Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 182/2018/00107/и |
Дугаар | 752 |
Огноо | 2018-03-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 752
МАГАДЛАЛ
2018.03.23 Дугаар 752 Улаанбаатар хот
Б.И-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00107 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.И-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т Б ХХК-д холбогдох,
Т Б ны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.И,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж, Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оноос Т Б ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Таван шар тооцооны төв дээр Улаанбаатар байгууллагын банкны мэргэжилтэн ирж үйл ажиллагаатай танилцсан. Манай тооцооны төвийн үйл ажиллагаатай танилцсан талаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцсэн болохыг хожим мэдсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т Б ны гүйцэтгэх захирлын тушаал гарсныг мэдэгдэж албан ёсоор 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан. Захирлын тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авч танилцаж үзэхэд огт үндэслэлгүй, тогтоогдоогүй асуудлыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан зохицуулалттай огт нийцэхгүй тушаал болохыг мэдсэн. Иймд Т Б ны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчтой тохиролцсон хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон тул ажил олгогчийн санаачилгаар буюу гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулахгүй байх, ажил таслахгүй, ажлын цагаас хоцрохгүй байх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 5 шар тооцооны төвийн ахлах теллер Б.Э хурууны хээг өөрийнхөө өмнөөс ирцийн бүртгэлийн программд таниулсан. Ажлын цагаас хоцрох болон ажил тасалсан зэрэг зөрчлийг давтан гаргасан. Т Б ХХК-ийн Улаанбаатар банкны газрын орлогч захирал Н.Зоригтийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах удирдамжийн дагуу менежер Д.С банкны салбар нэгжүүдэд хяналт шалгалтыг эхлүүлж гэнэтийн шалтгалт хийсэн. Д.С-ийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тайланд нэхэмжлэгчийн ирцийн бүртгэлтэй холбогдох зөрчил илэрсэн. Үүний дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас Хууль эрх зүйн газарт ирээд дүгнэлт гарч Хүний нөөцийн хороонд танилцуулаад гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.И урьд эрхэлж байсан ажил буюу Т Б ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа Таван шар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 3 913 848 төгрөгийг хариуцагч Т Б ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.И-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.И-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т Б ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.И нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т Б ХХК-иас 77 571 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэрэг маргааныг хянан хэлэлцэх үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрч болох Таван шар тооцооны төвийн ахлах теллер Б.Э-гийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа үйл баримтыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэлгүй дүгнэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэрийн тухай хуульд заасан шүүхийн аливаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч Б.И нь Т Б ХХК-ийн Таван шар тооцооны төвийн захирлын ажил эрхлэж байх хугацаандаа өөрийн ирц, бүртгэлийн эрхээ тус тооцооны ахлах теллер Б.Э-д шилжүүлж ирцээ бусдаар бүртгүүлсэн түүнчлэн ажлын цагийг нарийн чанд баримтлан ажиллаагүй, ажлаас хоцрох, таслах зэрэл зөрчил гаргасныг дотоодын хяналт шалгалтаар тогтоож 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Т Б ХХК-ийн хууль, эрх зүйн газраас дүгнэлт гарсан байдаг. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Б.И нь өөрийн ирц бүртгүүлэх эрхээ бусдад дамжуулсан зөрчил нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Б.Э-гийн хэлээд байгаа 20 гаран удаа гэдгийг хариуцагчийн зүгээс Б.И болон Б.Энхнаран нарын ирцийн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгснөөр хангалттай баталж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.И-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад шүүхийн шийдвэр нийцсэн байна.
Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Т Б ХХК-д холбогдуулан Т Б ны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.И хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1569 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Т Б ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3, 12 дугаар зүйлийн 12.10, 12.16, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.2.17, 6.2.18, 7.4.3, Хүний нөөцийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр хурлын шийдвэрийг тус тус заасныг...” үндэслэн мөн өдрөөс эхлэн “Сонгинохайрхан дүүрэг” салбарын харьяа “Таван шар” тооцооны төвийн захирал ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтад хувийн байдалтай холбоотой хууран мэхэлсэн үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхээр заасан үйл баримт тогтоогдоогүй. Мөн тухайн байгууллагын албан хаагч нарын үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдал гаргасан гэх “ирцийн бүртгэлийн программд өөрийнхөө хурууны хээг Б.Э-гаар уншуулсан” байгаа нь нэг удаагийн үйлдэл гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь ажил хэргийн явцад ямар эрсдэл бий болгосон мөн хууль бус гэм буруутай үйлдэл гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77 571 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
М.НАРАНЦЭЦЭГ