Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2325000000154 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Д.О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** тоотод  хамтран амьдрагч А.Ч-ийг бусадтай хардаж, Д.М-ийн өмчлөлийн байшингийн цонхыг хаалгаа тайлж өгсөнгүй гэсэн шалтгаанаар хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 780 000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “Цонхийг нь хагалсан нь үнэн. Энэ гурван хүн нийлж намайг гүтгэсэн. Нийлж намайг зодсон” гэв.

 

Хохирогч Д.М “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хатаст хэргийн 4-10 дахь тал/

            2. Хохирогч Д.М-ийн “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би найз Ч, түүний танил эмэгтэй бид гурав манай гэрт архи ууж байгаад унтсан. Унтаж байхад гэнэт тас, няс хийх чимээ гарсан. Босоод харахад манай хашааны хойд талаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гүйгээд гарсан. Нөгөө хоёр хүний эрэгтэй машиндаа суугаад зугтсан. Эмэгтэйг нь бариад авсан чинь манай найз Ч-ийн эхнэр байсан. Чи яаж байгаа юм бэ гэсэн чинь миний толгой руу гараараа цохисон. Чинтөрийн эхнэрийнх нь гарт нарийн өрөм байхаар нь түүнийг нь булааж шидээд гэртээ орж цагдаад дуудлага өгсөн.” Гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

            3. Гэрч Д.Э-ийн “Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн Шандын **** тоот гэртээ байж байхад А.Чинтөр над руу залгаад модонд явж байгаад ирлээ, Д.М-ийн гэрт хүрээд ирээч 2 найздаа хоол хийгээд өгөөч гэхээр нь би өдрийн 12 цаг болж байхад очин хоол хийж өгөхөд Д.М, А.Ч нар нь архи уусан байдалтай, бага зэргийн согтолттой дундаа 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи тавьсан байдалтай дөнгөж ууж эхлэх гэж байсан. Тэгээд хоол идэнгээ бид гурав нөгөө архиа хуваан ууж сууж байгаад би гадна 00 орон сууж байсан чинь А.Ч-ийн хамтран амьдрагч гээд О нь найз эмэгтэйгийнхээ хамтаар ирээд А.Ч-тэй юм ярьж байгаад яваад өгсөн, тэгээд би Д.М-ийн байшин руу орон сууж байхад А.Чинтөр, Д.М нар нь унтлаа гээд Д.М нь орон дээр, А.Ч газраар хэвтсэн, тэгээд би бас архи уусан байсан болохоор хэсэг амаръя гэж бодоод орон дээр хэвтэх зайгүй байсан болохоор А.Ч-ийн хажуу талаар хувцастайгаа хэвтэж байгаад хальт зүүрмэглэхэд гэнэт цонхнууд хагарах чимээ гарахад бид гурав сэрэн Д.М босон хашаанаас гаран явахад араас нь А.Ч бид хоёр хамтдаа гарахад Д.М-ийн толгойноос цус гарсан байдалтай өөдөөс хүрээд ирсэн, яасан юм бэ гэсэн чинь О өрөмний хошуугаар намайг цохичихлоо гэж байсан, тэгээд би О-ийг яагаад хүний толгой хагалчихсан юм бэ гэсэн чинь өөрөө над дээр ирснээ намайг зодох гээд зуураад авсан, тэрнээс би О-ийн биед халдсан үйлдэл гаргаагүй. А.Ч бид хоёрыг гарч ирэхэд О-ийн гараас цус гарч гараа юмаар ороосон байдалтай байсан. Тэгээд би Д.М-тэй хамт гэр лүү нь яван орсон бөгөөд А.Ч хамтран амьдрагч О-тэй үлдсэн. А.Ч бид хоёр олон жилийн өмнөөс найз нөхдийн харилцаатай байгаа юм, тухайн өдөр газар зүгээр л унтаж байсан, ямар нэгэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргаагүй. Миний бодлоор надтай А.Ч-ийг хардаад л О нь цонхнуудыг хагалсан гэж бодож байна. О-гийн биед халдсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дахь тал/

            4. Гэрч А.Ч-ийн “О М-ийн байшингийн цонхнуудыг хагалчхаад хашаанаас гаран явахад араас нь М гарсан, харин Д.Э бид хоёр араас нь гарахад Д.О газар унасан байдалтай, М бид хоёр луу дөхөөд миний толгойг юмаар цохиод хагалчихлаа гэж байсан, тэгсэн чинь Д.Э найзын толгойг яагаад хагалчихсан юм гээд О-тэй зөвхөн зууралдсан, өөрөөр цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Тэгээд би Д.Э-ийг татаж салгахад М, Д.Э хоёр хашаа руу орж, Д.О цагдаад дуудлага өгсөн тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Цонх хагалсан шалтгаан нь хаалга түгжээтэй байсан болохоор орж чадахгүй, намайг Д.Э-тэй хий худлаа хардаж л уурласан уурандаа уг үйлдлийг гаргасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дахь тал/

            5. Гэрч Н.Ц-ийн “Гэрийнхээ хойд талын зам дээр автобуснаас буусан чинь төв замын хойд талын гудамжны нүүрний хашаанд байх шовгор байшингийн урд зүгт харсан хаалганы хоёр талын цонхыг эмэгтэй хүн хага хага цохиод байсан. баруун талаар гараад явахдаа мөн цонхыг нь хагалчхаад хашааных нь хойд талын хаалгаар гараад явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-35 дахь тал/

            6. Гэрч Д.М-ын “Д.О орилоод цонх хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь би тэр байшингийн урд талаар тойроход Д.О тухайн байшингийн урд талын хоёр цонхыг нь давхраар нь хагалчихсан хаалгыг нь цохиод татаад байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38 дахь тал/

            7. Хөрөнгийн үнэлгээний Далай ван аудит ХХК-ний шинжээчийн “3,84 мкв цонхны шил 780,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 84-88 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** тоотод  хамтран амьдрагч А.Ч-ийг бусадтай хардаж, Д.М-ийн өмчлөлийн байшингийн цонхыг хаалгаа тайлж өгсөнгүй гэсэн шалтгаанаар хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 780 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.М-ийн “Унтаж байхад гэнэт тас, няс хийх чимээ гарсан. Босоод харахад манай хашааны хойд талаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гүйгээд гарсан. Нөгөө хоёр хүний эрэгтэй машиндаа суугаад зугтсан. Эмэгтэйг нь бариад авсан чинь манай найз Ч-ийн эхнэр байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ийн “надтай А.Ч-ийг хардаад л О нь цонхнуудыг хагалсан гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч А.Ч-ийн “Цонх хагалсан шалтгаан нь хаалга түгжээтэй байсан болохоор орж чадахгүй, намайг Д.Э-тэй хий худлаа хардаж л уурласан уурандаа уг үйлдлийг гаргасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц-ийн “хаалганы хоёр талын цонхыг эмэгтэй хүн хага хага цохиод байсан. Баруун талаар гараад явахдаа мөн цонхыг нь хагалчихаад хашааных нь хойд талын хаалгаар гараад явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.М-ын “Д.О орилоод цонх хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь би тэр байшингийн урд талаар тойроход Д.О тухайн байшингийн урд талын хоёр цонхыг нь давхраар нь хагалчихсан хаалгыг нь цохиод татаад байсан” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Далай ван аудит ХХК-ний дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч А.Ч-ийг бусадтай хардаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** тоотод байрлах Д.М-ийн өмчлөлийн байшингийн цонхыг хаалгаа тайлж өгсөнгүй гэсэн шалтгаанаар хагалж, 780 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д 780 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлсөн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг төмөр хураагдан ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болможгц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС