| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2022/0001/з |
| Дугаар | 121/ШШ2022/0002 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 121/ШШ2022/0002
2022 оны 01 сарын 18 өдөр Дугаар 121/ШШ2022/0002 Арвайхээр сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Э.Б-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлснийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б-с 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Э.Б миний бие аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн **тоот захирамжаар шинэ Арвайхээрийн ... дугаар баг ..... тоотод амины орон сууцны зориулалтаар 255 мкв /га/ газар эзэмшихээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ авч уг газартаа амины орон сууц барьсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Э гэдэг хүн ирж танай хашаатай залгаа манайх газар авсан. Танай хаалга манай газарт орж байгаа юм байна. Танайх хаалгаа засмал талдаа гаргах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай хаалга засмал талд гарах ямар ч боломжгүй. Шууд явган хүний замтай нийлж байгаа юм. Энэ байдлаас болж бид газраа чөлөөтэй эзэмших эрхээ алдахад хүрээд байна. Энэ талаар би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн газрын албанд гомдол гаргасанд тус албанаас “... Засаг даргын захирамжийг цуцлах эрхгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/359 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дунд би нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж, хариуцагчтай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч **нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тэрээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд, энэхүү шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Б нь тус захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, 121/2022/0001/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/359 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2022/0001/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ