Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 184/2017/02939/и |
Дугаар | 754 |
Огноо | 2018-03-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 754
МАГАДЛАЛ
2018.03.23 Дугаар 754 Улаанбаатар хот
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02939 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С Э Т Э ХХК
Хариуцагч Б.Ж нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Б.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх хариуцагч байгууллагатай дээврийн засварын ажил хийлгэхээр 2015 онд гэрээ байгуулсан. Гэрээний дүн 4 000 000 төгрөг байсан. С Э Т Э ХХК-ийн захирал Б.Ж ажлаа эхлээгүй байж эхлээд 1 000 000 төгрөг өгөх гэхэд ирээгүй. Утсаар араас нь дахин дахин дуудаж байж ирсэн ба нэмж мөнгө өгч нийт 2 300 000 төгрөг өгсөн. Хариуцагч талаас хэдэн жоохон хүүхдүүд ирсэн боловч ажил хийгээгүй. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тэгсэн хариуцагч Б.Ж нь надтай уулзаж “та мөнгөө багасгаад өгөөч, би яг тохирсон хугацаандаа мөнгөө өгье” гэхэд 1 900 000 төгрөг болгож багасган энэ мөнгөн дээрээ мэдэлгүйгээр зээлийн гэрээ хийсэн. Гэтэл хариуцагч нь бас л утас, хаягаа худал өгч алга болсон. Ингээд манай компани 2016 онд шүүхэд хандаж гурван шатны шүүхээр явсан боловч 1 900 000 төгрөгийг хариуцагчаас манай компанид гаргуулахаар болсон. Шүүхээр явахад нэлээн хэмжээний зардал гарсан. Байгууллагаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин 184 680 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн унаа хоолны зардал 144 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 720 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн хувь хүний орлогын албан татвар 80 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал 50 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 165 500 төгрөг, нотариатын зардал 11 700 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1 644 120 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага болон иргэн Б.Ж аас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэ барилгын засвар үйлчилгээний ажил нь 2015 онд гэрээ байгуулсан ажил байгаа. Энд хоёр ажил хийхээр тохиролцсон байсан. Үүнээс нэг ажлынх нь хөлсийг аваагүй ажил огт хийгээгүй. Нэг ажлынх нь урьдчилгаанд 1 000 000 төгрөг аваад бүтэн 7 хоног ажил хийсэн. Ингээд санхүүжилтээ авах гэтэл мөнгө байхгүй гэсэн. Ингэж цувуулж авсаар байгаад 1 900 000 төгрөг авсан нь үнэн. Ц.А өмнө шийдвэрлэгдсэн асуудал дээр шүүх хуралд нэг ч удаа ирж байгаагүй. Нэхэмжлэгч тал нь албан шаардлагаар өмгөөлөгч аваагүй. Мөн сэтгэл санааны хохирол гэдэгт нь анх нэхэмжлэгч тал нь намайг эрэн сурвалжлуулж, цагдаагаар байцаалгуулсан. Энэ цагдаа нь намайг муугаар хэлэхэд дарамталж намайг энэ мөнгийг төлөх ёстой гэсэн. Тиймээс 1 900 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Харин ч би сэтгэл санаагаар хохирсон гэж болно. Өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 1 995 350 төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэрээр 1 900 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 45 350 төгрөг өгөх ёстой гээд, 50 000 төгрөг юуных гэдгийг мэдээгүй. Ингээд нийт 1 995 350 төгрөг төлсөн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С Э Т Э ХХК Б.Ж нарт холбогдох гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 3 шатны шүүхийн шийдвэр дангаараа нэг талаас бий болоогүй, нөгөө талаас манай ажилтны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хөлс хөдөлмөр, цаг хугацаа, зардал мөнгө гаргасны үр дүнд бий болсон юм. Өмгөөлөгч Б.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, хуульч Л.Б өмгөөлөгчөөр оролцсон ба дундаа 800 000 төгрөгний хөлс авч, улсад 80 000 төгрөгний татвар төлсөн. Хэрэг маргаанд шүүхээр үйлчлүүлэхэд шүүх улсын тэмдэгтийн хураамж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэл /төрөөс хангамж, цалин аваад/ ажиллаж, биднээс зардал, урамшуулал авдаг. Өмгөөлөгч хөлс авдаг. Иргэн, хуулийн этгээд нэг нь нөгөөгөө хохироогоод хууль мэдэхгүй учраас, аргагүй эрхэнд бид хууль, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, өмгөөлөгчид ханддаг. Шүүхээр шийдвэрлүүлдэг. Энэ бүхэнд тодорхой зардал гардаг. Гэтэл энэ бүх зардлыг буруутай этгээдээр гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Харин сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар хуульд заагаагүй тул хохирсон чигээрээ үлдлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, манай нэхэмжлэлийг 1 355 880 төгрөгний хэмжээнд хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч С Э Т Э ХХК Б.Ж нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Х ХХК нь С Э Т Э ХХК-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 2 850 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь 3 шатны шүүх хуралд оролцохдоо өмгөөлөгчийн хөлс, хоол, унаанд гаргасан зардал нь өөрийн хүсэл зоригоор бий болгосон зардал гэж үзнэ. Мөн сэтгэл санааны хохиролд 1 644 120 төгрөг нэхэмжилж байгаа нь хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй шууд холбоотой гэж үзэх, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагад 3 000 000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл эдийн болон эдийн бус гэм хорын хохирол шаардсан байх ба Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол гэх 1 644 120 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл, хариуцагч нарт хамааралгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд зарцуулсан төлбөрийг хариуцагч төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй юм. /хх 56-57 дахь талд/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх байдал дээрх баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын “нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй” байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
М.НАРАНЦЭЦЭГ