| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/01304/И |
| Дугаар | 135/ШШ2020/00119 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Хязгаарлагдмал хариуцлага, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2020/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2019/01304/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... аймаг, ....... сум, ........... багт байрлах ХААИС-ын харьяа УТГХ /РД:........., утас: .........../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... аймаг, ......... сум, ......... баг, ...... байрны ....... тоотод оршин суух С овгийн М-ын С /РД:................, утас: ............./-т холбогдох,
“М.С-ээс 76,255,828.18 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Иргэн М.С-ийн ажиллах хугацаанд үүссэн 76,255,828.18 төгрөгийн эзэн холбогдогч нь тодорхойгүй өр авлага үүссэн байна. Иргэн М.С- нь тус байгууллагын нягтлан бодогч хийж байсан ба ажиллаж байх хугацаандаа холбогдох баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байх тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Үүссэн 76,255,828.18 төгрөгийн өрөнд иргэний 15,900,904 төгрөг, байгууллагын 53,125,452 төгрөг, мөнгөн урьдчилгааны 2,879,008 төгрөг, ажилтнаас авах 4,350,465 төгрөгийн авлага үүссэн байгаа ба эдгээр авлагатай холбоотой анхан шатны баримтын бүрдэл дутуу байгаагаас тухайн иргэд, байгууллагыг эрэн сурвалжлах боломж байхгүй байна. Иймээс тухайн үед ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч М.С-, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...М.С- миний бие УГТХүрээлэнд 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Надаас өмнө ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Т- гэдэг хүн намайг ерөнхий нягтлан бодогчийн ажил хүлээн авахад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Намайг ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээж авах үед энэ нэхэмжлэлд дурдаад байгаа өр, авлага үүссэн байсан ба миний ажиллаж байх хугацаанд авлагуудыг чадлынхаа хэрээр төлүүлж, барагдуулсан.
Тухайлбал өр үүсгэсэн нэр, хаяг байршил нь тодорхой компани, хувь хүмүүсийн өр авлагыг би шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулийн байгууллагуудаар явж шийдүүлж, байсан ба харин бичгээр хийгдсэн гэрээ хэлэлцээр байхгүй, санхүүгийн анхан шатны баримтууд дээр аль аймгийн хуулийн этгээд болон уг хуулийн этгээдийг төлөөлөх этгээд тодорхойгүй, эсвэл иргэний овог, регистрийн дугаар, оршин суух хаяг тодорхой бус, нас барны улмаас төлөгдөх боломжгүй болсон өр төлбөрүүд төлөгдөөгүй үлдсэн.
Тухайлбал: Иргэний авах авлагын жагсаалтын 26-д 500,000 төгрөгийн өглөгтэй О-, 41-д бичигдсэн Ц-ын 40,000 төгрөгийн авлага, бараа материалын 1-д бичигдсэн 65,000 төгрөгийн өглөгтэй Цэ-, томилолтын урьдчилгааны 1-т бичигдсэн 1,189,730 төгрөгийн өглөгтэй М-, Ажилчдаас авах авлагын 4-т бичигдсэн 117,628 төгрөгийн өглөгтэй Д.Э нар нь нас барсан байхад надаас нэхэмжилсэн байна. Түүнчлэн иргэний авах авлагын 33-т бичигдсэн СС-ийн Г-ийн 2,694,600 төгрөгийн авлага, байгууллагын авлагын 18-д бичигдсэн СХЗДТГ-ын 495,650 төгрөг, 25-д бичигдсэн Ө ХХК-ийн 6,925,813 төгрөгийн авлагууд нь 2004 онд намайг ажилд авахад байсан хуучин авлагууд огноо нь буруу ташаа бичигдсэн байна. Бусад авлагууд нь намайг ажилд авахаас өмнө үүссэн болох нь жагсаалтаас тодорхой харагдаж байна
Дээрх өр төлбөрүүд нь намайг ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээж авахаас өмнө үүссэн өр төлбөрүүд бөгөөд уг өр төлбөрүүдийг би үүсгээгүй тул хариуцах этгээд нь би биш юм. Иргэний авах авлагын жагсаалтын 1-т бичигдсэн тухайн үед хүрээлэнгийн аж ахуйн дарга байсан А-ийн 64,600 төгрөгийн авлага, 40-д бичигдсэн Ц.Х- /эхнэр нь ХААЯ-д ажиллаж байсан/-ийн 900,000 төгрөг, ажилчдаас авах авлагын 1-д бичигдсэн тухайн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Б-ийн 353,539 төгрөгийн авлагууд нь намайг ажиллаж байхад үүссэн боловч 2014 онд намайг тэтгэвэртээ гарснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 75.2.3-т “тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар надад холбогдуулж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 1987-2004 оны хооронд үүссэн өр авлагын хувьд 14 жил өнгөрсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. М.С- нь тус өр төлбөрийг төлөх үүрэгтэй хүн биш. М.С- өр авлагыг өөрийн чадах чинээгээр барагдуулж байгаад тэтгэвэртээ гарсан. Мөн М.С- нь өр авсан хүмүүстэй гэрээ байгуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Ажлаа өгснөө хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа мөн дууссан учир хариуцагчийн татгалзлыг шийдвэрлэж өгнө үү...”
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААИСургуулийн харьяа УГТХ- нь хариуцагч М.С-ээс 76 255 828,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ
Хариуцагч М.С-.. ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээн авахаас өмнө үүссэн өр төлбөрүүд бөгөөд, би хариуцах этгээд нь биш. Намайг ажиллаж байх байхад үүссэн өр тэтгэвэрт гарснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа тул шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахаар хуульчилснаар нэхэмжлэгч нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч М.С- нь нэхэмжлэгч ажил олгогч ХААИСургуулийн харьяа УГТХ-д ерөнхий санхүүчээр ажиллаж байсан ажилтан болох нь тус хүрээлэнгийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/90 тоот Комисс томилох тухай тушаалаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... ажиллаж байх хугацаандаа авлагатай холбоотой анхан шатны баримтын бүрдэл дутуу байгаагаас тухайн иргэд, байгууллагыг эрэн сурвалжлах боломж байхгүй байна. Иймээс тухайн үед ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар ...авлагатай холбоотой анхан шатны баримтын бүрдэл дутуу байгаа ... буюу Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалын хавсралтын Өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааварыг мөрдөөгүйгээс байгууллагад хохирол учруулсан гэж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Тухайлбал нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлэх бөгөөд тухайн байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх үүрэгтэй байна.
Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцах бөгөөд анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэснээр тухайн үед нэхэмжлэгч тал болох ХААИСургуулийн харьяа УГТХ-д ерөнхий санхүүчээр ажиллаж байсан хариуцагч М.С- нь нягтлан бодох бүртгэлийн тухайлбал Мөнгөн хөрөнгийн, Бараа материалын, үнэт зүйлийн, Агуулахын бүртгэл, Тооцоо бодсон баримт, Тооллогын баримт, Бараа материалын болон Бэлэн мөнгөн гүйлгээний тайлан зэрэг хөтлөгдвөл зохих аль маягт, тайланг дутуу бүрдүүлбэр хийснээс эд хариуцагчийн хувьд дутагдал үүссэн эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагчийн тайлбарт ...ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээн авахаас өмнө үүссэн өр төлбөрүүд бөгөөд би 2004 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 14 хүртэл ажилласан... гэснээс үзвэл эд хөрөнгийн тооллогыг эд хөрөнгийн хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолын аль үед ажил олгогч хийсэн болох, тооллогын дараа эд хариуцагч нарын тооцоог бодож, илүүдлийг орлого болгох ба дутагдлыг төлүүлэх, эсвэл зарлага болгож шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны /тооллогын комиссын/ шийдвэр байхгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Шүүхээр шийдүүлэх авлагын жагсаалт хэсэгт иргэнээс авах авлагын үүссэн огноо 1999 – 2004 он гэснээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад эд хариуцагч байсан гэсэн ерөнхий санхүүч М.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, М.С- байгууллагад учруулсан хохирлыг ямар хэмжээгээр хариуцах талаар хийсэн эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэргийг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна,мөн зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; 75.2.3.тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн Шүүхээр шийдүүлэх авлагын жагсаалт хэсэгт иргэнээс авах авлагын үүссэн огноо 1999 – 2004 он гэснээс үзвэл тухайн өглөг бүхий иргэн, АНН-ээс шаардаж байсан талаарх болон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болох нотлох баримтыг ирүүлээгүй тул хариуцагч М.С-ийн ...ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээн авахаас өмнө үүссэн өр төлбөрүүд бөгөөд, би хариуцах этгээд нь биш. Намайг ажиллаж байх байхад үүссэн зарим өрийг тэтгэвэрт гарснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа, шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... гэснээр хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ХААИСургуулийн харьяа УГТХ-гийн нэхэмжлэлтэй хариуцагч М.С-т холбогдох иргэний 15,900,904 төгрөг, байгууллагын 53,152,452 төгрөг, мөнгөн урьдчилгааны 2,879,008 төгрөг, ажилтнаас авах 4,350,450 төгрөгийн авлага нийт 76,255,8.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ХААИСургуулийн харьяа УГТХ- өөрт учирсан гэх иргэний 15,900,904 төгрөг, байгууллагын 53,152,452 төгрөг, мөнгөн урьдчилгааны 2,879,008 төгрөг, ажилтнаас авах 4,350,450 төгрөгийн авлагыг буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3–т зааснаар нэхэмжлэгч ХААИСургуулийн харьяа УГТХ-гийн нэхэмжлэлтэй хариуцагч М.С-т холбогдох иргэний 15,900,904 төгрөг, байгууллагын 53,152,452 төгрөг, мөнгөн урьдчилгааны 2,879,008 төгрөг, ажилтнаас авах 4,350,450 төгрөгийн авлага нийт 76 255 828.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ