| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-05-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ж.Б
Хохирогч Ч.М
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Э, Р.Б
Шүүгдэгч Н.О, Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2225002530117 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Н.О
2 Б.Б
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Б, Н.О нар нь бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын **** тоотод Ч.Мийг гараараа болон арматур төмрөөр цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О, Б.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “Жолооч ах орж ирээд таксины мөнгө 10 000 төгрөг нэхсэн. Тэгээд мөнгөн аяга аваад гарах гэхээр нь би буцааж авсан. Тэгтэл Монгол гутлыг аваад гарсан. Би гарч гутлаа авахад жолооч ах төмөр барьчихсан байхаар нь булааж аваад хаясан. Б намайг айлгаж охиныг чинь хүчиндэнэ гэж дарамталдаг учир худал мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Таксины жолооч ах гаднаас гэрийг цоожилж шатаана гээд байсан. О хаалга түлхсээр байгаад гарсан. Би хэсэг хугацааны дараа гарахад жорлонгийн хажууд жолооч ах газар суусан хөмсөгнөөс нь цус гарч байсан. О гартаа төмөр барьчихсан зогсож байсаН.О цагдаад согтуу хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.М мэдүүлэхдээ “Гэрт ороход эмэгтэй ууралчихсан, эрэгтэй нь айчихсан юм хэлэхгүй суугаад байсан. Гэрээс гараад хашаанд явж байхад Б араас ирээд намайг цохиход би унаад түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Юугаар цохьсныг мэдэхгүй, ямарч л байсан Б байсан. Цаана нь О гартаа төмөр барчихсан ирж яваа харагдсан. Би огт архи уудаггүй хүн. Гэтэл энэ хоёр миний ам руу архи хийсэн байсан. Цуснаас илрээгүй. Эмчилгээний зардал 3 904 170 төгрөгийг нэхэмжлэнэ. Мөн такси үйлчилгээнээс олох байсан орлогоо нэхэмжлэнэ. Миний хүүхдүүдтэй адилхан залуу хүүхдүүд байна. Хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “өвсөн дээр 16*16 см цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 1 тоогоор дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 14-16 дахь тал/
2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “4 дугаартай хүний зургийг зааж энэ сахалтай эрэгтэй хүн миний биед халдаж гэмтэл учруулсан хүн мөн байна. 1 дугаартай сахалтай эрэгтэй хүний зургийг дахин заав” гэх тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 18-20 дахь тал/
3. Хохирогч Ч.М-ийн “2022 оны 03 дугаар сарын 24-ний орой 18 цаг 50 минутын үед Оргил худалдааны төвийн урд зам дээр нэг эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь аваад цааш хөдлөөд явж байтал Чимэг төвийн урд хавьцаа эсвэл Петровис, Магнай трейд колонкийн хавьд нэг залуу гар өргөхөөр мөн аваад цааш яваад анх авсан эмэгтэйг Саруул төвийн гадаа буулгаад нөгөө залууг Жаст ойл колонк дээр хүрээд дөнгөж урагшаа эргээд нэг хаалга байгаа тэнд бууна гэхээр нь тэр хаалган дээр очиж зогсоход нөгөө залуу та байж байгаараа мөнгөө аваад ирье гээд орсон. Би тэр залууг гадаа нь 10 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь машинаа түгжээд араас нь хашаа руу ороход байшин руу шагайхад 3 жаахан хүүхэд тоглож байхаар нь тэр хүүхдүүдээс аав чинь хаачсан бэ гэхэд мэдэхгүй гэхээр нь байшингийн урд байсан гэр рүү шагайхад нөгөө залуу гэрийн зүүн талд сандал дээр суусан, гэрийн хойморт нэг эмэгтэй нар байсан. Гэрт нь дөнгөж ороод нөгөө залууд хандан миний дүү таксины мөнгөө өгөх үү гэхэд нөгөө эмэгтэй мөнгө байхгүй, юу яриад байгаа юм гэхээр нь гэрийн баруун хаяанд байсан угалзтай монгол гутлыг аваад зогстол нөгөө эмэгтэй наадах чинь тахилын гутал гээд надаас булаагаад авахаар нь та хоёр бүтэхгүй юм байна гэж хэлээд гэрээс гараад гадуур нь авчих юм байна уу гэхэд авчих юм харагдаагүй учраас хашаанаас гарахаар хаалга чиглэлд алхаж явтал миний ард хөлийн чимээ гарах шиг болтол эргээд харахад нөгөө залуу харагдсан тэгээд 2-3 удаа тас гэх шиг болсон би тэгээд ухаан алдсан байсан. Сэрсэн чинь би согтуу болчихсон байсан, тухайн үед машинтай ойролцоо байсан байх машиндаа орж суугаад машинаа унаад гэртээ очоод хүүхэд рүүгээ утсаар ярьж хэлээд манай хүүхэд ирээд шууд эмнэлэг дээр ирсэн. Хөх жинсэн өмдтэй, малгайгүй, эрүү хэсгээрээ сахалтай, дээгүүрээ жинсэн өмд шиг өнгөтэй ар нуруу хэсгээрээ 2-3 хөндлөн канттай бололтой хувцастай байсан. Тэр залуугийн эхнэр нь бол айхтар хэл амтай хүүхэн байсан. Замд машин дотор явахдаа өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр болж байгаа гэхээр нь би миний дүү эхнэрийнхээ төрсөн өдөр болж байхад чи архи уудаг яаж байгаа юм бэ гэж хэлэх гэж байснаа надад ямар ч хамаа байхав гэж бодоод хэлээгүй өнгөрсөн юм. Эргээд хартал таксидаж гэртээ очдог залуу зүүн шанаа руу цохисон, яг тухайн үед юугаар цохисныг санахгүй байна, тэгээд үргэлжлүүлээд баруун шанаа руу 1 удаа, эрүү рүү нэг удаа цохисныг муухан санаад байгаа юм. Тэр эмэгтэй намайг төмрөөр цохисон байх гэж таамаглаж байна. Тэр эмэгтэй гартаа нэг юм барьсан наашаа гүйж ирж яваа харагдсан. Тэгээд намайг ухаан алдсаны дараа барьж явсан юмаараа цохисон. ...миний бие баримтаар нийт 3,904,170 төгрөгийг баримтгүйгээр Улаанбаатар хотод намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хоол хийхэд мах 200,000 төгрөг, шингэн сүү 45,000 төгрөгөөр, хагалгааны оёдлын утас 30,000 төгрөгөөр би өөрөө хувиараа таксинд явдаг байсан ба өдөрт би багадаа 50,000 төгрөг олдог байсан энэ асуудлаас болж 30 хоног таксинд явж чадаагүй тул 30 өдрийн орлого болох 1,500,000 төгрөгийг нийт 5,679,170 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 31-34, 2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/
4. Гэрч М.У-ийн “Миний аав 67 настай Ч.М нь хувиараа таксинд явдаг. Орой 19 цагийн үед аав М-ийн утас руу залгаж хоол болчихлоо гэртээ ирж хоолоо ид гэж хэлэхэд хороолол руу хүн хүргэж явна. Хүнээ буулгачхаад одоо очлоо гэж хэлсэн. Аав М гэрт ирэхгүй байсан тул ээж П 10 цаг болох гэж байхад аавын утас руу залгаж яриад би очих уу гэж хэлээд утсаа салгаад аав чинь хүнд зодуулчихсан хорооллын гэр болох Наран баг **** тоотод байна. Очоод юу болсныг мэдээд ир гэснээр би гэрээсээ гарч Наран багийн **** тоотод ороход аав М бусдад зодуулчихсан зүүн талын хөмсөг нь язарсан, нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад Жаст ойлын урд хүн гэрт нь хүргэж өгсөн чинь мөнгөө өгөхгүй гэртээ орчихсон. Би араас нь ороход намайг тэр залуу зодсон. Тэр залуу согтуу байсан. Би машиндаа суугаад гэртээ харьсан. Тэр залуугийн гэрт эхнэр нь байсан гэсэн. Аав М-ийг эмнэлэгт хүргэж өгөхөд эмч нь цагдаад дуудлага өгсөн. Манай аав бол архи бараг уудаггүй гэтэл зодсон гэх залуу нь аавын аманд архи цутгасан гэсэн.” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 353 дугаартай “Ч.М-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийг няцрал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, цээж нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Зүүн хоншоор ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархины эдийн дунд зэргийг няцрал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, цээж нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 6****4 дэх тал/
6. Хохирогч Ч.М-ийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал/
7. Хохирогч Ч.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 168-169 дахь тал/
8. Шинжээч эмч Ж.Г-гийн “тархины эдийн дунд зэргийг няцрал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, цээж нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг нь гараар цохиход үүсэх боломжтой гэмтлүүд байна. Зүүн хөмсөгт үүссэн няцарсан шархны шинж байдал болон надад хохирогч үзүүлэх үед үүссэн сорвины шинж байдлаас үзэхэд арматур төмрөөр цохиход үүсэх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал/
9. Сэжигтэн Н.О-гийн “2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр миний бие Уртын гол багийн Баянталын **** тоот гэртээ байж байтал орой 19 цаг үеийн үед манай гэрт Б орж ирээд такси бариад ирлээ таксины мөнгө өгчих гэж хэлсэн тэгэхлээр нь би түүнд хандаж чамд өгдөг мөнгө надад алга дураа хүрэхээр ирдэг газар чинь манайх бишээ дуугүй яв гэж хэлсэн тэгэхэд надаас мөнгө гуйгаад өгчхөөч гээд байсан өнөөдөр надад хүүхдүүддээ өгөх хоолны мөнгө алга чи зүгээр явж үз гэж хэлсэн тэгэхэд Б явахгүй байсан манай гэрийн орон дээр сууж байтал гаднаас таксины жолооч бололтой настай ах орж ирээд надаас таксины мөнгө нэхсэн тэгэхлээр нь би тухайн ахад хандаж би наад хүнийг чинь танихгүй наад хүнээсээ таксины мөнгөө ав мөн наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Таксины ах Б-ыг нөхөр чинь гэсэн биз дээ гэж хэлээд манай гэрийн тахил дээр байсан мөнгөн аяга хажууд нь байсан монгол гутлыг аваад гарах гэхээр нь би босоод тухайн ах дээр очиж та нарын дураараа хүрдэг эд биш давраад байгаараа гэж хэлээд мөнгөн аяга болон гутлаа буцааж авсан гэтэл таксины жолооч ах муу луйварчингууд гэрийг нь чинь бензин асгаж галдан шатаана гэж хэлээд гэрээс гарч яваад Монгол гэрийн хаалгыг арматурын төмрөөр тэгнэж хаах гэж оролдсон. Би хойноос нь гараад тухайн ахын барьчихсан байсан арматурын төмрийг булааж авах гэж оролдсон. Тэр ах арматурын төмрийг шувталж аваад миний тохой руу цохьсон. Гэрээс Б гарч ирээд тухайн таксины жолооч ахыг нүүрэн тус газар нь цохитол тэр ах газарт унасан. Босож ирээд Бтай зууралдтал Б тухайн ахыг дахиж нүүр лүү нь цохиж унагаагаад нүүрэн дээр нь дэвссэн. Тэгэхэд таксины ах хөдлөхгүй байсан дуу авиа бол гаргаж байсан. Тэгээд Б намайг гэр лүү дагуулж ороод цамцаар боогоод намайг энэ хүнийг зодсон гэж хэлбэл чамайг алаад охиныг чинь хүчиндэнэ шүү гэж хэлээд урагшаа хашаа даваад гараад зугтаасан. Зодоон болж байхад би цагдаад дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа тухайн таксины ах манай хашаанаас гараад явсан. 19 цаг 40 минутын үед би цагдаа руу буцаж залгаад зодоон хийсэн хүн чинь яваад өгчихлөө гэж хэлсэн намайг өргөдлөөр өглөө ажил цуглахаар хандаж болно шүү гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал орой 22 цагийн үед цагдаагаас байцаагч нар ирээд манай хашаанд үзлэг хийсэн үргэлжлүүлэн намайг цагдаагийн газар дээр авчирч мэдүүлэг авсан. Тухайн үед би Б намайг ална охиныг чинь хүчиндэнэ гэж хэлсэн болохоор айсандаа тэгж мэдүүлэг өгсөн юм. Цагдаа дээр мэдүүлэг өгчхөөд орой гэртээ харихад манай гэрт Б ирсэн байсан ба намайг ална чи цагдаа нартай банздалдаж явж байгаад ирлээ гэж хэлээд дахин намайг зодсон. Би орой нь дахиж цагдаа дуудахад манай гэрээс Б зугтаагаад яваад өгсөн. Миний бие Бтай 2020 оны 12 дугаар сард бөөгийн багш болох О-гийн гэрт бөө болох гэж ирэхэд нь танилцаж байсан. Бид хоёр эр, эмийн харилцаатай хааяа нэг уулздаг юм. Дундаасаа нэг хүүтэй, хүү маань 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, яг хамт амьдарч байгаагүй” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/
10. Сэжигтэн Б.Б-гын “Орой 17 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна Оргил худалдааны төвийн урдаас такси бариад Уртын гол баг Баянталын **** тоот О-гийн гэрт очихоор явсан таксины жолооч нь гэх настай ах байсан бид хоёр замдаа нэлээн юм ярьсан. О-гийн хашаан гадаа ирээд би тухайн таксины жолооч ахыг та гадаа хүлээж би дотогшоо ороод мөнгө аваад ирье гэж хэлээд О-гийн гэр лүү ороод таксины мөнгө өгчих такси бариад ирлээ гэхэд байхгүй гэж хашхичиж уурлаад мөнгө өгөхгүй байсан тэгээд байж байтал таксины жолооч ах О-гийн гэрт орж ирсэн. Тэгээд мөнгөө нэхсэн тэгэхэд О надад танд өгөх мөнгө байхгүй гэсэн чинь таксины жолооч ах О-гийн бурхан тахилын авдар нь дээр нь байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад таксины мөнгөө өгч байж аваарай гэж хэлээд гарах гэхэд О уурлаад буцаагаад мөнгөн аягаа таксины жолооч ахаас авсан. Таксины жолооч ах гэрээс нь гарах даа гэрт нь байсан монгол гутлыг нь аваад гарсан. Таксины жолооч ах гэрээс гараад монгол гэрийнх нь хаалгыг гаднаас нь юмаар тэгнээд онгойлгож болохгүй болгосон мөн гэрийг шатаана гэж хэлсэн. Тэгээд О гэрийнхээ хаалгаа түлхсээр байгаад онгойлгоод араас гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарахад О жорлонгийн хажуухан талд урт арматурын төмөр барчихсан зогсож байсан таксины жолооч ах цаахна талд нь тонгойсон байдалтай хагас явган сууж байсан зүүн нүдний хэсэгт цус гарсан байсан. Би О-г аваад гэрүүгээ орсон таксины жолооч ах хэсэг сууж байгаад хашаанаас нь гараад явсан. Гэрт орж ирсний дараа О цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд намайг цагдаа дуудчихлаа чи архи уучихсан юм чинь яв гэж хэлсэн. Би О-гийн гэрээс гараад хашаанаас нь гарахад таксины жолооч ах машинтайгаа яваад өгсөн байсан. Би О-гийн хашаанаас гараад гэрлүүгээ харих санаатай гэр хорооллын эцсийн буудал хүртэл алхаж явж байгаад буцаад О-гийн гэрт очсон. Тэгээд хэсэг хугацаанд байж байтал орой 23 цагийн үед шиг санагдаж байна цагдаа нар гэрт нь ирж үзлэг хийгээд О-гийнг дагуулаад гараад явсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна О гэрчийн мэдүүлэг өгчхөөд ирлээ гээд гэртээ орж ирсэн. Тэгж хэлсэн зүйл огт байхгүй зодоогүй. Хэрвээ тийм байсан бол би юу гэж О-гийн гэрт байхав дээ орой цагдаа нарыг ирэхэд би Отэй хамт орондоо ороод хэвтэж байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/
11. Шинжээч эмч Ж.Г-гийн “Тархины эдийн дунд зэргийн няцралын үндсэн гол ялгагдах шинж тэмдэг бол ухаан алдах юмаа. Тухайн үед болсон зарим үйл явдлыг санахгүй байх шинж мөн илэрч болно” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б, Н.О нар нь бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын **** тоотод Ч.М-ийг гараараа болон арматур төмрөөр цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, мэдүүлэг, газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Бд 1 жил 6 сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгч Я.Э дүгнэлтдээ “Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих асуудал тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үйл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрэг үйлдэхэд ямар оролцоотой байсан эсэхийг нотолсон зүйл байхгүй. Шинжээчийн мэдүүлгээр шүүгдэгчийг яллах үндэслэлгүй. Нотлох баримт байхгүй байхад ганцхан гэрчийн мэдүүлэг арматур төмрөөр цохисон байх магадлалтай гэж үзэж хүнийг яллах нь шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байдал шүүгдэгч, яллагдагчид бий болсон тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх заалтыг баримтлаад шүүгдэгч Н.О-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгуулийн ялыг хамгийн бага доод хэмжээгээр нь оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Б-гын өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугүй, энэ хэрэгт хамааралгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ ижил байр суурьтай, үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдал зан авирын талаар Н.О ярихдаа Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргүүдийг хийнэ гэж заналхийлдэг талаар сая шүүхэд мэдүүлж байна. Энэ нь бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна. Н.О гэм буруугийн асуудалаар маргахдаа Б.Б-гын хувийн байдлыг дордуулах гэж мэдүүлэг тайлбар өгч байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч Б.Б-гыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар гаргах саналгүй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.М-ийн “нөгөө залуу харагдсан тэгээд 2-3 удаа тас гэх шиг болсон би тэгээд ухаан алдсан байсан. Эргээд хартал таксидаж гэртээ очдог залуу зүүн шанаа руу цохисон, яг тухайн үед юугаар цохисныг санахгүй байна, тэгээд үргэлжлүүлээд баруун шанаа руу 1 удаа, эрүү рүү нэг удаа цохисныг муухан санаад байгаа юм. Тэр эмэгтэй намайг төмрөөр цохисон байх гэж таамаглаж байна.” гэх мэдүүлэг, гэрч М.У-ийн “аав М бусдад зодуулчихсан зүүн талын хөмсөг нь язарсан, нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад Жаст ойлын урд хүн гэрт нь хүргэж өгсөн чинь мөнгөө өгөхгүй гэртээ орчихсон. Би араас нь ороход намайг тэр залуу зодсон.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 353 дугаартай дүгнэлт, хохирогч Ч.М-ийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт, хохирогч Ч.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч эмч Ж.Г-гийн “тархины эдийн дунд зэргийг няцрал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, цээж нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг нь гараар цохиход үүсэх боломжтой гэмтлүүд байна. Зүүн хөмсөгт үүссэн няцарсан шархны шинж байдал болон надад хохирогч үзүүлэх үед үүссэн сорвины шинж байдлаас үзэхэд арматур төмрөөр цохиход үүсэх боломжтой гэмтэл байна.” гэх мэдүүлэг, сэжигтэн Н.О-гийн “Б гарч ирээд тухайн таксины жолооч ахыг нүүрэн тус газар нь цохитол тухайн ах газарт унасан босож ирээд Бтай зууралдтал Б тухайн ахыг дахиж нүүр лүү нь цохиж унагаагаад нүүрэн дээр нь дэвссэн тэгэхэд таксины ах хөдлөхгүй байсан дуу авиа бол гаргаж байсан.” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Б-гын “О жорлонгийн хажуухан талд урт арматурын төмөр барчихсан зогсож байсан. Таксины жолооч ах цаахна талд нь тонгойсон байдалтай хагас явган сууж байсан. Зүүн нүдний хэсэгт цус гарсан байсан.” гэх мэдүүлэг, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “Тархины эдийн дунд зэргийн няцралын үндсэн гол ялгагдах шинж тэмдэг бол ухаан алдах юмаа. Тухайн үед болсон зарим үйл явдлыг санахгүй байх шинж мөн илэрч болно” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б, Н.О нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын **** тоотод Ч.М-ийг гараараа болон арматур төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийг няцрал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, цээж нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О болон түүний өмгөөлөгч нар “Хохирогчийг төмрөөр цохиогүй, хохирогчийг зодоогүй” гэж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч нар “хохирогчийг цохиогүй” гэж тус тус мэтггэлцэж байх боловч хавтатс хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Н.О-гийн “Б гарч ирээд тухайн таксины жолооч ахыг нүүрэн тус газар нь цохитол тухайн ах газарт унасан босож ирээд Бтай зууралдтал Б тухайн ахыг дахиж нүүр лүү нь цохиж унагаагаад нүүрэн дээр нь дэвссэн тэгэхэд таксины ах хөдлөхгүй байсан дуу авиа бол гаргаж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-гын “О жорлонгийн хажуухан талд урт арматурын төмөр барчихсан зогсож байсан. Таксины жолооч ах цаахна талд нь тонгойсон байдалтай хагас явган сууж байсан. Зүүн нүдний хэсэгт цус гарсан байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь хохирогч Ч.М-тэй маргалдаж, толгойн тус газарт нь төмрөөр цохьсон, шүүгдэгч Б.Б нь хохирогч Ч.М-ийн толгойн тус газарт удаа дараа цохиж, толгойн тус газарт хөлөөрөө дэвсэж зодсон нь тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь үйлдлээр санаатай нэгдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Н.О, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М-ийн эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийг няцрал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, цээж нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 3 904 170 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Хохирогч нь такси үйлчилгээнээс олох байсан орлогоо нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Шүүгдэгч Н.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 952 085 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Б.Бас 1 952 085 төгрөг гаргуулж хохирогч Ч.М-д олгох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О, Б.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Н.О хохирол төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Н.О-д торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Н.О-д оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг төмөр Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.О бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Б-ийн Б, А овгийн Н-ийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.О-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1 952 085 /нэг сая есөн зуун тавин хоёр мянга наян тав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.М-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг арматур төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч, Ч.М нь такси үйлчилгээнээс олох байсан орлогоо, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС