Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2020/00082

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2017/01067/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ****** байрны ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД: , утас: , /-д холбогдох

Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,500,000 төгрөг, 3 сарын хүү 1,080,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг нийт 8,370,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Н.******* миний бие ТӨХК-д надтай хамт ажиллаж байсан С.******* нь надаас 6,500,000 төгрөг зээлдүүлээч гэж удаа дараа гуйсны дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 6,500,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаатай зээлдүүлж, бичгээр зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.

С.******* нь зээлсэн 6,500,000 төгрөгнөөс 2019 оны 01 дүгээр сарын дундуур 1 сарын хүү нийт 600,000 төгрөг, мөн 2,000,000 төгрөг үндсэн зээлээсээ хасуулаад үндсэн зээлсэн 4,500,000 төгрөгнөөс үлдсэн 3 сарын хүүгээ бодоод цаашдаа төлөөд явъя гэсэн гуйлтын дагуу би зөвшөөрсөн гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй, худлаа шалтаг тоочиж намайг сэтгэл санааны дарамтад оруулж, үүнээс болж манай гэр бүлийн хооронд хүртэл маргаан болж байна. Иймд хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,500,000 төгрөг, 3 сарын хүү 1,080,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг нийт 8,370,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Би Н.******* гэдэг хүнээс мөнгө зээлсэн нь үнэн. Тухайн үед Н.******* миний ээлжийн мастер байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надад 6,500,000 төгрөг зээлж, намайг дагуулж очоод ****** биржээс бид хоёр хөх өнгийн Nissan xtrail гэдэг машин авсан. Үүнээс 5 хоногийн дараа 2019.01.02-нд Н.******* намайг дагуулж ****** ББСБ-д тавьж 3,500,000 төгрөг аваад 2,800,000 төгрөгийг Н.******* авсан юм. Тухайн үед би 18 настай байсан. Мөнгө төгрөгний тооцоо нарийн сайн мэддэггүй байсан. Н.******* нь банкнаас 1.4 хувийн хүүтэй зээл авчихаад надад 8 хувийн хүүтэй зээлсэн байна. Тэр үед төрийн өмчит хувьцаат компанид хамт ажиллаж байсан. 8 хувиар би төлж чадахгүй байх гэхэд зүгээрээ 2019 оны 01 дүгээр сарын 01-нд чиний цалин нэмэгдчихнэ гэж хэлсэн. Тэгээд цалин ч нэмэгдээгүй, намайг ажлын байранд дарамталж, сүрдүүлж хүссэн үедээ 100,000-600,000 төгрөг нэхэж айлгадаг. Удалгүй би ажлаасаа гарсан, байнга залгаж чамайг фэйсбүүк дээр тавина гэж сүрдүүлдэг. Би банкинд сард 413,000 төгрөг төлдөг, мөн ББСБ-д сард 310,000 төгрөг төлдөг. Гэтэл миний авч байгаа цалин 640,000 төгрөг, хэрэв тухайн үед Н.******* нь намайг ятгаж, энэ машиныг ББСБ тавиулаагүй бол би мөнгийг нь өгчих байсан. Би банкны зээлийг хийчихээд цаана нь надад 230,000 төгрөг үлддэг. Энэ үлдсэн 230,000 төгрөг маань нөгөө банк бусд нь хүрдэггүй. Тэгээд би Н.******* руу залгаж, би таны мөнгийг өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл ахын дүү хүү өгч хэрэггүй, тэгээд ах нь машиныг чинь авчихъя гэсэн. За тэгвэл тэг тэг гээд маргааш машиныг маань аваад явсан боловч 2-3 хоногийн дараа эвдлээд аваад ирсэн. Манайд ирэхдээ за ах нь хүү авахаа болъё гэсэн, сарын дараа над руу залгаж мөнгөө авъя гэж хэлсэн, надад машиныг маань эвдлээд авчирч өгөхдөө миний дүү бага багаар мөнгөө өгөөрэй гэсэн. Тэгье, тэгье гэтэл байнга мөнгө нэхэж залгадаг болсон. Тэгэхээр нь би гэрээнд заасны дагуу та машинаа ав, төлж чадахгүй гэж хэлсэн... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээл 4,500,000 төгрөг, 3 сарын хүү 1,800,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг нийт 8,370,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Н.******* хамт ажиллаж байсан С.*******ийн удаа дараагийн хүсэлтээр 6,500,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. 2019 оны 1 дүгээр сарын дундуур хариуцагч нь хүү гэж 600,000 төгрөг, дараа нь 2 сая төгрөгийг үндсэн зээлээсээ хасаж өгөөч гэсний дагуу Н.******* хасч өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдсэн мөнгөө өгөхгүй байгаа учраас шүүхэд үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 1,080,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг нийт 8,370,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...С.*******т холбогдуулан үндсэн зээл 4,500,000 төгрөг, 3 сарын хүү 1,080,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг нийт 8,370,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлээ анх 6,500,000 төгрөг 4 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар тооцохоор бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлээ хугацаандаа төлөөгүй бол барьцааг авахаар тохиролцсон, барьцааны гэрээ байгуулсан байдаг. Зээлүүлсэн 6,500,000 төгрөгөөсөө 2019 оны 01 дүгээр сард хүү 600,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг авсан гэдгийг нэхэмжлэгч тайлбарладаг. Ингээд үндсэн 4,500,000 төгрөг хүү 1,080,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг нийт 8,370,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж харж байна, өөрөөр хэлбэл алданги өдрийн хэдэн төгрөг гэдэг тодорхой бус байна. Хариуцагчийн хувьд 6,500,000 төгрөг төлсөн гэдэгтэй маргахгүй байгаа. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6,500,000 төгрөгийг зээлж аваад намайг дуулж яваад ББСБ дээр очиж машиныг барьцаалж 3,500,000 төгрөгийг авахуулаад газар дээр нь 2,300,000 төгрөгийг авсан гэж маргаж байгаа. Үлдсэн 700,000 төгрөгөөр суудлын бүрээс дугуй авч тавьсан. 3,500,000 төгрөгөөс өөртөө хэрэглэсэн болон Н.*******т өгсөн гэж маргаж байгаа. Өмнө бичгээр тайлбар өгөхдөө хүү авахгүй гэсэн асуудал байгаа, үүнийг шүүх ач холбогдолгүй гэж байна. Хуульчийн хувьд авч үзэхэд 6,500,000 төгрөгөөс 4,500,000 төгрөг үлдсэн гэж нэхэмжлэгч тал харж байгаа юм байна. Анх нэхэмжлэгч талын байр сууриар 600,000 төгрөгийг хүүд тооцож авсан байна. 8 хувийн хүү нь 20,000 төгрөг 80,000 төгрөг илүү авсан байна гэж харж байна. 3 сарын хүү 450,000 төгрөг авна гэж байгаа бол 1,080,000 төгрөг зөрүү 80,000 төгрөгөө хасахад 1,000,000 төгрөг байна, алдангаа аль хэсэг хугацаанаас тооцож нэг өдөр хэдэн төгрөгөөр тооцож байгаагаа товч хэлэхгүй байна. Миний хувьд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хүлээж авсан 6,500,000 төгрөгөөрөө машин худалдаж авсан. Машиныг дундаа хэрэгцээндээ унах ийм үйл явдал байсан байна. Нэг нь 2,800,000 төгрөг, нөгөө нь 2,600,000 төгрөг гэж маргаж байгаа боловч манай талаас зөрүү 200,000 төгрөгөө нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Миний хувьд өнөөдөр хэрэгтэй танилцаж хуралд орж байна. Шударга байдлыг харахад 4,500,000 төгрөг дээр миний саяны хэлсэн зөрүүг бодоод нэгэнт талуудын хооронд тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ байгуулагдсан учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч С.*******ээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4,500,000 төгрөг, 3 сарын хүү 1,080,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч С.******* түүний өмгөөлөгч 2,800,000 төгрөг төлсөн, одоо 6,000,000 төгрөг төлнө, сүүлд хүү авахгүй гэж тохирсон гэж маргаж байгаа болно.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2019 оны 04 дүгээр сарын 27 хүртэл 6,500,000 төгрөг зээлдүүлсэн, 2,600,000 төгрөгийг зээлдэгч хэсэгчилсэн байдлаар төлсөн гэж нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Талууд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний зүйл болсон 6,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн тойргийн нотариатч Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт Нотариатын үйлдэл хийх заавар-ын 5.3-т зааснаар болон Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч түүнд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно гэсний дагуу талуудын байгуулсан зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцох мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэснээр талуудын хооронд 6,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан гэрээгээр болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар С.******* мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээл 6,500,000 төгрөгийг 3 сарын хүү /572 000x3/ 1,716,000 төгрөгийн хамт хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагадаа ...2019 оны 01 дүгээр сарын дундуур 1 сарын хүү нийт 600,000 төгрөг, мөн 2,000,000 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулаад үндсэн зээл 4,500,000 төгрөгнөөс үлдсэн 3 сарын хүүгээ бодоод цаашдаа төлөөд явья гэсэн гуйлтын дагуу би зөвшөөрсөн. Иймд хариуцагч С.*******ээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4,500,000 төгрөг, 3 сарын хүү 1,080,000 төгрөг гэж тодорхойлжээ.

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар зээлдүүлэгч зөвшөөрсөн тул зээлийн зарим хэсгийг хүүгийн хамт буцаан төлж зохигчид 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаа, төлбөл зохих үндсэн үүргийг /2019 оны 04 дүгээр сарын 27 хүртэлхи/ -г өөрчилсөн байна.

Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д ...зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана ... гэж хуульчилснаас үзвэл талууд байгуулсан гэрээндээ нэмэлт буюу хугацааг сунгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ. Хүү гэдэг нь хугацааны нөлөөллөөр өнөөдрийн мөнгө ирээдүйд хэд болохыг тооцоолсон дүн байдаг тул цаашид ямар хугацаанд, хэдий хэмжээний хүү тооцсоныг тогтоох боломжгүй, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснээр үндсэн төлбөр 4,500,000 төгрөгт 3 сарын хүү 1,080,000 төгрөг шаардах эрхгүй болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ, мөн зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсан, талууд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3-т алданги тооцохоор тохиролцсон.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,500,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож илүү нэхэмжилсэн 1,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 148,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс хангагдсан дүн болох 6,725,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 122,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 323.4-т заасныг баримтлан хариуцагч С.*******ээс 6,725,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, 1,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 10 -ны өдөр банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 148,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс хангагдсан дүн болох 6,725,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 122,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ