Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00476

 

                                        “ **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01871 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1911 дүгээр магадлалтай, 

 **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 102,196,741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** **** ХХК нь ****, **** нартхолбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,196,741 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01871 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1д заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019.09.17-ны өдөр ЗГ/RCC180912026-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ****, **** нараас зээлийн гэрээний үүрэгт 102,183,242 төгрөг, хохирол 13,500 төгрөг, нийт 102,196,741 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож,Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ****, **** нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011411 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 байрны 211 тоотын 82.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 11.75 м.кв талбай бүхий зогсоолыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 878,939 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1911 дүгээр магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01871 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ****, ****аас нараас зээлийн гэрээний үүрэгт 102,196,741 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 94,500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нарын зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор өмчлөлд шилжүүлээгүй гэх татгалзал үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлохын тулд нотлох баримт гаргуулах хүсэлтийг тавьж, гаргаж ирсэн баримтыг шүүхээр үнэлүүлэхийг хүссэн боловч хариуцагчийн татгалзлыг шүүхээс огт дүгнээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой өмчлөлд шилжүүлээгүй, шилжүүлэг хийх талаар анхан шатны баримт байхгүй гэж тайлбар гарган энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөхийг хүссэн боловч ****наас өгөөгүй. Иймд шүүхэд хандан нэхэмжлэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтаар мөнгөн хөрөнгийг буюу 87,000,000 төгрөгийг шууд “То:ГУРВАНТАМИР БАТЛАВ” гэж Б.Гурвантамирт шилжүүлсэн. Үүгээрээ хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ нотлох баримтыг цуглуулах эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүйгээр, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс энэ талаарх гаргасан гомдлыг хэлэлцээгүй, дүгнээгүй байгаад гомдолтой байна.

4.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн хүүг бууруулж өгөхийг удаа дараа хүсч байсан гэдгийг хариуцагч тайлбараар хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ энэ талаар “Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд ****, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд талуудын хүсэлтээр шүүх зээлийн хүүг бууруулах талаар зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаанд эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх харилцааны зохицуулалт болох Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасан нь хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгийн зарим хэсэг болох 17,438,409 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ хуульд зааснаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч ****, **** нараас зээлийн гэрээний үүрэгт 102,183,242 төгрөг, хохирол 13,500 төгрөг, нийт 102,196,741 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагч ****, ****аас нараас зээлийн гэрээний үүрэгт 102,196,741 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. “ **** **** **** ХХК нь хариуцагч ****, **** нарт холбогдуулан зээл 84,744,832 төгрөг, зээлийн хүү 17,385,101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,308 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 13,500 төгрөг, нийт 102,196,741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарэс зөвшөөрч мэтгэлцжээ. 

9. “ **** **** **** ХХК нь ****, **** нартай 2018.09.17-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 87,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай, жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.8 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 3.36 хувь байх нөхцөлтэйгөөр зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг баталсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах зорилгоор мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан ****ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 байр, 211 тоот, зоорийн давхар 23 тоот 3 өрөө, 82.78 м.кв талбайтай орон сууц, 11.75 м.кв талбайтай автозогсоолыг барьцаалсан болох нь тогтоогдсон байна. 

10. Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцжээ. 

Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. 

11. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

11.1. Зээлийн гэрээний 3.1-д ****наас зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс зээлийн гэрээний хугацааг тодорхойлохоор заасан байна.  

11.2. Нэхэмжлэгч 2018.09.25-ны өдөр гэрээнд заасан ****ийн эзэмшлийн 452539312 тоот дансанд 87,000,000 төгрөгийг шилжүүлсэнтул  **** **** **** ХХК Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 7.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. 

12. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна. 

12.1. Зээлийн гэрээний 9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн” гэж гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор нэрлэн заасан бөгөөд мөн гэрээний 9.3-9.5-т **** гэрээг цуцлан зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх, гарах үр дагаврын талаар талууд тохиролцжээ. 

13.2. ****, **** нар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2019.03.29-ний өдрөөс хойш зөрчиж **** **** **** ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг хариуцагчид олгон хугацаа өгсөн хэдий ч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй орон сууцны зээлийн гэрээнд болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.   

14. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

14.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219, 225 дугаар зүйлд заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. 

14.2.  **** **** **** ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу ****, **** нарт 2019.12.09-ний өдрийн 5/7349 дугаар албан бичгээрүүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 9.2, 9.3зааснаар гэрээг цуцалж, зээлдэгч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй. 

15. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл ****, **** нар “ **** **** **** ХХК-ийн гэрээнээс татгалзсан үндэслэлд маргаагүй, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

16. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.3-т **** гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар гэрээ дуусгавар болж, зээлдэгч нарын үүргийг хангуулах талаар зохицуулжээ. 

16.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон талуудын хооронд зээлийн гэрээний 9.3-тзааснаар хариуцагч нарын үүргийг “ **** **** **** ХХК-ийн нэхэмжлэл болох зээл 84,744,832 төгрөг, зээлийн хүү 17,385,101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,308 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 13,500 төгрөг, нийт 102,196,741 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

17. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсанзээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэснийг зөвтгөсөн байх бөгөөд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй орхигдуулсныг залруулан дүгнэж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн үүргээ хэрэгжүүлжээ. 

18.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

19. Хариуцагч ****, **** нар“... **** дансанд мөнгө шилжүүлээгүй учраас зээлийг авсан гэж үзэхгүй. ...нэхэмжлэл гаргахад гарсан зардал 13,500 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. ...зээлийн хүүг бууруулах...”гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч нар тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

20. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1911 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч ****ын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,142 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД