Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 62

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар М.Цэндэд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201601070195 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Э.Шинэхүү

 Улсын яллагч                                              Б.Алтанцэцэг

 Хохирогч                                                      Д.Бат-Очир

 Шүүгдэгч                                                 М.Цэнд нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Багануур дүүрэг дэх Хас банкны салбарт хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр Б.Наранцэцэг, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух Мөнхжаргалант овгийн Магсарын Цэнд /РД:НП80042696/

           Шүүгдэгч М.Цэнд нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны оройн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны гадна иргэн Д.Бат-Очиртой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Цэндийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны гадна хамаатны дүү болох Тэмүүжинг хүлээгээд байж байтал танил ах Бат-Очиртой тааралдсан. Бат-Очир ах намайг “юу хийж яваа юм, гөлөг минь” гээд согтуурхаад байхаар нь “хүн хүлээж байна, цаашаа яв” гэсэн чинь явахгүй байж байснаа миний хамар руу гараараа хальт цохьчихоор нь би буцаагаад шанаа руу нь зүүн гараараа цохиод барилцаж аваад бид хоёрыг газар унахад Бат-Очир ахтай хамт явж байсан 2 хүн болон манай дүү Тэмүүжин, баз хүргэн Наранбат нар ирж салгасан. ...Бат-Очир ах тухайн үед миний хамар руу хальт цохьсон болохоор миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Би Бат-Очирын шанаа руу нэг удаа зүүн гараараа цохиод барьцалдаж аваад бид хоёр газар унаад ноцолдсон... бид 2 урьд нь өр авлагатай байсан тул түүнээс болж муудалдсан.  Хохирогчид 1.500.000 төгрөг бэлнээр баримтгүй өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Бат-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 06-ны орой 16 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байранд найз Бор, Чулуунбаттай хамт байсан. Бор надад “0.5 граммын архины тал байна, уух уу” гэж асуухаар нь “за тэгье, уучихъя” гээд тэр архийг ганцаараа уучихаад сууж байгаад оройн 20 цагийн үед би найз Борын гэрээс гараад алхаж явтал 33 дугаар байрны гадна танил Цэндтэй тааралдаад “дүү сайн уу, дүүгийн мөнгийг удааж байж өгсөн шүү” гэсэн чинь Цэнд” харин тийм” гэж хэлэхээр нь би Цэндийг “дүү яачихсан юм, уучихсан байгаа юм уу” гэж асуусан чинь “танд миний уух, уухгүй хамаа байхгүй” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Цэндийн нүүр рүү цохьчихсон чинь Цэнд миний эрүү рүү цохиод би хойд талын замын хашлаганы төмөр мөргөөд газар унасан. Тэгээд би босч ирээд Цэндийг барьж аваад зууралдаад байж байтал Цэндийн таньдаг хоёр хүн нь ирээд бас манай найз Бор, Чулуунбат хоёр гарч ирээд Цэнд бид хоёрыг салгасан... Бид сайн дураараа эвлэрсэн. Хохирол төлбөр авсан, одоо миний бие зүгээр болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Д.Бат-Очирын биед дагзны баруун дээд хэсэг, эрүүнд оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн 09шэ/323 тоот дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 37,38 дугаар хуудас/,

           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “... М.Цэндийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

       Шүүгдэгч М.Цэнд нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны оройн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны гадна иргэн Д.Бат-Очиртой өр авлагаас болж маргалдан түүний шанаа хэсэгт нь зүүн гараараа цохиж унагасны улмаас Д.Бат-Очирын дагзны баруун дээд хэсэгт ташуу чиглэлтэй 4х1 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх, эрүүний баруун доод хэсэгт босоо чиглэлтэй, 5х0.5 см мэс заслын 3 ширхэг оёдол бүхий шарх гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Дээрх хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/323 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Цэнд нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь Д.Бат-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд М.Цэндийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Бат-Очирын “...2016 оны 08 дугаар сарын 06-ны орой Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны өмнө М.Цэндтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд М.Цэнд бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ болон хохирогчийн “…хохирлын мөнгөө авсан, гомдол саналгүй...” гэсэн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “… бид сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 1.500.000 төгрөг бэлнээр төлсөн…” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах үед тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар М.Цэндийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус   удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Мөнхжаргалант овгийн Магсарын Цэндийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мөнхжаргалант овгийн Магсарын Цэндэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Мөнхжаргалант овгийн Магсарын Цэндийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. М.Цэнд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  5. М.Цэндэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорохойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч М.Цэндэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ