| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 115/2025/0018/З |
| Дугаар | 221/МА2025/0572 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0572
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү 654,800 төгрөгийн хохирлыг гаргуулах, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалын хүчингүй болгуулах, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Г.Б
Хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 115/2025/0018/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-оос Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү 654,800 төгрөгийн хохирлыг гаргуулах, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалын хүчингүй болгуулах, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 18-ний өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, тушаалын улмаас дутуу олгогдсон 654800 /зургаан зуун тавин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, 2025 оны 04 сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Боловсролын газарт удаа дараа танхайран, албан өрөөнд зөвшөөрөлгүй нууц бичлэг хийж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, ёс зүйн зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.3, 4.1.7, 5.2.5-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т зааснаар үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж зааж өгсөн.
Маргаан бүхий цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дүгээр тушаал гаргах болсон үндэслэл нь дараах байдлаар нотлогдож байгаа бөгөөд хавтаст хэргийн 92-оос 93 дугаар хуудсанд гэрч Г.Алтантуяагийн мэдүүлэг, 97-оос 98 дугаар хуудас гэрч Л.М-ийн мэдүүлэг, 102-оос 103 дугаар хуудсанд гэрч Б.Б-ны мэдүүлэг, 132-оос 133 дугаар хуудсанд гэрч Д.Г-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7, Хөдөлмөрийн гэрээний 5.2.5-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа.
Мөн хавтаст хэргийн 48-аас 58 дугаар хуудсанд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш нарын Баян-Өлгий аймагт туршлага судалсан гэх баримт авагдсан бөгөөд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хэн нэгэн томилогдоогүй, эрх олгогдоогүй байхад дур мэдэн багш нарыг туршлага судлуулахаар явуулсан. Туршлага судлах ажлын удирдамжид чөлөө авсан Б.Б захирлын нэрийг бичээд гарын үсэг зурсан, менежерийн тамга дарсан. Анх уг асуудлаас болж захирал Б.Б-д Боловсролын газрын даргын зүгээс туршлага судалсан гэх хүмүүсээсээ асуу, хичээлийн цагаар, ажлын өдөр яагаад багш нарыг явуулсан, хэн явуулсан, явуулсан хүнд нь хариуцлага тооц гэж хэлэхэд Б.Б хэрүүл хийж, маргаан гаргаж, хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг үл биелүүлсэн. Удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй.
2.Маргаан бүхий Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаар тушаалын тухайд Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.2.2, 5.2.6, 5.2.10-т тус тус зааснаар захирал Б.Б нь Б/91 дүгээр тушаалаар нийт 12 багшид үр дүнгийн урамшуулалтай давхардуулан 2,800,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон, 2024 оны 03 дугаар сард ажиллаагүй эмчилгээнд явсан байхад ур чадварын нэмэгдэл цалин 339,680 төгрөг авсан, 2024 онд байгууллагын заалны орлого 1.782.200 төгрөгийг байгууллагын дансаар дамжуулаагүй сахиул Т.Н дансаар дамжуулан байгууллагын орлогыг зарцуулсан болон Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн ажилчдын гомдол зэргийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Б/58 дугаар ажлаас чөлөөлсөн тушаал дараах байдлаар нотлогдоно. Үүнд хавтаст хэргийн 147-оос 148 дугаар хуудсанд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/92 дугаар хязгаарлалттай дүгнэлт, хавтаст хэргийн 164-өөс 168 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хяналт, шалгалтын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35-02/26 дугаар танилцуулга, хавтаст хэргийн 169 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35-02/146 дугаар акт, 170-аас 171 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35-02/147 дугаартай акт, хавсралт, хавтаст хэргийн 177-оос 178 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.Б-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Б.Б 339,680 төгрөгийг өөрийн сайн дураар бүрэн төлсөн байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор хянаад шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41 дүгээр тушаалаар “...Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал Б.Б-ын үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулж”, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаар тушаалаар Б.Б-ыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх тушаалуудыг эс зөвшөөрч “...албан ажил үүргээ зохих журмын дагуу алдаа дутагдал гаргалгүйгээр хийж ирсэн ба сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй ... хариуцагч өөрийн гаргасан актын хууль зүйн үндэслэлийг нотолж чаддаггүй ... өөрийн үзэмжээр шийдвэр гаргасан” гэж тайлбарлан Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
3. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ёс зүйн шаардлагыг зөрчсөн эсэх талаар тогтоогоогүй атлаа ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн, хэрэв ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол мөн хуульд зааснаар ёс зүйн хариуцлага тооцох байтал Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамааруулж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй... нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах ... ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх ... ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлж, тогтоосон норм стандартыг ханган ажиллах ... байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон удирдах дээд байгууллагаас шаардсан тайлан мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь ажил олгогчид хүргүүлж байх зэрэг үүргүүдээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй ... хариуцагч нь маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон зарим зөрчлийг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй, хуульд заасан журмаар шалгаж бодит нөхцөлийг тогтоогоогүй ... хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах журмыг хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул дараах үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3.1. Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.1. Дээрх Б/41 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ыг албан байгууллагад удаа дараа танхайран, албан өрөөнд зөвшөөрөлгүй нууц бичлэг хийсэн, хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэн үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.1.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нар нь албан ажлын өрөөнд бичлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч маргаан бүхий актын үндэслэл болсон танхайрах, дээд шатны албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.
3.1.3. Учир нь гэрч Г.А, Л.М, Д.Г нараас нэхэмжлэгч Б.Б-ыг “...Боловсролын газрын даргын албан өрөөнд хийсэн бичлэгээ устга гэж маргасан... цагдаа дуудсан ... бичлэгийг устгаж байх шиг байсан ...” гэж мэдүүлсэн төдийгүй нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд “... бичлэг хийсэн ... цагдаа ирээд бичлэгээ устгахгүй бол цагдаагийн хэлтэс авч явна гэсэн. Ингээд би бичлэгээ устгуулсан” гэж, хариуцагч Б.Ц “...сонсох ажиллагаагаа баталгаажуулж бичлэг хийсэн” гэж тус тус тайлбарласан.
3.1.4. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдлийг танхайрах зөрчил гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар “зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг, 1.2-т зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг тус тус ойлгоно.
3.1.5. Хэдийгээр гэрч нарын мэдүүлгээр Б.Б-ыг албан ажлын өрөөнд маргалдаж, чанга дуугаар ярьж танхайрсан гэх боловч дээрх хуульд заасны дагуу түүнийг танхайрах зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр, үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
3.1.6. Нөгөөтээгүүр, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн АХЗАН-ийн 9 багш заах арга зүй, сурах орчин, ажиллах арга барилаас суралцаж, өөрийн мэдлэг оюундаа хувь нэмэр оруулах, сайн туршлагыг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар явсан бөгөөд энэ талаарх тайлан, тайлбараа ирүүлсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажил тасалж Баян-Өлгий аймаг руу явсан гэх багш нарт хариуцлага тооцох арга хэмжээ аваагүй буюу хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн гэж буруутгасан маргаан бүхий акт үндэслэлгүй байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
3.2. Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.2.1. Маргаан бүхий Б/58 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ыг нийт 12 багшид үр дүнгийн урамшуулалтай давхардуулан 2.800.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон, 2024 оны 03 дугаар сард ажиллаагүй байхад ур чадварын нэмэгдэл цалин 339,680 төгрөг авсан, 2024 онд заалны түрээсийн орлого 1.782.200 төгрөгийг байгууллагын дансаар дамжуулаагүй сахиул Т.Н дансаар дамжуулан байгууллагын орлогыг зарцуулсан болон Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн ажилчдын гомдол зэргийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
3.2.2. Багш нарт үр дүнгийн урамшуулалтай давхардуулан 2.800.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон тухайд, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Илүү тооцож олгосон мөнгөн урамшуулал төлүүлэх тухай” 35-02/147 дугаар актаар сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар нийт 12 багшил үр дүнгийн урамшуулалтай давхардуулан 2,800,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ур чадварын нэмэгдэл олгох Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А35/А/10/9 тоот ур чадвар олгох тушаалыг үндэслэн олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гээд илүү тооцож олгосон мөнгөн урамшууллыг төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар акт тогтоосон боловч гэрч Н.Б-ын “...санхүүгийн анхан шатны баримтуудаас үзэхэд багш, ажилчдад олгосон урамшуулал нь тухайн багш, ажилчид яамны болон бусад шагналаар шагнагдсантай холбоотой олгосон мөнгөн урамшуулал байсан. Дээрх акттай холбоотой багш ажилчдаас гомдол ирсэн тул тухайн актын үндэслэлтэй холбоотой асуудлыг дахин хянах асуудлыг Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дотоод хорооны хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа” гэж мэдүүлж байх төдийгүй дээрх актыг эс зөвшөөрвөл гомдол гаргах гаргах хугацаа дуусаагүй байсан энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд бүрэн тогтоогдсон, улсын байцаагчийн актууд хүчин төгөлдөр болсон нөхцөлд хариуцагчийн зүгээс хуульд зааснаар хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн Б/58 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
3.2.3. Нөгөөтээгүүр, Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” Б/54, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Б.Б-д 22 хувиар тооцож ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байх төдийгүй тухайн урамшууллыг нэхэмжлэгч Б.Б-ын цалингаас суутгасан авсан үйл баримтаас үзэхэд маргаан бүхий актын энэ талаарх үндэслэл хуульд нийцээгүй байна.
3.2.4. Учир нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” 35-02/146 дугаар актаар “...сургуулийн захирал Б.Б нь 2024 оны 03 дугаар сард эмчилгээнд явсан байхад ур чадварын нэмэгдэл цалин 339,680 төгрөгийг олгосон нь ... зөрчсөн” гээд ур чадварын нэмэгдлийг Б.Б-оор төлүүлэхээр акт тогтоосон боловч тухайн акт гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим болон мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцэхгүй байна.
3.2.5 Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана”, 11.2-т “Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус журамласан бөгөөд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хугацааг үл харгалзан актаар тогтоосон төлбөрийг нэхэмжлэгчийн цалингаас суутгаж авсан үйл баримт тогтоогдож байх төдийгүй Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/54 дүгээр тушаалаар Б.Б-д тухайн ур чадварын нэмэгдлийг олгосон байх тул ажиллаагүй атлаа ур чадварын нэмэгдэл авсан гэж Б.Б өөртөө ур чадварын нэмэгдэл олгох тушаал гаргасан мэтээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцээгүй байна.
3.2.6. Мөн 2024 оны заалны түрээсийн орлого болох 1.782.200 төгрөгийг байгууллагын дансаар дамжуулалгүй сахиул Т.Н дансаар авсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/92 дугаар хязгаарлалттай дүгнэлтээр тогтоогдож байх боловч заалны түрээсийн орлогыг хууль бусаар захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
3.2.7. Хэдийгээр байгууллагын няравын дансаар заалны түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлээгүй гэсэн зөрчил илэрсэн байх боловч Б.Б тухайн орлогыг хууль бусаар захиран зарцуулсан талаар маргаагүй энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль болоод хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасан нийцээгүй.
3.2.8 Харин маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх төдийгүй анхан шатны шүүх “...хариуцагч нь маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон зарим зөрчлийг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй, хуульд заасан журмаар шалгаж бодит нөхцөлийг тогтоогоогүй ... хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах журмыг хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасныг хэрэглэж даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр байжээ.
3.3. Ийнхүү шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч маргаан бүхий актын дугаарыг буруу бичсэн төдийгүй хэргийг шийдвэрлэхэд шууд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагч болоод түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор тогтов.
3.4. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн хуудас дугаарлалтыг буруу хийсэн байхаас гадна нэг хуудсыг хоёр удаа хэвлэж, хэрэгт хавсаргасан байх тул энэ алдааг цаашид гаргахгүй байхад анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 18-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41 дугаар тушаалыг хүчингүй болгож, тушаалын улмаас дутуу олгогдсон 654800 /зургаан зуун тавин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, 2025 оны 04 сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг түүнчлэн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгасугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН