Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 109/2021/0045/з |
Дугаар | 121/ШШ2022/0003 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 121/ШШ2022/0003
2022 оны 02 сарын 10-ны өдөр Дугаар 121/ШШ2022/0003 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.З
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б,
Хариуцагч: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Н, Э.Б, Д.Ө, П.Г, Г.Г, Ч.Б, Б.А, Д.Х, Н.Б, Д.Э, Б.Ө, Ц.М, А.Б, Т.Ц,
Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Т,
Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч А.З,
Гуравдагч этгээд: М.Б нарын хоорондын “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б/цахимаар/, хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т /цахимаар/, хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын өмгөөлөгч А.З/цахимаар/, хариуцагч П.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.З нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус хурлын нэр бүхий 14 төлөөлөгчид холбогдуулан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Д.З нь анх Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дугаар захирамжаар Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон. Гэтэл хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гаргасан ба уг тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг Архангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байна. Харин Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Засаг даргад М овогтой Б-ын нэрийг дэвшүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Засаг даргад томилох тухай” 139 дүгээр захирамжаар М овогтой Б-ыг Архангай аймгийн Засаг даргаар томилжээ.
3. Нэхэмжлэгчээс анх “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах”-аар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Нэхэмжлэгч Д.З миний бие Архангай аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 тоот тогтоолоор Архангай аймгийн Засаг даргаар томилогдон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 05 тоот тогтоолоор 2020- 2024 оны засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан тодорхой хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Н, Э.Б, Д.Ө, П.Г, Ч.Б, Г.Г, Б.А, Д.Х, Н.Б, Д.Э, Б.Ө, Ц.М, Т.Ц, А.Б нар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр Засаг дарга Д.З миний биеийг огцруулах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-д хүргүүлсэн байдаг.
Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хүсэлттэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Ээлжит бус хуралдаан зарлах тухай” 20 тоот тогтоол гарч улмаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 21 тоот тогтоолоор дээрх асуудлыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар авч хэлэлцэн тус хурлаас 26 тоот тогтоол гарч огцруулах санал гаргасан байна.
Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн хууль бус захиргааны акт хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байна.
4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “Ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаа нь “хуульд үндэслэх”, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд удирдлагын үндсэн зарчмын талаар заасан бөгөөд 8.1 дэх хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ ..., асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж төрийн болон нутгийн өөрөө удирдах эрх бүхий байгууллага аливаа шийдвэр /үйл ажиллагаа/-т баримтлах үндсэн болон тусгай зарчмыг хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ" гэж тодорхой хугацааг хуульд тусгайлан оруулсан байдаг.
Гэтэл дээрх нэр бүхий 14 төлөөлөгч Засаг даргыг огцруулахаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр санал гаргаж хүргүүлсэн ба хуулийн энэхүү зохицуулалтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 05-ний дотор хурал зарлан энэхүү саналыг авч хэлэлцэх ёстой атал хуульд заасан 15 хоногийн хугацаа дуусаад 28 хонож /2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Ээлжит бус хуралдаан зарлах тухай” 20 тоот тогтоол гарч улмаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 21 тоот тогтоол тус тус гарсан/ байхад хурал зарлаж, эцэст нь хурлын шийдвэр 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 2 сарын дараа хурал зарлаж байгаа нь хуулиас давсан шинжтэй буюу захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд зөвхөн батлагдсан хуулийг ёсчлон дагаж мөрдөж, хуулиар тодорхойлсон, хуулиар олгосон хүрээ хязгаарын дотор, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй болохыг харуулж байна.
Иймд дээрх шийдвэр нь хуулийн тодорхой хугацааг баримтлаагүй буюу иргэний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдаж хуульд заасан зарчмын дагуу явагдаагүйн сацуу захиргаанаас хуулийг зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийхийг хориглох буюу хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхгүй байх зарчмыг илтэд зөрчлөө.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7. дах хэсэгт “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;” гэсэн зарчим хуульчлагдсан. Энэхүү заалтын зорилго нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчилтэй байж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахаас сэргийлэх цаашлаад тухайн шийдвэр нь хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид байх учиртай.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1. дэх заалтаар “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2. дах заалтаар “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3. дах заалтаар “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.11. дэх заалтаар “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.” хэмээн тодорхойлсон.
Хуулийн эдгээр заалтууд нь захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй тохиолдолд түүнээс татгалзах замаар хуулийн зөрчил гаргахаас сэргийлдэг. Гэтэл шийдвэр гаргахад баримтлах хуульд заасан хугацаа аль хэдийн дууссан байхад хурлын төлөөлөгч нар хуралдаж шийдвэр гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хардах үндэслэл болж байна.
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт Захиргааны шийдвэр “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” ёстой.
Тодруулбал, Засаг даргыг огцруулах хангалттай, бодитой нөхцөл бүрдсэн энэ талаар хөдөлшгүй нотлох баримтууд цугларсан байх ёстой.
Гэтэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот хүсэлтэд заасан үндэслэл буюу төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газрын албан бичгүүдээр Засаг даргын хууль зөрчсөн нь тогтоогдож байна гэж заасан нь бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий санал биш болно.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх" тогтооно гэж заасан бөгөөд Д.З миний бие Засаг даргаар ажиллаж байх хугацаанд надтай холбогдох ямарваа нэг шүүхийн шийдвэр гарч байгаагүй болно.
Харин аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зүгээс Засгийн газрын аль нэг яам, агентлагийн албан бичигт үндэслэн Засаг даргыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мэтээр дүгнэх нь үндэслэлгүй юм.
4.4. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.
Тодруулбал, .... иргэн Д.З би иргэнийхээ хувьд үйлчилгээ, улс төрийн, тусгай, төрийн жинхэнэ албанаасаа үл хамаараад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үндсэн эрхээ эдэлж байгаа буюу төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч юм. Энэ утгаараа хуулиар олгогдсон нийтлэг баталгаагаар хангагдах ёстой. Тодруулбал иргэний хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхийг нь хязгаарлах аливаа шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гаргах учиртай. Өөрөөр хэлбэл оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь илт нөхцөлд түүнийг шийдвэр гаргах ажиллагаанд захиргаа санаачилгаараа татан оролцуулах, эсхүл оролцох боломжоор нь хангах үүднээс тайлбар гаргах, ашиг сонирхлоо хамгаалах талаар тодорхой мэдэгдээгүй эс үйлдэл харагдаж байна. Захиргааны энэхүү эс үйлдэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5. дах хэсэгт “Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй.” гэсэн заалтаар зөвтгөгдөх боломжгүй юм.
4.5. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24.1, 32.6-д заасан эрхийн хүрээнд хурлын төлөөлөгч нар нь хуралд санал оруулах эрхтэй ч мөн хуулийн 24.3-т заасанчлан засаг даргыг огцруулах үндэслэл, түүний талаарх тодорхой судалгаа мэдээлэл, шийдвэрийн төслийг гаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгчид нарт тараах, бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалттай. Гэтэл дээрх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот хүсэлт гэх 2 хуудас материалын хүрээнд л асуудлыг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд ядаж хүсэлтэд дурдсан асуудлуудтай холбогдох баримт бичгүүдийг ч тараах материалаар өгөөгүй нь тооцоо, судалгаагүй асуудалд хандаж, хууль зөрчсөн болох нь тодорхой байна.
4.6. “....Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоолыг дахин гаргаж байгаа нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн хууль бус акт хэмээн үзэж байна. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “Ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаа нь “хуульд үндэслэх”, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд Удирдлагын үндсэн зарчмын талаар заасан бөгөөд 8.1 дэх хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ .... .... асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж төрийн болон нутгийн өөрөө удирдах эрх бүхий байгууллага аливаа шийдвэр /үйл ажиллагаа/-т баримтлах үндсэн болон тусгай зарчмыг хуульчилсан байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгаас харахад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар, хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр, эсхүл захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуульд заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлдэггүй.
Эндээс харахад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар авч хэлэлцэн 06 тоот тогтоол буюу уг актын биелэлтийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлтэй харагдаж байна. Учир нь маргаан бүхий акт тодруулбал, иргэний эрхийг нь хязгаарласан актын биелэлтийг түдгэлзүүлэх эрхийг шүүхэд олгосноор урьдчилсан байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас шуурхай, цаг алдалгүй хамгаалах боломжийг бий болгох, нөгөөтэйгүүр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн түр хамгаалалтад авах зэрэг ихээхэн ач холбогдолтой.
Нэгэнт л маргаан бүхий актын хүчин төгөлдөр байдалтай холбоотой хянан шалгах ажиллагаа хийгдээд эхэлчихсэн учраас маргааныг эцэслэн шийдвэрлэтэл тухайн актын эрх зүйн үйлчлэл нь зогсох тул түүнийг үндэслэн ар араас нь хууль бус акт гарах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны акттай холбоотой хэрэг үүсээд улмаар уг актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудал хянан хэлэлцэх үе шатанд захиргааны акт баталсан байгууллага актаа биелүүлэхийг хэрэг эцэслэн шийдвэрлэтэл хүлээнэ гэдгийг дахин дурдах нь зүйтэй.
2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоол нь хуулийн үндэслэлгүй буюу хуульд заасан зарчмын дагуу явагдаагүйн сацуу захиргаанаас хуулийг зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийхийг хориглох буюу хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхгүй байх зарчмыг илтэд зөрчлөө.
4.7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7. дах хэсэгт “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах;” гэсэн зарчим хуульчлагдсан. Энэхүү заалтын зорилго нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчилтэй байж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахаас сэргийлэх цаашлаад тухайн шийдвэр нь хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид байх учиртай.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1. дэх заалтаар нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, Бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2. дах заалтаар “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3. дах заалтаар “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.11. дэх заалтаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.” хэмээн тодорхойлсон.
Хуулийн эдгээр заалтууд нь захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй тохиолдолд түүнээс татгалзах замаар хуулийн зөрчил гаргахаас сэргийлдэг. Гэтэл хурлын төлөөлөгч нар хуралдаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр дахин гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хардах үндэслэл болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх;” ёстой.
Иймд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах үндсэн нэхэмжлэлээ 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах шаардлагаар нэмэгдүүлж байна” гэжээ.
5. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий гишүүдээс бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.З-г огцруулах тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлсэн болно.
Хурлын даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ээлжит бус хуралдаан зарлах тухай” шийдвэрийг гаргаж, хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтсон боловч улс эх орныг хамарсан цар тахлын улмаас аймаг орон нутгийн нөхцөл байдал хүндэрсэн, онц байдалд шилжсэн цаг үе таарсантай холбоотойгоор товлосон хурал хугацаандаа хуралдах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдааны ирц хүрэхгүй болсон учир Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Архангай аймгийн Засаг дарга Д.З-г огцруулах тухай төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцээд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Засаг дарга Д.З-г огцруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 95.2 хувийн саналаар шийдвэрлэсэн билээ.
“...Архангай аймгийн Засаг дарга Д.З нь 2020 оны 11 дүгээр сард аймгийн Засаг даргаар томилогдохдоо Монгол улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжуудыг чанд сахиж, улс төржихгүй, хуулийн хүрээнд ажиллахаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн өмнө батлан илэрхийлж Монгол улсын Ерөнхий сайд батламжлан үүрэгт ажилдаа орсон билээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бид Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг хуулийн хугацаанд нь санал нэгтэй батлан ажиллах бүх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгсөн.
Төрийн албаны удирдах албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үнсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах үүрэгтэй.
Гэтэл Монгол улсын Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль зэргийг ноцтой зөрчин, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлүүд, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, зөвлөмжүүдийг үл тоомсорлож ирсэн.
Тухайлбал: Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг татан буулгаж Боловсролын газар хэмээх байгууллагыг байгуулан бүтэц, дүрмийг батлан тухайн байгууллагын даргыг чөлөөлөн хууль бусаар үүрэг гүйцэтгэгч томилсон. Өөрийнхөө гаргасан хууль бус тус захирамжаа тун удалгүй өөрөө хүчингүй болгож өөрчилсөн нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хууль бус үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь илт байна. Төрийн албаны хууль, тогтоомжуудыг удаа дараалан зөрчиж улс төрийн шалтгаанаар мэргэшсэн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, төрийн албаар тоглож байсан захирамжууд, хүчингүй болгох тухай ТАЗ-ын тогтоолыг хавсаргав. /Аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 23-ны өдрийн А/150 дугаар захирамж, 2021 оны 03 сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр захирамж, 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамж, 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/14 дугаар захирамж, 2021 оны 04 сарын 14-ний өдрийн А/205 дугаар захирамж, 2021 оны 07 сарын 09-ны өдрийн Б/29 дүгээр захирамж, 2021 оны 07 сарын 09-ны өдрийн Б/30 дугаар захирамж, Захирамж хүчингүй болгох тухай Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 06-р сарын 16-ны өдрийн 164 тогтоол/,
Түүгээр ч үл барам Төрийн захиргааны төв байгууллага буюу Засгийн газрын яамны бүрэн эрхэд халдан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтцийг баталсан бөгөөд Засгийн газрын орон тоо, төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх тухай 2021 оны 43-р тогтоолыг зөрчин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга гэх орон тоог хууль бусаар бий болгон албан тушаалын тодорхойлолтыг нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдан дур мэдэн баталж /Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/149 тоот захирамж / Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд нөлөөлж дарамт шахалт үзүүлсэн.
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлж нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.О төрийн албаны хууль, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмыг зөрчин томилуулсныг төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэж холбогдох хууль, журам зөрчсөнийг тогтоосон.
Д.З-ын энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 31.2-т /Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно./ гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд 32.6. /Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно./ дахь заалтыг бүрэн хангаж байна.
Аймгийн Сум дундын ойн ангийг татан буулгаж бүтэц, дүрмийг өөрчлөн шинээр байгуулсан гэх боловч хүчингүй болсон тамга тэмдэг ашиглан үйл ажиллагаа явуулж санхүүгийн гүйлгээ хийж байгаа нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийг ноцтой зөрчиж өөрийнхөө гаргасан захирамжаа зөрчиж байгаа нь илт хууль бус болохыг харуулж байна.
Мөн Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль зэргийг ноцтой зөрчсөн бөгөөд Засгийн Газраас өгсөн чиглэлүүд, Авлигатай тэмцэх газрын болон Төрийн албаны зөвлөлийн удаа дараагийн дүгнэлт, тогтоол, зөвлөмжүүдийг үл ойшоож Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан төрийн албаны хаагчдыг хууль бусаар хоморголон халж тэдний ажлын байранд төрийн албаны шаардлага хангаагүй хүмүүсийг илт хууль зөрчин томилсон байна. Үүгээр үл барам тухайн хууль бусаар томилогдсон байгууллагын удирдлагууд нь мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж төрийн албыг сульдуулж байна.
Эдгээр томилогдсон хүмүүс нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй, Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгааг Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс тогтоон бүрэн эрхийнхээ дагуу 2021 оны 02 сарын 05-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолууд гаргаж хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлээгүй болно.
Засаг дарга Д.З нь Жаргалант сумын Засаг даргаар П.А, Өлзийт сумын Засаг даргаар Г.Б нарыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар Авлигатай тэмцэх газрын дүгнэлт ирсээр байхад үл ойшоон тэдгээр албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн томилсон зэрэг олон хууль бус үйлдлүүдийг томилогдсон цагаасаа эхлэн хийсээр ирсэн.
Архангай аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 11 агентлагийн дарга нарын 2020 оны ажлын үр дүнгийн гэрээг хэрэгжиж эхлээгүй 2021 оноос дагаж мөрдөхөөр байсан журам аргачлалаар дүгнэж, буруу үнэлгээ хийсэн бөгөөд байгууллагуудын дарга нар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасныг хянаад 2021 оны 05-р сарын 11-ний өдрийн ХЭГ/1264 тоот мэдэгдлийг ирүүлсэн болно. Энэ мэт аймгийн Засаг дарга Д.З нь төрийн хуулийг ноцтойгоор зөрчин төрийн ажил, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг алдагдуулсан.
Иймд Засаг дарга Д.З нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор тогтоогдсон тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасны дагуу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бид аймгийн Засаг дарга Д.З хариуцлага тооцож огцруулах саналыг гаргасан болно” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Д.З хувьд Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 тоот тогтоолоор Архангай аймгийн Засаг даргаар томилогдож Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолоор 2020-2024 он хүртэл буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх буюу үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж ажиллаж байсан. Гэтэл Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 10 төлөөлөгч нар 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хуульд заасан тодорхойгүй үндэслэлээр Засаг дарга Д.З-г огцруулах санал гаргаж Архангай аймгийн Иргэдийн хурлын дарга О.Б-д 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүргэлүүлсэн. Энэ саналтай холбогдуулж Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан. Хурал 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ээлжит бус хуралдаан зарлах тухай 20 тоот тогтоол гаргасан. Мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тухайн тогтоолд өөрчлөлт оруулж 21 тоот тогтоол гаргаж 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хурлыг товлосон. Тухайн өдөр хурлаа хийж 06 тоот тогтоол гаргаж Засаг даргыг огцруулах санал гаргасан байдаг. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ээлжит бус хуралдаан зарлах тухай 20 тоот тогтоол нь хууль тогтоомж зөрчиж эрх зүйн зөрчилтэй хууль бус акт гарсан. Үндэслэл нь нэгдүгээрт Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гээд заачихсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар тэгш байдал хууль дээдлэх тэгш байдлыг баримтална гэж төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллага нь захиргааны үйл ажиллагаа явуулахдаа эдгээр зарчмуудыг баримталж ажиллана гэж хуульчилж өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тус хурлаас гарсан 06 тоот эрх зүйн зөрчилтэй хууль бус акт нь эдгээр зарчмуудыг зөрчсөн. Хоёрдугаарт. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж хуулиар тодорхойлогдож байгаа. Захиргааны байгууллага нь шийдвэр гаргах үйл ажиллагаандаа захиргааны оролцогчийг татан оролцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн энэ заалтыг зөрчсөн. Мөн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. Д.З нь өөрөө шийдвэр гаргах ажиллагаанд оролцох ёстой. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа огт хийгдээгүй болохоор хууль зүйн зөрчилтэй акт гаргасан. Гуравдугаарт. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т зааснаар хурлын төлөөлөгч нарын 3/1 доошгүй нь Засаг даргыг огцруулах санал авч хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Нэр бүхий 14 төлөөлөгчийн санал бол 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Саналыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалтын дагуу хурал нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны дотор багтаж хуралдах ёстой байсан. Гэтэл 15 хоногийн хугацаа өнгөрч 27-28 хонож байхад хурлаа зарлаж эцэст нь хуулиас давсан шинжтэй хууль зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан. Мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Энэ нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот тэмдэглэл авагдсан. Энэ тэмдэглэл дээр энэ хурал хугацаа хэтэрчихсэн байна гэдгийг өөрсдөө дурдсан. Жишээ нь: Д.М гэх төлөөлөгч нэгжийн хууль, хурлын дэгээ зөрчсөн хэтэрхий удаан хойшилсон хурал байна гэж хэлсэн байна. Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгжийн түүний удирдлагын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24-т зааснаар хурал болохоос өмнө 1 өдрийн өмнө хурлын төлөөлөгч нарт мэдэгдэх, мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хурлын хороо гэх байгууллага хурлыг зохион байгуулах ёстой. Гэтэл энэ субьект ажиллагаагаа хийсэн эсэх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл ажиллагаа хийгдээгүй. Мөн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-т зааснаар хурлыг зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж байгаа. Гэтэл энэ хууль бус захиргааны акт буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоол дээр нь дурдагдсан байгаа. Хуулиар 39 төлөөлөгч хуралд оролцоогүй болов чиг 21 төлөөлөгч биечлэн ирж оролцсон боловч хүрэлцэн ирж оролцоогүй оролцогч нарт эсрэг санал өгсөнд тооцож эхнээсээ хувь тэнцүүлэн бодож саналыг гаргаж хуульчилсан байна. Энэ хууль бус захиргааны акт дээрээ өөрсдөө бичсэн байгаа. Тэрэн дээр 21 төлөөлөгч оролцсоноос 20 дэмжиж 95 хувийн саналаар гэж тэмдэглэсэн. Үлдсэн төлөөлөгч нарыг эсрэг санал өгсөнд тооцож хувь бодох ёстой. Иймд Монгол улсын 2-3 хууль тогтоомж 10-15 орчим зүйл заалтыг зөрчсөн. Эрх зүйн маш тодорхой зөрчилтэй энэ хууль бус захиргааны акт болох 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоол болох хууль бус актуудыг хүчингүй болгож өгнө үү? гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Мөн захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн. Энэ нь улс төрийн албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тодорхой заагаад өгсөн байдаг. Гэтэл энэ улс төрийн албан тушаалтанд иргэдийн хурлын зүгээс тавигдах шаардлагууд нь аль нэг нам улс төрийн нам нь ялсан тохиолдолд Засаг даргаа сонгодог. Энэ асуудлын хүрээнд Засаг даргыг сонгосон. Гэтэл энэ этгээд нь намаасаа хөөгдсөн. Орон нутгийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн Засаг дарга болчихсон хүн байгаа. Эдгээр нөхцөл байдлууд тогтоогдож байна. Учир нь 18 төлөөлөгч ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар хурал дээрээ сууж байгаад энэ хууль бус актыг гаргачихсан. Тэр актыг хүчин төгөлдөр болгохын тулд ардчилсан намын 3 төлөөлөгч нь өөрийнх нь эрх ашигт үйлчлэх 3 төлөөлөгч нарыг суулгаж хууль бус шийдвэр гаргасан. Гэтэл Засаг даргыг өвчтэй зовлонтой гэж хавтас хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байхад гуравдагч этгээд нь хууль бус зүйл хийсэн. Энэ хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хоног хугацаа өнгөрчихсөн байна. Тийм учраас хурдан хурлаа хийх шаардлагатай байна гэж ардын намын төлөөлөгч нарын зүгээс санал тавьж Иргэдийн хурлын даргыг шахаж эхэлсэн. Энэ өөрсдөө хууль зөрчсөн нь хамаагүй, мэдсээр байж эзгүйд нь тухайн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргах хүсэл зоригийг нотлон харуулсан. Хавтаст хэргийн 211 дүгээр хуудсанд байгаа. Энэ нь өөрөө захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Гэтэл энэ дээр маш олон гэмт хэргийн шинж чанартай зүйлүүдийг дурдсан байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн, ойн аж ахуйг татан буулгасан, сумдын Засаг дарга нарыг халсан, энэ нь хууль бус үйлдэл болсон нь тогтоогдсон. Өөрсдөө шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн. Ийм утга агуулгатай тайлбаруудыг өгсөн байна. Энэ нь нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ. Учир нь ямар үндэслэлээр тухайн Засаг даргыг халсан болохоо тайлбараар нотлон харуулах гэж оролдсон байна. Гэтэл энэ Засаг даргыг халсан тогтоол дээр чинь ямар нэгэн халсан хуулийн зүйл заалт байхгүй байна. Энэ чинь өөрөө захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан байгаа. Ямар нэгэн үндэслэл байхгүйгээр тогтоол шийдвэр гарсан бол илт хууль бус захиргааны акт гэж тооцогдоно гэсэн. Мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.2-т зааснаар шийдвэрлэсэн. Гэтэл хууль бус захиргааны акт нь мөн энэ хуулийн 67.2-т заасантай уялдаж өгдөг. Гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр байна гэж заасан. Тийм учраас үүнийг илт хууль бус захиргааны акт гэж тогтоож өгөхийг хүсэж байна. Мөн утга агуулгын хувьд ойлгомжгүй захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан байгаа. Анхнаасаа хууль бусаар хуралдаж ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг оролцуулж тогтоол гаргасан. Зөвхөн энд албан тушаал эрх мэдлийн тэмцэл болсон. Гэтэл энэ нь төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гээд заагаад өгсөн байдаг. Энэ чинь төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг заасан ангилалд багтаж байгаа. Хавтас хэрэгт авагдсан Д.З-н хууль бус үйлдэл гаргасан гэх нэг ч нотлох баримт байхгүй. Тэр битгий хэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж тайлбар бичсэн байна. Энэ нь эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар шалгагдаж шүүхээр шийдвэр нь гарсан байгаа. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн энэ захиргааны акт бол анхнаасаа гарсан цагаасаа эхлэн хууль бус акт байсан байна гэж нотлуулах гэсэн юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хууль эрх зүйн хэм хэмжээнүүдийг хооронд нь нарийвчлан уялдуулан хэрэглээгүйгээс болоод өнөөдөр улс төржсөн алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн” гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот маргаан бүхий захиргааны акт гаргасан хууль тогтоомж нь хэрхэн яагаад хууль зөрчсөн эрх зүйн зөрчилтэй болохыг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн тайлбар хийе. Энэ 06 тоот тогтоол нь өөрөө нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2, 32.5,32.6, тооллогын комиссын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус үндэслэсэн гаргасан байна. Үндсэн хууль тогтоомжийг нь харахаар нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т зааснаар ажил үүргээ гүйцэтгээгүй алдаа дутагдал гаргасан, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх тогтоолоор нотлогдсон. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал буюу удирдлага, Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж заасан. Би нар хуульч хүмүүс нэг зүйл дээр маш анхаарах ёстой. Хуулийн үг бүхэн цэг, таслал цаанаа утга агуулгатай. 32.2-т нь тодорхой 2 агуулгатай. Нэгт бол гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. Энэ агуулгаар захиргааны акт гарсан юм уу? гэхээр хариуцагчийн тайлбарыг харахаар авлигатай тэмцэх газар, төрийн албаны зөвлөл, энэ субьектүүдээс энэ хүний гэмт буруутай асуудал тогтоогдсон гэж яриад байгаа болохоор энэ үндэслэлээр ажлаас халагдаж үндэслэл болсон юм уу? гэж хардаад байгаа. Хоёрт. Чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж тусдаа өөр зүйл заалт хуулийн хэрэгжилтэд заасан. Хэрэв хэрэглэх тохиолдолд энэ хоёрыг цугт хэрэглэнэ гэсэн ойлголт төдийлөн байхгүй. Хэрвээ салгаж хэрэглэж байгаа бол аль үндэслэлийг хэрэглэж байгааг тодорхой заах хэрэгтэй. Нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-т зааснаар Засаг даргыг огцруулах тухай Иргэдийн хурлын төлөөлөгч 3/1 санал гаргасан гэх үндэслэлийг бас тусгачихсан. 32.7-т түүний эзгүйд Засаг даргын орлогч чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Ингэхээр хуулийн 3 зүйл заалт зэрэг яваад байна. Тэгэхээр нь энэ нь захиргааны утга агуулгын хувьд ойлгомжгүй, хуулийн яг аль зүйл заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болчхоод байгаа” гэв.
9. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Архангай аймгийн Засаг даргыг огцруулах асуудал нь засаг захиргаа нэгж, нутаг дэвсгэрийн тухай хуульд тусгагдсан байгаа. Энэ хуулийн дагуу Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргасан. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 төлөөлөгчийн 3/1 доошгүй буюу 11 төлөөлөгч нь засаг захиргаа нэгж, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 зааснаар Засаг дарга огцруулах хүсэлтээ өргөн мэдүүлсэн. Энэ хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж дээрх хүсэлтийг хүлээн авч аймгийн иргэдийн хурлаар шийдвэрлэх тухай хэлэлцэж хүсэлтийг хүлээн авсан. Тухайн үед 15 хоногийн хугацаанд тооцон Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг товлон зарласан боловч цар тахал өвчинтэй холбоотой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын албаны албан хаагчид болон аймгийн иргэдийн төлөөлөгчид ковид-19 өвчин туссантай холбоотойгоор хурал хойшилж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон. Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийн өмнө аймгийн Иргэдийн хурлын 39 төлөөлөгчид өргөн барьсан бичиг болон холбогдох тогтоолын төслийг 24 цагийн өмнө хүлээлгэн өгөх үндэслэлийн дагуу бүх төлөөлөгчид гардуулж өгсөн. Хурал товлосон цаг хугацаандаа эхэлсэн. Тухайн төлөөлөгч нарын ирцийн байдлыг харж 21 төлөөлөгч нарыг оролцуулан 50 хувиас дээш ирцтэйгээр хурлаа хийсэн. Хурлыг өөрийн тогтоосон дэгийн дагуу хурлын үйл ажиллагаа явагддаг. Засаг даргыг огцруулах асуудал нь засаг захиргаа нэгж, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр шийдэж олонхын саналаар шийдвэр гарсан байгаа. Гарсан шийдвэрийн Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Нэхэмжлэлийн талаас гаргаж үндэслэл хууль зүйн хувьд шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч А.З шүүхэд гаргасан тайлбартаа:
“Хууль зөрчсөн гэж зөвхөн шүүх тогтооно гэж хэлээд байх юм. Энэ бол шүүхэд ямар ч хамаагүй. Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн гэж зөвлөмж шаардлагыг гаргана. Шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэдгийг баталдаг. Бусдыг нь төрийн байгууллагын шийдвэрийг баталдаггүй гэж ойлгож болохгүй. Энэ асуудал дээр буруу ойлголттой байж болохгүй. Засаг даргыг огцруулахдаа гэм хэрэг үйлдсэн, гэм буруутай гэсэн үндэслэл тэр тогтоол дээр байгаагүй. Тийм зүйл тогтоол дээр байгаа гэж нэхэмжлэгч тал хэлээд байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын асуудал яригдаж байгаа болохоос биш намын үйл ажиллагаа бол энэ асуудалд ямар ч хамаагүй. Хурлын шийдвэр, олонхын саналаар шийдвэрлэсэн. Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн бол огцорно, бусад хууль зөрчсөн үйл ажиллагаа энд хамаагүй гэж ойлгоод байх шиг байна. Хугацаан дээр сүртэй зүйл яриад байна. Цар тахлын улмаас хууль батлагдаж хэрэгжиж байгаа. Энэ хуулийн 13 дугаар зүйл дээр тодорхой заагаад өгсөн байгаа. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй гэж заасан. Хуулийн үйлчлэл 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хэрэгжиж дууссан. Ингээд хурал зарлагдаж хугацаанд хурлаа хийсэн. Цар тахлын асуудлаас болж хурал хойшлогдсон асуудал байгаа. Харин хууль зөрчсөн асуудал байгаагүй. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй байна” гэв.
11. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монгол улсад ямар ч албан тушаалтан хуулийг дээдэлнэ. Хүн болгонд хамаатай гэж бодож явдаг. Ганцхан Иргэдийн хурлын гишүүд ч биш шийдвэр гаргаж байгаа Засаг дарга, шүүхийн байгууллага хүртэл хууль дээдэлнэ гэж бодож байна. Бид нар Засаг даргыг огцруулах үндэслэлийг гаргахдаа энэ хүнийг шууд огцруулъя гэж шийдээд гаргасан зүйл биш. Тодорхойгүй үндэслэлээр огцруулсан гэж хэлээд байна. Төрийн албаны зөвлөлийн 2-3 тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл 2021 оны Засгийн газрын 44 дүгээр тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоол. Эдгээр тогтоолууд гарч хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хууль тогтоомж зөрчсөн гэсэн болохоос гэмт хэрэг хийсэн гэж үзээгүй. Засгийн газрын тогтоолоор Төрийн албаны бүтэц орон тоог баталдаг. Үүнийг батлаагүй байхад Архангай аймгийн боловсролын газрын даргыг чөлөөлж хууль зөрчсөн байдаг. Үүнийг 2021 оны 03 дугаар 23-ны өдрийн захирамжаар хүчингүй болгосон. Мөн төрийн албаны холбогдох шийдвэрүүд бий. Албан тушаалтны тодорхойлолтыг томилох эрх бүхий албан тушаалтан батална гэсэн байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга өөрөө баталж хууль зөрчсөн. Хуралд 19 төлөөлөгчийг оруулаагүй гэж байна. Хуульд хурлын төлөөлөгч нарын олонх нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж байгаа. Хурлын дарга орж ирээд хурлын ирцийг бүртгэсэн 21 төлөөлөгч ирсэн. Хурлын ирцийг бүртгэснээс хойш хурал орхиж гаргасан бол хурлын ирцийг бүртгэж эсрэг санал өгсөнд тооцно гэсэн байдаг. Энд намын асуудал ямар ч хамаа байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдааны ирцийн тухайд, Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.А 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Б.А миний бие нь иргэн Д.З-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэхэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хөдөө явах зайлшгүй шаардлага гарсан тул биечлэн болон цахимаар оролцох боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэсэн хүсэлтийг ирүүлжээ. Харин хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Нямдорж, Э.Б, Д.Ө, Г.Г, Ч.Б, Д.Х, Н.Б, Д.Э, Б.Ө, Ц.М, А.Б, Г.Ц, гуравдагч этгээд М.Б нарт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн.
1.2. Гэвч шүүх хуралдаан болох өдөр хуралд онлайнаар орох Zoom программын хаяг, нууц үгийг хүргүүлсээр байтал шүүх хуралдаанд орж ирээгүй, ийнхүү оролцохгүй байгаа шалтгаанаа тодорхойлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
1.3. Иймээс нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хариуцагч, гуравдагч этгээд нарыг эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчөөс Архангай аймгийн Засаг дарга Д.З-ыг огцруулах саналыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот албан бичгээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-д өргөн мэдүүлсэнийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан байна.
Ийнхүү тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 39 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч буюу гуравны нэгээс доошгүй нь аймгийн Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлснийг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар ээлжит бус хуралдаан товлох асуудлыг хэлэлцсэн боловч тус хурал 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшилж, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж, мөн хурлыг дахин 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хуралдаж, мөн өдрийн 20 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар зарлажээ.
Гэвч 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тэргүүлэгчид дахин хуралдаж “хурлын ажлын албаны ажилтан ковид туссанаас шалтгаалан ажлын албаны ажилтнууд гэрийн тусгаарлалтад 7 хоног байх тул ажлын албаны ажиллах нөхцөл байдлаас шалтгаалан хуралдааны бэлтгэл ажил, хурлыг зохион байгуулахад хүндрэл учирч байгаа” үндэслэлээр хурлыг хойшлуулах санал гаргаж дэмжигдсэнээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар тогтоолын 1 дэх заалтад “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт гэснийг “2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт гэж өөрчлөлт оруулсан байна.
Ийнхүү товлогдсоны дагуу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд 39 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч ирснээр 53,8 хувийн ирцтэйгээр хуралдаж, нэр бүхий 14 төлөөлөгчөөс гаргасан аймгийн Засаг даргыг албан тушаалаас огцруулах тухай саналд нууцаар санал хурааж, оролцсон төлөөлөгчдийн 95.2 хувийн саналаар дэмжигдсэн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолоор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6, 32.7 дахь заалт, тооллогын комиссын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус үндэслэн Архангай аймгийн Засаг дарга Д овогтой З-ыг огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.”, ...32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн заалтаас харахад хурлын дарга нь Засаг даргыг огцруулах саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор буюу маргааны тохиолдолд ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс тооцоход 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж энэ саналыг шийдвэрлэхээр байжээ.
Гэтэл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээс үзэхэд төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцүүлэх ээлжит бус хуралдааны товыг зарлахгүйгээр тодорхойгүй шалтгаанаар удаа дараа Тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулсан нь дээрх хуулийн хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.[1]
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар бүх шатны Засаг даргын албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах улс төрийн албан тушаалд хамаардаг бөгөөд түүнийг огцруулах санал гаргах онцгой бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон байгаа энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу огцруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг хэлбэрийн талаас шалгах учиртай. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, биелүүлсэн эсэх бодлогын шийдвэрт шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах ёстой атал хариуцагчаас ... маргаан бүхий тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилсан сонсох ажиллагаа явуулаагүй буюу төлөөлөгчдөөс гаргасан саналд дурдагдсан асуудлаар тайлбар гаргах боломж олгоогүй болох нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй байна.
Иймд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргыг огцруулах тухай 06 тоот тогтоолыг гаргахдаа хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн нь хууль бус, энэ нь нэхэмжлэгч Д.З-ын төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1-т зааснаар хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон уг хуульд заасны дагуу өөрийн баталсан дүрэм, журам, дэгийг мөрдөж, биелүүлэх үүрэгтэй. Маргаан бүхий захиргааны актуудыг хууль зөрчиж гаргасан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэж гаргасан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ
[1] Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл /хх-48-67/.