Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 135/шш2020/00088

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01108/и

                                

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... аймгийн ........... сумын ........... баг, ........ хороолол, ........ тоотод оршин суух С овогт О-ы Д /утас ........./-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ДЗБ”ХК-д холбогдох

 

"Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс ДЗБ-ын ерөнхий менежерээр ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс тус буудлын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байтал 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед ажлаас халсан учир гомдолтой байна.

ДЗБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинг ДЗБ ХХК-аас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ДЗБ ХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“О.Д- ДЗБ-ын гүйцэтгэх захирлаар нэг жилийн хугацаанд ажиллаж байхдаа дараах зөрчлүүдийн улмаас ажлаас халагдсан. Гол шалтгаан нь: Санхүүгийн зөрчил болон ёс суртахууны удаа дараагийн зөрчил гаргаж ажлаас халагдсан. Ёс суртахууны хувьд ДЗБ ХК-ийн ТУЗ-ийн дарга болон ажилчдаас авсан саналаар ТУЗ-тэй байгуулсан гэрээний 3.1.2-т үйлчлүүлэгч болон ажилчидтай зөв боловсон харьцах гэсэн үүргээ удаа дараа зөрчин ажилчидтай байнга ёс суртахуунгүй харьцдаг, хамт олныг нэгтгэн багаар ажиллах үүргээ нэг жилийн хугацаанд биелүүлээгүй. ДЗБ-ын бүх ажилчдаас буюу 21 хүнээс авсан санал асуулгын дүнгээр 70 хувь нь удирдлагатайгаа хамт ажиллахад хүндрэлтэй, 66 хувь нь харилцааны соёлгүй гэж хариулсан. Энэхүү асуудлаар удаа дараа ТУЗ-ийн дарга сануулга даалгавар бичгээр болон утсаар өгч байсан. Мөн удирдах төвшний ажилтнууд гүйцэтгэх захиралтайгаа хамт ажиллах боломжгүй тул өөрсдөө ажлаас халагдах хүсэлтийг ТУЗ-ийн даргад хүргүүлж байсан. Зочид буудал ресторанаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй харилцааны соёлгүй харьцсан гэсэн гомдлууд ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн гишүүдэд ирж байсан. Санхүүгийн зөрчил ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3.3-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн. Үүнд: Д- нь өөрийн нэр дээр хувийн данс нээж ДЗБ ХК-ийн орлогыг өөрийн дансанд байршуулж, орлого зарлагын гүйлгээг дур мэдэн хийж байсан. Компанийн ТУЗ-ийн дарга санхүүгийн алба, нягтлан бодогч, кассын нярвын зөвшөөрөлгүйгээр орлого зарлагын гүйлгээ хийж дур мэдэн худалдан авалт хийдэг байсан нь санхүүгийн баримтууд болон дансны хуулгуудаар тогтоогдсон. Мөн О.Д- нь ээлжийн амралтын тушаалгүйгээр, өөрөөр хэлбэл ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн амарсан. Үүнд: ээлжийн амралттай байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэх боловч тухайн үед бичгээр баримт ирүүлээгүй гэсэн дээрх зөрчлийн улмаас ажлаас халагдсан байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч “ДЗБ”  ХК-д холбогдуулан Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Нэхэмжлэгч  О.Д- нь “ДЗБ” ХК-ний гүйцэтгэх захирлаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажилласан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “ДЗБ” ХК-ний ТУЗөвлөлийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Д- нь “ДЗБ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргажээ.

ДЗБ ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор “МУ-ын Компаний тухай хуулийн 76.1.8 дахь хэсгийн заалт, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн гишүүдийн эчнээ санал хураалтын дүнг үндэслэн Тогтоох нь:

Нэг. “ДЗБ” ХК-ийн гүйцэтгэх захирал О овогтой Д-г 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй,

Хоёр. Компаний гүйцэтгэх захирлаар Л овогтой А-г “ДЗБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай” гэж шийдвэрлэсэн бөгөөд  О.Д-г гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн 02 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч О.Д-д 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас “ДЗБ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

“ДЗБ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолд “...ДЗБ ХК-ний бүх ажилчдаас ТУЗ-ын даргад ирсэн гомдлын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ТУЗ-ын дарга тус зочид буудалд ажиллаж бүх ажилчдаас авсан санал асуулгын дүн болон Монгол Улсын Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийн заалтуудыг тус тус үндэслэн Тогтоох нь:

Нэг. ТУЗ-ын даргад ирсэн гомдлын дагуу тус ХК-ийн бүх ажилчдаас авсан санал асуулгын дүнг үндэслэн, мөн О.Д- нь дараахь сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул  “ДЗБ” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан  тушаалаас 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон халсугай.

Гаргасан сахилгын зөрчил болон халах шалтгаан:

  1. О.Д-д хүлээлгэсэн хамт олныг нэгтгэн багаар ажиллах үүргийг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй.
  2. Өөрийн нэр дээр хувийн данс нээж компаний нэрийг оруулж гаргасан, нябо, няравын ажлыг зөвшөөрөлгүй ганцаараа хийж, баримтгүй зарлагын гүйлгээн дээр баримт бүрдүүл гэж санхүүгийн ажилтнуудад тулгадаг зэрэг санхүүгийн зөрчил гаргасан.
  3. “ДЗБ” ХК-ийн бүх ажилчдаас буюу 21 хүнээс авсан санал асуулгын дүнгээр 70 хувь нь удирдлагатайгаа хамтарч ажиллахад хүндрэлтэй, 66 хувь нь удирдлагыгаа харилцааны соёлгүй гэж хариулсан.
  4. Удирдах түвшний ажилтнууд захирлаа хүлээн зөвшөөрөхгүй, хамтран ажиллах боломжгүй тул өөрсдөө ажлаас гаръя гэдэг санал гаргасан.

         Хоёр. “ДЗБ” ХК-ийн санхүүгийн баримтанд шалгалт хийх, О.Д-гаас тамга, компаний санхүүгийн баримтад шалгалт хийх, О.Д-гаас тамга, компаний бичиг баримтыг авч хүлээлцэхийг БХ группын ерөнхий ня-бо /Т.О/-д үүрэг болгосугай” гэсэн тогтоол гаргасан боловч уг 01 дугаартай тогтоолыг О.Д-д танилцуулсан талаарх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч О.Д- нь “...ТУЗөвлөлийн 02 дугаартай тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн. 02 дугаартай тогтоолыг надад танилцуулсан, ТУЗөвлөлийн 01 дугаартай тогтоолыг надад танилцуулаагүй, 01 дугаартай тогтоол гарсан гэдгийг одоо мэдэж байна...” гэсэн тайлбарыг гаргасан.

         Нэхэмжлэгч О.Д- нь “ажлаас чөлөөлсөн тухай тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоол гаргах үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мөн ээлжийн амралттай байсан...” гэсэн тайлбар гаргаж байх боловч түүнд ээлжийн амралт олгосон тухай компаний эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, мөн тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эмнэлгийн чөлөөний хуудсыг байгууллагадаа өгөөгүй, тэрээр дээрх хугацаанд ажилдаа ирж очин ажиллаж байсан болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

         Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Д-г ажлаас чөлөөлөгдөх үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хийж гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

         Компаний тухай хуулийн 76 зүйлийн 76.1.8-т компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхийг компаний төлөөлөн удирдах зөвлөл эдлэхээр, 80 дугаар зүйлийн 80.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна,  “ДЗБ” ХК-ний дүрмийн 7.29-т ТУЗ-ийн хурлыг сард нэг удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хурал зарлан хуралдуулж болно. ТУЗөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурж баталгаажуулахаар тус тус зохицуулсан байна.

         Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-т зааснаар тус компаний гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх эрх компаний Төлөөлөн удирдах зөвлөлд байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Д-г ажлаас халсан тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоол, О.Д-г ажлаас чөлөөлсөн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 02 дугаартай тогтоол тус тус гарсан байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг 40.1.1-40.1.7-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульд заасан бөгөөд ажил олгогч “ДЗБ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл нь О.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан 01, 02 дугаартай хоёр тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргажээ.

         Өөрөөр хэлбэл Хариуцагч компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх хоёр тогтоолд заасан үндэслэлүүд нь өөр өөр, О.Д-д ажлаас халах сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “ДЗБ” ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01, 02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, О.Д-г “ДЗБ” ХК-ний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

         Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 1,275,885  төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 59,343 төгрөг гэж тооцож, ажилгүй байсан буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа 3 сар 10 хоногийн цалин нийт 4,421,085 төгрөгийг хариуцагч “ДЗБ” ХК-иас  гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож,  түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Д-г “ДЗБ” ХК-ний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

    

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч “ДЗБ” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 4,421,085 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгосугай.

 

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ДЗБ” ХК-нд даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Д- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 155,887/85,687+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА