| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн 2325000000199 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Х.А.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sonic” паб, караокегоор хамт үйлчлүүлсэн найз Л.Б-гийн өмчлөлийн Samsung А23 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна.” гэв.
Хохирогч Л.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Б-ийн “Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sonic” караоке, пабад найз Мөнхжаргал, эгч А нарын хамт үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн Samsung Galaxsy А23 маркийн гар утсаа хулгайд алдсан. Мөн 2023 оны 02 дугаар сард миний **** дугаарын утас руу таны интернет банк руу нэвтрэх оролдлого хийсэн, нууц үг буруу байна гэсэн зурвас ирсэн. Би тухайн үедээ миний гар утсыгхулгайлсан хүн миний утсан дээр бүртгэлтэй хаан банкны нэвтрэх нэрээр данс руу нэвтрэхийг оролдож байна гэж ойлгоод цагдаад хандсан. Гэхдээ би Хаан банканд хандаж өөрийн интернет банкны нууц үг болон нэвтрэх нэрээ сольсон. Үүнээс хойш дахин миний хаан банкны интернет банк руу нэвтрэх оролдлого хийгдээгүй. Мөн би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Samsung Galaxsy А23 маркийн гар утсаа буцаан авсан. Хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан учраас гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10, 12-13 дахь тал/
2. Гэрч Х.М-ын “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хороололд айлд обой нааж байхад манай найз Л.Б над руу чат бичээд хотоос ирчихсэн байна хүрээд ир гэхээр нь би Б руу утсаар яриад хаана байна гэж асуухад Сэлэнгэ зочид буудлын гадаа байна гэж хэлэхээр нь би машинтай явж очиход Б нэг шар үстэй хүүхэнтэй хамт зогсож байсан ба шар толгойтой хүүхэн нь Б-г караоке орж ганц дуулъя гээд байхаар нь тэндээсээ Согоот багт байрлах Sonic рub орсон. Бид нар тэнд хүн тус бүр 2, 2 пиво захиалаад 1 цаг дуулах цаг авсан. Энэ хооронд Б өөрийнхөө гар утсаар нөхөр охин 2-тойгоо ярьсан. Тэгэхэд хамт явсан шар үстэй хүүхэн нь Бын гар утсыг нь булааж аваад нөхөртэй нь яриад яваад байсан. Ингээд цаг дуусаад тооцоогоо хийх гээд би АТМ-с мөнгө авах гээд гараад буцаж ирээд тооцоогоо хийчихээд караокены өрөө рүү ортол шар үстэй хүүхэн утсаар яриад надтай зөрөөд гарсан. Харин Б ширээ дэрлээд унтчихсан байхаар нь би сэрээд бид хоёр шар үстэй хүүхэний пабд нилээн хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь гараад Б-г Цагаанчулуут баг **** тоотод хүргэж өгөөд тэндээс хүүгээ аваад Яргуйт багт хүргүүлэхдээ замдаа хүнсний дэлгүүр орж хүүхдэдээ пампарс авах гэж ороод гар утсаа алга болсоныг мэдсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд Sonic pub ороод танайд би гар утсаа орхиод гараад явчихсан байна гээд сууж байсан өрөөндөө ороод үзтэл байхгүй байсан ба бармен нь цэвэрлэгээ хийхэд ямар ч утас байгаагүй гэж хэлэхээр нь танай пабын камерийн бичлэгийг нь шүүж үзье гэтэл манай камер ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Б тухайн үед Самсунг А23 маркын гар утастай байсан. Тухайн үед Б гар утсаараа пабд байхдаа нөхөр охин хоёртойгоо утсаар яриад өөрөө утсаа цүнхэндээ хийгээд байсан. Тэр хооронд хамт явсан шар үстэй хүүхэн нь Бын утсыг авч хүнтэй яриад байсан. Би хамгийн сүүлд гарахдаа тооцоо хийх гээд түрүүлээд гараад явчихсан. Намайг буцаж ирэхэд тэр хүүхэн утсаар яриад гарсан ба яг хэний утсаар яриад гарсаныг нь анзаараагүй. Тэрнээс хойш тэр хүүхэнтэй уулзаагүй. Тухайн үед Б гар утсаараа нөхөр хүүхэдтэйгээ яриад шууд өөрийнхөө цүнх рүү гар утсаа хийгээд байсан. Гээх ямар ч боломж байхгүй гэж бодож байна. Миний бодлоор шар үстэй хүүхэн утсаар ярьж байгаад согтууг нь далимдуулаад аваад явчихсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
3. Гэрч Б.О-гийн “Манай нөхөр Б-ын барьж байсан цагаан өнгийн самсунг А23 маркын гар утсыг манай төрсөн эгч болох Х.А нь авчирч өгсөн ба уг гар утсыг олсон тул чи энэ утсыг аваад оронд нь надад гайгүй утас өгөөрэй гэж хэлээд явсан байсан. Би тухайн үед байгаагүй. Манай нөхөр намайг орой ажлаас тараад ирэхэд болсон асуудлын талаар хэлсэн. Маргааш нь манай нөхөр А эгчид самсунг А51 маркын гар утас авч өгсөн байгаа. Одоо А эгч самсунг А51 маркын гар утас барьж байгаа. У-г гар утсыг манай нөхөр хэсэг барьж байгаад мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьчихсан байж байгаад гар утсаа авч чадахгүй болохоор нь хуурай дүү Г-г ломбарданд гар утсаа алдах гээд байна, чи тэр утсыг аваад барь гэж хэлтэл Ганбат ломбарднаас аваад барьж байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь/
4. Гэрч Г.Б-ын “Би эцэг эхээсээ хоёулаа айлын том, доороо төрсөн эмэгтэй дүүтэй, нэрийг нь Мөнхжаргал гэдэг. Манай эхнэр айлын бага дээрээ 4 эгчтэй нэрийг нь А, А, А, А гэдэг ахыг нь Б гэдэг. А нь Улаанбаатар хотод амьдардаг, А нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд, А, А нар нь Орхон аймагт, төрсөн ах Б-г хаана амьдардаг талаар мэдэхгүй байна. А Орхон аймаг Баян-Өндөр сумын гэр хороололд амьдардаг гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. А-тай холбогдож яриад байдаггүй. Би тухайн гар утсыг ашигладаг байсан, надад мөнгөний хэрэг гараад уг утсыг танидаг дүү болох Г-д 270,000 төгрөгөөр зарсан юм. Одоо А-53 загварын гар утас ашиглаж байгаа. Би тухайн гар утсыг эхнэрийн эгч болох А-аас авсан. Надад А хэлэхдээ би өөрийнхөө А52 загварын гар утсаа алдчихлаа маргааш манай нөхөр ирнэ харин чи энэ Самсунг-А23 утсыг аваад надад зөрүүлээд утас авч өг гэж хэлсэн тэгээд би маргааш нь Самсунг-А52 загварын гар утас авч өгсөн. Тус гар утас нь цагаан өнгөтэй гар утас байсан, өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй. Тухайн гар утсыг олсон гэж надад хэлж байсан. Би өөрөө Pubg тоглоом тоглодог гайгүй үзүүлэлттэй гар утас байсан учраас тоглоом тоглоход гайгүй байх гэж бодоод авсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-23 дахь тал/
5. “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-ОРХ/6212 дугаартай “Дээрх гар утасны одоогийн зах зээлийн үнийг 2023 оны 03 дугаар сарын байдлаар 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх үнэлгээний тайлан. /хавтаст хэргийн 30-33 дахь тал/
6. Сэжигтэн Х.А-гын “Б хуучин нөхөртэйгөө маргалдаад байхаар нь эгч нь одоо явлаа гэж хэлтэл Б намайг байж бай гээд байсан. Өглөө гэртээ сэрсэн ба яаж пабаас гарснаа санахгүй байгаа юм. Б маргааш нь надаас гар утсаа асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Би тухайн үед согтолттой байсан юм. Өөрийн хүргэн болох Б-д уг гар утсыг өгснөө санахгүй байсан ба 2 сарын дараа Б надад хэлэхдээ таны өгсөн гар утсыг ломбардад тавьчихан гэж хэлэхээр нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sonic” паб, караокегоор хамт үйлчлүүлсэн найз Л.Б-гийн өмчлөлийн Samsung А23 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.А-д 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б-гийн “Би тухайн үедээ миний гар утсыг хулгайлсан хүн миний утсан дээр бүртгэлтэй хаан банкны нэвтрэх нэрээр данс руу нэвтрэхийг оролдож байна гэж ойлгоод цагдаад хандсан” гэх мэдүүлэг, гэрч Х.М-ын “Б тухайн үед Самсунг А23 маркын гар утастай байсан. Намайг буцаж ирэхэд тэр хүүхэн утсаар яриад гарсан ба яг хэний утсаар яриад гарсаныг нь анзаараагүй. Гээх ямар ч боломж байхгүй гэж бодож байна. Миний бодлоор шар үстэй хүүхэн утсаар ярьж байгаад согтууг нь далимдуулаад аваад явчихсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ын “Би тухайн гар утсыг эхнэрийн эгч болох А-аас авсан. Надад А хэлэхдээ би өөрийнхөө А52 загварын гар утсаа алдчихлаа маргааш манай нөхөр ирнэ харин чи энэ Самсунг-А23 утсыг аваад надад зөрүүлээд утас авч өг гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Самсунг-А52 загварын гар утас авч өгсөн” гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-ОРХ/6212 дугаартай үнэлгээний тайлан, сэжигтэн Х.А-ын “Өөрийн хүргэн болох Б-д уг гар утсыг өгснөө санахгүй байсан ба 2 сарын параа Б надад хэлэхдээ таны өгсөн гар утсыг ломбардад тавьчихан гэж хэлэхээр нь мэдсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sonic” паб, караокегоор үйлчлүүлэхдээ Л.Б-гийн өмчлөлийн Samsung А23 маркын гар утсыг авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.А-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-д 600 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Х-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС