Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/03

 

       Ц.Э-д холбогдох

               эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        У.О

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           А.Мөнхбат

Шүүгдэгч                                                     Ц.Э нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Э-д холбогдох эрүүгийн 1921004950266 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Боржигон овогт Ц.Э

Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүн Цэнгэлэг” гэх газарт Тоёота Приус-20 маркийн 87-62 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж тухайн газарт барьсан байсан майхныг мөргөж дотор нь унтаж байсан иргэн И.Сайнбаяр, И.Золзаяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Сүлд-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Э.Сувд-Эрдэнэ, С.Оюундалай нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч Ц.Э-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр, хүнд хохирол учруулж, бусдын амь насыг хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ц.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн “В, С” ангиллын 1045821 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Э-н ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.Э-н хувьд хохирогчид болох И.С, И.З болон хүү Э.С нарыг дараагийн эмчилгээ, хагалгаанд ирэх оны 6, 7 дугаар сард оруулах шаардлагатай ял шийтгэлээ хурдан эдэлж дуусгавал энэ тал дээр анхаарч төлбөр тооцоог нь бэлдэх зэрэг үүрэг бий болоод байна. Мөн түүний хүү Э.С гэмтлээсээ болоод байнгын асаргаа эмчилгээтэй бусдын хараа хяналтанд байх шаардлагатай болсон. Эх У.О нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүгээ асарч өдөр тутмын эмчилгээ асаргааг нь хийж байна. Ц.Э-н хувьд гэм буруу их байгаа боловч үйлдсэн хэрэгтээ гэмшиж болгоомжгүйн улмаас өөрт болон бусдад хохирол учруулсан, бусдад өгөх төлбөргүй, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа мөн ар гэрийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 6.7-1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: У. О 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ц.Э нь миний гэр бүлийн хүн бөгөөд бид 5 жил амьдарч байна. Миний бие хэдийгээр энэ хэрэгт хохирогчоор болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон оролцсон боловч гэр бүлийн хүний хувьд бид бусад хохирогч нарын сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал зэрэгт санаа тавьж боломжоороо тэтгэлэг тусламж үзүүлж эмчилгээ сувилгаанд нь анхаарч ирсэн. Миний хувьд бусад хохирогч нартай холбоотой байж дараагийн эмчилгээнд нь анхаарч төлбөр тооцоог нь бэлдэх мөн учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор бүхий л бололцоог харж хичээж байна. Хохирогчид болох И.С, И.З болон миний хүү Э.С нарын дараагийн эмчилгээ, хагалгаа ирэх оны 6, 7 дугаар сард оруулах шаардлагатай байгаа. Би бусдад учирсан болон өөрт тохиолдсон асуудлыг ойлгож байгаа боловч манай нөхөр Эрдэнэсүх нь гэр бүлээ авч явдаг хүүгийнхээ болон хохирогч нарт эмчилгээний зардлыг бэлдэх шаардлагатай байдал болон бусдад өгөх өр төлбөргүй, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Ц.Э-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа. Ц.Э энэ хэрэгт холбогдохоос өмнө тодорхой ажил эрхэлж байсан. Ажлаа үргэлжлүүлэн хийх гэрээтэй байдаг. Тиймээс ажлаа хийж, тодорхой хөлс мөнгө авч, эмчилгээний зардал бэлэн болгох шаардлагатай байна гэж тайлбарладаг. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ял хариуцлагыг хөнгөрүүлэн, хурдан гарч хохирогч нарын эмчилгээнд анхаарч, цаашдаа засарч сайжрах боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Э гаргасан тайлбартаа: Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогч З, С, С нар энэ оны 6, 7 дугаар сард дахин хагалгаанд орно. Би ажил хийж хагалгааны төлбөрийг олж өгөх шаардлагатай байгаа. Энэ байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О гаргасан тайлбартаа: Миний том хүү С эмчилгээний зардал маш их хэрэгтэй байгаа. Мөн 6, 7 дугаар сард хохирогч З, С, С нар хагалгаанд орно. Тэрхүү хагалгааны мөнгө хэрэгтэй байгаа. Би хүүхдээ байнга асарч байгаа учир ажил хийх боломжгүй байгаа. Нөхрийн маань ял шийтгэлээс багасгаж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С гаргасан тайлбартаа: Надад гомдол санал байхгүй. Миний найзын ял шийтгэлээс багахан ч гэсэн хасаж өгнө үү гэж хүсье гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Ц.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч  Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүн Цэнгэлэг” гэх газарт Тоёота Приус-20 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж тухайн газарт барьсан байсан майхныг мөргөж дотор нь унтаж байсан иргэн И.С, И.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Э.С, С.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

    Ц.Э-н үйлдсэн хэрэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14-21/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасэн тэмдэглэл /хх-ийн 22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, /хх-ийн 24-25/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/, хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 93-98/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 107-109/, иргэний нэхэмжлэгч “Net capital” ХХК-ийн тодорхойлолт /хх-151/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 98, 99 тоот Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүд /хх-ийн 60-61, 65-66/, Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9077 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 71/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 474, 477 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүд /хх-ийн 75, 78/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 39 тоот дүгнэлт /хх-ийн 81-82/, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.И, У.О нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, хохирогч И.З, гэрч Э.Б, М.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ тухай дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд дээрх хуульд заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан тухайлбал,  хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ тухай дүгнэлт хийсэн боловч шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний зарим шинжийг орхигдуулсныг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын:

 “Шүүгдэгч Ц.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,

“Шүүгдэгч Ц.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-н 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл  цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                             Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                 З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                          Ж.ДОЛГОРМАА