53 загварын гар утсыг маань шүүрээд зугтаасан.” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.М-ийн “тухайн залууг явуулах гээд байж байтал гэнэт гүйгээд таксинд сууж байсан Золбоогийн гар утсыг авч зугтаагаад Худалдааны гудамжны зүг рүү гүйсэн.” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-ОРХ/6338 дугаартай хохирлын үнэлгээ, яллагдагч Б.М-ийн “таксинд суучхаад зугтаах гээд байхаар нь би түүнээс гар утсыг нь булааж авсан юм. Би мөнгөгүй хоцрох нь гэж бодоод гар утсыг нь авчихсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” караоке баарны гадна С.З-ийн Самсунг А53 загварын гар утсыг булаан авч 1 720 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.М нь санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.З-д 1 720 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч гар утсаа хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчыийн саналын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв..

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС