| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/01021/И |
| Дугаар | 135/ШШ2019/01152 |
| Огноо | 2019-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2019/01152
| 2019 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 135/ШШ2019/01152 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01021/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,******** /РД:******** /-т холбогдох,
"Зээлийн гэрээний үүрэгт 7,300,000 төгрөг, алданги 3,650,000 төгрөг, нийт 10,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие******** нь ********т зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн 7,300,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2018 оны 08 сарын 08-ны өдөр зээлсэн. ********гэрээний үүргийг биелүүлэхийг олон удаа шаардсан боловч элдэв шалтаг ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч ********оос үндсэн зээл 3,700,000 төгрөг, түүний хүү 3,600,000 төгрөг, бүгд 7,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч******** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл 2 сар 12 хоногийн хугацаатай, 7,300,000 төгрөгийг барьцаагүй, хүүгүй харин гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй зээлийн гэрээг ********той бичгээр байгуулсан.
Зээлийн гэрээ бичгээр байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ******** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд ********оос 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш 150 хоногийн хугацааны алданги 0,5 хувийг 7,300,000 төгрөгөөс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагатай нийцүүлж, 7,300,000 төгрөгийн 50 хувь болох 3,650,000 төгрөгөөр өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалт байдаг бөгөөд хариуцагч тал хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Хариуцагчийн тайлбараас сонсоход өмнө нь байгуулсан зээлийн гэрээг бататгаад үргэлжлүүлж гэрээ хийсэн байна. Алданги яриагүй гэх боловч гэрээнд алданги тохирсон байгаа учраас 7,300,000 төгрөг дээр алданги нэмээд 10,950,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч ******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Олон улсын худалдааны төвд дотуур хувцасны лангуу ажиллуулдаг байсан. Бараа татахаар********аас 1,000,000 төгрөг бэлнээр зээлж авсан. Дараа нь 2018 ондоо 2,500,000 төгрөг нэмж зээлсэн. Энэ мөнгөнөөсөө 2,500,000 төгрөгийг дансаар 2018 оны 06 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сард бараанд явах гээд дахин 2,500,000 төгрөг бэлнээр зээлж авсан. Ингээд нийт 3,500,000 төгрөгийн зээлтэй болсон. Тухайн үедээ жирэмсэн байсан учир ажлаа хийх боломжгүй болоод зээлээ төлж чадаагүй. 2018 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг********ын данс руу хийсэн. Одоо үлдэгдэл төлбөр болох 3,100,000 төгрөгөө төлөхийг зөвшөөрч байгаа. Бид анх мөнгө өгч авахдаа гэрээ хийгээгүй амаар тохирсон. Тухайн үедээ 10 хувийн хүүтэй гэж ярьсан. Нялх хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй болоод мөнгийг өгөхгүй удаасан. Миний утас руу залгаад манай гэрт ирээд гэрээ хиймээр байна гээд намайг дагуулж яваад 2019 оны 05 сарын 10-ны өдөр гэрээ нөхөж хийсэн. Гэрээгээр нэхэмжилж байгаа дүнг зөвшөөрөхгүй байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь аман хэлцлээр хийсэн. 2018 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хүүгүй гэж тохирсон боловч хүү тооцоод хийчихсэн байдаг. Иргэний хуулийн 282.4-д зааснаар мөнгө, эд зүйлийг шилжүүлснээр гэрээ байгуулснаар тооцогддог учир зээлийн гэрээгээр нэхэмжлээд байгаа хүү алдангийг зөвшөөрөхгүй байна. Үүнээс өмнө аман хэлцлээр авсан 3,100,000 төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******** нь хариуцагч ********т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон алданги нийт 10,950,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нэхэмжлэлийн үндэслэлийг ...********, ******** нар нь амаар тохирч, 2018 оны 06 дугаар сараас эхлэн цувуулан тухайн ондоо багтаан нийт 3,700,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр хариуцагч ********т зээлүүлсэн бөгөөд 2019 оны 05 сарын 10-ны өдөр өмнө амаар хийсэн тохиролцоог үндэслэн бичгээр гэрээ байгуулсан. Гэрээндээ үндсэн зээлийн 3,700,000 төгрөг, түүний хүү 3,600,000 төгрөгийг нэмж тооцон, нийт 7,300,000 төгрөгийн үндсэн зээл байхаар тохирч, дахин хүү авахгүй, алданги тооцохоор заасан. Иймд энэ гэрээний дагуу нийт 10,950,000 төгрөгийг шаардаж байгаа юм гэж тайлбарладаг болно.
Харин хариуцагч ******** нь Зээлийн гэрээний дагуу 7,300,000 төгрөг аваагүй, 2018 онд эхлээд 1,0 сая төгрөг, дараа нь 2,500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг********аас зээлж аваад, 2018 оны 06 сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг********д буцаан төлсөн. 2018 оны 08 дугаар сард бараандаа явах болж, 2,500,000 төгрөгийг дахин зээлж аваад, өмнөх үлдэгдэл 1,000,000 төгрөгтэй нийт 3,500,000 төгрөг болсон. Үүнээсээ 2018 оны 12 сарын 10-нд 400,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдэгдэл 3,100,000 төгрөг байгаа бөгөөд үүнийгээ төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбар гаргаж байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодруулахад хариуцагч ********оос 2019 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.
Хэрэгт 2019 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан бөгөөд энэхүү гэрээгээр 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл 2 сар, 12 хоногийн хугацаатайгаар 7,300,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэх, зээлийг бэлнээр 2019 оны 05 сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохирч, талууд гарын үсэг зурсан байна.
Хариуцагч ******** нь энэ гэрээгээр мөнгө зээлж аваагүй бөгөөд нэхэмжлэгчийн удаа дараагийн шаардлагын дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч********ын шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлд ...********оос үндсэн зээл 3,700,000 төгрөг, хүү 3,600,000 төгрөг, нийт 7,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж бичсэн байдал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2018 онд 3,700,000 төгрөгийг хариуцагч ********т 10 хувийн хүүтэйгээр зээлсэн, тэгээд сүүлд нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр бичгээр гэрээ хийж, үндсэн төлбөр 3,700,000 төгрөг дээрээ хүү 3,600,000 төгрөгийг нэмж тооцсон гэсэн тайлбар, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2019 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу талуудад үүрэг үүсээгүй байна гэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 2019 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч******** нь хариуцагч ********т 7,300,000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээрх хуульд зааснаар тус гэрээг байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдаагүй тул дээрх гэрээний дагуу үүрэг шаардах үндэслэлгүй юм.
Харин зохигчдын тайлбараар 2018 оны 06 дугаар сарын эхээр 1,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг цувуулан нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч******** нь хариуцагч ********т зээлдүүлж, мөнгийг бэлнээр шилжүүлсэн, мөн 2018 оны 08 сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг нэмж хариуцагч ******** зээлж авсан, зээлийн сарын хүүг 10 хувь гэж талууд амаар тохирсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагч ******** нь 2018 оны 06 сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөгийг нэхэмжлэгч********д буцаан төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.
Зохигчид зээлийн хүүг сарын 10 хувь байхаар амаар тохирсон гэж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч******** нь хүү шаардах эрхгүй байна.
Иймд зохигчдын хооронд 2018 онд амаар байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн байх бөгөөд хариуцагч ******** нь энэхүү гэрээний дагуу нийт 6,000,000 төгрөг зээлж авснаас буцаан төлсөн 2,900,000 төгрөгийг хасаж тооцоход үүргийн үлдэгдэл 3,100,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...талууд тохирч үндсэн зээлийн төлбөр дээрээ амаар тохирсон хүүгээ нэмж хожим бичгээр гэрээ хийж баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй тул бичгээр хийсэн гэрээний дагуу 7,300,000 төгрөг, гэрээний дагуу алданги 3,650,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэх боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл нь хуульд нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн ...56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан боловч хэрэгт авагдсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд талууд өмнө нь амаар тохиролцсон хүсэл зоригоос өөр нөхцөл тусгасан байх тул энэхүү гэрээг дээрх хуульд заасан үндэслэлд хамааруулах боломжгүй юм.
Нэхэмжлэгч******** нь алданги 3,650,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй гэж шүүх дүгнэж байгаа тул дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч******** нь алданги шаардах эрхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ********оос нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч******** нь шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр өмгөөлөгчөө оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ********оос 3,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,100 төгрөгөөс 190,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,950 төгрөгийг нэхэмжлэгч********д буцаан олгож, хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамжид 64,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ