| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ц.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О
Хохирогч Д.Б
Шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П-д холбогдох эрүүгийн 2325001560194 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.П нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” захын гадна Д.Б-с архины мөнгө нэхэж, өгсөнгүй гэсэн шалтгаанаар гараараа цохиж, чулуу шидэн толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ “өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Би өөрөө согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Гэхдээ Баярсайханы биед гэмтэл учруулсан нь үнэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “Нөхөр маань хүнд зодуулсаад эрүүл мэнд нь улам муудсан. Ойр ойрхон татаж унадаг болсон. Их гомдолтой байгаа гэсэн. 131 750 төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ “би архи уугаагүй эрүүл явсан. Тортой мах, ногоо аваад явж байхад архины мөнгө нэхэж намайг зодсон. Толгойруу цохьсон. Толгойдоо оёдол тавиулсан. Гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Б-ын “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Хүлэг хүнсний гадаа хоол ундаа авах гээд явж байхад солбио П гэх хүн таараад архи уух гээд гуя, хаа байна уу, би яг үхэх гээд байна мөнгө байна уу, гэхэд нь надад мөнгө алга байна, би хоол ундаа авчихлаа би чамд ямар өр ширтэй юм уу гэж хэлээд босоод явтал намайг хоёр удаа цохихоор нь би түлхэж унагаасан араас чулуугаар толгой руу шидсэн, мөн намайг өшиглөсөн. Би ухаан алдсан байсан, нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би өмнө нь тархины хавдартай байсан учраас хагалгаанд орж байсан. Тухайн хагалгааны оёо хэсэгт дахин шинээр оёдол тавиулсан. П согтуу байсан, би өөрөө жаахан архи уучихсан байсан гэхдээ ухаан санаа эрүүл байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. П надад эмчилгээнд зориулж 50,000 төгрөгийг өгсөн. Би өөрөө түрүүлж хэрүул маргаан үүсгээгүй.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дахь тал/
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 729 дугаартай “Д.Б-гын биед баруун, зүүн хөмсөгний хэсэг, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Баруун, зүүн хөмсөгний хэсэг, хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь магадлуулагчийн ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Магадлуулагч нь газар унах үед уг шархнууд үүсгэгдэх боломжгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 33-34 дахь тал/
3. Яллагдагч Ц.П-гийн “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн явж байгаад танил Д.Б-тай таарсан. Д.Б-с мөнгө байна уу, нийлүүлж байгаад хамт архи ууя гэж хэлтэл байхгүй гээд өөдөөс хашхираад байсан. Тэгээд харилцан маргалдаж байгаад Д.Б-ыг гараараа 1 удаа цээж хэсэг рүү цохьсон. Мөн сандал мөргүүлсэн талаараа санаж байна. Түүний дараагаар намайг түлхэж унагаачхаад яваад өгсөн. Би араас нь чулуу шидсэн. Тэгээд л би зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед Д.Б бас согтуу явж байсан. Хэрүүл маргаан болж байхад гудамжаар танихгүй хүмүүс зөндөө л явж байсан. Гэхдээ бид хоёрын хажууд таньдаг хүн хамт байгаагүй. Хэрүүл маргаан болсон цагаас хойш Д.Баас уучлалт гуйж эмчилгээ хийлгэнэ гэхээр нь 50,000 төгрөгийг Д.Б-ын эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж архи дарс хувааж ууж хуучин шигээ найзууд байя гээд салсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б-д гар хүрсэн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38, 47 дахь тал/
4. Шүүгдэгч Ц.П-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.П нь согтууруулах ундаа хэлэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” захын гадна Д.Б-с архины мөнгө нэхэж, өгсөнгүй гэсэн шалтгаанаар гараараа цохиж, чулуу шидэн толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.П-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-ын “намайг хоёр удаа цохихоор нь би түлхэж унагаасан, араас чулуугаар толгой руу шидсэн, мөн намайг өшиглөсөн.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 729 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Ц.П-гийн “Д.Б-ыг гараараа 1 удаа цээж хэсэг рүү цохисон. Мөн сандал мөргүүлсэн талаараа санаж байна. Түүний дараагаар намайг түлхэж унагаачхаад яваад өгсөн. Би араас нь чулуу шидсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.П нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” захын гадна Д.Б-с архины мөнгө нэхэж, өгсөнгүй гэсэн шалтгаанаар гараараа цохиж, чулуу шидэн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд баруун, зүүн хөмсөгний хэсэг, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.П-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.П-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгний хэсэг, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд 131 750 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирлыг төлж барагдуулсан байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-гын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС